Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог
Showing posts with label Эмчилгээ. Show all posts
Showing posts with label Эмчилгээ. Show all posts

2015/12/23

Супер ухаантай "лаг" хулгана бүтээв

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2015 оны 8 дугаар сарын 25
Хөгшрөлттэй холбоотой зөнөглөх (Альцгеймерын өвчин), солио (шизофрени) зэрэг мэдэхүй, сэтгэхүйн удаашрал, эмгэг өөрчлөлтийг эмчлэх шинэ аргыг нээхэд үндэс болохуйц нэгэн судалгааны үр дүнг нийтэлжээ.
(ideastations.org)
Фосфодиэстераз-4В (phosphodiesterase/PDE4B) энзим сээр нуруутан амьтны тархи болон бусад эрхтэнд агуулагддаг. Судлаачид хулганы генийг нь өөрчилж PDE4B энзимын үйл ажиллагааг нь саатуулахад "оюуны бяд" нэмэгдэж, энгийн хулганыг бодвол юмыг хурдан сурч, өнгөрсөн үйл явдлыг илүү удаан санаж, ээдрээтэй даалгаврыг илүү сайн гүйцэтгэж байжээ: Жишээ нь, урд өдөр нь "уулзсан" хулганаа энгийн хулганаас илүү сайн таньж байв. Орон зай, цаг хугацааны баримжаа нь ч давуу болсон байв.
Гэвч "ухаант хулгана" энгийн хулганыг бодвол хэдэн өдрийн өмнөх айдас төрүүлсэн үйл явдлыг эргэж санахдаа тааруу байжээ. Энэхүү онцлогийг сэтгэхүйн хүчтэй цочролоос улбаалсан хүний стрессийг эмчлэх судалгааны бай болгох боломжтой гэж үзэж байгаа аж.

2015/11/19

Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй тахианы өндөг үйлдвэрлэв

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2007 оны 1 дүгээр сарын 22
Өндөгний бүтэц (biolearnspot.blogspot.com)
Их Британий эрдэмтэд хорт хавдрын эсрэг эмийн орцонд ордог уураг агуулсан өндөг гаргадаг тахиаг генийн инженерчлэлийн аргаар бүтээжээ. Эдинбургийн ойролцоо оршдог Рослингийн хүрээлэнгийнхэн өндөгнийхөө цагаанд амьдрал аврагч уураг агуулсан тахианы таван үеийг бойжуулж өдгөө 500 гаруй шувуутай болсон байна.
Тус судалгаа нь доктор Хелен Сангийн 15 жилийн хөдөлмөрийн үр шим ажээ. Гэвч хүнд турших хүртэл 5 жил, эмийг боловсруулж дуустал 10 жилийн хугацаа шаардлагатай байгаа гэнэ.

2015/11/17

1918 оны томуугийн цартахлын үеийн дийлэнх нас баралтын шалтгаан нь томуугийн вирүс биш харин бактер байжээ

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org 
2008 оны 8 дугаар сарын 18
Засгийн газрын зүгээс аливаа томуугийн цартахлын эсрэг бэлэн байдлыг хангахдаа антибиотикийн нөөцөнд анхаарал хандуулах нь чухал гэж Мэрилэнд дэх Зэвсэгт хүчний эрүүл мэндийн тандалтын төвийн анагаах ухааны микробиологич Жон Брандэйж мэдэгджээ. 

Томуугийн дэгдэлтүүд, тэдгээрийн үүсгэгчид (udel.edu) 
Тайлбар: Томуу үүсгэгч вирүсийг гадаргын хемагглютинин (H/hemagglutinin) болон
нейраминидаз (N/neuraminidase) уургаар нь дэд хэвшил болгон ангилдаг. 
Одоогоор 16 Н, 9 N хувилбар илрүүлээд байна.
Брандэйжийн багийнхан Испанийн хэмээн нэрлэгдсэн 1918-1919 оны томуугийн цартахлын үеийн эрүүл мэндийн тайлан, бүртгэл, халдварын зураглалд дүн шинжилгээ хийж, хэдийгээр тухайн цагт томуугийн аюулт вирүс дэлхийд тархаж байсан ч бактерийн хоёрдогч халдварын улмаас үүссэн уушигны хатгалгаа 20-100 сая хохирогчийн дийлэнхийг нөгөө ертөнцөд аваачжээ гэж дүгнэсэн байна.

2015/11/11

10 жилийн дараа ч имидаклоприд (imidacloprid)-ын идэвх өндөр хэвээр байна

Мэдээний эх сурвалж: www.medicalnewstoday.com
2009 оны 8 дугаар сарын 14
Канадын Калгари хотноо зохион байгуулагдсан Дэлхийн мал эмнэлгийн шимэгч судлалын дэвшлийн холбооны 22 дугаар хурал дээр “Бүүрэгний мэдрэг чанарыг хянах” олон улсын өргөн цар хүрээт, хараат бус хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд имидаклоприд бэлдмэл гэрийн тэжээвэр амьтны бүүрэгний эсрэг өндөр идэвхтэй хэвээр байгааг тогтоосноо Bayer Animal Health илтгэсэн байна.
Бүүрэгний амьдралын мөчлөг (www.st-ives-vet.co.uk)
Бүүрэгний өндөг (www.fleabites.net)
1999 онд гараагаа эхэлсэн тус хөтөлбөрийг эм бэлдмэлийн тэсвэрт чанарын тандалт, эрсдэлийн үнэлгээг тогтвортой явуулахын үлгэр жишээг үзүүлсэн арга хэмжээ гэж үздэг бөгөөд мал эмнэлгийн шимэгч судлал, шавьж судлал, молекул биологийн салбарт нэр хүндтэй, хараат бус мэргэжилтнүүд Bayer-тай хамтран ажилладаг байна.

2015/11/10

Пробиотик эмчилгээ гахайн салмонеллын халдварыг бууруулдаг

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2007 оны 4 дүгээр сарын 2
Гахайг пробиотик бактераар эмчлэхэд салмонеллаар халдварлах нь багасдаг болохыг Ирландын судлаачид тогтоож, энэ аргыг хүнд хэрэглээд үзсэн ч гэмгүй гэж зөвлөсөн байна.
(blog.neurogistics.com)
Тэдний судалгааны үр дүн Хэрэглээний ба хүрээлэн буй орчны микробиологи  (Applied and Environmental Microbiology) сэтгүүлийн 2007 оны 3 дугаар сарын дугаарт нийтлэгджээ.
Salmonella spp. нь хоол хүнсээр дамжиж ходоод-нарийн гэдэс үрэвсүүлдэг бөгөөд зөвхөн Европын Холбооны орнуудад л гэхэд жилд энэ өвчний 160,000 тохиолдол бүртгэгддэг байна.
Амьд бичил биетэн хэмээгддэг пробиотикийг тохирох тунгаар хэрэглэхэд эрүүл мэндэд ашигтай гэж үздэг бөгөөд сүүлийн үед бактерийн халдварын эсрэг тэмцэх нэгэн аргаар тодроод байгаа билээ.

2015/10/29

Автоиммун өвчин үүсгэдэг эсийг хорт хавдрын эсрэг ашиглах нь

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 11 дүгээр сарын 16
Дархлааны тогтолцоо өөрийн биемахбодын эдийг харийнх хэмээн андуурч түүний эсрэг довтолдог автоиммун өвчний үед үрэвсэл, эдийн гэмтэл үүсэхэд Th17 (T helper 17) хэмээх дархлааны эсийг чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Хэдий тийм ч бактерийн халдвартай тэмцэхэд энэ эсийн дэм бас бий гэнэ.
(phoenixrising.me)
Зарим хүмүүсийн дархлааны тогтолцоо тодорхой хэдэн төрлийн хорт хавдрын эсрэг тэмцэх төрөлхийн чадвартай байдаг ч үүний механизм нь тайлагдаагүй байгаа аж. 
Техасын Хьюстон дах MД Андерсоны Хорт хавдрын төвийн судлаач Наталья Мартин-Ороско нөхдийн хамтаар Th17 эс хорт хавдарт нэвчиж байгааг ажиглаж, үрэвсэл нь хорт хавдрын өсөлтийг дэмждэг тул энэ эсийг хавдар томроход тусалж байна гэж таамаглажээ. Тэгээд цааш нь гүнзгийрүүлэн судлахын тулд инженерчлэлийн аргаар Th17 эсгүй хулгана “үйлдвэрлэж” уушиг гэмтээдэг меланом (арьсны нэг төрлийн хавдар) үүсгэгч омгоор тарьсан байна. Гэтэл Th17 эсгүй хулгануудын хорт хавдар нь хэвийн хулгануудынхыг бодвол илүү хурдан томорч 16 хоногийн дотор уушгийг нь юу ч үгүй болгосон нь судлаачдын бодож байсны эсрэг болж гайхширалыг нь төрүүлжээ.

2015/10/23

Халдваргүйтгэх бодис бактерийг эмчилгээнд тэсвэртэй болгож болно

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2008 оны 10 дугаар сарын 13
Microbiology сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгааны үр дүн бактер устгах зориулалттай химийн бодисууд тэднийг улам хүчирхэг болгох эрсдэлтэйг харуулжээ.
(sites.google.com) (www.wca-environment.com)
Биоцид хэмээх химийн бодисыг сул өтгөрүүлэгтэй хэрэглэвэл үхэлд хүргэх чадвартай алтлаг стафилококкыг зарим антибиотикт тэсвэртэй болгон хувиргаж болно. Биоцидыг ихэвчлэн эмнэлэг болон ахуйн цэвэрлэгээ, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ариутгал, мэс ажилбарын өмнө арьсны талбай бэлтгэхэд ашигладаг. Биоцидыг зөв найруулбал бактер болон бусад нянг устгана. Харин өтгөрүүлгийг нь багадуулбал бактер амьд үлдэж эмчилгээнд тэсвэртэй болдог.
Алтлаг стафилококк зэрэг бактер нь бактерийн эсрэг үйлчилгээтэй химийн хортой бодисуудыг эсээсээ шахан зайлуулах үүрэг бүхий уураг үйлдвэрлэдэг. Эдгээр шахуурга (уураг) нь антибиотикийг ч мөн адил эсээсээ зайлуулж, антибиотикт “үл ажирагч” болгодог байна.

2015/10/21

Эрдэмтэд А витамины илүүдэл болон дутагдлын үед эсэд гардаг өөрчлөлтийг тайлбарлав

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 10 дугаар сарын 19
Бага зэргийн А витамин биенд сайн юм чинь илүү хэрэглэвэл улам сайн гэсэн үг биз дээ? 
Энэ бол буруу шүү!
FASEB онлайн сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар А витамины хэт илүүдэл болон хэт дутагдал биед яагаад сөрөг нөлөө үзүүлдгийг тайлбарлаж, энэхүү витамины эсийн энерги үйлдвэрлэлд гүйцэтгэдэг үүргийг нь тодорхойлсон байна. 
(www.nourishingourchildren.org)
А витамин агуулсан хоол хүнс, ундаа, гоо сайхны тос, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнийг зэрэгцүүлэн хэрэглэснээр энэ витамин илүүдэж болдог аж. “Бид судалгаагаараа гоо сайхны тос болон тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн дэх А витамины ач холбогдол болон болзошгүй сөрөг үр дагаварыг тогтоосон. Манай нийгэмд А витамины дутагдал нэг их элбэг тохиолддоггүй ч энэ витаминыг хэт их хэрэглэснээс энерги үйлдвэрлэлийн зохицуулга алдагдаж, эсийн төлжих болон үхэх процесст нөлөөлж болно.” гэж судалгааны хамтрагч, Нью-Йоркийн Хорт хавдар судлалын Слоан Кеттерингийн хүрээлэнгийн Ульрих Хаммерлинг мэдэгдсэн байна.

2015/10/15

Инженерүүд нурууны хугарлыг эмчлэх шинэ цемент бүтээж байна

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2007 оны 11 дүгээр сарын 11
  Нугаламын хугарал 
 (www.sonsa.org)
Ялангуяа автын ослын үед нийтлэг тохиолддог нурууны хүнд гэмтэл авсан хүмүүст найдварын гал асаж буй бололтой. Лидсийн Их сургууль болон Белфастын Күинсийн Их сургуулийн хамтарсан төслөөр нурууны бутарсан хугарлыг эмчлэх биологийн цементийг боловсруулан туршиж байгаа юм байна.   
Үе орлуулах мэс ажилбарт ашигладагтай төстэй цементийг ясны сийрэгжилттэй өвчтөнүүдийн гэмтсэн нугаламыг бэхжүүлэх зорилгоор нөхөн сэргээх мэс засалд хэрэглэдэг ч осол аваар болон ойчиж унаснаас үүссэн нурууны бутарсан хугарлыг эмчлэхэд илүү хүнд байдаг аж.

2015/09/04

Мэдрэлийн судлыг лабораторийн аргаар ургуулав

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org 
2009 оны 4 дүгээр сарын 6
Пенсилваний Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн судлаачид нөхөн төлжилтийг дэмжиж улмаар залуурдах чадвар бүхий амьд мэдрэлийн эдийн суулгац бүтээж, үр дүнгээ Tissue Engineering Part A сэтгүүлийн 3 дугаар сарын дугаарт нийтэлжээ. 
Мэдрэлийн эс (scienceblogs.com)
Америкт жил бүр 300,000 орчим иргэн захын мэдрэлийн судлын гэмтэл авдгаас олон тохиолдолд хөдөлгөөний болон мэдрэхүйн чадвараа бүрмөсөн алддаг байна. Осол болон мэс ажилбарын улмаас үүддэг ийм гэмтлийг эдгээх арга хомс байдаг бөгөөд ялангуяа гэмтсэн мэдрэлийн судал хоорондын аксон ургуулах арга зүйг боловсронгуй болгох шаардлагатай байгаа аж. 
Гэмтсэн хэсэгт шилжүүлэн суулгах боломжтой 3 хэмжээст мэдрэлийн торыг бүтээсэн тухайгаа Пенсилваний Их сургуулийн Тархины гэмтлийг нөхөн сэргээх төвийн захирал, Мэдрэлийн мэс заслын тасгийн профессор, судалгааны багийн ахлагч Дуглас Х.Смит мэдэгдсэн байна.
Тэрээр нөхдийн хамтаар тэжээлээр дүүргэсэн хуванцар тавганд хархны нугасны гаднах мэдрэлийн зангилааны эсүүдийг хийжээ. Ингэхэд тавган дээрх мэдрэлийн эсүүдээс аксон нахиалан ургаж нөгөө тавагны мэдрэлийн эстэй холбогдож чадсан байна.

2015/09/02

Бактерийг мэхлэх замаар халдварыг эмчилж болно

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 2 дугаар сарын 9
Бактерийг хуурна гэдэг нь тэдний нөхөрлөлийг ашиглана гэсэн үг юм.
Шоргоолжны бүлийн нэгэн адил бактерууд хамтрах замаар бэрхшээлийг даван туулж чаддаг ажээ. Бактерийн популяцууд өөр хоорондоо харилцаж хооллох, өсөж үржих асуудлаа зохицуулдаг төдийгүй заримдаа бусдынхаа төлөө амиа хүртэл золиослодог гэнэ. Хамтрагчид хоорондоо харилцахын тулд тусгай молекул ялгаруулдаг бөгөөд үүнийхээ тусламжтайгаар “фракц” үүсгэж хүчирхэгждэг байна. 
(letmelearnya.com)
“Гэвч мал амьтанд халдсан бактеруудын нөхөрлөлийг хуурч мэхлэх замаар салган бусниулж болно.” гэж Их Британий Эдинбургийн Их сургуулийн эволюцийн биологич Стюарт Вест мэдэгдсэн байна. Мэхлэгч бактериар давхар халдаахад тэд хамтрагч бактериудын бие биедээ туслах шаргуу хөдөлмөрийг ашиглан тооны хувьд давамгайлж, нэгдмэл байдлыг нь задлах замаар хоруу чанарыг нь сулруулдаг байна. Бактерууд хамтрахдаа бэлэн гэдгээ мэдрүүлдэг молекул ялгаруулдаг бөгөөд бусад нь үүнийг таньж хамтын ажиллагаагаа зохицуулдаг. Гэвч зарим бактер, жишээ нь мэхлэгчид ийм молекул ялгаруулдаггүй хэдий ч бусдад бэлэн гэдгээ мэдрүүлж, ямар нэгэн илүү зардалгүй бүлгийн гишүүн болж чаддаг байна.

2015/08/31

Боом өвчин үүсгэгч бактерийг “нүцгэлвэл” дархлаанд "бууж өгнө"

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2010 оны 6 дугаар сарын 7
Microbiology сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн шинэ судалгаагаар боом өвчин үүсгэгч бактерийн "нөмрөгийг” нь аваад хаячихвал түүнийг дархлааны тогтолцоо хялбархан олж устгах боломжтойг тогтоожээ.
Бүрээсжсэн B. anthracis-ийн гинжин хэлхээ (www.fao.org)
Боомоор өвчилсөн хүнд илрэх шинж 
(www.cfsph.iastate.edu)
Bacillus anthracis нь гадуураа хамгаалах бүрээс үүсгэх маягаар амьтны дархлааны тогтолцоонд танигдахгүй болж “бултдаг” чадвартай тул үхэлд хүргэх аюултай онцгой эмгэг төрүүлэгчид тооцогддог.
Уг бактерт байдаг бүрээсийн дeполимераз (Capsule depolymerase/CapD) хэмээх энзим нь бүрээсийг эсийнх нь гадаргуутай холбож өгөхөөс гадна бүрээсний зарим хэсгийг жижиглэн огтолж дархлааны тогтолцоонд “өгөөш болгон хаях” үүрэгтэй ажилладаг нь уг бактерийг аюулд өртөлгүй "зугаалах" нөхцөлийг нь бүрдүүлдэг гэж үздэг байна.

Вирүсийг вирүсээр хөнөөхүй

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2011 оны 8 дугаар сарын 22
Өмнөд Калифорний Их сургуулийн Витербигийн Инженерчлэлийн сургуулийн химийн инженерчлэлийн профессор Пин Ван хүний дархлал хомсдолын вирүс (ХДХВ)-ийн халдвар авсан эсийг “агнадаг” вирүс бүтээжээ. Уг лентивирүсийн вектор нь ХДХВ-ээр халдварласан эсийг эмэнд барьж өгч устгуулдаг онцлогтой гэнэ. Энэ нь агаараас өгөх цохилтыг оновчтой болгохын тулд явган цэрэг лазерийн туяагаар байг гэрэлтүүлдэг зэвсэгт хүчний нэгэн аргатай ижил механизмтай бөгөөд эрүүл эсийг гэмтээдэггүй сайн талтай аж.

2015/08/27

Хувиргаж өөрчилсөн уургаар элэгний хатуурлыг эмчлэх боломж

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2008 оны 1 дүгээр сарын 7
Эмчлэх аргыг нь хараахан боловсруулаагүй элэгний хатуурлын улмаас дэлхийн хэмжээнд жил бүр 800,000 орчим хүн нас бардаг гэсэн тооцоо бий.
Хэвийн болон хатуурсан элэг (depts.washington.edu)
Калифорний Их сургуулийн Сан-Диего дахь салбарын судлаачид амьтан дээр хийсэн туршилтаараа элэгний хатуурлыг зогсоохоор үл барам бүр эдгээх боломжтойг баталжээ. PLoS Online-ий 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаарт нийтлэгдэх тэдний бүтээл нь вирүсийн гаралтай элэгний үрэвсэл, элэг өөхлөх, элэгний хатуурал, уушигны хатуурал, арьсны хатууралт өвчин болон түлэгдэлт зэрэг эд хэт сорвижих эмгэгүүдийг эмчилж эдгээх үүд хаалгыг нээсэн байна.

2015/08/18

Хоруу чанар өндөртэй мөөгөнцрийн халдварыг эмчлэх шинэ арга

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2007 оны 3 дугаар сарын 20
Candida albicans (en.wikipedia.org)
Ванкуверийн Бритиш Колумбын Их сургуулийн судлаачдын боловсруулсан эм олгох шинэ аргын ачаар ХДХВ/ДОХ, хорт хавдартай болон эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөнүүдийг үхэлд хүргэж болзошгүй цусаар дамждаг хоруу чанар өндөртэй мөөгөнцрийн халдварын эмчилгээнд дэвшил гарч буй бололтой. Эм зүйн шинжлэх ухааны профессор Кишор М.Васан тосон суурьт эмийн хувилбар боловсруулж мөөгөнцрийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй Амфотерицин В (Amphotericin B)-г амаар олгох үед үүсдэг гаж нөлөөг туйлын бага болгож чадсан байна. 
Aspergillus fumigatus (en.wikipedia.org)
Тавь гаруй жилийн настай, судсаар олгодог Амфотерицин В гаж нөлөө ихтэйн улмаас ялангуяа бөөрний хүнд хордлого үүсгэхээс гадна судас тариа хийлгэсэн газрын эдийг ноцтой гэмтээдэг. Харин тосон суурьт систем нь эмийг бөөрний эсүүдтэй харилцан үйлчлэлд орохыг саатуулангаа мөөгөнцрийн эс рүү довтолдог тул үйлчилгээ сайтай, хоруу чанар багатай байдаг аж.
ХДХВ/ДОХ болон химийн эмчилгээ хийлгэж байгаа хорт хавдартай өвчтөнүүдэд элбэг тохиолддог улаан хоолойн кандидоз (Candida albicans) болон ханиалгуулахаас эхлээд тархины гэмтэл хүртэл үүсгэдэг аспергиллёз (Аspergillus fumigatis)-ийн эсрэг энэхүү эмийн хувилбар хэрхэн үйлчилж байгааг амьтан дээр туршиж үзэхэд үр дүнтэй бөгөөд хоруу чанар тун багатай нь батлагдсан байна.

2015/08/12

Халуун орны өвчин үүсгэдэг шимэгчдийг ивермектин хэрхэн үхүүлдэг вэ?

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2010 оны 11 дүгээр сарын 23
Хэдэн арван жилийн судалгаа болон барагцаагаар хагас тэрбум хүнд хийсэн эмчилгээний үр дүнд эрдэмтэд голын сохор, заантах өвчнүүдийг үүсгэдэг филяри хорхойг шимэгчийн эсрэг эм хэрхэн үхүүлдэг болохыг тодорхойлж чаджээ. Дэлхийн хэмжээнд 140 орчим сая хүн дээрх шимэгчийн халдвар авсан бөгөөд дийлэнх нь Африкийн экватор орчмын орнуудад бүртгэгддэг байна.
Голын сохор өвчин үүсгэгчийн амьдралын мөчлөг (www.cdc.gov)

2015/07/30

Инженерчлэлийн аргаар гаргаж авсан уургийн фрагмент ДОХ-ын вирүсийг эсэд нэвтрэхээс хамгаална

Мэдээний эх сурвалж: www.sciencedaily.com
2011 оны 4 дүгээр сарын 2
Эрдэмтэд вирүсийг эсэд нэвтрэхээс хамгаалдаг шинэ уургийг инженерчлэлийн аргаар гаргаж авсан нь эм боловсруулах ажлын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, ДОХ-ын эсрэг тэмцлийн түүхэнд бичигдэхээр үйл явдал болжээ. Энэхүү уургийг вирүсээс эсийг хамгаалах үүрэг бүхий RANTES хэмээх биед төрөлхийн агуулагддаг уургаас гаргаж авсан байна. Хүний гараар бүтсэн уургийн онцлог нь ДОХ-ын вирүсийг саатуулах хэмжээний тун нь үрэвсэл болон бусад сөрөг үр дагавар үзүүлдэггүйд оршдог аж.

Прионы өвчний эсрэг эм бүтээх боломж олгосон нээлт

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2010 оны 12 дугаар сарын 21
The FASEB Journal сэтгүүлийн 2010 оны 12 дугаар сарын дугаарт цусны бүлэнг задлахад оролцдог плазминоген хэмээх уураг прионы өвчний явцыг түргэсгэдэг тул түүнийг хүн, амьтны прионы өвчнүүд (үхрийн тархи сархиагтах эмгэг, хүний Крейцфельдт-Якобын өвчин, хонины скрепи, буга, хандгайн ужиг тураал)-ийн эсрэг эмийн шинэ бай болгох боломжтойг тогтоосон тухай судалгааны дүн нийтлэгджээ.