Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2017/06/20

Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (Veterinary Statutory Body)-үүдийн хослон ажиллах хөтөлбөр

Эх сурвалж: www.oie.int
Орчуулсан: 2017 оны 6 дугаар сарын 20

Мал эмнэлгийн мэргэжлийг зохицуулах бүтэц буюу Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (МЭМЗ) нь улсынхаа малын эмч нарын чанар, чадварт хяналт тавих үүрэгтэй. Улс төр, наймааны аливаа ашиг сонирхлоос хараат бус, эрх мэдэл бүхий МЭМЗ нь мал эмнэлгийн мэргэжилтнүүдэд итгэмжлэл олгох, тэднийг бүртгэх үйл ажиллагааг зүй зохистой зохион байгуулах, үндсэн (жишээ нь, мал эмнэлгийн бакалавр) болон үргэлжилсэн боловсрол, мэргэжлийн ёс зүйн минимум стандартыг тогтоох замаар мал эмнэлгийн мэргэжлийн чанарыг өндөрт өргөдөг. МЭМЗ-ийн зохицуулах чадамжийг тодорхойлсон үүрэг, хууль эрх зүйн цар хүрээг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын Газрын амьтны эрүүл мэндийн кодексын Бүлэг 3.2.12-т заажээ.
МЭМЗ нь үр дүнтэй ажиллах, мал эмнэлгийн удирдах байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, олон улсын стандартад нийцэх чадавхаа бэхжүүлэх зорилгоор бусад улсын туршлагатай, чадвартай МЭМЗ-тэй хослон ажиллах боломжтой.
Хослон ажиллахын эцсийн зорилго нь МЭМЗ-ийг бие даан ажиллах, мэргэжлийн ажил үйлчилгээг хянах чадвартай болоход нь туслахад оршино.
ДМАЭМБ-ын МЭМЗ-үүдийн Хослон ажиллах хөтөлбөрийг Хүлээн зөвшөөрөгдсөн буюу "Сургагч МЭМЗ", Үр шим хүртэгч буюу "Суралцагч МЭМЗ" хамтран хэрэгжүүлдэг. Тэд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа харилцан суралцаж хөгжих зорилго тавина.
Түүнчлэн төсөл боловсруулахдаа хослон ажиллах шалтгаанаас үл хамааран Суралцагч МЭМЗ-ийн хэрэгцээг хангалттай уян хатан тусгах боломжтой. Хослон ажиллах хөтөлбөр нь МЭМЗ-ийн талаар үндэсний зохицуулалт байхгүй эсвэл байсан ч шаардлага бүрэн хангахгүй байгаа улсад МЭМЗ байгуулахад нь туслах, мөн нэгэнт байгуулагдсан МЭМЗ-ийг олон улсын стандартад нийцэж ажиллахад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
Тус хөтөлбөрт хөгжиж буй болон шилжилтийн үеийн орнуудыг хамруулахыг эрмэлздэг нь ялангуяа чадавх султай бүс нутагт экспертийзийн хүртээмжийг нэмэгдүүлж тэнцвэржүүлэх зорилготой.
Төслийн үргэлжлэх хугацаа нь түүний цар хүрээнээс хамаарна. ДМАЭМБ-ын Хослон ажиллах хөтөлбөр нь доод тал нь нэг жил, дээд тал нь 3 жил үргэлжилдэг. Хугацааг сунгах асуудлыг жич авч үзэж болно. МЭМЗ-үүдийн Хослон ажиллах хөтөлбөрт хамрагдах төсөл боловсруулах дэлгэрэнгүй зааврыг эндээс уншина уу. 
Dr Alain Dehove (alain.dehove@oie.int)

No comments:

Post a Comment