Д.Ууганбаяр, Н.Одонцэцэгийн блог

Д.Ууганбаяр, Н.Одонцэцэгийн блог
Дашзэвгийн Ууганбаяр, Намсрайжавын Одонцэцэгийн блог

2018/07/26

Монгол Улсын бэлчээрийн мал аж ахуйн ирээдүй

Мерси Кор Монгол ОУБ-ын мал аж ахуйн мэргэжилтэн Даниел Миллерийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Монгол орны мал аж ахуйн салбарын үүрэг, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар байгууллага, иргэд нэлээд санал солилцох болжээ. Зарим нь уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаа хэвээр нь хадгалъя гэнэ. Нөгөө хэсэг нь өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлэх шаардлагатай гэнэ. Бүр зарим нь Монголын нүүдэлчин амьдралын хэв маяг яваандаа үгүй болж, малчид суурьшмал байдлаар мал малладаг болно гэнэ.

Хөгжлийн байгууллагын мэргэжилтнүүдийн хувьд “мал аж ахуй эрхэлнэ” гэдэг нь малчид зах зээлийн эдийн засагт амьдрах чадвартай бизнес явуулна гэсэн ойлголт юм.

Өнгөрсөн 28 жилийн хугацаанд мал аж ахуйн үйлдвэрлэл мэдэгдэхүйц өөрчлөгджээ. Цаашид ч зах зээлийн эдийн засгийн шалгуурт нийцэхийн төлөө мал аж ахуйн салбар хөгжсөөр байх болно. Сүүлийн үед явагдаж буй өөрчлөлт, удаан үргэлжилсэн сорилтууд, цаашид хааш чиглэх зүг чиг тодорхойгүй байгааг үл харгалзан миний хувьд бэлчээрт суурилсан мал аж ахуйн үйлдвэрлэлийн ирээдүйд гэрэл гэгээ бий гэдэгт итгэдэг.

Яагаад надад ийм өөдрөг үзэл төрөөд байна вэ? Нэгдүгээрт, Монголын нутаг дэвсгэрийн 80 орчим хувийг эзэлдэг өргөн уудам бэлчээр нь олон төрлийн мал амьтны амьдралыг тэтгэх чадвартай харилцан адилгүй эко-системтэй. Бэлчээрийн доройтол, биологийн олон янз байдал алдагдах үйл явц өсөн нэмэгдэж байгаа ч Монголын өргөн уудам бэлчээр нутгийг зөв зохистой ашиглаж чадвал мал аж ахуйн үйлдвэрлэлийн баялаг, дахин сэргээгдэх нөөц болж чадна.

Хоёрдугаарт, Монголчууд мал сүргээ өсгөж үржүүлэх өнө их уламжлалтай. Бэлчээр, хүрээлэн буй орчин, мал аж ахуйн талаарх мэдлэг хэдэн зуун жилийн турш хуримтлагдан үлэмж арвин баялаг болжээ. Малчид, хөгжлийн мэргэжилтнүүд, шийдвэр гаргагчид энэхүү уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухааны мэдээлэлтэй хослуулан илүү зөв шийдэл гаргах боломжтой. Монголын бэлчээрийн мал аж ахуйн урт хугацааны түүх нь өөрийн орны байгаль орчны нөхцөл байдалд дасан зохицсон мал аж ахуйн олон стратеги, арга барилыг боловсруулахад тусгалаа олжээ. Мал маллах олон арга ухаан өдгөөг хүртэл өвлөгдөн ашиглагдаж байна.

Гуравдугаарт, бэлчээр нутгаа ашиглах, мал аж ахуйгаа эрхлэн явуулахдаа “хот айл, нэг нутгийнхан, нэг жалгынхан” зэрэг уламжлалт бүтцээ өнөөг хүртэл хадгалсаар байгаа нь тэдэнд хүчээ нэгтгэж хамтран ажиллах боломж, сэдлийг бий болгож байна. Хамтын хүчээр бэлчээр нутгаа ашиглах, ажиллах хүч, зээлийн асуудлаа шийдэх, малын эм, нэмэлт тэжээл, тоног төхөөрөмж худалдан авах, технологит суралцах, мэдээлэл олж авах, зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах зэрэг чухал асуудлуудтай холбоотой шинэ, илүү уян хатан зохион байгуулалтыг бий болгоход дээрх уламжлал үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Дөрөвдүгээрт, Монголчууд боловсролтой, ажилсаг, шинэ санаа, технологит мэдрэмтгий ард түмэн. Монголчууд шинэ боломжуудын практик талыг олж харсан тохиолдолд үйл ажиллагаандаа нэвтрүүлж ашиглахдаа үргэлж бэлэн байдаг.

Эцэст нь хэлэхэд, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ хурдацтай өсөж байна. Энэ нь мах, арьс шир, сүү зэрэг малын гаралтай бүтээгдэхүүний зах зээлээс үр шим хүртэх боломжуудыг бий болгож байна.

Монгол Улсад экологийн болон эдийн засгийн хувьд амьдрах чадвартай мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцоог хөгжүүлэх асар их боломж бий. Ийм мал аж ахуйг бий болгохын тулд малын тоонд биш чанарт анхаардаг болох хэрэгтэй. Энэ зорилгоор хоёр гол элементийг хөгжүүлэх нь чухал.

Малаас дээд зэргийн ашиг шим хүртэе гэвэл өдөр, улирал, жил бүр хангалттай хэмжээний тэжээллэгээр хангах ёстой. Үүнийг тэжээллэг сайн авах генетик потенциалтай Монгол үхрийг шилж сонгон үржүүлэх, эсвэл Монгол орны нөхцөлд генетикийн үнэт чанар үзүүлэх малтай эрлийзжүүлэх замаар үүлдэрлэг байдлыг нь сайжруулах асуудалтай уялдуулах нь зүйтэй.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр шимийг дээд хэмжээнд хүргэх хоёр дах гол элемент нь зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх явдал юм. Одоогоор мал аж ахуйн үйлдвэрлэлийг явуулахад зах зээлийн эдийн засгийн дэмжлэг үзүүлэх дэд бүтэц хангалтгүй байгаа ч шат ахисаар байна.

Ялангуяа чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь чанартай хөрөнгө оруулалт шаардана. Зах зээл нь чанартай үйлдвэрлэл явуулж буй малчдыг урамшуулах хэрэгтэй. Зах зээлийн эдийн засаг нь чанар сайтай бүтээгдэхүүнийг чанар муутайгаас ялгаж, чанартай бүтээгдэхүүнд илүү өндөр үнэ төлөх эрмэлзэлтэй байх ёстой. Ийм ялгаа бий болохгүй бол малчид мал аж ахуйдаа чанартай хөрөнгө оруулалт хийж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүндрэлтэй байх болно.

Бэлчээрийн менежмент бол амин чухал асуудал. Бэлчээр хамгаалах нь мал аж ахуйг хөгжүүлэх, зэрлэг амьтны амьдрах таатай орчныг бүрдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх урт хугацааны амжилтын үндэс юм. Малд цэвэр ус, эрүүл тэжээл хэрэгтэй. Аялал жуулчлалд ч мөн адил цэвэр ус, эрүүл хүнс хэрэгтэй. Монголын мал аж ахуйн үйлдвэрлэлийн уламжлалт олон арга барилыг газар ашиглалттай уялдуулах нь зах зээлийн үеийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн гол элемент юм.

Бэлчээрт суурилсан мал аж ахуйн үйлдвэрлэл Монголд хэр тэсвэртэй вэ? Миний хувьд тэсвэртэй гэдэгт итгэлтэй байна. Гэвч үүний тулд малчид нэгдүгээрт, экологит ээлтэй байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлэх, хоёрдугаарт, бизнес сэтгэлгээтэй болж үйлдвэрлэлийн зардлаа бууруулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлийн шударга үнээр борлуулах, гуравдугаарт, бизнесээ төрөлжүүлж, мал аж ахуйгаас гадна бусад чиглэлийн бизнес эрхлэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, бэлчээрийн менежментийг сайн зохион байгуулснаар ямар үр ашигтай болох талаар ард иргэд, олон улсын байгууллагуудад мэдээлэл хүргэж байх шаардлагатай байна.

Даниел Миллер
2018 оны 7 дугаар сарын 24

Даниел Тэрэлжид

No comments:

Post a Comment