Д.Ууганбаяр, Н.Одонцэцэгийн блог

Д.Ууганбаяр, Н.Одонцэцэгийн блог
Дашзэвгийн Ууганбаяр, Намсрайжавын Одонцэцэгийн блог

2018/07/29

Мал тэжээх арга технологийг сайжруулахын ач холбогдол

Мерси Кор Монгол ОУБ-ын мал аж ахуйн мэргэжилтэн Даниел Миллерийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Монголчууд үхрээ 4-5 жил маллаж байж нядалгааны жинд хүргэдэг. Ингэж олон жил зарцуулдаг гол шалтгаан нь малын тэжээлийн чанар/тэжээллэг хангалтгүйн улмаас махлах үйл явц удаан явагддагтай холбоотой.
Казахын цагаан толгойт, Сэлэнгэ гэх мэт махны чиглэлийн үхрийн тугалыг эхлээр нь бойжуулах зарчимтай. Үүнийг зөрчиж эхийг нь саагаад байвал тугал хангалттай тэжээллэг авч чадахгүй. Тугалыг эхээс нь салгасны дараа эхний өвлөө давахад нь тэжээллэг чанар сайтай нэмэлт өвс, тэжээл тавьж өгөхгүй бол турж, зун ургамал ногоо тэгширтэл амьдын жин нь нэмэгдэхгүй. Ийнхүү зун тарга тэвээрэг авсан ч өвөл нь түүнийгээ алдаж хавартай золгодог (бие гүйцсэн үхэр амьдын жингийнхээ 30 орчим хувийг алддаг) мөчлөг 4-5 жил давтагдаж байж эр үхэр 400 кг буюу нядлах жинд хүрдэг.
Үхрийн чанартай махны дотоод, гадаад зах зээл өсөн нэмэгдэж буй өнөө үед дээрх арга барил шаардлага хангахгүй болжээ. Малчид үхрийнхээ тэжээллэгт тугал байхаас нь эхлэн анхаарч махан ашиг шим өгөх генетик боломжийг нь бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай байна.
Доорх бүдүүвчинд 3 өөр аргаар тэжээсэн үхрийн амьдын жингийн өсөлтийг харуулав; 1) 4-5 жил маллаж байж 400 кг-д хүргэдэг одоогийн арга барил, 2) эхлээр нь бойжуулсны дараа өвөл нэмэлт өвс, тэжээлээр өсгөн бойжуулж, зун нь бэлчээрлүүлж, удаах өвөл нь өвс, тэжээлээр хангаж (газрын гарц хангалттай бол өвөл бэлчээрээр явуулж, бага зэргийн нэмэлт өвс өгч болно), улмаар зун бэлчээрээр явуулах замаар 28-30 сартайд нь нядлах сайжруулсан арга, 3) эхлээр нь бойжуулж, өвөл нь хангалттай тэжээллэгээр өсгөн бойжуулж, бяруунаас нь тэжээл/дарш/өвс агуулсан тэжээлээр бордох замаар 15-18 сартайд нь 400 кг жинд хүргэж нядлах сайжруулсан арга. Эрдэс бодис, усаар хангах асуудал мөн адил чухал.
Мал тэжээх сайжруулсан арга технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлбэл цөөн тооны, илүү ашиг шимтэй мал сүрэгтэй байх нөхцөл бүрдэнэ. Монголд зарим малчид үүнийг нэгэнт хэрэгжүүлээд эхэлжээ. Өсвөр үхрийн мах чанартай тул зах зээлд борлогдох чадамж нь ч нэмэгдэнэ.
Казахын цагаан толгойт үүлдрийн үхэр сүрэг (Зургийг Даниел Миллер)
Даниел Хойд Дакотагийн их сургуулийн мал аж ахуйн мэргэжилтэн Крисийн хамт

No comments:

Post a Comment