Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2020/11/29

КОВИД-19-ийн эсрэг мРНХ вакцины үйлдлийн механизм

Эх сурвалж: Алекс Дэйнис, Helicase Media LLC 
2020.11.13

РНХ бол бидний биед маш хэрэгтэй молекул. Эсийн бөөмөнд байрладаг ДНХ нь транскрипцэд орж мРНХ (мессенжер РНХ) бий болгоно. мРНХ нь эсийн рибосомын тусламжтайгаар трансляцид орж уураг үйлдвэрлэнэ.
Олон вирүсийн геном нь ДНХ. Гэвч КОВИД-19 үүсгэгч SARS-CoV-2 вирүс РНХ геномтой. 

Коронавирүс https://en.wikipedia.org/

Вирүс өөрөө бие даан үржиж олширч чаддаггүй онцлогтой. Харин бидний эсэд нэвтэрч түүний уураг үйлдвэрлэх механизмыг ашиглан үржиж олширдог.
SARS-CoV-2 вирүсийн сэртэн уураг (spike protein) нь бидний эсийн АСЕ2 авуур (receptor)-тай холбогдох замаар эсэд нэвтэрч орно.
Энэхүү вирүсийн сэртэн уураг нь олон вакцины онилсон бай юм. Эдгээр вакцины гол үйлдлийн механизм нь вирүсийн сэртэн уургийг биемахбодид таниулах замаар дархлааны урвалыг өдөөж эсрэгбием үүсгэхэд оршино.


Ийм вакциныг хэд хэдэн аргаар хийж болно. Үүний нэг нь мРНХ вакцин.
мРНх-г жишээлбэл бичил липидэн нано-бүрхүүлд суулгах замаар эсэд нэвтрүүлнэ. Эсэд орсон мРНХ эсийн рибосомын тусламжтайгаар трансляцид орж сэртэн уураг үйлдвэрлэнэ. Бий болсон сэртэн уураг нь түүнийг үйлдвэрлэсэн эсийнхээ гадаргууд байрлаж дархлааны урвал өдөөснөөр эсрэгбием үүсгэнэ.
РНХ вакцины талаар хүмүүсийн тодруулахыг хүсдэг нийтлэг 2 асуултанд хариулт өгье.
1. Асуулт: мРНХ вакцин хийлгэснээр бидний ДНХ-д өөрчлөлт орох хуу?
Хариулт: Үгүй. мРНХ нь трансляцид орж уураг үйлдвэрлэх ажлаа эсийн сийвэнд хийдэг. Иймд ДНХ байрладаг эсийн цөм рүү очиж, түүнийг өөрчлөх шаардлага байхгүй.
РНХ нь хэсэг хугацааны дараа задардаг тул бидний эс тодорхой хугацаанд л сэртэн уураг үйлдвэрлэж эсрэгбием үүсгэнэ.
2. Асуулт: SARS-CoV-2 вирүсийн РНХ агуулсан вакцин хийлгэвэл вакцинаас КОВИД-19-ийн халдвар авах уу?
Хариулт: Үгүй. Вакцин нь зөвхөн вирүсийн сэртэн уураг үйлдвэрлэхэд ашиглах генетикийн материал агуулна. Вирүсийн бусад мэдээлэл агуулахгүй тул бидний биед бүтэн вирүс бий болж чадахгүй. 

No comments:

Post a Comment