Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/07/30

Шинээр гаргаж авсан флуоресцент уургийн тусламжтайгаар дотор эрхтэнийг харах боломжтой болов

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2011 оны 8 дугаар сарын 9
Иешивагийн Их сургуулийн Альберт Эйнштейний Анагаах ухааны коллежийн доктор Владислав Верхуша тэргүүтэй эрдэмтэд амьд амьтны дотор эрхтэнийг "хутга мэс", цацраг туяа, тодруулагч бодисын тусламжгүйгээр тод “харах” боломж олгосон анхны флуоресцент уургийг нянгийн фитохром (нэгэн зүйлийн нян гэрэл мэдрэхдээ ашигладаг нөсөө)-оос гаргаж авсан байна. iRFP хэмээх уг флуоресцент уураг нь цахилгаан соронзон спектрийн хэт улаан долгионы ойролцоо давтамж (энэ давтамжинд сүүн тэжээлтэн амьтны эд бараг нэвт харагддаг)-д гэрэл шингээж, ялгаруулах чадвартай аж.
Амьд биемахбодын эд эрхтэний дүрсийг буулгах ухаанд үсрэлт хийсэн энэхүү нээлтийн ачаар эмч нар жишээ нь, өвчтөнийхөө хорт хавдрын ургалтыг биед сөрөг нөлөөгүй аргаар хэмжиж эмчилгээний тактикаа залуурдах боломжтой болж байгаа юм байна.

Хүний дархлааны тогтолцоо хэрхэн идэвхждэгийг тогтоосон нээлт Нобелийн шагнал хүртэв

Мэдээний эх сурвалж:  www.vetscite.org
2011 оны 10 дугаар сарын 18
2011 оны Физиологийн буюу Анагаах ухааны Нобелийн шагналыг Брюс А.Бьютлер, Жюлс А.Хоффман нар төрөлхийн дархлааны идэвхжилийн талаарх нээлтээрээ, Ральф М.Штейнман сэртэнт эс, түүний олдмол дархлаанд гүйцэтгэх үүргийг тодорхойлсон нээлтээрээ тус тус хүртжээ. Энэ жилийн Нобелийн шагналтнууд дархлааны тогтолцоо идэвхжих зарчмын тухай ойлголтод хувьсгал хийснээр халдварт болон хавдар үүсгэгч өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, эмчлэх, үрэвсэлт өвчнүүдийг анагаах шинэ аргуудыг эрэлхийлэхэд хүргэсэн байна.

Инженерчлэлийн аргаар гаргаж авсан уургийн фрагмент ДОХ-ын вирүсийг эсэд нэвтрэхээс хамгаална

Мэдээний эх сурвалж: www.sciencedaily.com
2011 оны 4 дүгээр сарын 2
Эрдэмтэд вирүсийг эсэд нэвтрэхээс хамгаалдаг шинэ уургийг инженерчлэлийн аргаар гаргаж авсан нь эм боловсруулах ажлын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, ДОХ-ын эсрэг тэмцлийн түүхэнд бичигдэхээр үйл явдал болжээ. Энэхүү уургийг вирүсээс эсийг хамгаалах үүрэг бүхий RANTES хэмээх биед төрөлхийн агуулагддаг уургаас гаргаж авсан байна. Хүний гараар бүтсэн уургийн онцлог нь ДОХ-ын вирүсийг саатуулах хэмжээний тун нь үрэвсэл болон бусад сөрөг үр дагавар үзүүлдэггүйд оршдог аж.

Прионы өвчний эсрэг эм бүтээх боломж олгосон нээлт

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2010 оны 12 дугаар сарын 21
The FASEB Journal сэтгүүлийн 2010 оны 12 дугаар сарын дугаарт цусны бүлэнг задлахад оролцдог плазминоген хэмээх уураг прионы өвчний явцыг түргэсгэдэг тул түүнийг хүн, амьтны прионы өвчнүүд (үхрийн тархи сархиагтах эмгэг, хүний Крейцфельдт-Якобын өвчин, хонины скрепи, буга, хандгайн ужиг тураал)-ийн эсрэг эмийн шинэ бай болгох боломжтойг тогтоосон тухай судалгааны дүн нийтлэгджээ.

2015/07/29

Хивэгч малын Шмалленбергийн халдвар

Мэдээний эх сурвалж: www.bva.co.uk
2012 оны 1 дүгээр сарын 09
Британийн Мал эмнэлгийн холбооноос малын эмч, фермерүүдэд хандан Европт шинээр илэрч буй Шмалленбергийн вирүсийн халдварт анхаарал хандуулахыг зөвлөсөн байна. Ялангуяа Герман, Нидерланд, Бельги зэрэг энэ өвчний халдвар илэрдэг орнуудаас мал импортолсон аж ахуйнуудад онцгой сэрэмжлүүлэг өгчээ.

Шведэд хачгаар дамждаг шинэ өвчин илрэв

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2012 оны 01 дүгээр сарын 09
Гётеборгийн их сургуулийн Сальгренскийн Академийн судлаачид хүнд хачгаар дамждаг шинэ халдвар илрүүлжээ. Энэ нээлтээс хойш дэлхий хэмжээнд нийт 8 тохиолдол бүртгэгдсэнээс 3 нь Шведийн Гётеборгийнх аж.