Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2022/09/18

Арьс товруутах өвчин (АТӨ)-ий эсрэг вакцинжуулалттай холбоотой түгээмэл асуултууд

Эх сурвалж: rr-asia.woah.org

Үр ашиг, боломж, хүртээмж, вакцины төрлүүд

1.     АТӨ-ий эсрэг вакцинжуулалт ямар үр ашигтай вэ?

·       АТӨ-ийг хяналтанд авах, улмаар устгах арга хэмжээний хамгийн үр дүнтэй хэрэгсэл;

·       Бусад арга хэмжээ (жишээлбэл, халдвартай сүргийг устгах)-тэй харьцуулахад хэрэгжүүлэхэд хялбар, илүү үр дүнтэй, мөн ихэнх тохиолдолд үнэ өртөг бага;

·       Популяци дахь нийт мэдрэмтгий амьтны тоог бууруулдаг тул өвчин нэвтрэх (урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хэрэгжүүлж буй тохиолдолд), тархахаас сэргийлдэг;

·       Халдварлах, АТӨ-ий вирүс дамжуулагчаар дамжин цааш тархахаас хамгаалдаг тул эдийн засгийн шууд болон шууд бус хохирол үүсэхээс сэргийлдэг.

2.     Худалдаанд АТӨ-ий ямар вакцин гарсан бэ? Нэг төрлийн (homologous) болон өөр төрлийн (heterologous) вакцин гэж юу вэ?

Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-ын Хуурай газрын амьтанд зориулсан оношлох шинжилгээ, вакцины гарын авлага (цаашид ДАЭМБ-ын гарын авлага гэх)-ын Бүлэг 3.4.12-т АТӨ-тэй тэмцэх зорилгод ашиглах вакцинд тавигдах шаардлагуудыг жагсаасан байдаг. Үхэрт АТӨ-ий эсрэг дархлаа сайн тогтоодог, бүх үүлдэр, насны болон хээлтэй үхэрт хэрэглэхэд аюулгүй, зөв шошготой вакциныг зохистой гэж үзнэ. АТӨ-тэй тэмцэхэд каприпоксвирүсийн амьд сулруулсан омгийг ашигладаг. Каприпоксвирүс нь төрөл дотроо харилцан солбицох дархлаа төрүүлдэг тул үхрээс гадна хонь, ямаанаас ялгаж авсан каприпоксвирүсийн омгуудыг ашиглан үхрийг АТӨ-өөс хамгаалж болно.

Нэг төрлийн вакцинаар вакциндах гэдэг нь үхрийг АТӨ-ий вирүсээр хийсэн вакцинаар, хонь, ямааг хонь/ямааны цэцгийн вирүсээр хийсэн вакцинаар тарихыг хэлнэ. Өөр төрлийн вакцинаар вакциндах гэдэг нь хонины цэцэг/ ямааны цэцгийн вирүсээр хийсэн вакциныг үхэрт тарьж АТӨ-ий вирүсээс хамгаалахыг хэлнэ. АТӨ-өөс сэргийлэх, тэмцэх зорилгод ашиглах вакциныг АТӨ-ий вирүсийн Neethling хэвшлийн омгоор үйлдвэрлэдэг (нэг төрлийн вакцин). Хонины цэцгийн эсвэл ямааны цэцгийн вирүсийн омгуудыг ашиглаж хийсэн вакцинууд (өөр төрлийн вакцинууд)-ыг АТӨ болон хонь, ямааны цэцэг өвчин аль аль нь гардаг улсад, эсвэл эдгээр вакциныг үйлдвэрлэх чадавх нэгэнт бий болсон орнуудад хэрэглэх боломжтой. Гэвч хонь/ямааны цэцгийн вирүсээр хийсэн вакциныг үхэрт ашиглах тохиолдолд вакциныг сайтар тодорхойлж, тунг тохируулахаас гадна вакцинаар өдөөгдөх хамгаалах урвалыг амьтанд тарьж турших замаар үнэлсэн байна.

Өнөөгийн байдлаар зах зээлд Байгалийн халдвартай амьтныг вакцин тариулсан амьтнаас ялгах боломж олгодог вакцин байхгүй байна. Гэхдээ байгалийн халдварын болон вакцины вирүсийн омгуудыг ялган таних полимеразын гинжин урвал (ПГУ)-д суурилсан шинжилгээний арга бий (Agianniotaki et al., 2017). Энэ шинжилгээг хийх тохиолдолд ПГУ-аар шинжлэх зорилтот нутаг дэвсгэрийг сонгохдоо няхуур хандана.

Амьд-сулруулсан вакцинууд (АТӨ болон хонь/ямааны цэцгийн вакцинууд) худалдаанд гарсан. Хэдийгээр ДАЭМБ-ын гарын авлагад АТӨ-ий идэвхгүйжүүлсэн вакцины талаар дурьдаагүй ч зарим үйлдвэрлэгчид ийм вакцин хийсэн. Идэвхгүйжүүлсэн вакциныг хөрш зэргэлдээ орнуудаас АТӨ нэвтрэх эрсдэлтэй эрүүл орнуудад хэрэглэвэл илүү зохимжтой. Идэвхгүйжүүлсэн вакцин нь амьд-сулруулсан вакцинаас харьцангуй богино хугацаанд үргэлжлэх дархлаа тогтооно. Ийм учраас эхний вакциныг нэг сарын зайтай 2 удаа олгох бөгөөд дархлааг хадгалахын тулд 6 сар тутамд давтан тарьдаг (Hamdi et al., 2020)

3.     ДАЭМБ-ын дэргэд АТӨ-ий эсрэг яаралтай вакцинжуулалтад ашиглах вакцины сан бий юү?

ДАЭМБ-ын дэргэд АТӨ-ий эсрэг вакцины сан байхгүй. Иймд улс орнууд вакцинаа цаг алдалгүй татахын тулд тендер зарлах процесстоо аль болох эрт бэлтгэж, цаг хугацаагаа зөв төлөвлөх хэрэгтэй.

Вакцины чанарын хяналтын хувьд ДАЭМБ нь Өмнөд Африк, Их Британи дахь ДАЭМБ-ын Лавлах лабораториуд, Бельги дэх Хамтын ажиллагааны төвүүд (Европ дах Цэврүүт өвчнүүдийг оношлох шинжилгээ, вакцины баталгаажуулалт, чанарын үнэлгээ, чанарын хяналт)-тэй холбоо тогтоох боломжоор хангана.         

АТӨ-ий вакцинжуулалтын хөтөлбөр

4.     АТӨ-ий эсрэг вакцинаар үхрийг хэзээ, хэрхэн тарих вэ?

АТӨ-ий вакцинжуулалт хэрэгжүүлж буй орнууд вакцин үйлдвэрлэгчээс өгч буй зөвлөмжийг чанд мөрдөнө. Ихэнх вакцины хувьд:

·       Бие гүйцсэн үхрийг жил бүр вакциндах нь АТӨ-өөс хамгаална.

·       Вакцин тариулсан эсвэл байгалийн халдвар авсан эхээс гарсан тугалыг тухайн вакцинаас хамаарч ихэвчлэн 3-6 сартайд нь вакциндана. Вакцин тариулаагүй эхээс гарсан тугалыг нас харгалзахгүй тарьж болно.

·       Гаднаас шинээр худалдаж авсны малыг сүрэгт нийлүүлэхээс 28 хоногийн өмнө вакциндана.

·       Өөр газар луу тээвэрлэх, хөдөлгөөн хийх малыг 28 хоногийн өмнө вакциндана.

·       Хээлтэй, эрүүл үхрийг вакциндахад аюулгүй.

5.     Мэдрэмтгий малд бүрэн хамгаалалт бий болгоход АТӨ-ий вакцины хэдэн тун шаардлагатай вэ? АТӨ-ий вакцинжуулалтаас тогтсон хамгаалалт хэр удаан үргэлжлэх вэ?

Мөн адил үйлдвэрлэгчийн зөвлөмжийг мөрдөнө.

Ихэнх тохиолдолд АТӨ-ий амьд-сулруулсан вакцины нэг тун нь вакцинжуулалтаас хойш 3 долоо хоногийн дараа хангалттай хамгаалалт бий болгох бөгөөд энэхүү дархлаа дор хаяж нэг жил үргэлжилнэ. Халдварт өртсөн улс орнуудад вакцинжуулалтыг жил бүр хэрэгжүүлэхийг зөвлөдөг бөгөөд бүс нутгийн хэмжээнд уялдуулан зохион байгуулбал хамгийн сайн хамгаалалт бий болгоно.

Жишээлбэл, Балканы зарим орнуудад вакцинжуулалтад хамрагдалтыг 80-аас дээш хувьд хүргэхэд 1-3 сарын дотор АТӨ хяналтанд орсон байна.

6.     Ямар тохиолдолд АТӨ-өөс эрүүл орнуудад урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хэрэгжүүлэхийг зөвлөдөг вэ?

ДАЭМБ-ын Хуурай газрын амьтны эрүүл мэндийн кодын Бүлэг 11.9.3-т зааснаар вакцинжуулалт хэрэгжүүлж буй орныг АТӨ-өөс эрүүл улс эсвэл бүс гэж тооцохгүй. Ийм учраас АТӨ-ий вакцинжуулалт хэрэгжүүлж буй улс эсвэл бүс нь амьд үхрийн худалдаа хийхдээ жишээлбэл, Бүлэг 11.9.6-д заасан АТӨ-өөс эрүүл бус улсад тавигддаг шаардлагыг биелүүлнэ.

Иймд урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийх эсэхээ шийдэхдээ тухайн орныхоо онцлог нөхцөл байдалд хийсэн үнэлгээнд үндэслэнэ. Хэрэв хөрш зэргэлдээ улсад АТӨ өргөн хүрээнд тархаж, эрүүл оронд нэвтрэх эрсдэлтэй байгаа бол урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг хил дагуух хамгаалалтын бүсээс эхлэхийн хамт (ДАЭМБ-ын Хуурай газрын амьтны эрүүл мэндийн кодын Бүлэг 4.4 болон 4.4.6-д зааснаар), гүн рүү чиглэсэн хөдөлгөөнд чанд хяналт тавьж болно. Үүнийг амжилттай хэрэгжүүлж чадвал АТӨ орж ирэхээс сэргийлэх боломжтой (жишээлбэл, Хорватад урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хэрэгжүүлснээр АТӨ орж ирэхээс сэргийлж, Европт уг өвчний тархалтыг зогсоосон).

7.     АТӨ болон шүлхийн вакцинуудыг нэг амьтанд зэрэг тарьж болох уу?

Энэ талаар судалсан шинжлэх ухааны өгүүлэл хязгаарлагдмал байна. Гэвч практик болон ложистикийн шалтгаануудын улмаас нэг амьтныг ижил цаг хугацаанд хоёр өөр вакцинаар вакциндаж ирсэн олон жилийн туршлага бий. Эрүүл амьтны дархлааны тогтолцоо хоёр эсрэгтөрөгчид нэгэн зэрэг хариу урвал үзүүлэх чадвартай. Гэхдээ вакциныг хольж тарихгүй байх нь чухал (үйлдвэрлэгч өөрөөр заагаагүй бол).

Израйльд дараах дүрмийг баримтлах замаар АТӨ болон шүлхийн вакцинжуулалтыг хослуулж зохион байгуулсан. Үүнд: АТӨ болон шүлхийн вакцинуудыг аль ч үе шатанд хооронд нь холиогүй; тус тусад нь өөр өөр шприц болон зүүгээр тарьсан; хоёр вакциныг ихэвчлэн хүзүүний хоёр талд буюу хооронд нь хол зайтай тарьсан. ДАЭМБ-ын АТӨ-ий шинжээчийн өгүүлснээр эдгээр вакциныг хослуулж тарьсантай холбоотой доголдол гарсан тухай мэдээлэл байхгүй байна (Galon, 2021).     

Дархлааны хариу урвал ба вакцины үр нөлөө

8.     АТӨ-ий вакцинжуулалтын үр нөлөө буюу вакцинжуулалтын дараах сүргийн дархлаанд хэрхэн мониторинг хийх вэ?

Вакцинжуулалтын кампанит ажлын үр нөлөөг үнэлэхэд эмнэл зүйн идэвхтэй тандалт маш үр дүнтэй. АТӨ-ий эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг тод илэрдэг учраас туршлагатай малын эмч нар малд нарийн үзлэг хийх нь эмнэл зүйн идэвхтэй тандалтын үр дүнтэй арга хэрэгсэл юм. АТӨ-ий эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдгийг таних мэдлэг, чадвар өндөр үед, мөн малчид, орон нутгийн малын эмч нар болон үхэртэй харьцдаг хүмүүс сэжигтэй тохиолдлыг мэдээлж заншсан тохиолдолд идэвхгүй тандалт нэмэлт ач холбогдолтой.

Эсрэгбием илрүүлэх ЭЛИЗА-г вакцинжуулалтаас хойш 2-3 сарын дараа вакцинжуулалтын дараах мониторингод ашиглаж болох ч бүх амьтан ийлдэс судлалаар эерэг гарах албагүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

9.     Халдвартай малд (эмнэл зүйн шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй) амьд-сулруулсан вакцин тарихад аюулгүй юу?

Ихэнх вакцин үйлдвэрлэгч амьд вакциныг зөвхөн эрүүл малд тарихыг зөвлөдөг.

Халдвар авсан малд эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байвал байгалийн дархлаа тогтоно. Байгалийн дархлаа хэр удаан үргэлжилдгийг бид мэдэхгүй учраас халдвартай малыг эдгэрснээс нь хойш жил бүр бүүстер вакцинжуулалтад хамруулахыг зөвлөдөг.

Эмнэл зүйн шинж тэмдэггүй мал: нууц халдвартай буюу халдвар авсан ч эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй малыг вакциндахад өвчин хүндэрдэг гэсэн нотолгоо байхгүй байна. Халдвартай боловч эмнэл зүйн шинж тэмдэггүй малд хэрэглэсэн зүүгээр АТӨ-ий вирүс тархах эрсдэлтэй тул нэг удаагийн зүү ашиглах нь нэн чухал юм.

10.  Амьд-сулруулсан вакцин эргэж хоруу чанартай болох, эсвэл хээрийн вирүстэй рекомбинацид орох боломжтой юу?

2016-2020 онд Европт АТӨ-ий 3 төрлийн амьд-сулруулсан вакцин дээр хийсэн судалгаагаар эргэж хоруу чанартай болсон, эсвэл хээрийн вирүстэй рекомбинацид орсон нь нотлогдоогүй. Хорватад хийсэн нэгэн судалгаагаар вакцины вирүсийг үхрээр дамжуулахад вакцины вирүсийн геном нь эх вирүстэйгээ 100% ижил байсан бөгөөд бүрэн суларсан шинж чанараа алдаагүй байна (Lojkic et al., 2018). Оросын эрдэмтэд вакцины болон хээрийн вирүсүүд рекомбинацид орсон тухай мэдээлсэн тохиолдол бий (Sprygin et al., 2018). Гэвч ийм үйл явдал хэрхэн, хэзээ бий болдог талаар бидэнд мэдэхгүй зүйл маш их байна. Ийм учраас дээрх асуудлын ач холбогдлыг илүү дэлгэрэнгүй судлах шаардлагатай.

Neethling хэвшлийн омгоор хийсэн вакциныг 60 гаруй жилийн турш хэдэн сая малд тарьсан. Энэ хугацаанд вакцины вирүс эргэж хоруу чанартай болсон тухай мэдээлэл гараагүй.

11.  Вакцин тариулсан мал АТӨ-ий халдвар авч болох уу?

Вакцин тариулснаас хойш бүрэн хамгаалалт бий болох хүртэл ойролцоогоор 3 долоо хоног шаардагдана. Энэ хугацаанд үхэр хээрийн вирүсээр халдварлаж, вакцин тариулснаас үл хамааран эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлж болно. Зарим малын халдвар вакцин тарих үед нууц үедээ байсан байж болно. Энэ тохиолдолд эмнэл зүйн шинж тэмдэг вакцинжуулалтаас хойш 10 хоногоос хэтрэхгүйгээр илэрдэг.

Зарим онцгой тохиолдолд вакцинжуулалт хангалттай хамгаалалт үүсгээгүйгээс болж эмнэл зүйн шинж тэмдэгтэйгээр өвчилж болно. Вакцинжуулалт үр дүнгүй болох нь хэд хэдэн шалтгаантай. Үүнд: вакцинаас (вакциныг үйлдвэрлэхдээ хэт бага эсвэл хэт их сулруулах, вакцины эх вирүсийн титр бага байх, вакцины цуврал бохирдох г.м.), эзэн амьтны хариу урвалаас (вакциныг зөв олгосон ч тухайн амьтан дархлааны зохистой хариу урвал үзүүлэхгүй байх), вакцин олголтод гарсан алдаанаас (олгосон зам, тун, цаг хугацаа, вакциныг хадгалах, тээвэрлэх явцад баримталсан хүйтэн хэлхээ). Мөн жишээлбэл, үхрийн герпесвирүс 2-ын халдвар буюу хуурамч АТӨ гэх мэт бусад өвчний улмаас эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байж болно. Иймд вакцинжуулалт амжилтгүй болсон тохиолдолд түүний эх сурвалж, шалтгааныг тогтоох зохистой судалгаа хийнэ.

АТӨ-ий вакцинжуулалтын гаж болон сөрөг нөлөө

12.  АТӨ-ий вакцинжуулалтын үед илэрдэг нийтлэг гаж нөлөө юу вэ?

АТӨ-ий амьд-сулруулсан вакцинууд үхэрт бага зэргийн сөрөг урвал үүсгэж болно. Вакцин тарьсан газар хэсэг газрын хариу урвал илрэх нь түгээмэл бөгөөд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд байна. Түр зуур халуурах, сүүний гарц богино хугацаагаар буурах явдал нийтлэг тохиолдоно. Зарим малд "Neethling-ийн хариу урвал" гэж нэрлэгддэг ерөнхий хариу урвал сул илэрнэ. Энэ урвал ховор тохиолдох бөгөөд ихэвчлэн арьсны өнгөц, бага хэмжээний эмгэгээр илэрнэ. Гэвч бүрэн хоруу чанартай хээрийн омгийн халдварын улмаас үүсдэг арьсны эмгэгээс ялгаатай байна. Энэхүү эмгэг нь үхжилт тав, яршил болж хувирахгүйгээр 2-3 долоо хоногийн дотор арилна. Гаж нөлөө нь АТӨ-ий вакцинаар анх удаа тариулж буй малд илрэх бөгөөд давтан вакцинжуулалтын дараа бараг ажиглагдахгүй. Иймд вакцинжуулалт эхлэхээс өмнө түүнээс улбаалсан сөрөг урвал болон гаж нөлөөг малчдад сайтар ойлгуулах нь тэдний тайван байдлыг хангах, вакцинжуулалтад итгэл алдрахаас сэргийлэх ач холбогдолтой.

Вакцинжуулалтыг зогсоох стратеги

13.  АТӨ-ий вакцинжуулалтын хөтөлбөрийг хэзээ зогсоож болох вэ?

Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас эрхлэн гаргасан АТӨ-ий эсрэг яаралтай вакцинжуулалтын төлөвлөгөө боловсруулах хөтөч нь дотоодод АТӨ дэгдсэн тохиолдолд хариу арга хэмжээ болгон, мөн хөрш зэргэлдээ орнуудад өвчин дэгдсэн үед хэрэгжүүлэх яаралтай вакцинжуулалтыг хэрхэн төлөвлөх, зохион байгуулах талаар гишүүн орнуудад чиглүүлэг өгдөг. АТӨ-өөс эрүүл улс эсвэл бүс болох зорилт тавьсан тохиолдолд вакцинжуулалтаа зогсоож, цаашид тарихыг хориглоно. АТӨ-ий вакцинжуулалтыг цуцлах шийдвэр, тактик нь тухайн улсын нөхцөл байдал, эрсдэлээс хамаарна (эрсдэлийн үнэлгээнд тулгуурлана).

Чухал шалгуур үзүүлэлт/хэлэлцэх асуудлууд:

·       Яаралтай вакцинжуулалт хэрэгжүүлснээр вирүсийн эргэлт зогссон уу?

·       Хөрш зэргэлдээ орнуудын нөхцөл байдалд тулгуурлан тооцоход АТӨ гаднаас нэвтрэх, дахин орж ирэх магадлал хангалттай хэмжээнд буурсан уу?

·       Тандалтын мэдрэг чанар (эрт илрүүлэг) нь дахин сэргэж байгаа өвчнийг хангалттай өндөр түвшинд илрүүлж чадах уу?

·       Ялангуяа өвчнийг хумих, вакцины нөөц, яаралтай вакцинжуулалтын бэлэн байдлаа хангалттай түвшинд базаасан уу (бэлэн байдлын төлөвлөгөө, эрт хариу арга хэмжээ)?

14.  Вакцинжуулалтыг оролцуулан АТӨ-тэй үр дүнтэй тэмцсэний дараа уг өвчнөөс эрүүл статусыг хэрхэн тогтоох вэ?

Халдварт өртсөн орнуудад хэрэгжүүлдэг тэмцэх арга хэмжээний стратегийн туйлын зорилго нь улс эсвэл бүсийн хэмжээнд АТӨ-өөс эрүүл статустай болох/статусаа буцааж тогтоох явдал юм. Үүнд тавигддаг шаардлагуудыг ДАЭМБ-ын Хуурай газрын амьтны эрүүл мэндийн кодод жагсаасан.

Эрүүлжих цаг хугацаа халдвартай сүргийг устгах арга хэмжээ хэрэгжүүлсэн эсэхээс хамаарна (мөн тандалтаас). Халдвартай сүргийг устгах арга хэмжээ хэрэгжүүлсэн бол Бүлэг 11.9.4-т заасан зөвлөмж (ба цаг хугацаа)-ийг мөрдөнө. Халдвартай сүргийг устгах арга хэмжээ хэрэгжүүлээгүй бол Бүлэг 11.9.3-т заасан зөвлөмж (ба цаг хугацаа)-ийг мөрдөнө.       

Дотоодод АТӨ илрээгүй ч урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинжуулалтын кампанит ажил зохион байгуулсан орнуудад тавигдах шаардлагыг мөн адил Бүлэг 11.9.4-т заасан.

ДАЭМБ-ын Хуурай газрын амьтны эрүүл мэндийн кодын холбогдох бүлэгт (дээр өгүүлсэн) заасан шаардлагуудыг биелүүлсэн орон улсын хэмжээндээ эсвэл тодорхой бүсдээ АТӨ-өөс эрүүл статус тогтоосон тухайгаа өөрөө зарлаж болно. Энэ тохиолдолд тухайн улсын Мал эмнэлгийн алба нь Хуурай газрын амьтны эрүүл мэндийн кодын Бүлэг 1.1., 3.1., 3.2., 11.9. болон Гарын авлагын Бүлэг 3.4.12-т тавигдсан шаардлагуудад нийцэж байгаагаа баримтжуулах ёстой.

Мөн ДАЭМБ-ын Гишүүн орон АТӨ-өөс эрүүл болсноо өөрөө зарласнаа олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор ДАЭМБ-д хандан нийтэлж өгөх хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд тухайн улс холбогдох Стандарт ажлын зааврыг мөрдөнө. Өвчнөөс эрүүл болсноо өөрөө зарласантай холбоотой хариуцлагыг тухайн Гишүүн орныг ДАЭМБ-д төлөөлдөг төлөөлөгч бүрэн хүлээнэ. Өвчнөөс эрүүл болсноо тухайн улс өөрөө зарласан нь ДАЭМБ-аас албан ёсны дүгнэлт авсан гэсэн үг биш юм.

6 comments: