Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2017/12/26

"Мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтнуудын асуудал Ази тивд" сэдэвт Бүсийн зөвлөгөөн (Мэдээлэл №5)

Эх сурвалж: Зөвлөгөөний материал
2017 оны 12 дугаар сарын 06-08

Өмнөх мэдээллүүдийг доорх линкээр орж уншина уу.
Мэдээлэл №1
Мэдээлэл №2
Мэдээлэл №3
Мэдээлэл №4

Тус зөвлөгөөнд Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-аас томилогдсон 'Мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтан (МЭМТА)-уудын эзэмшсэн байвал зохих наад захын ур чадварын жагсаалт, Сургалтын цөм хөтөлбөр боловсруулах' ажлын хэсгийн ахлагч Иохан Уустуизен Цөм хөтөлбөрийнхөө төслийг танилцуулав. Түүний илтгэлийн зарим слайдыг доор толилуулъя.
МЭМТА-уудын сургалтын чиг хандлагыг тодорхойлох, хөтөлбөр боловсруулахад гарт барих лавлах материалтай болж байгаа нь нэн сайшаалтай. Энэхүү төсөл удахгүй эцэслэгдэж бидний гарт ирнэ.

2017/12/23

"Мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтнуудын асуудал Ази тивд" сэдэвт Бүсийн зөвлөгөөн (Мэдээлэл №4)

Эх сурвалж: Зөвлөгөөний материал
2017 оны 12 дугаар сарын 06-08

Өмнөх мэдээллүүдийг доорх линкээр орж уншина уу.
Мэдээлэл №1
Мэдээлэл №2
Мэдээлэл №3

Энэ удаа Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас боловсруулж буй гурван чиглэлийн Мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтан (МЭМТА)-уудын эзэмшсэн байвал зохих ур чадварын жагсаалтын төслийг танилцуулъя. Энэхүү жагсаалт нь улс орнуудын онцлог, хэрэгцээ шаардлагатай хэр нийцэж байгааг тодруулах зорилгоор Малын ерөнхий эмч нараар дамжуулан санал авч байгаа юм байна. 
Мөн тус ур чадварын жагсаалттай уялдуулан МЭМТА-уудын сургалтын цөм хөтөлбөрийн загварыг боловсруулж байгаа ажээ. Эдгээр баримт бичиг удахгүй эцэслэгдэж, та бидний гарт ирнэ.
Мэдээлэлжих үүднээс МЭМТА-уудын эзэмшсэн байвал зохих ур чадварын жагсаалтын төслийн англи эхтэй танилцана уу. Үүнд нийт 16 үйл ажиллагааны хүрээнд хамрах 47 ур чадвар багтжээ. 

2017/12/20

"Мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтнуудын асуудал Ази тивд" сэдэвт Бүсийн зөвлөгөөн (Мэдээлэл №3)

Эх сурвалж: Зөвлөгөөний материал
2017 оны 12 дугаар сарын 06-08

Өмнөх мэдээллүүдийг доорх линкээр орж уншина уу.
Мэдээлэл №1
Мэдээлэл №2

Энэ удаа тус Зөвлөгөөний эхний хоёр өдрийн илтгэл, хэлэлцүүлгүүдээс гарсан санаа, санал, санаачилгуудыг зохион байгуулагч тал хэрхэн нэгтгэж дүгнэснийг танилцуулъя. Англи эхийг мөн хавсаргав.

2017/12/13

"Мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтнуудын асуудал Ази тивд" сэдэвт Бүсийн зөвлөгөөн (Мэдээлэл №2)

2017 оны 12 дугаар сарын 06-08

Тус арга хэмжээний талаар цуврал болгон бэлдсэн мэдээллийн 2 дах хэсгийг танилцуулж байна. Энэ удаа 2012-2016 онд хэрэгжсэн Швейцарийн хөгжлийн агентлагийн Малын эрүүл мэнд төслийн хүрээнд хийгдсэн "Малын эмч, мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтан (МЭМТА)-уудын эрэлт, нийлүүлэлтийн үнэлгээ"-ний дүнд тулгуурлан бэлдсэн илтгэлийг түлхүү толилуулах болно. 

Эхний хэсгийг доорх линкээр орж уншина уу.

МЭМТА-уудын асуудлаар Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ) 2015 оноос эхлэн нүүр тулсан уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, холбогдох байгууллага, иргэд, мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байгаа билээ. Яагаад? Та юу гэж бодож байна?

2017/12/12

“Мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтнуудын асуудал Ази тивд” сэдэвт Бүсийн зөвлөгөөн (Мэдээлэл №1)

Эх сурвалж: Зөвлөгөөний тараах материал
Зурагны эх сурвалж: ДАЭМБ
2017 оны 12 дугаар сарын 06-08

Жич: Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдсан тус арга хэмжээнд энэхүү тэмдэглэлийг бичигч Одонцэцэг миний бие болон Дорнод Политехник коллежийн мал эмнэлгийн багш Д.Энхжаргал нар оролцож, 2012-2016 онд хэрэгжсэн Швейцарийн хөгжлийн агентлагийн Малын эрүүл мэнд төслийн хүрээнд хийгдсэн "Малын эмч, мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтан (МЭМТА)-уудын эрэлт, нийлүүлэлтийн үнэлгээ"-ний дүнд тулгуурлан Одонцэцэг илтгэл тавив.
Энэхүү Бүсийн зөвлөгөөнөөр эрх бүхий Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (МЭМЗ/Veterinary Statutory Body) байгуулж, малын эмч, МЭМТА-уудын боловсрол, итгэмжлэл, чанарын асуудлыг нэгдсэн байдлаар зохицуулахын ач холбогдлыг онцолж, улс орнууд туршлагаа хуваалцав. 
(Тайлбар: МЭМЗ нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай шинэ хуулийн төсөлд "Малын эмч нарын танхим" гэсэн нэршлээр бүлэг болж орсон ч явцдаа хасагджээ.) 

Хуралд тавьсан илтгэл болон оролцогчдоос гаргасан гол санаа, санаачилга, туршлагуудаас цуврал байдлаар мэдээлэл боловсруулан Танд хүргэх болно.
Эхний мэдээллийг хүлээн авна уу.


2017/09/23

Шүлхийн вирүс

Эх сурвалж: www.youtube.com
Бүтээлийн эзэн: Пирбрайтын хүрээлэн 
Олон нийтийн сүлжээнд тавигдсан огноо: 2017.05.04
Тус видео хичээлийг эх сурвалжаас үзнэ үү.
Жич: Агуулгын алхамыг зураг болгон татаж, тайлбарыг орчуулав.
Шүлхийн вирүс
Шүлхийн вирүс пикорнавирүсийн овогт харъяалагдана.
Уг вирүс зүүний үзүүрт хэдэн саяар багтахуйц
маш өчүүхэн хэмжээтэй. 

2017/06/26

Ажлын амт

2017 оны 6 дугаар сарын 24

Ууганаа, Болдоо хоёр Хошиба багшийнхаа заасан арга ухаанаар зөгий маллаж анхны балаа хураалаа.  
Ууганаа Хошиба багшийн хамт

2017/06/20

Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (Veterinary Statutory Body)

Эх сурвалж: www.oie.int
Орчуулсан: 2017 оны 6 дугаар сарын 20

Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (МЭМЗ) нь улсынхаа малын эмч нарын чанар, чадварт хяналт тавих үүрэгтэй. Улс төр, наймааны аливаа ашиг сонирхлоос хараат бус, эрх мэдэл бүхий МЭМЗ нь мал эмнэлгийн мэргэжилтнүүдэд итгэмжлэл олгох, тэднийг бүртгэх үйл ажиллагааг зүй зохистой зохион байгуулах, үндсэн (жишээ нь, мал эмнэлгийн бакалавр) болон үргэлжилсэн боловсрол, мэргэжлийн ёс зүйн минимум стандартыг тогтоох замаар мал эмнэлгийн мэргэжлийн чанарыг өндөрт өргөдөг. МЭМЗ-ийн зохицуулах чадамжийг тодорхойлсон үүрэг, хууль эрх зүйн цар хүрээг Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-ын Хуурай газрын амьтны эрүүл мэндийн кодын Бүлэг 3.2.12-т заажээ.

2017/01/18

Хариуцлага = Итгэлцэл (Японд суралцсан тэмдэглэлээс / Гуравдугаар хэсэг: Зөгийн эрүүл мэндийг хамгаалах, зөгийн гаралтай бүтээгдэхүүнийг хянаж шинжлэхэд оролцдог байгууллагууд)

Тэмдэглэл хөтөлсөн: Н.Одонцэцэг
2016 оны 12 дугаар сарын 12-21



... Энэ удаа зөгийн эрүүл мэндийг хамгаалах, зөгийн бүтээгдэхүүнийг хянаж шинжлэхэд оролцдог дөрвөн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан тухай мэдээлэл хуваалцъя. Доорх мэдээллийг боловсруулахдаа сургалтын материалаас ашигласан болно.

1. Хүнс, хөдөө аж ахуйн материалын хяналтын төв (Food and Agricultural Materials Inspection Center / цаашид FAMIC гэх

FAMIC нь хүнс, хөдөө аж ахуй (ХАА)-н материалд хяналт, шинжилгээ хийх замаар хүнсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Байгууллагын үндсэн чиглэл:
  • Бордоо, хөрс сайжруулах материал, ХАА-н зориулалттай химийн бодис, малын тэжээл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах
  • ХАА, ой, далайн гаралтай бүтээгдэхүүний чанар, шошгололтыг сайжруулах
Мөрдлөг болгодог хууль эрх зүйн баримт бичгүүд:
  • Бордооны хяналтын тухай хууль
  • Хөрсний үржил шимийг хангах тухай хууль
  • ХАА-н зориулалттай химийн бодисыг зохицуулах тухай хууль
  • Тэжээлийн аюулгүй байдлын тухай хууль
  • Тэжээвэр амьтны хоолны аюулгүй байдлын тухай хууль
  • Японы ХАА-н стандартын тухай хууль
  • Хүнсний бүтээгдэхүүнийг шошголох тухай акт
  • Хүнсний аюулгүй байдлын үндсэн акт
  • Картахенагийн хууль
FAMIC нь төрийн байгууллага учраас бордоо, ХАА-н зориулалттай химийн бодис, тэжээл, хүнсний үйлдвэр болон холбогдох бусад байгууламжид нэвтэрч газар дээр нь хяналт тавих эрхтэй.

2017/01/10

Хариуцлага = Итгэлцэл (Японд суралцсан тэмдэглэлээс / Хоёрдугаар хэсэг: Зөгийн биологи, зөгийн бүлийн зохион байгуулалт, зөгийд тохиолддог өвчин эмгэг, тэмцэх арга хэмжээ)

Тэмдэглэл хөтөлсөн: Н.Одонцэцэг
2016 оны 12 дугаар сарын 12-21


Энэ удаа Тамагава их сургуулийн Балт зөгийн шинжлэх ухаан, судалгааны төв (Honeybee Science Research Center, Tamagawa University)-ийн Накамура багшаар заалгасан хичээлээсээ маш товч хуваалцъя.

Сургалтын үеэр (Зургийг Майко Мори)
Тус байгууллага нь балт зөгийн биологи, зөгийн бүлийн зохион байгуулалт, тоос хүртээлтийн судалгаа хийхээс гадна малын эмч нарт зориулж богино хугацааны сургалт явуулдаг ажээ. Японы мал эмнэлгийн сургуульд зөгийн тухай хичээл маш бага ордог учраас төгсөгчид нь үйлдвэрлэлээс энэ чиглэлийн мэдлэг, дадлагаа олж авдаг гэнэ. Иймд малын эмч нарт зориулсан богино хугацааны сургалтыг зөгийн тухай ойлголт, амьдралын онцлог, арчилгаа маллагааг таниулсан хичээлээр эхэлдэг аж.

2017/01/03

Хариуцлага = Итгэлцэл (Японд суралцсан тэмдэглэлээс / Нэгдүгээр хэсэг: Зөгийн аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа)

Тэмдэглэл хөтөлсөн: Н.Одонцэцэг
2016 оны 12 дугаар сарын 12-21

Японы Хөдөө аж ахуй, ойн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (JAICAF)-ээс ЖАЙКА (JICA)-гийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг Зөгийн аж ахуйг хөгжүүлэх замаар орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх төсөл-өөс зохион байгуулсан "Зөгийн өвчин, зөгийн балны чанарын менежмент" сэдэвт сургалтанд Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн хэлтсийн дарга С.Ариунтөгс, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжлэгч эмч С.Мөнхбаяр, тус төслийн мэргэжилтэн, малын эмч Д.Ууганбаяр болон миний бие оролцов.
Юуны өмнө, сургалтыг үр дүнтэй зохион байгуулсан Нишияама-сан, Мори-сан, Хошиба багш, Ёшигаки багш болон бидэнтэй уулзаж байгууллагынхаа талаар цаг хайрлалгүй танилцуулсан нийт хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Сургалтын тэмдэглэлээ Хариуцлага = Итгэлцэл хэмээн гарчигласныг анзаарсан буйзаа. Энэ бол Японы бизнес эрхлэгч, тэдний үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг хянадаг, шинжилдэг байгууллага, худалдан авагч хооронд тогтсон харилцааны мөн чанар ажээ.

Тус сургалтаар зөгийн аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа, судалгаа, хяналт, шинжилгээ эрхэлдэг байгууллагуудтай танилцуулсан нь тэдний уялдааг олж харах боломж олгосон цогц санаачилга байлаа. 

Энэ удаа Японы зөгийн аж ахуйн үйлдвэрлэл, худалдааны талаар товч танилцуулъя.

1. Ерөнхий мэдээлэл
Японд 2010 оноос хойш зөгийчин өрхийн тоо аажим өсөх хандлагатай байсан бол 2013 оноос эхлэн хобби маягаар зөгий үржүүлэх сонирхол хувь хүмүүсийн дунд эрс нэмэгджээ. 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийт 9,306 өрхөд 210,000 бүл зөгий тоологдсон байна. Японы тариаланчид болон зөгийн аж ахуй эрхлэгчдийн дунд харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөн дэлгэрчээ. Ихэнх зөгийчин тариалангийн ургамлын тоос хүртээх үйлчилгээ үзүүлж ашиг олдог бол цөөн хэсэг нь бал үйлдвэрлэх зорилгоор зөгийн аж ахуй эрхэлдэг.  
Японы зөгийн балны эргэлтийн ерөнхий дүр зураг 
(Эх сурвалж: JAICAF-ийн сургалтын материалаас)
Зөгийн бал нь балт ургамлын төрлөөс хамааран
цайвар шаргалаас эхлээд хар хүрэн өнгөтэй байдаг.
Япончууд цайвар шаргал өнгөтэй баланд дуртай тул
хар хүрэн балыг голдуу бусад бүтээгдэхүүний орц найрлага болгон ашигладаг аж
(Зургийг: healthyhabitshub.com)