Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2016/09/15

Бог малын мялзан өвчний тандалт хийх үед баримтлах био-хамгааллын дэглэм

Эх сурвалж: www.rr-africa.oie.int
Орчуулсан огноо: 2016.09.15
Орчуулагчаас өгч буй тайлбар: Доорх бичвэрийг ойлгомжтой болгох үүднээс АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас 2016 оны 3 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд манай малын эмч нарт зориулж зохион байгуулсан Амьтны хил дамжин халдварладаг өвчнүүдийн тухай сургалтын илтгэлээс 3 зураг оруулав. Эдгээр зургийг Корнеллын их сургуулийн Мал эмнэлгийн сургуулиас чөлөөнд гарсан профессор Альфонсо Торресын илтгэлээс авсан болно.
 
Био-хамгаалал
Био-хамгаалал гэдэг нь тодорхой нутаг дэвсгэрт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлдэг цогц дадал бөгөөд өвчин үүсгэгч нэвтрэх боломж/хөдөлгөөнийг аль болох хамгийн доод түвшинд хүртэл бууруулахад чиглэгдэнэ. Вирүсийн гаралтай ихэнх хил дамжин халдварладаг өвчний үед баримталдаг био-хамгааллын зарчим үндсэндээ ижил боловч тухайн өвчний эпидемиологиос хамаарч бага зэргийн ялгаатай байж болно.
Био-хамгааллын бүрэлдэхүүн хэсэг
Тусгаарлах – сүрэг/популяцийн хэмжээнд халдвар тархах үзэгдлийг боломжит доод түвшинд хүртэл бууруулах зорилгоор амьтныг халдварын эх үүсвэрээс хамгаалсан орчинд байлгах/тусгаарлах
Хөдөлгөөнд хяналт тавих – Гаднаас дотогш чиглэсэн болон дотоод хөдөлгөөнийг хязгаарлах; тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, хүн, өвс тэжээл, мал, малын гаралтай бүтээгдэхүүний хөдөлгөөнд хяналт тавьж өвчнөөс урьдчилан сэргийлэх
Ариун цэврийг сахих – Малын хашаа хороо, тоног хэрэгсэл, машин тэрэг, хүмүүсийг тодорхой хугацаанд цэвэрлэж, халдваргүйтгэх замаар өвчин үүсгэгчийг устгах
Био-хамгааллын дээрх 3 бүрэлдэхүүн хэсгээс гадна өвчин дамжих механизмын утга учрыг ойлгох явдал нэн чухал гэдгийг мартаж болохгүй.
Бог малын мялзан өвчин (БММӨ)-ий үед ялангуяа тандалтын ажилтнууд/малчны хот (цаашид аж ахуй гэнэ) руу чиглэсэн хүний хөдөлгөөн халдвар тараах эрсдэл үүсгэж болно. Ийм учраас эмнэл зүйн тандалт хийж байх үедээ био-хамгааллын арга хэмжээг чанд сахих, ялангуяа өвчнийг судалж буй мэргэжлийн хүмүүс өөрийн биеэр үлгэр жишээ үзүүлэх нь амин чухал юм. Малын эмч нар өөрсдөө био-хамгааллын дэг баримталж чадахгүй тохиолдолд бусад хүмүүст энэ дэглэмийн ач холбогдлыг ойлгуулна гэдэг маш хэцүү.
Вирүсийн гаралтай хил дамжин халдварладаг олон өвчний нэгэн адил БММӨ-ий эпидемиологийн мэдээлэл, лабораторийн дээж цуглуулах зорилгоор судалгаа хийх багийг дараах 3 дэд бүлэгт хуваарилан зохион байгуулах нь хамгийн оновчтой.
  • Эмнэл зүйн тандалтын баг буюу бохир ажил гүйцэтгэх баг нь сэжигтэй амьтанд үзлэг хийх, дээжийг зөв сонгож авах, эпидемиологийн алдаа мадаггүй мэдээлэл (халдвартай сүргийн) цуглуулах үүрэгтэй бөгөөд хамгийн шинэ (шинжилгээний дээжинд тохиромжтой) болон хамгийн удсан (халдварын гарвалыг тогтооход тохиромжтой) эмгэг хувирлыг олж тогтоох зорилго тавьж ажиллана.
  • Эпидемиологийн баг буюу цэвэр ажил гүйцэтгэх баг нь тухайн халдварын гарвал, тархалтын үйл явдлын цаг хугацааны дарааллыг тогтоох үүрэгтэй. Оролцоот эпидемиологийн туршлагатай хүн багийн ахлагчаар томилогдож мэдээлэл цуглуулах ажлыг тэргүүлнэ.
  • Голдуу лабораторийн ажилтнуудаас бүрддэг туслах баг буюу Лабораторийн баг нь дээж хүлээж авч шинжлэн, үр дүнгээ Эпидемиологи болон Эмнэл зүйн тандалтын багийн үр дүнтэй харьцуулна. Тус багийг орон нутгийн лабораторийн ажилтан тэргүүлэх нь зүйтэй.
·     Тандалтын багаар халдвар тараад байгаа юм бишүү!” гэсэн хардалтыг малчдад төрүүлэхгүй хэмжээнд био-хамгааллын дэглэмийг чанд сахиж ажиллах нь амин чухал.
Био-хамгааллын зарчим
  • Сүрэг хоорондын хавьтлыг боломжит доод түвшинд хүртэл багасгах зорилго тавьж ажиллана.
Био-хамгааллыг сахих зорилгоор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зөвлөдөг:
  • Шаардлагагүй бол аж ахуйд орж-гарахгүй байх, хэрэггүй зүйлс авч очихгүй, авч гарахгүй байх
  • Аж ахуйд орох, гарах болгондоо цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх
  • Аж ахуйд орж-гарахдаа бохир ба цэвэр бүсийн хязгаарыг тогтоож, холбогдох журмыг чанд мөрдөх
  • Үүсгэгчийн эпидемиологийн хүчдэлээс хамаарч бохир бүсэд нэвтэрсэн хүнийг хорио цээрт оруулах хугацааг тогтоох
  • Эмнэл зүйн үзлэгийн баг ажиллаж байгаа бохир бүс рүү оруулсан бүх уут, савыг тухайн бүсээс гаргахаас өмнө халдваргүйтгэх; иймд зөвхөн дээж авахад шаардлагатай зүйлийг л дотогш оруулна.
  • Дээж агуулсан савыг халдваргүйтгэгч бодист дүрэхээс өмнө сайтар таглаж битүүмжлэн дээжний чанарт сөргөөр нөлөөлөхөөс сэрэмжлэх
Тандалтын био-хамгааллын арга хэмжээнд шаардлагатай зүйлс
Хувийн хамгаалах хэрэгсэл
Усны хамгаалалттай нэг удаагийн Tyvek комбинзон (өмдний шуумаг нь резинэн гутал дотуур)
Усны хамгаалалттай, юүдэнтэй гадуур хувцас (өмдний шуумаг нь резинэн гутлын гадуур) (заавал биш)
Хоёр давхарлаж өмсөх латекс/нитрил бээлий; гадна талын бээлийг Tyvek комбинзоны ханцуйн дээгүүр давуулж амсрыг нь скочоор ороож битүүмжлэн бугуйг хамгаална.
Резинэн гутал
Резинэн гутлын гадуур углааш 2 хос – гутлын бохирдлыг багасгаж, цэвэрлэгээг хөнгөвчилнө.
Малгай/Юүдэн
Халдваргүйтгэгч
5 см өргөнтэй скоч
Хувийн хамгаалах хэрэгслийг өмсөж, тайлах ламинардсан заавар
Халдваргүйтгэлийн цэгээр дамжин аж ахуйгаас гарах заавар
Аж ахуйд ажиллах үед
БММТӨ-ий сэжигтэй аж ахуйд нэвтрэх заавар
Халдваргүйтгэгч
Урт иштэй сойз
Цэвэр ус
Эргэдэг тагтай лонх
Доод тал нь 2 ширхэг хувин/өргөн амтай сав
Гар утас (цэнэгтэй, битүүмжлэлтэй гялгар уутанд хийсэн)
Хувцас/хэрэгслийг тээвэрлэх, устгахад шаардлагатай гялгар уут, болж өгвөл био-аюултай хог хаягдлын шар/улаан уут
Халдваргүйтгэлийн цэгт газар дэвсэх доод тал нь 1.5х2 м хэмжээтэй гялгар цаас
Тухайн аж ахуйд орсон зорилгоос хамаарч шаардагдах бусад хэрэгсэл (дээж авах хэрэгсэл, хурц үзүүртэй, иртэй багаж хийх сав гэх мэт)  
Тээврийн хэрэгсэл
Тандалтанд хэрэглэсэн зүйлийг орооход хангалттай хүрэлцэх гялгар уут
Тээврийн хэрэгсэлд зориулсан зааварчилгаа

Халдваргүйтгэх зарчим:
Халдваргүйтгэхээс өмнө цэвэрлэнэ: халдваргүйтгэхээс өмнө сайтар угаах нь бохирдол, органик зүйлийг арилгаж халдваргүйтгэх бодисын үйлчилгээг сайжруулна.
Гадаргууг бүрэн гүйцэд халдваргүйтгэнэ: халдваргүйтгэгчийг шүршиж цацаад хангалттай үр дүн өгөхгүй. Резинэн гутлаа халдваргүйтгэгчид дүрнэ.
Үйлчлэх хангалттай хугацаа олгоно: Халдваргүйтгэгч бодис үйлчилгээ үзүүлтэл тодорхой хугацаанд хүлээх шаардлагатай.
Үйлчилгээ сайтай халдваргүйтгэгч бодис:
Виркон 1% (w/v)
Аж ахуйд нэвтрэх тээврийн хэрэгслийн био-хамгаалал
  • Машинаас шаардлагагүй зүйлсийг зайлуулна.
  • Машинд цэвэр (жишээ нь, хойд талын суудал),бохир” (жишээ нь, багааж) бүс бий болгож гялгар цаас/уут дэвсэнэ.
  • Аж ахуй руу машинтайгаа орж болохгүй. Гадна тавина.
  • Машины түлхүүр, түрийвч, цаг, ээмэг, зүүлт зэрэг эд зүйлээ тайлж машиндаа орхино.
  • Аж ахуйд авч орох шаардлагатай бүх зүйлээ уутанд хийнэ; машинд буцаж авчрахдаа уутыг нь солино.
БММӨ-ий сэжигтэй аж ахуйд нэвтрэх заавар
  • Аж ахуйд машинтай орж болохгүй, орц-гарц байж болох тохиромжтой цэгт тавина.
  • Зөвхөн шаардлагатай зүйлийг л аж ахуйд авч орно. Түрийвч, түлхүүр гэх мэт шаардлагагүй зүйлээ машинд орхино. Зургийн аппарат аль болох бага ашиглана, шаардлагатай тохиолдолд усны хамгаалалттай видео аппарат хэрэглэнэ.
  • Аж ахуйд орохоос өмнө юм мартаагүй эсэхээ нягтална.
  • Халдвар хамгааллын хувцас өмсөх газраа товлоно. Товлохдоо малын хөлөөс хол, тоног хэрэгсэл, тэжээл зэрэг бохирдсон байж болзошгүй зүйлээс зайдуу, цэвэр газрыг сонгоно. Багийн бүх гишүүн энэхүү товлосон газар халдвар хамгааллын хувцсаа өмсөнө.
  • Гар утсаа битүүмжлэлтэй гялгар уутанд хийнэ.
  • Халдваргүйтгэл хийхэд хамгийн тохиромжтой цэгийг сонгоно. Сонголт нь тухайн нөхцөлөөс шалтгаалах хэдий ч цэвэр, хуурай, усан хангамжинд ойр, цэвэр бабохир бүсийг зааглах боломжтой байх нь оновчтой.
  • Хувийн хамгаалах хувцсыг өмсөнө.
  1. Tyvek комбинзоныг өмсөнө. Цахилгаанаа заавал татна.
  2. Усны хамгаалалттай гадуур хувцас өмсөнө.
  3. Резинэн гутал өмсөнө. Tyvek комбинзоны өмдний шуумгийг резинэн гутлын дотуур хийнэ, харин усны хамгаалалттай гадуур хувцасны шуумгийг резинэн гутлын гадуур тавина.
  4. Резинэн гутлын гадуур углааш өмсөнө.
  5. Хоёр давхар бээлий өмсөнө.
  6. Гадна талын бээлийг Tyvek комбинзоны ханцуйн дээгүүр давуулж амсрыг нь скочоор ороож битүүмжлэн бугуйг хамгаална.
  7. Tyveк комбинзон, усны хамгаалалттай гадуур хувцасны юүдэн таны үсийг бүрэн далдалж байгаа эсэхийг нягтална.
Аж ахуйд нэвтрэх газар халдваргүйтгэлийн цэг бий болгох
Усан хангамж маш чухал: хэрэв халдваргүйтгэл хийх газар усан хангамж байхгүй бол усыг хэрхэн зөөвөрлөж авчрахаа тооцоолно.
Урьдчилан товлосон халдваргүйтгэлийн цэг бий болгоно.
а) “Цэвэрба бохир бүсийг заагласан тэмдэг тавина (Зураг 3).
б) Зохих өтгөрүүлгээр найруулсан халдваргүйтгэгч бодис дүүргэсэн хувин болон сойзыг цэвэр бүсэд тавина.
в) Мөн ийм халдваргүйтгэгч дүүргэсэн хувин, сойзыг бохир бүсэд тавина.
Халдваргүйтгэгч бодис нь зохистой өтгөрүүлэгтэй, шинэ байхаас гадна дундарсан тохиолдолд дүүргэж байна.
г) Цэвэр бүсэд гялгар цаас (барилгын гялгар цаас/гялгар уут) дэвсэж булангуудыг нь чулуугаар даруулна.
д) Халдвартай хог хаягдал хийх зорилгоор бохир бүсэд гялгар уут тавина.
е) Цэвэр бүсэд 2 гялгар уут тавина; нэг нь дээж болон холбогдох бусад зүйл, нөгөө нь цэвэрлэж халдваргүйтгэсэн усны хамгаалалттай гадуур хувцас, резинэн гутал хийх зориулалттай.
ё) Жич: дээрх 3 гялгар уутыг чулуу юм уу бусад хүнд зүйлээр даруулж хийсэхээс сэргийлнэ.
ж) Халдваргүйтгэлийн цэгийн цэвэр бүсэд нөөц гялгар уут тавина.
з)  Халдваргүйтгэлийн цэгийн цэвэр бүсэд скоч тавина.
Аж ахуйгаас гарах заавар
Аж ахуй тус бүрийн тоноглол, зохион байгуулалт харилцан адилгүй тул доорх зааварчилгааг нөхцөл байдалдаа тохируулан ашиглана.
Аж ахуйгаас авч гарах халдвартай байж болзошгүй зүйлийн тоо хэмжээг аль болох багасгах нь чухал. Халдваргүйтгэлийн цэгийн бохир бүсэд байгаа хогны уутанд хаягдлаа хийнэ. Хурц үзүүртэй, иртэй зүйлийг тусгай саванд хаях бөгөөд энэхүү савыг мөн адил хог хаягдлын уутанд хийсэн байна.
Хэрэв тухайн аж ахуйд ус шүршдэг хоолой/цэвэрлэх төхөөрөмж байвал түүнийг ашиглан бохирдлыг аль болох сайтар цэвэрлэхийг хичээнэ.
  • Халдваргүйтгэлийн цэгийн бохир бүсэд дээжний сав/уут, багаж хэрэгслийг цэвэрлэж халдваргүйтгэн, цэвэр бүсэд байгаа дээж/багаж хэрэгслийн уутанд хийнэ.
  • Гар утас агуулсан битүүмжлэлтэй гялгар уутыг цэвэрлэж халдваргүйтгэн цэвэр бүсэд байгаа гялгар дэвсгэр дээр тавина.
  • Халдвар хамгааллын хувцсыг тайлах газрыг товлоно. Мал устгал, халдваргүйтгэл хийгээд удаагүй газраас хол байвал сайн. Багийн бүх гишүүн халдвар хамгааллын хувцсаа энд тайлна.
  • Гадна талынхаа бээлийг халдваргүйтгэнэ. Хэрэв нойтон сальфеткаар арчсан бол сальфеткаа халдвартай хог хаягдлын уутанд хаяна.
  • Резинэн гутлын гадуур углаашийг амсраас нь эхлэн гадагш эргүүлэх байдлаар тайлж хогны уутанд хаяна.
  • Резинэн гутлаа халдваргүйтгэгч бодист дүрж бохирдлыг сойзоор унагааж цэвэрлэнэ (гутлын улны бүх бохирдол арилсан байх ёстой).
  • Цэвэрлэсэн резинэн гутлаа дахин халдваргүйтгэнэ.
  • Усны хамгаалалттай гадуур хувцсаа цэвэрлэж халдваргүйтгэнэ. Ингэхдээ мөр, нуруу хэсэг, энгэр, ханцуй, өмдний шуумгийг бүрэн хамруулна.
  • Усны хамгаалалттай гадуур хувцсаа тайлна. Ингэхдээ гадна тал нь Tyvek комбинзонтой шүргэлцэхээс сэрэмжилнэ. Тайлаад цэвэр бүсэд тавьсан резинэн гутал/усны хамгаалалттай гадуур хувцасны уутанд хийнэ.
  • Гадна талын бээлийнээс скочыг салгаж тайлна. Ингэхдээ дотор талын бээлийд хүрч болохгүй. Тайлаад хогны уутанд хаяна.
  • Цэвэр бүсэд гарна (“Цэвэр бүсэд гялгар цаас тавьсан бол түүн дээрээ гишгэнэ).
  • Цэвэр бүсэд тавьсан хувинтай халдваргүйтгэгч ашиглан резинэн гутлаа дахин цэвэрлэж халдваргүйтгэнэ.
  • Tyvek комбинзоны цахилгааныг тайлж, дотроос нь гадагш эргүүлэх маягаар тайлж бохир бүсэд байгаа хогны уутанд хаяна.
  • Резинэн гутлаа тайлж цэвэр бүсэд байгаа резинэн гутал/усны хамгаалалттай гадуур хувцасны уутанд хийнэ.
  • Дотор талын бээлийг тайлна. Ингэхдээ нүцгэн гартаа хүрч болохгүй. Тайлаад хогны уутанд хаяна.
  • Гар, бугуйгаа цэвэрлэж, халдваргүйтгэнэ.
  • Гар утас агуулсан битүүмжлэлтэй гялгар уут, дээж гэх мэт авч явах зүйлээ цэвэрлэж халдваргүйтгэнцэвэр бүсэд байгаа уутанд хийнэ. Мэдээлэл бүхий бүх цаасыг нэг нэгээр нь гялгар хавтсанд хийж, скочдон битүүмжилж халдваргүйтгэнэ.
  • Нүдний шил зүүдэг бол халдваргүйтгэгч бодист дүрнэ.
  • Уутны хоёр үзүүрийг зангидна. Цэвэр бүсэд байгаа дээж/багаж хэрэгсэл; резинэн гутал/усны хамгаалалттай гадуур хувцас агуулсан хоёр гялгар уутыг скочдож битүүмжилнэ.
  • Дээрх гялгар уут тус бүрийг давхар гялгар уутанд хийж, скочдож битүүмжилнэ.  
  • Гар, бугуй, ялангуяа хумсны завсраа дахин цэвэрлэж халдваргүйтгэнэ.
  • Халдваргүйтгэгч шингээсэн сальфеткаар нүүрээ арчиж, бохир талд байгаа хогны уутанд хаяна.
  • Гар утас бүхий битүүмжилсэн уутыг онгойлгож утсаа аваад уутыг хогонд хаяна.
  • Гутлаа өмсөнө.
  • Цэвэр бүсэд байгаа хувингийн гадна талыг цэвэрлэж халдваргүйтгэнэ. Халдваргүйтгэгч бодисын үлдэгдлийг газарт дэвссэн гялгар цаасан дээр асгасны дараа гялгар цаасыг хогны уутанд хаяна.
  • Давхар савлагаатай хоёр гялгар уутыг машиныхаа бохир хэсэгт байрлуулна.
  • Дээж, багаж хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас зэрэг зүйлийг товлосон газар хүлээж авах багт гардуулах ажлыг зохион байгуулна.
Тээврийн хэрэгслийн био-хамгаалал: Тээврийн хэрэгслийг цэвэрлэх, халдваргүйтгэх        
  • Цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн зарчмыг мөрдөнө.
  • Даралттай ус, нэг удаагийн порлон ашиглан илэрхий бохирдлыг цэвэрлэнэ (дугуйны хэсгийн).
  • Гадна талыг халдваргүйтгэгчээр шүршинэ.
  • Дотор тал: бүх хогийг хаяж, бохирдлыг цэвэрлэнэ.
  • Жолооны хүрд, араа солих хөшүүрэг, педаль, гар тоормос, шал зэргийг халдваргүйтгэгч шингээсэн алчуураар арчина.
  • Машины бусад хэсэгт эрсдэл байгаа эсэхийг ажиглан, зохих арга хэмжээг авна.
Тандалтын талбайг орхисны дараа хэрэгжүүлэх үйл ажиллагааны заавар
Халдвар хамгааллын хэрэгслийг устгах 
  • Халдвартай материал агуулсан гялгар уутыг битүүмжилж, зохистой устгана. Халдвартай хог хаягдал бүхий уутыг байршуулахдаа орон нутгийн албаныхан/тандалтын асуудал хариуцсан ажилтны зааварчилгааг мөрдөнө.
  • Шатаах, булах гэх мэт устгах аргын хэрэглээ тухайн нөхцөл байдал, орон нутгаас хамаарч өөр өөр байж болно. Орон нутгийн албаныхан/тандалтын асуудал хариуцсан ажилтан хэрэглэсэн халдвар хамгааллын хувцас болон вирүстэй хавьтсан бусад эд зүйлийг хэрхэн устгавал зохихыг шийдвэрлэнэ.
Тандалтанд оролцсон хүмүүс
Хэрэв танайд БММӨ-д мэдрэмтгий мал байхгүй бол гэртээ шууд харьж хувцсаа солино, үсээ угааж, шүршүүрт орно.
Хэрэв танайд БММӨ-д мэдрэмтгий мал байгаа бол өөр зохих газар очиж хувцсаа солино, үсээ угааж, шүршүүрт орно.
Аж ахуй дээр өмссөн өөрийнхөө бүх хувцсыг угаахаас өмнө зохих өтгөрүүлгээр найруулсан халдваргүйтгэгч шингэн бүхий саванд хийж 30 минут үйлчлүүлнэ. Дараа нь доод тал нь 60 хэмийн халуун усаар угаана.
Био-хамгааллын протокол
Аж ахуй хооронд явахдаа:
Гутлаа FAM бодисоор үрж угаана. Дээжний хайрцагны гадна талыг FAM бодис шингээсэн алчуураар арчина.
Гараа савандаж угаана.
Халдвар хамгааллын цэвэр хувцас өмсөнө.
Зураг 1. Өвчлөл гарсан аж ахуйд бүс тогтоох
Зураг 2. Халдвартай аж ахуйд орох-гарах дэг
Зураг 3. Тандалтын багийн халдваргүйтгэлийн цэг

No comments:

Post a Comment