Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2019/04/07

"Мал амьтны хил дамжин халдварладаг өвчнүүдийн атлас" ном дахин хэвлэгдлээ


Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-ын бүтээл "Мал амьтны хил дамжин халдварладаг өвчнүүдийн атлас" ном дахин хэвлэгдлээ. Уг номыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр 2014 онд Н.Одонцэцэг мэргэжил нэгт нөхдийн хамт (Д.Ууганбаяр, О.Уламбаяр, Ө.Гэрэлмаа, Ц.Эрдэнэ-Очир) орчуулан, хянан тохиолдуулж малын эмч нарын хүртээл болгож байсан юм.
Эхний хэвлэлтээс авсан зарим малын эмч, мал эмнэлгийн байгууллагууд уг бүтээлийг ашиглан урьд өмнө таарч байгаагүй өвчнүүд (гахайн сонгомол мялзан, Африкийн гахайн мялзан, шүлхий, хорт салст халуурал, цэцэг г.м.)-ээ оношилсон тухайгаа дурьдаж, дахин хэвлүүлж илүү өргөн хүрээнд ашиглах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн юм. Өнгөрсөн оны сүүл, энэ оны эхээр Монгол Улсад анх удаа дэгдсэн Африкийн гахайн мялзангийн урьдчилсан болон эцсийн онош тогтоолтонд номны агуулга нэлээд үүрэг гүйцэтгэснийг дуулахад таатай байна.
Дахин хэвлэгдсэнтэй холбогдуулан уг номны талаар мэдээлэл хараахан аваагүй байгаа малын эмч, мэргэжилтнүүдэд зориулж товч тайлбар өгье.
Энэ ном одоогоор 4 улсын хэл дээр гарсны нэг нь Монгол хувилбар юм. Тус номыг эмхэтгэн боловсруулахад АНУ-ын ХААЯам/Амьтан, ургамлын хяналтын алба гол үүрэг гүйцэтгэсэн. Бүтээлийн эзэд болох Петер Фернандез, Лиз Кларк нар 2016 оны хавар манай улсад ирж 21 аймаг, нийслэлийн малын эмч нарт онол, дадлага хосолсон сургалт явуулж байсныг оролцсон малын эмч нар санаж байгаа байхаа.
Энэхүү Атлас нь мал амьтны хил дамжин халдварладаг өвчнүүдийг тандан судлах, оношлоход оролцдог буюу үйлдвэрлэлд ажилладаг малын эмч нарт туслах зорилготой. Ер нь өвчний эсрэг үр дүнтэй, шуурхай хариу арга хэмжээ авна гэдэг нь түүнийг хэр хурдан илрүүлэхээс шалтгаалдаг болохыг удиртгал үгэнд дурьджээ. Түүнчлэн үр дүнтэй тэмцэх арга хэмжээ хэрэгжүүлэхэд тухайн өвчнийхөө онцлог, үүсгэгчийнх нь "ааш аяг"-ийг нэн тэргүүнд ойлгох нь чухал гэдгийг тэмдэглэмээр байна.
Бүтээлийн онцлог нь ДАЭМБ-д мэдээлэх ёстой хил дамжин халдварладаг 29 өвчний үед илэрдэг эмнэл зүйн гол шинж тэмдэг, эмгэг хувирлуудыг харуулсан зургийг бичвэр мэдээллээр баяжуулан харуулсанд оршино. Эдгээр 29 өвчин болон бичвэр мэдээллийн дэд гарчгуудын жагсаалтыг зургаар үзүүлэв (зургаас харна уу).
Мэдээллийг зургаар баяжуулж харах мэдрэхүйд түлхүү зориулсан учраас ой санамжинд үлдэх магадлал өндөр. Малын эмч бичвэр хэсгээс гадна малд илэрсэн эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг хувирлыг номны зурагтай харьцуулах замаар урьдчилсан онош тогтоохдоо дэмжлэг авах боломжтой. Ном ашиглаж оношилсон тохиолдлуудын бараг ихэнх нь зураг ашигласан байна.
Бичвэрийг аль болох товч хэлбэрээр, цэгцтэй зохион байгуулсан нь бидэнд бас таалагдаж байгаа. Ялангуяа үйлдвэрлэлд ажиллаж буй малын эмч эдгээр өвчний сэжигтэй үед өвчний явцаас хамаарч ямар дээж авах, түүнийг ямар нөхцөлд хадгалааслаж лабораторит хүргэх тухай мэдээлэл багтсан. Уг номонд өвчний явц (хэт цочмог, цочмог, ужиг г.м.)-д илэрдэг эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг хувирлуудыг зурагнаас гадна бичвэр хэлбэрээр тайлбарласан. Шинж тэмдэггүй халдвар ч гэж бас бий.
Лабораторийн оношлогооны аргуудыг зөвхөн дурьдах хэлбэрээр явсан ч шинжилгээ тус бүрийн онцлог, давуу болон хязгаарлагдмал талуудыг онцолсон нь бага талбайгаас их мэдээлэл олж авах боломж бүрдүүлсэн.
Энэ номыг зөвхөн малын эмч мэргэжилтнүүд гэлтгүй, аж ахуй эрхлэгчид, ялангуяа томоохон гахайн аж ахуй эрхлэгчид уншиж амьтны эрүүл мэндийн талаарх ойлголтоо зузаатгаж байвал үүсэж болзошгүй элдэв эрсдэлээс бага ч болов сэргийлэх боломж өгч магадгүй.

No comments:

Post a Comment