Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/09/09

Хүний дархлал хомсдолын вирүсийн түүхийг залруулахуй

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2008 оны 7 дугаар сарын 7
ДОХ-ын ихэнх тохиолдлын “гэмтэн” хүний дархлал хомсдолын вирүс (ХДХВ)-1 нь 100 орчим жилийн өмнө буюу урьд нь тооцоолж байснаас 20 гаруй жилийн өмнө хүнд халдсан тухай "Эволюци 2008" хуралд тавьсан илтгэлд дурьджээ. Тус хурлын өөр нэгэн илтгэлд энэ вирүсийн үеэл болох ХДХВ-2 нь хэдэн арван жилийн дараа сармагчнаас хүнд халдсан бөгөөд сармагчин уг вирүсийг эрдэмтдийн үзэж байсан шиг хэдэн сая жил биш харин хэдхэн зуун жил тээж ирснийг өгүүлсэн байна. Энэ хоёр вирүсийн гарвал нь бичний дархлал хомсдолын вирүс (БДХВ) аж.
Ногoон сармагчны газар зүйн тархалт 
(en.wikipedia.org)
Ногоон сармагчин (en.wikipedia.org) 
ХДХВ-2-ыг үүсгэсэн БДХВ-ийн талаархи эрдэмтдийн ташаа ойлголтын анхны сэжүүр 2007 онд илэрчээ. БДХВ-ээр халдварласан ихэнх сармагчин өвчилдөггүй бөгөөд энэ вирүс эзэн бичний хамтаар хэдэн сая жилийн турш цуг хөгжсөн нь эзэн, эмгэг төрүүлэгч хоёр "эв найрамдалтай хамтран амьдрах” нөхцөлийг бүрдүүлсэн гэж эрдэмтэд үздэг аж. Хэрэв энэ онол үнэн байсан бол сармагчны ургийн мод нь БДХВ-ийн удмын модтой дүйх ёстой байлаа. Гэвч 2007 онд Аризоны Их сургуулийн оюутан Жоэл Вертхаймын зөвлөх багш Михаил Воробей болон нөхдийн хамтаар хийсэн судалгаа Африкийн ногоон сармагчин (African green monkey) болон түүний БДХВ-ийн хувьд уг онол нийцэхгүй байгааг илрүүлж, энэ вирүс хэдэн сая жилийн настай биш болохыг харуулсан байна.

2015/09/04

Мэдрэлийн судлыг лабораторийн аргаар ургуулав

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org 
2009 оны 4 дүгээр сарын 6
Пенсилваний Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн судлаачид нөхөн төлжилтийг дэмжиж улмаар залуурдах чадвар бүхий амьд мэдрэлийн эдийн суулгац бүтээж, үр дүнгээ Tissue Engineering Part A сэтгүүлийн 3 дугаар сарын дугаарт нийтэлжээ. 
Мэдрэлийн эс (scienceblogs.com)
Америкт жил бүр 300,000 орчим иргэн захын мэдрэлийн судлын гэмтэл авдгаас олон тохиолдолд хөдөлгөөний болон мэдрэхүйн чадвараа бүрмөсөн алддаг байна. Осол болон мэс ажилбарын улмаас үүддэг ийм гэмтлийг эдгээх арга хомс байдаг бөгөөд ялангуяа гэмтсэн мэдрэлийн судал хоорондын аксон ургуулах арга зүйг боловсронгуй болгох шаардлагатай байгаа аж. 
Гэмтсэн хэсэгт шилжүүлэн суулгах боломжтой 3 хэмжээст мэдрэлийн торыг бүтээсэн тухайгаа Пенсилваний Их сургуулийн Тархины гэмтлийг нөхөн сэргээх төвийн захирал, Мэдрэлийн мэс заслын тасгийн профессор, судалгааны багийн ахлагч Дуглас Х.Смит мэдэгдсэн байна.
Тэрээр нөхдийн хамтаар тэжээлээр дүүргэсэн хуванцар тавганд хархны нугасны гаднах мэдрэлийн зангилааны эсүүдийг хийжээ. Ингэхэд тавган дээрх мэдрэлийн эсүүдээс аксон нахиалан ургаж нөгөө тавагны мэдрэлийн эстэй холбогдож чадсан байна.

2015/09/03

Цагаан цэцэг өвчнийхтэй ойр төрлийн вирүсийн халдварын тархалт Африкт огцом нэмэгдэж байна

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2010 оны 9 дүгээр сарын 13
ХХ зуунд 300-500 сая хүний амь насыг авч одсонд тооцогддог гоц халдварт цагаан цэцэг өвчин устлаа гэж 1979 оны өвөл дэлхий нийтээр тэмдэглэж байсан билээ. 1980 он хүртэл вакцинжуулалтын арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлсний дүнд энэ вирүсийг "дэлхийн хөрснөөс арчсан" гэж үздэг. Вирүс устсан тул цагаан цэцэг өвчний эсрэг вакцин ч шаардлагагүй болжээ.
"Prairie dog" мэрэгч (en.wikipedia.org)
Сармагчны цэцэг өвчний шинж (en.wikipedia.org)
Гэтэл өнөөдөр Калифорний Их сургуулийн судлаачид цагаан цэцэг өвчний эсрэг вакцины хэрэглээг зогсоосны улмаас түүнтэй ойр төрлийн нэгэн вирүс “хүчээ аваад” байгаа талаар мэдэгдсэн байна.

2015/09/02

Бактерийг мэхлэх замаар халдварыг эмчилж болно

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 2 дугаар сарын 9
Бактерийг хуурна гэдэг нь тэдний нөхөрлөлийг ашиглана гэсэн үг юм.
Шоргоолжны бүлийн нэгэн адил бактерууд хамтрах замаар бэрхшээлийг даван туулж чаддаг ажээ. Бактерийн популяцууд өөр хоорондоо харилцаж хооллох, өсөж үржих асуудлаа зохицуулдаг төдийгүй заримдаа бусдынхаа төлөө амиа хүртэл золиослодог гэнэ. Хамтрагчид хоорондоо харилцахын тулд тусгай молекул ялгаруулдаг бөгөөд үүнийхээ тусламжтайгаар “фракц” үүсгэж хүчирхэгждэг байна. 
(letmelearnya.com)
“Гэвч мал амьтанд халдсан бактеруудын нөхөрлөлийг хуурч мэхлэх замаар салган бусниулж болно.” гэж Их Британий Эдинбургийн Их сургуулийн эволюцийн биологич Стюарт Вест мэдэгдсэн байна. Мэхлэгч бактериар давхар халдаахад тэд хамтрагч бактериудын бие биедээ туслах шаргуу хөдөлмөрийг ашиглан тооны хувьд давамгайлж, нэгдмэл байдлыг нь задлах замаар хоруу чанарыг нь сулруулдаг байна. Бактерууд хамтрахдаа бэлэн гэдгээ мэдрүүлдэг молекул ялгаруулдаг бөгөөд бусад нь үүнийг таньж хамтын ажиллагаагаа зохицуулдаг. Гэвч зарим бактер, жишээ нь мэхлэгчид ийм молекул ялгаруулдаггүй хэдий ч бусдад бэлэн гэдгээ мэдрүүлж, ямар нэгэн илүү зардалгүй бүлгийн гишүүн болж чаддаг байна.

2015/08/31

Боом өвчин үүсгэгч бактерийг “нүцгэлвэл” дархлаанд "бууж өгнө"

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2010 оны 6 дугаар сарын 7
Microbiology сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн шинэ судалгаагаар боом өвчин үүсгэгч бактерийн "нөмрөгийг” нь аваад хаячихвал түүнийг дархлааны тогтолцоо хялбархан олж устгах боломжтойг тогтоожээ.
Бүрээсжсэн B. anthracis-ийн гинжин хэлхээ (www.fao.org)
Боомоор өвчилсөн хүнд илрэх шинж 
(www.cfsph.iastate.edu)
Bacillus anthracis нь гадуураа хамгаалах бүрээс үүсгэх маягаар амьтны дархлааны тогтолцоонд танигдахгүй болж “бултдаг” чадвартай тул үхэлд хүргэх аюултай онцгой эмгэг төрүүлэгчид тооцогддог.
Уг бактерт байдаг бүрээсийн дeполимераз (Capsule depolymerase/CapD) хэмээх энзим нь бүрээсийг эсийнх нь гадаргуутай холбож өгөхөөс гадна бүрээсний зарим хэсгийг жижиглэн огтолж дархлааны тогтолцоонд “өгөөш болгон хаях” үүрэгтэй ажилладаг нь уг бактерийг аюулд өртөлгүй "зугаалах" нөхцөлийг нь бүрдүүлдэг гэж үздэг байна.

Вирүсийг вирүсээр хөнөөхүй

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2011 оны 8 дугаар сарын 22
Өмнөд Калифорний Их сургуулийн Витербигийн Инженерчлэлийн сургуулийн химийн инженерчлэлийн профессор Пин Ван хүний дархлал хомсдолын вирүс (ХДХВ)-ийн халдвар авсан эсийг “агнадаг” вирүс бүтээжээ. Уг лентивирүсийн вектор нь ХДХВ-ээр халдварласан эсийг эмэнд барьж өгч устгуулдаг онцлогтой гэнэ. Энэ нь агаараас өгөх цохилтыг оновчтой болгохын тулд явган цэрэг лазерийн туяагаар байг гэрэлтүүлдэг зэвсэгт хүчний нэгэн аргатай ижил механизмтай бөгөөд эрүүл эсийг гэмтээдэггүй сайн талтай аж.

2015/08/27

Хувиргаж өөрчилсөн уургаар элэгний хатуурлыг эмчлэх боломж

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2008 оны 1 дүгээр сарын 7
Эмчлэх аргыг нь хараахан боловсруулаагүй элэгний хатуурлын улмаас дэлхийн хэмжээнд жил бүр 800,000 орчим хүн нас бардаг гэсэн тооцоо бий.
Хэвийн болон хатуурсан элэг (depts.washington.edu)
Калифорний Их сургуулийн Сан-Диего дахь салбарын судлаачид амьтан дээр хийсэн туршилтаараа элэгний хатуурлыг зогсоохоор үл барам бүр эдгээх боломжтойг баталжээ. PLoS Online-ий 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаарт нийтлэгдэх тэдний бүтээл нь вирүсийн гаралтай элэгний үрэвсэл, элэг өөхлөх, элэгний хатуурал, уушигны хатуурал, арьсны хатууралт өвчин болон түлэгдэлт зэрэг эд хэт сорвижих эмгэгүүдийг эмчилж эдгээх үүд хаалгыг нээсэн байна.

2015/08/26

Сэлбэсэн цусаар хорт хавдар дамжина гэдэг үнэмшил муутай

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2007 оны 9 дүгээр сарын 3
Өвчин тараахгүйн тулд донорын цусыг нарийн шинжилдэг. Халдварт өвчин цусаар дамжих эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авдаг бол харин хорт хавдар зэрэг ужиг өвчин дамжих магадлалыг тогтооход хүндрэлтэй байдаг аж.
naturalunseenhazards.wordpress.com
Цусаар хорт хавдар дамжиж болох тухай онолыг бататгасан хэд хэдэн нотолгоо бий. Оношлогдох боломжгүй маш жижиг хавдар ч гэсэн өдөр бүр цусны урсгалд хэдэн сая эс ялгаруулж донорын бусад эрхтэн болон цус хийлгэгч хүнд хорт хавдрын шинэ голомт үүсгэж болзошгүй байдаг. Зүү, мэс заслын багаж хэрэгслээр хавдрын эс дамжсан тухай мэдээллүүд нь эрүүл хүний биед орсон хавдрын эс өсөж үржих чадвартайг харуулж байна. Ялангуяа цус хийлгэгч хүн Ходжкины бус тунгалаг эсийн хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй гэлцдэг.

Бичил биетний "баганан код уншигч"-ийг ашиглан универсал вакцин үйлдвэрлэх боломж

Мэдээний эх сурвалж: www.medicalnewstoday.com
2009 оны 10 дугаар сарын 17
Мал эмнэлгийн эрдэмтэд зөвхөн хүн болон цөөн хэдэн төрлийн амьтанд биш бүх сүүн тэжээлтэн амьтанд үйлчлэх чадвартай хямд төсөр вакциныг богино хугацаанд боловсруулах шинэ аргын үүдийг нээжээ.
www.rcsb.org
Тэдний үзэж байгаагаар хүнс хордуулагч бактер, томуугийн вирүс, хумхаа өвчин үүсгэгч эгэл биетэн гэх мэт халдварт өвчин үүсгэгч бичил биетний биологийн “баганан код”-ыг уншдаг системийг ашиглан бүх сүүн тэжээлтэн амьтныг тодорхой нэгэн өвчнөөс хамгаалдаг вакцин бүтээж болох аж.
Тус судалгааг Биотехнологи, биологийн шинжлэх ухааны судалгааны зөвлөл (ББШУСЗ)-өөс улирал тутам эрхлэн гаргадаг Business сэтгүүлийн намрын дугаарт нийтэлсэн байна.
“Хэд хэдэн төрлийн амьтанд адил үйлчилдэг вакцин боловсруулах боломжтой бөгөөд ингэснээр үнэ өртөг ч хямдарна. Аливаа вакциныг боловсруулж, үйлдвэрлэхэд амаргүй бөгөөд зардал ихтэй байдаг учраас нэг вакцинаар “олон туулай бууддаг” болох нь үнэхээр хүсүүштэй зүйл мөн.

2015/08/25

Зүрхний нээлттэй мэс ажилбарын дараа өвчүүний ясыг цавуудан нийлүүлэх болов

Мэдээний эх сурвалж: www.sciencedaily.com
2009 оны 11 дүгээр сарын 19
Зүрхний нээлттэй мэс ажилбар хийх зорилгоор дэлгэсэн өвчүүний ясыг буцааж нийлүүлэхийн тулд ястай түргэн бэхлэгдэж түүний эдгэрэх явцыг хурдасгадаг цавуу ашиглах болсон байна. 
Өвчүү нээх ажилбар (www.cts.usc.edu)
“Зүрхний нээлттэй мэс ажилбарын дараа өвчүүний ясыг хэдэн долоо хоногийн хугацаанд биш хэдэн цагийн дотор эдгээх боломжтой боллоо. Мэс засал хийлгэсэн өвчтөн бүрэн эдгэрч, биеийн хүчний бүхий л үйлдлийг хийх чадвартай болтол хэдэн сар биш хэдэн өдөр л хангалттай.” гэж энэхүү аргыг санаачлагч, Калгарын их сургуулийн Анагаах ухааны факультетийн зүрхний мэс засалч, доктор Пол В.М.Федак мэдэгдсэн байна.
Одоогоор уг аргыг 20 гаруй өвчтөн дээр туршиж үзээд байгаа аж. Шинэ аргын ачаар мэс заслын дараах өвдөлт, бие тавгүйрхэх байдал багасч, хүчтэй мэдээ алдуулах эмийн хэрэглээ үлэмж буурсанаас гадна эдгэрэлтэнд нэн чухалд тооцогддог гүнзгий амьсгалах чадамж ч мөн сайжирчээ.