Х.П.Шнайдер,
AGRIVET International Consultants, Намиб Улс
ДАЭМБ-аас "Мал эмнэлгийн
боловсрол, Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн үүрэг" сэдвээр зохион
байгуулсан Дэлхийн мал эмнэлгийн боловсролын 3 дугаар зөвлөгөөнд тавьсан
илтгэл, 2013.12.05
Хураангуй
Улсын Мал эмнэлгийн алба (МЭА) нь амьтны эрүүл
мэндийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй төрийн болон хувийн хэвшлийн
байгууллагуудаас тогтоно. Малын эмч нь мал амьтан, үйлчлүүлэгчийнхээ өмнө хүлээх
хариуцлагаар хязгаарлагдахгүйгээр амьтантай зүй зохистой харьцах, хүнсний
аюулгүй байдал, хүрээлэн буй орчны эрүүл мэнд, нийтийн эрүүл мэнд,
био-хамгааллын талаарх нийгмийн хүлээлтэд нийцэж ажиллах
үүрэгтэй. Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-аас МЭА-ны чанарын
талаар олон улсын стандарт болгон баталсан Хуурай
газрын амьтны эрүүл мэндийн код
(Terrestrial Animal Health Code)-ын Бүлэг
3.1 ба 3.2-ыг мөрдөж, мал эмнэлгийн сайн засаглалыг тохинуулан хэрэгжүүлэхэд
дэмжлэг үзүүлэх тулгуур багана бол Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (МЭМЗ/Veterinary
Statutory Body) юм.
Мал эмнэлгийн сайн засаглалыг
томъёологч гол элементэд мал эмнэлгийн чанартай боловсрол болон мал эмнэлгийн
мэргэжлийг үр дүнтэй зохицуулах тогтолцоо багтана. Үүнээс ‘мэргэжил’ гэдэг үгийг
цохон тэмдэглэе.
Малын эмч, мал эмнэлгийн мэргэжлийн туслах
ажилтан (МЭМТА)-уудыг итгэмжлэх/ бүртгэх ажлыг
зохицуулах, мал эмнэлгийн үндсэн (initial) болон үргэлжилсэн
боловсролын минимум стандартыг тодорхойлох, мэргэжлийн дүрэм, ёс зүйн стандарт
тогтоох, мөрдүүлэх замаар мал эмнэлгийн мэргэжлийн өндөр чанар, ёс зүйг хангах зорилго
бүхий МЭМЗ-ийн үндсэн үүрэг,
хариуцлагыг энэхүү бүтээлд танилцуулав.
МЭМЗ-ийн эрх мэдэл, чадавхад хууль
эрх зүйн зохистой орчин, улс төрийн хэт нөлөөнөөс ангид байх, ил тод зарчмаар
үүргээ гүйцэтгэх боломж олгохуйц захиргааны болон санхүүгийн дэмжлэг чухал
гэдгийг онцлон хэлье. Энэ нь Мал эмнэлгийн сайн дадлын код (Code
of Good Veterinary Practice)-д үндэслэн чанарын менежментийн тогтолцооны протокол,
зааварчилгаа болон мал эмнэлгийн үйл ажиллагааны бүхий л чиглэлээр мэргэжлийн
түвшинд ажиллах дүрэм боловсруулна гэсэн үг юм.
Эцэст нь дүгнэхэд, ДАЭМБ-аас баталсан
Мал эмнэлгийн сайн засаглал, мал эмнэлгийн чанартай үйлчилгээний олон улсын
стандартыг МЭА хэрэгжүүлэхэд үр дүнтэй ажиллагаа, зохистой нөөц бүхий МЭМЗ гол үүрэг
гүйцэтгэнэ.
Эрх мэдэлтэй, үр дүнтэй, чадавхтай Мал
эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн гол үүрэг, хариуцлага
МЭМЗ нь зөвхөн хууль эрх зүйн эрүүл
орчинд бүрэлдсэн, хараат бус шийдвэр гаргадаг, мэргэжлийн тогтвортой орчинд үйл
ажиллагаа явуулдаг, санхүү, захиргааны зохистой эх үүсвэртэй тохиолдолд л Мал эмнэлгийн
үйлчилгээний чанарын талаарх ДАЭМБ-ын стандартыг хэрэгжүүлэхэд хүчтэй байр
суурь баримталж чадна.
Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл ба Мал эмнэлгийн сайн
засаглал
Мал эмнэлгийн сайн засаглал нь ДАЭМБ-ын
стандарт (Хуурай газрын амьтны эрүүл мэндийн код), ялангуяа МЭА-ны
чанарын үндсэн зарчмыг хэрэгжүүлэх, баримтлахаас хамаардаг бөгөөд гүйцэтгэлийг ДАЭМБ-ын
МЭА-ны Гүйцэтгэлийн үнэлгээний аргачлал (OIE PVS Tool)-аар хэмждэг.
Мал эмнэлгийн сайн засаглал дор хүн,
амьтны эрүүл мэндэд заналхийлэгч эмгэг төрүүлэгчидтэй тэмцэхэд үндэсний, бүсийн
болон олон улсын бүхий л түвшний шийдвэр гаргагчид чанд хариуцлагатай хандаж,
шаардлагатай санхүүжилтийг шийдэж байх нь нэн ач холбогдолтой.
Төрийн болон хувийн мал эмнэлгийн хэвшил
хоорондоо төдийгүй малчид, хүнс үйлдвэрлэгч, боловсруулагчидтай нягт хамтран
ажиллаж, түншлэх нь үндэсний МЭА-ны мал эмнэлгийн сайн засаглалын амин чухал илэрхийлэл
болдог.
Нийтийн эрүүл мэнд, усны болон
зэрлэг амьтны эрүүл мэнд, өвчний тандалтын талаар ДАЭМБ-ын стандартыг баримталж,
эмгэг төрүүлэгч гаднаас орж ирэхээс сэргийлэх, нэгэнт орж ирсэн тохиолдолд
тэмцэх арга хэмжээ хэрэгжүүлэх, улмаар устгахад мэргэжлийн салбаруудын харилцаа,
зохицуулалт нэн шаардлагатай.
Мал
эмнэлгийн сайн засаглалын үзэл баримтлалын гол элемент:
- Өндөр чанартай мал эмнэлгийн боловсрол
- Мал эмнэлгийн мэргэжлийн зохицуулалтын үр дүнтэй тогтолцоо
МЭМЗ-ийг байгуулж, үйл ажиллагааг тогтвортой
зохион байгуулах нь мал эмнэлгийн сайн засаглалын түлхүүр элемент юм.
Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл ба мал эмнэлгийн мэргэжил
Малын эмч (Veterinarian)
Малын эмч гэж хэн бэ?
ДАЭМБ-ын Хуурай газрын амьтны эрүүл мэндийн кодод малын эмч гэж ‘зохих
боловсролтой, тухайн улсад мал эмнэлгийн үйлчилгээ/шинжлэх ухаан
эрхлэх талаар холбогдох МЭМЗ-д бүртгүүлсэн буюу итгэмжлүүлсэн хүнийг хэлнэ’ гэж заажээ.
Ийнхүү малын эмчид 2 шалгуур тавигдаж
байна:
- Зохих боловсрол эзэмшсэн байх
- МЭМЗ-д бүртгэлтэй/итгэмжлэгдсэн байх
Мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтан (Veterinary para-professional)
Мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтан гэж хэн бэ?
ДАЭМБ-ын Хуурай газрын амьтны эрүүл мэндийн кодод мал эмнэлгийн мэргэжлийн туслах
ажилтан (МЭМТА) гэж ‘Хуурай газрын амьтны эрүүл мэндийн кодыг хэрэгжүүлэх
зорилгоор тухайн нутаг дэвсгэрт тодорхой чиг бүхий үүрэг (МЭМТА-ы
ангилалаас хамаарна)
гүйцэтгэх эрхийг МЭМЗ-өөс авсан бөгөөд малын эмчийн хариуцлага, зааварчилгаан
дор ажиллах хүнийг хэлнэ’ гэж
заажээ. МЭМТА-ы ангилал бүрийн гүйцэтгэх үүргийг мэргэшил боловсрол, сургалт,
хэрэгцээнд үндэслэн МЭМЗ-өөс тогтооно.
Ийнхүү МЭМТА-д 3 шалгуур тавигдаж
байна:
- МЭМЗ-өөс ажил үүрэг гүйцэтгэх эрх авах
- МЭМЗ-өөс тогтоосон үүрэг/даалгавар гүйцэтгэх
- МЭМЗ-д бүртгүүлсэн/итгэмжлэл авсан малын эмчийн хариуцлага, зааварчилгаан дор ажиллах
МЭМТА нь мал эмнэлгийн үйлчилгээг
чанартай зохион байгуулахад амин чухал үүрэг гүйцэтгэдэг.
Амьтны эрүүл мэндийн тандалт, хүнсний
эрүүл ахуй, лабораторийн үйлчилгээ гэх мэт олон чиглэлээр малын эмчийн ‘нүд, чих болдог’ гэсэн утгаараа МЭМТА-ууд
нь ‘мал эмнэлгийн гэр
бүлийн’ үнэ
цэнэтэй гишүүд мөн.
Мал эмнэлгийн мэргэжил
Мал эмнэлгийн сайн засаглалын амин
чухал элементүүд нь мал эмнэлгийн мэргэжлийн тухай дэлхийн нийтээр хүлээн
зөвшөөрсөн ойлголттой нягт уялдсан байдаг. Иймд ‘мэргэжил’ гэдэг үг
нь мал эмнэлгийн мэргэжлийн хууль эрх зүйн хамгийн энгийн ойлголт юм. Малын эмч
нар бол мал эмнэлгийн мэргэжлийн гишүүд мөн.
Дундад зуун болон шинэ эриний эхэн үед шашны
номлол судлал, анагаах ухаан, хууль гэсэн зөвхөн 3 мэргэжлийг хүлээн зөвшөөрдөг
байв. Гэвч 1761 онд Буржела Францын Лион хотноо мал эмнэлгийн албан боловсролыг
үндэслэснээр мал эмнэлгийн мэргэжил бий болжээ. Буржелагийн зорилго нь малын эмч
нарыг анагаахын бусад мэргэжилтэй ижил түвшинд үнэлүүлэх явдал байв.
Ийнхүү XIX зуунаас
технологи хөгжиж, мэргэжил нарийсахтай зэрэгцэн мал эмнэлэг болон бусад
мэргэжлийнхэн өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх ажил өрнүүлж эхэлсэн байна.
За тэгвэл ‘мэргэжил’ гэж чухам юу юм бэ?
Үзэл баримтлалаа тодорхой болгохын
тулд ‘мэргэжил’ гэдэг
тодорхойлолтоо бид эргэж харах ёстой. 2003 онд Круз нар дараах тодорхойлолтыг
гаргажээ: Цогц мэдлэг, чадвар эзэмшсэний үндсэн дээр хийдэг ажлыг мэргэжил
гэнэ.
Мал эмнэлгийн мэргэжлийн гишүүд ёс
зүйн хууль журманд захирагдах бөгөөд мэдлэг чадвар, шударга зан, ёс суртахуун,
энэрэнгүй үзлийг эрхэмлэн ажиллаж, нийтийн сайн сайхны төлөө үйлчлэх ёстой. Эдгээр
үүрэг нь мал эмнэлгийн мэргэжил ба нийгэм хоорондын ‘гэрээ’-ний үндэс болох
бөгөөд, энэ нь эргээд мэдлэгээ ашиглах онцгой эрх, үйл ажиллагааны
үлэмж бие даасан байдал, өөрөө өөрийгөө зохицуулах давуу эрхийг ‘мэргэжил’-д олгодог.
Мэргэжил ба түүний гишүүд нь үйлчилгээ
авч байгаа иргэд/мал
амьтан болон нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг.
Круз цааш нь онцлон тэмдэглэхдээ, ‘Мэргэжлийн дээрх
тодорхойлолтоос үзвэл эрх/давуу эрх
нь салж хагацашгүй зүйл биш, харин тодорхой онцлог чанар, ур чадварт үндэслэн
нийгмээс олгож буй зөвшөөрөл
юм. Энэ нь нийгмийн гэрээний үзэл баримтлал, мөн чанарын тусгал бөгөөд бид
өөрсдийн үйлдэл, үйлчилгээнийхээ төлөө үйлчлүүлэгчийнхээ болоод нийгмийн өмнө хариуцлага
хүлээдгийг харуулж байна. Өнгөрсөн хугацаанд ийм хариуцлага далд ухагдахуун
хэлбэрээр байсан бол өнөөдөр заавал биелүүлэх үүрэг болжээ.’ гэсэн байна.
Нэгтгэн дүгнэж хэлэхэд, мал
эмнэлгийн мэргэжлийн үндсэн элементэд дараах зүйлс багтана:
- Их сургуулийн түвшний албан бөгөөд зохион байгуулалт бүхий боловсрол, сургалтаар мэдлэг, чадвар эзэмшинэ.
- Үйлдэл, үйлчилгээнийхээ төлөө үйлчлүүлэгч болон нийгэм (нийтийн сайн сайхны төлөө үйлчлэх – нийгмийн гэрээний үзэл баримтлал)-ийн өмнө хариуцлага хүлээнэ.
- Мал эмнэлгийн мэргэжлийн гишүүд нь мэргэжлийн зохицуулах байгууллага болох МЭМЗ-өөс баталсан Мэргэжлийн зохицуулалт, ёс зүйн кодод (Code of Professional Conduct and Ethics) захирагдана.
- Гишүүд нь ур чадвар, шударга чанар, хариуцлагатай, мэргэжлийн бие даасан чадавхын хувьд ижил үнэт зүйл, хэм хэмжээ, гүйцэтгэлтэй байна.
- Мал эмнэлгийн мэргэжил нь МЭМЗ-өөр зохицуулагддаг буюу өөрийгөө зохицуулна.
Мал эмнэлгийн мэргэжлийн ур чадвар
Мэргэжлийн түвшинд ажилладаг хүн гэж
ур чадвартай, тунгаан бодож эргэцүүлэх сэтгэлгээ сайтай, эелдэг харилцаанд
суралцсан нэгнийг хэлнэ. Иймд мэргэжлийн түвшинд ажиллана гэдэг нь ажлыг ‘зүгээр’ биш бүр түүнээс
илүү хийнэ гэсэн үг юм.
Моссоп нарын саяхны нэгэн бүтээлд ‘Мал эмнэлгийн
мэргэжлийн түвшинд ажиллана гэдэг нь тэнцвэрийг хангаж ажиллана гэсэн үг. Малын
эмч нар үйлчлүүлэгч, асран тойлж буй мал амьтан, нийгэм, мал эмнэлгийн ажил
үйлчилгээнийхээ шаардлага, хүлээлтийг тогтмол зохицуулж, зохион байгуулж
байдаг. Эдгээр шаардлагын тэнцвэрийг хангаж, мэргэжлийн түвшинд ажиллахад бүтээмж,
мэргэжлийн чадвар, үнэнч шударга зан, энэрэнгүй үзэл, харилцааны ур дүй, хувь
хүний үнэт зүйл, бие даасан байдал, шийдвэр гаргах чадвар, зан төрх, өөрийгөө
бусдын оронд тавьж чаддаг чанар, өөртөө итгэх итгэл, мэддэг зүйлийнхээ
хязгаарыг хүлээн зөвшөөрдөг байх чанарууд дэм үзүүлнэ.’ гэж дурьдсан
байдаг.
Мал эмнэлгийн ёс зүй
Хуурай газрын амьтны эрүүл мэндийн кодын 3.2.12 дугаар
Зүйлд зааснаар МЭМЗ-ийн бодлого,
зорилго нь ‘мэргэжлийн
түвшинд ажил үйлчилгээ эрхлэх болон малын эмч, МЭМТА-уудын чадварын стандартыг
тогтоох, түүний биелэлтийг хангуулахад’ оршино.
Иймд ёс зүйн хандлага, асуудалд
анхаарал хандуулах (жишээлбэл,
мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн бүртгэл/итгэмжлэлийг
цуцлах сахилгын арга хэмжээ авах) нь
малын эмч нарын мэргэжлийн зохицуулалтын талаар гарсан заавар, дүрмийн дагуу МЭМЗ-ийн
хариуцах ажлын нэг хэсэг юм.
Мэргэжлийн зохицуулалт/хандлагын талаар гарсан кодууд нь зөвхөн
мэргэжлийн ур чадвар, ёс зүйн стандартыг тогтоож, хэрэгжилтийг хангуулахад бус,
МЭА-нд олон нийт, олон улсын зүгээс итгэх итгэл, ялангуяа ёс зүйн хамгийн өндөр
стандартад үндэслэж үйлдэгдэх ёстой мал эмнэлгийн гэрчилгээнд итгэх итгэлийг хүлээхэд
оршино. Ялангуяа гэрчилгээ үйлдэж буй малын эмчийн мэргэжлийн шударга байдал Хуурай газрын амьтны эрүүл мэндийн кодын
Бүлэг 3.1; 3.2; 5.1; 5.2
(5.2.1)-т нийцсэн байх нь нэн чухал юм.
Малын эмч нар зөвхөн тэргүүн эгнээнд
явдаг хүмүүс биш, амьтантай зүй зохистой харьцах үзэл баримтлал болон үйлдвэр,
үйлчлүүлэгч, мал эмнэлгийн үйл ажиллагааныхаа тэнцвэрийг тогтмол хангах ёс зүйн
өндөр шалгуурын дор ажилладаг.
Үүнтэй уялдуулан 1925 онд Махатма
Гандигийн хэлсэн ‘Нийгмийн
хүлцэж болшгүй 7 нүгэл’-ийн
хоёрыг нь дурьдах нь зүйтэй:
- Ёс зүйгүй бизнес
- Хүн чанаргүй шинжлэх ухаан
Мал эмнэлгийн сайн дадлын кодод
үндэслэсэн чанарын менежментийн тогтолцооны протокол, зааварчилгаа гэх мэт МЭМЗ-өөс
баталдаг мэргэжлийн зохицуулалтын дүрэм журам нь мал эмнэлгийн үйл ажиллагааны бүхий
л чиглэлийг хамрахаас гадна (Бүдүүвч 1) МЭМЗ нь дээрх дүрэм
журмын хэрэгжилтийг хангуулах хууль ёсны эрх мэдэл, хүсэл эрмэлзэлтэй байх
ёстой.
Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл ба малын эмч, мал
эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтнуудад итгэмжлэл олгох/бүртгэх асуудал
Чадавхтай, эрх мэдэлтэй, ажил хэрэгч
МЭМЗ нь МЭА-ны үйлчилгээний чанар, түүний тогтвортой байдал, ахиц дэвшлийг
хангах тулгуур багана, арга хэрэгсэл юм.
МЭМЗ нь үндсэн болон үргэлжилсэн боловсрол,
бүртгэл/итгэмжлэлийн
стандартыг тогтоож, мал эмнэлгийн гүйцэтгэл, үйлчилгээний чанарыг хангахад
дэмжлэг үзүүлнэ (Бүдүүвч 2
ба 3).
Хуурай газрын амьтны эрүүл мэндийн кодын 3.2.12 дугаар
Зүйлд ‘МЭМЗ-ийн
үндсэн үүргүүдийн нэг болох малын эмч, МЭМТА-уудыг итгэмжлэх/бүртгэх зохицуулалтын
зорилго нь мал эмнэлгийн мэргэжлийн өндөр чанар, ёс зүйг хангахад оршино” гэсэн байдаг.
Бүдүүвч 2. Малын эмч, мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтнуудыг итгэмжлэх/бүртгэх талаар МЭМЗ-ийн эрх мэдэл |
Бүдүүвч 3. МЭМЗ-өөс зохицуулдаг мал эмнэлгийн мэргэжлийн туслах
ажилтнууд,
тэдний малын эмч нартай уялдаж ажиллах байдал |
Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл: ‘Шинэ төгсөгч’ ба мэргэжлийн
тасралтгүй хөгжил
Мал эмнэлгийн үндсэн болон
үргэлжилсэн боловсролын чанар, зөв зохион байгуулалт нь мал эмнэлгийн төрийн ба
хувийн хэвшлийн үйлчилгээний чанар, гүйцэтгэлд шууд нөлөөлдөг.
МЭМЗ-ийн эрхэм зорилгыг биелүүлэхэд
малын эмч нарын үндсэн болон үргэлжилсэн боловсролын хүчин төгөлдөр байдал,
чанар түшиг тулгуур болох ёстой.
Мал эмнэлгийн төрийн болон хувийн
хэвшлийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд өндөр чанартай гүйцэтгэхэд шаардлагатай
наад захын чадварыг шинэ төгсөгч (Day 1 graduate) эзэмшсэн
байх ёстой.
Мэргэжлийн мэдлэг, чадварыг
тасралтгүй хөгжүүлэх (Continuous Professional Development)-ийн тулд
хувийн мал эмнэлгийн байгууллагуудаас сайн дурын байдлаар хэрэгжүүлж эхэлсэн сургалтын
хөтөлбөрийг зарим орны МЭМЗ нэвтрүүлж малын эмч нарын итгэмжлэл/бүртгэлд тавьдаг зайлшгүй
шаардлага болгожээ.
Мэргэжлийн мэдлэг, чадварыг
тасралтгүй хөгжүүлнэ гэдэг нь мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэхэд
шаардлагатай мэдлэг, чадвар, практик туршлага хуримтлуулах зохион байгуулалттай
аргачлал юм (Бүдүүвч 4). Үүнд албан,
зохион байгуулалттай буюу албан бус, бие даасан гэх мэтчилэн суралцах аливаа хэлбэрийн
үйлдэл орно.
Бүдүүвч 4. Мэргэжлийн мэдлэг, чадварын тасралтгүй хөгжлийг үйл ажиллагааны мөчлөг байдлаар харуулав |
Иймд МЭМЗ нь мал эмнэлгийн сургууль
төгсөгчийн эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадвар,
авъяас, хандлагаар тодорхойлогдох мал эмнэлгийн сургуулийн хөтөлбөрийн чанарт
хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй (Бүдүүвч 5). Үүнийг дараах
байдлаар зохион байгуулдаг:
- МЭМЗ мал эмнэлгийн сургуультай биечлэн танилцаж, үйл ажиллагааг нь үнэлэх замаар хөтөлбөрийг нь итгэмжилдэг бөгөөд ийнхүү итгэмжлэгдсэн сургууль төгсөгчдөд мал эмнэлгийн мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэх итгэмжлэлийг шууд олгож бүртгэлд хамруулдаг.
- Итгэмжлэл аваагүй мал эмнэлгийн сургууль төгссөн малын эмч нараас шалгалт авах МЭМЗ-ийн “Зөвлөл” буюу “Хороо” ажиллах бөгөөд шалгалтыг амжилттай давсан тохиолдолд тухайн улс/мужид мал эмнэлгийн мэргэжлээр ажиллах итгэмжлэл олгож, бүртгэлд хамруулна.
Бүдүүвч 5. МЭМЗ: Мал эмнэлгийн үндсэн боловсролын минимум
стандартыг тогтоох/ Мал эмнэлгийн сургууль төгсөгчийн эзэмшсэн байвал зохих наад захын чадвар (Day 1 Сompetencies) |
Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл ба Мал эмнэлгийн сайн
дадлын код(ууд)
Хувийн мал эмнэлгийн хэвшилд чанартай
малын эмч нийлүүлэх зорилгоор мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагууд мал
эмнэлгийн үйлчилгээ, клиникийн чанарын менежментийн тогтолцоонд зориулсан протокол,
зааварчилгааг Мал
эмнэлгийн сайн дадлын кодод тулгуурлан боловсруулах ажлыг удирдан зохион
байгуулж байна.
Чанарын менежментийн тогтолцоо нь түнш/үйлчлүүлэгчдэд ил
тод, итгэл даасан үйлчилгээг мэргэжил, ёс зүйн өндөр түвшинд үзүүлэхэд чиглэсэн
чөлөөт зах зээлийн тогтолцооны орчин үеийн арга хэрэгсэл юм.
Ийм учраас бүтээгдэхүүн
үйлдвэрлэлийн нэр томъёог зээлдэн МЭМЗ-ийг өөрөөр ‘Мал эмнэлгийн
мэргэжлийн чанарын менежмент, баталгаажуулалтын удирдах байгууллага’ гэж нэрлэж болох
нь.
Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл – эрх мэдэл ба чадавх
МЭМЗ-ийг хууль эрх зүйн хүрээнд байгуулах
ба Зөвлөлийн бодлого боловсруулах, үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэхдээ
хараат бус зарчим баримтална.
ДАЭМБ-ын Хуурай газрын амьтны эрүүл мэндийн код (2013 он)-д МЭМЗ-ийг ‘малын эмч, МЭМТА-уудыг
зохицуулах хараат бус байгууллага’ гэж
томъёолжээ.
Аливаа улсад МЭМЗ байгуулах нь
тухайн орны улс төр/захиргааны тогтолцооноос
хамаарна. Иймд тухайн улсын МЭА-ны онцлогоос хамаарч үндэсний хэмжээний
байгууллага хэлбэрээр, эсвэл дороо муж, аймгийн Зөвлөл бүхий Үндэсний/Холбооны улсын
МЭМЗ байдлаар зохион байгуулж болно.
Гэвч эрх мэдэл, чадавхын хувьд (аль аль нь МЭА-ны
гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагддаг гол шалгуур үзүүлэлт) ДАЭМБ-ын Хуурай газрын амьтны эрүүл мэндийн кодын
Бүлэг 3.2.12-т заасан стандартад нийцэхийн тулд дараах шалгуурыг хангасан байх
ёстой (Бүдүүвч 6).
Бүдүүвч 6. МЭМЗ-ийн үүрэгт ажлын гүйцэтгэлд шаардлагатай эрх мэдэл, чадавхад нөлөөлөх хүчин зүйлс
|
Дүгнэлт
МЭА-ны үйлчилгээг ДАЭМБ-ын Хуурай газрын болон Усны амьтны эрүүл мэндийн кодод
заасан минимум стандартад хүргэх, улмаар боломжит дээд түвшин хүртэл
сайжруулахад дэмжлэг үзүүлдэг хамгийн чухал түшиг тулгуур, арга хэрэгсэл бол чадвартай, эрх
мэдэлтэй, тасралтгүй үйл ажиллагаа бүхий МЭМЗ юм.
МЭМЗ нь бүртгэл, итгэмжлэл олголт, үндсэн
болон үргэлжилсэн боловсролын стандартыг тогтоох замаар МЭА-ны гүйцэтгэл,
үйлчилгээг чанарын дээд түвшинд хүргэдэг.
Мөн мал амьтны нянгийн эсрэг эм бэлдмэлийн хариуцлагатай, хянуур
хэрэглээтэй холбоотой зохицуулалтанд ч онцгой үүрэг гүйцэтгэдэг.
Дэлхий нийтийн хэмжээнд Мал
эмнэлгийн сайн засаглалыг бэхжүүлж, тогтвортой хадгалахад мал эмнэлгийн
боловсрол олгох байгууллага, МЭА-ны төрийн болон хувийн хэвшил, МЭМЗ (хослон ажиллах
хөтөлбөр гэх мэт), мал
эмнэлгийн мэргэжлийн холбоо/байгууллага
нягт хамтран ажиллах ёстой.
No comments:
Post a Comment