Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2016/11/02

ДНХ-ийн репликац

Эх сурвалж: www.youtube.com
Бүтээлийн эзэн: Amoeba sisters LLC
Олон нийтийн сүлжээнд тавигдсан огноо: 2014 оны 6 дугаар сарын 16
ДНХ-ийн репликац 
(ДНХ-ийн нэг молекулаас хоёр ижил хуулбар бий болох үйл явц)
Эсийн удирдлагын төв болох ДНХ таны шинж төрхийг кодолдог.
Өөрөөр хэлбэл, ДНХ таныг бий болгосон гол хүчин зүйл юм.

2016/10/20

Транскрипц ба трансляц

Эх сурвалж: www.youtube.com 
Бүтээлийн эзэн: The McGraw-Hill Companies
Бүтээсэн он: 2010
Тус видео хичээлийг эх сурвалжаас үзнэ үү. 
Жич: Агуулгын алхам тус бүрийг зураг болгон татаж, тайлбарыг орчуулав.
Транскрипц (ДНХ-г хуулсан РНХ бий болох) ба трансляц (РНХ-г ашиглаж уураг бий болох процесс) гэдэг үгсийн утгыг доорх зургаар тайлбарлав.
ДНХ-ээс РНХ, РНХ-ээс уураг үүснэ (www.atdbio.com)
Хоол тэжээлээр авсан олон төрлийн шимт бодис 
бие махбодын үйл ажиллагааг хангана. 
Гэвч бидний бие хоол боловсруулах замд орж ирсэн хүнсийг 
тэр чигээр нь ашиглаж чаддаггүй.
Олон төрлийн уураг, энзимүүд 
хоол боловсруулах замд орж ирсэн 
хүнсийг эсэд нэвчихүйц шимт бодис болтол задална.
Тэгэхээр бидний амьдралыг тэтгэгч
уургууд хаана, хэрхэн бий болдог вэ?

2016/10/12

Эсийн бүтэц

Эх сурвалж:www.youtube.com
2015 оны 3 дугаар сарын 18
Nucleus Medical Media агентлагийн бүтээл "Эсийн бүтэц" видео хичээлийг дээрх эх сурвалжаас үзнэ үү. 
Жич: Тус хичээлийн агуулгын алхам бүрийг зураг болгон татаж, тайлбарыг орчуулав.
Эс бол организмын хамгийн жижиг амьд нэгж юм. 
Ямар төрлийнхөөс үл хамааран бүх эсэд 3 ижил зүйл байдаг.

2016/09/15

Бог малын мялзан өвчний тандалт хийх үед баримтлах био-хамгааллын дэглэм

Эх сурвалж: www.rr-africa.oie.int
Орчуулсан огноо: 2016.09.15
Орчуулагчаас өгч буй тайлбар: Доорх бичвэрийг ойлгомжтой болгох үүднээс АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас 2016 оны 3 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд манай малын эмч нарт зориулж зохион байгуулсан Амьтны хил дамжин халдварладаг өвчнүүдийн тухай сургалтын илтгэлээс 3 зураг оруулав. Эдгээр зургийг Корнеллын их сургуулийн Мал эмнэлгийн сургуулиас чөлөөнд гарсан профессор Альфонсо Торресын илтгэлээс авсан болно.
 
Био-хамгаалал
Био-хамгаалал гэдэг нь тодорхой нутаг дэвсгэрт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлдэг цогц дадал бөгөөд өвчин үүсгэгч нэвтрэх боломж/хөдөлгөөнийг аль болох хамгийн доод түвшинд хүртэл бууруулахад чиглэгдэнэ. Вирүсийн гаралтай ихэнх хил дамжин халдварладаг өвчний үед баримталдаг био-хамгааллын зарчим үндсэндээ ижил боловч тухайн өвчний эпидемиологиос хамаарч бага зэргийн ялгаатай байж болно.

2016/09/08

Бог малын мялзан өвчний вакцин, түүнийг хэрэглэх аргачлал

Эх сурвалж: www.oie.int 
2015 он
Бог малын мялзан өвчин (БММӨ)-ий вакцин
Дэлхийн хэмжээнд үхрийн мялзан өвчнийг устгах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний нэг үндэс нь үүсгэгч вирүсийн бүх омгийн эсрэг найдвартай хамгаалах чадвартай вакцин бүтээсэн явдал байлаа. Үүнтэй ойролцоо үр дүн бүхий вакциныг БММӨ-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд ашиглаж байгаа бөгөөд амьд сулруулсан хэлбэр нь насан туршийн хамгаалах дархлаа үүсгэдэг.
Өнөөгийн байдлаар дэлхийн 20 гаруй үйлдвэрт БММӨ-ий вакцин үйлдвэрлэж байна. Иймд эдгээр вакциныг үйлдвэрлэлд хэрэглэхээс өмнө Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-аас боловсруулсан вакцины чанарын стандартад нийцсэн үйлчилгээтэй эсэхийг нь баталгаажуулах нь нэн чухал.

2016/09/07

Бог малын мялзан өвчний эмгэг жам

Эх сурвалж: www.mdpi.com (Жич: Зөвхөн Эмгэг жам хэсгийг орчуулав)
2014 оны 6 дугаар сарын 6
Эмгэг жамынхаа гогцоог хүн төрөлхтөнд бүрэн "тайлбарлаж өгөөгүй" хэвээр байгаа бог малын мялзан өвчин (БММӨ/Peste des petits ruminants)-ий  талаар өдийг хүртэл хуримтлуулсан ихэнх мэдлэг нохойн гударга, үхрийн мялзан, улаан бурхан зэрэг бусад өвчин үүсгэгч морбилливирүсүүдтэй харьцуулсан судалгаанд үндэслэжээ. Хэдийгээр морбилливирүсийн халдвар дархлааг дарангуйлдаг гэж үздэг ч уг вирүсийн цочмог явцтай халдвараас илааршсан амьтанд насан туршийн дархлаа тогтох нь олонтой. Гэвч үүний молекул механизмыг гүйцэд ойлгож чадаагүй л байна.

2016/09/01

Бог малын мялзан / Peste des petits ruminants

Эх сурвалж: www.cfsph.iastate.edu
Мэдээллийн шинэлэг байдал: 2015 оны 8 дугаар сар
Хонь, ямааг голдуу өвчлүүлдэг бог малын мялзан өвчин (БММӨ)-ийг гоц халдварт вирүс үүсгэнэ. Ялангуяа ямаанд их халтай; 80-100% өвчлүүлж, үхүүлэх тохиолдол бий. Нэгэн цагт Ойрх Дорнод, Африк, Азийн тодорхой нутгаар хязгаарлагдаж байсан БММӨ Африк, Азийн бусад хэсэгт хүрээгээ тэлэх болжээ. Мөн халдвар, эмнэл зүйн шинж тэмдэг бүхий өвчлөл бусад туруут амьтан, ялангуяа гөрөөс болон бог малтай удам нэгт зэрлэг амьтад, тэмээ, усны одос үхэрт бүртгэгдээд байна.

2016/08/05

Мал эмнэлгийн боловсрол олгож буй арга барилаа яг одоо эргэцүүлцгээе

Мэдээний эх сурвалж: veterinarynews.dvm360.com
Зохиогчид: Питер Эйр, Роберт Браун, Чарльз Вэйнер, Ричард Дебоус, Жэймс Вилсон
Мал эмнэлгийн анхны сургуулийг 
Клод Буржела 1762 онд 
Лион хотод байгуулжээ 
(en.wikipedia.org)
Мал эмнэлэг, түүний боловсон хүчинг бэлтгэдэг боловсролын салбарт тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх гаргалгааг олохыг хичээж буй баг хамт олон нэлээдгүй байна. Америкийн мал эмнэлгийн холбоо (АМЭХ)-ны ерөнхийлөгч, доктор Тед Кон саяхан хэлсэн үгэндээ 'хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн хэрэгцээнд мал эмнэлгийн мэргэжлийг нийцүүлэхийн тулд боловсролын тогтолцоог өөрчлөх шаардлагатай' байгааг цохон тэмдэглэсэн билээ. Тэрээр мэргэжлийнхээ нөхцөл байдлыг мэдрэхийн тулд алсын хараатай, хүсэл зоригтой, шударга зарчмыг баримтлан ажиллаж, харилцан хүндэтгэлтэйгээр асуудлаа хамтран шийдэж байхыг мал эмнэлгийн байгууллага, сургуулиудад хандан уриалсан юм.
Доорх нийтлэлийн зорилго нь энэхүү уриалгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Мал эмнэлгийн сургалтыг сэтгэн бодох чадавхыг түлхүү хөгжүүлсэн, бүтээмжтэй, мэргэжилтэй нь уялдуулсан байдлаар зохион байгуулах ёстой. Бидний санал болгож буй өөрчлөлтүүд нь мал эмнэлгийн мэргэжлийн ирээдүйг улам гэрэл гэгээтэй болгоно гэдэгт итгэлтэй байна.
Юуны өмнө, мал эмнэлгийн сургуулиуд өөрийнхөө төдийгүй нийт мал эмнэлгийн мэргэжил, үйлчилж буй нийгмийнхээ хэрэгцээ шаардлагыг харгалзан өөртөө дүгнэлт хийх чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэх зарим аргачлалыг дараах байдлаар сийрүүлэв.

2016/07/18

Гахайн арьсны эмгэг хувирлаар урьдчилсан онош тогтооход туслах атлас

Мэдээний эх сурвалж: oie.int
Мал эмнэлгийн мэргэжлийн бусад бүтээлээс эрээд олдохгүй материалыг багтаасан, энэ төрлийн мэдээлэлд анхдагч 'Гахайн арьс судлалын атлас'-ыг өнгөт зургаар харамгүй баяжуулан Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас малын эмч, мэргэжилтэн та бүхний гар дээр тавьж байгаа юм байна.
Энэхүү ном гахайн арьсны 'асуудлыг' бүхий л талаас нь тайлбарлахыг зорьсон нь өвчнийг ялган оношлоход тань дэм болох аж. Халдваргүй өвчнүүдээс гадна шүлхий, Ауескийн өвчин, гахайн үржил-амьсгалын замын хам шинж, гахайн сонгомол мялзан, Африкийн гахайн мялзан гэх мэт гахайд тохиолддог зарим халдварт өвчний үед арьсанд илэрдэг эмнэл зүйн шинж оношлогооны нэн чухал ач холбогдолтой билээ.
Уг номыг худалдаж авахыг хүсвэл энд дарж орно уу. 

2016/07/08

"ЗУРАГЛАЛААР орчуулагч" - ёстой гайхалтай!

Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулсан Мал эмнэлгийн боловсролын 4 дүгээр зөвлөгөөн (www.oie.int)-өөр яригдсан гол асуудлуудын талаар тэмдэглэл хөтөлснөө та бүхэнд 6 дугаар сарын 30-ны өдөр хүргэсэн билээ.
Тус зөвлөгөөн дээр гайхалтай санаа, гайхалтай авъяас, гайхалтай сэтгэн бодох чадвар цогцлоосон нэгэн залуу бүтээлээрээ олныг гайхашруулж байсныг зориуд тусад нь мэдээлэл болгон танилцуулъя гэж бодлоо. Тэр бол зураглалаар чиглүүлэгч, мэдээллийн загварчлалын мэргэжилтэн Сэм Брэд (Sam Bradd). Бритиш Колумбын их сургуулийн Боловсролын магистрын зэрэгтэй. Авъяас чадварыг нь үнэлсэн олон улсын олон байгууллага стратеги төлөвлөгөөгөө зураглалаар харуулах, 'үгэн' мэдээлэлд 'зурган' тэмдэглэл хөтлүүлэх, 'зурган' орчуулга хийлгэх, уулзалт хэлэлцүүлэгт оролцогчдын идэвхийг өрнүүлэхдээ Сэмийг урьдаг болжээ.
Сэм Брэд (drawingchange.com)
Мал эмнэлгийн боловсролын зөвлөгөөнд тавигдаж буй илтгэлүүдийг сонсонгоо утгыг нь самбарт хадсан цаасан дээр буулгаад зогсоод байхаар нь "Мал эмнэлгийн чиглэлээр ажилладаг зургийн авъяастай хүн байх" гэж бодож байлаа. Гэтэл тийм биш байж. Өөр мэргэжлийнх мөртлөө тэр ярьж байгаа зүйлийн утгыг бүрэн ойлгоод, яаж тэгэж шүүж базаж дүрсэлдэг байна аа гэж биширсэн шүү!
Түүний ажил үйлстэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл drawingchange.com сайтаар орно уу.
За ингээд зөвлөгөөнөөр яригдсан асуудлуудыг цааснаа хэрхэн буулгасныг нь тольдоё.
(Жич: Эдгээр зургийг ДАЭМБ-ын цахим хуудаснаас www.oie.int болон Отгонтөгс багшаас авав.)

2016/07/06

Голыг нь олж энгийн үгээр тайлбарласан ном

Боом өвчнийг түлхүү судлах зорилготой хүмүүс ДАЭМБ, ДЭМБ, НҮБХХААБ-аас хамтран боловсруулсан 'Хүн, амьтанд тохиолддог боом өвчин, 2008 он' номтой танилцана уу.
Линк нь: apps.who.int
 

2016/07/05

"Малын халдварт өвчин" цахим ном мэндлэх нь ээ ...

JAW Coetzer, RC Tustin нарын хянан тохиолдуулсан Малын халдварт өвчин (Infectious diseases of livestock) хэмээх өнгө дүрстэй алдарт 3 боть ном цахим хэлбэрт шилжиж удахгүй худалдаанд гарна гэнэ.
Доорх линкээр орж уг номны тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

2016/06/30

Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулсан Мал эмнэлгийн боловсролын 4 дүгээр зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлуудын тухай товч мэдээлэл

Мэдээний эх сурвалж: www.oie.int 
2016 оны 6 дугаар сарын 30
Тэмдэглэл хөтөлсөн: Малын эмч Намсрайжавын Одонцэцэг
Мал эмнэлгийн боловсролын дэлхийн 4 дүгээр зөвлөгөөн Тайландын Бангкок хотноо 2016 оны 6 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлуудаас мал эмнэлгийн сургуулиудын хослон ажиллах хөтөлбөр; тив тус бүрт мал эмнэлгийн боловсрол хэр хөгжиж байгаа тухай нэгдсэн дүгнэлт; мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтан (МЭМТА)-уудын үүрэг, тэдний боловсрол, зохицуулалтын асуудал; мал эмнэлгийн сургуулиудыг итгэмжлэх үндэсний болон бүсийн хэмжээний байгууллагуудын үйл ажиллагаа; Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (Veterinary Statutory Body / сонирхуулахад, улс орнуудад энэ байгууллагыг ‘Veterinary Council’ гэж нэрлэх нь түгээмэл байдаг юм байна)-ийн үүрэг; мал эмнэлгийн сургуулийн оюутнуудад удирдан манлайлах чадвар хэрхэн олгох тухай; оюутнуудын суралцах арга барил, хүсэл эрмэлзэл; онлайн сургалт; мал эмнэлгийн сургуулийн багш нарыг чадавхжуулах тухай зэрэг сэдвүүд олны анхаарлыг татаж байлаа.

2016/06/20

Улс орон чадавхтай Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлтэй байх нь ямар ач холбогдолтой вэ?

Мэдээний эх сурвалж: www.oie.int
Х.П.Шнайдер, AGRIVET International Consultants, Намиб Улс
ДАЭМБ-аас "Мал эмнэлгийн боловсрол, Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн үүрэг" сэдвээр зохион байгуулсан Дэлхийн мал эмнэлгийн боловсролын 3 дугаар зөвлөгөөнд тавьсан илтгэл, 2013.12.05

Хураангуй
Улсын Мал эмнэлгийн алба (МЭА) нь амьтны эрүүл мэндийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас тогтоно. Малын эмч нь мал амьтан, үйлчлүүлэгчийнхээ өмнө хүлээх хариуцлагаар хязгаарлагдахгүйгээр амьтантай зүй зохистой харьцах, хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны эрүүл мэнд, нийтийн эрүүл мэнд, био-хамгааллын талаарх нийгмийн хүлээлтэд нийцэж ажиллах үүрэгтэй. Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-аас МЭА-ны чанарын талаар олон улсын стандарт болгон баталсан Хуурай газрын амьтны эрүүл мэндийн код (Terrestrial Animal Health Code)-ын Бүлэг 3.1 ба 3.2-ыг мөрдөж, мал эмнэлгийн сайн засаглалыг тохинуулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тулгуур багана бол Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (МЭМЗ/Veterinary Statutory Body) юм.
Мал эмнэлгийн сайн засаглалыг томъёологч гол элементэд мал эмнэлгийн чанартай боловсрол болон мал эмнэлгийн мэргэжлийг үр дүнтэй зохицуулах тогтолцоо багтана. Үүнээс мэргэжил гэдэг үгийг цохон тэмдэглэе.

2016/02/03

Мал эмнэлгийн боловсролыг шинжлэх ухаанчаар судлахуй

Мэдээний эх сурвалж: www.oie.int
Т.Ж.Паркинсон, Шинэ Зеландын Массейн их сургуулийн Мал эмнэлэг, амьтан, био-анагаахын шинжлэх ухааны хүрээлэн
ДАЭМБ-аас "Мал эмнэлгийн боловсрол, Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн үүрэг" сэдвээр зохион байгуулсан Дэлхийн мал эмнэлгийн боловсролын 3 дугаар зөвлөгөөнд тавьсан илтгэл, 2013.12.04

Хураангуй
Сүүлийн үед мал эмнэлгийн хөтөлбөрийн бүтэц, оюутнуудын суралцах арга барилаас эхлээд мэргэжлийн зэргийн чансаа, хөтөлбөрийг эргэн нягталж чанаржуулах зэрэг цогц асуудлуудыг хөндсөн судалгааны олон бүтээл нийтлэгдэх боллоо. Нэг үеийг бодвол мал эмнэлгийн хөтөлбөр, суралцахуйн чиглэлийн ихэнх судалгааны үр дүн мэргэжлийн багийн шүүлтүүрт тэнцэж сэтгүүлд хэвлэгдэх хэмжээнд хүртэл хөгжжээ. Энэхүү илтгэлд анагаах ухаан, мал эмнэлгийн боловсролын заах арга зүйд, ялангуяа оюутан төвтэй, идэвхтэй, дадлагажуулах сургалтыг эрхэмлэх талаар гарч буй гол өөрчлөлтүүдийг танилцуулна.
Колорадо мужийн их сургуулийн оюутнуудын санал асуулгаар 
Мал эмнэлэг, био-анагаахын шинжлэх ухааны сургуулийн 
багш, доктор Мари Легаре 2015 оны шилдэг багшаар тодорчээ. 
Түүний тухай source.colostate.edu сурвалжаас уншина уу.
Уламжлалт аргыг бодвол идэвхтэй, дадлагажуулахад чиглэсэн сургах/суралцах орчинд оюутнууд илүүтэй татагдаж, хичээлийн оролцоо, ой тогтоолт нь нэмэгдэн, мэдлэгээ практикт ашиглах чадвартай болдог байна. Танин мэдэхүй, нөлөөлөхүй (бие даан ажиллах, үр ашигтай суралцах, харилцах) болон үйлдэхүйн чадварт зэрэг анхаардаг болов. Ялангуяа оюутны мэдлэг, чадварыг шалгаж үнэлэх аргачлалыг хэвшмэл байдлаас гаргаж, боловсронгуй, бодит болгохыг зорьсон судалгааны олон бүтээл нийтлэгджээ. Уламжлалт хөтөлбөрөөс идэвхтэй/дадлагажуулах хөтөлбөрт шилжих аргачлалд нэгэн хэмийн жор гэж байхгүй. Цохож хэлэхэд, оюутнуудад асуудлыг шийдвэрлэх чадамж суулгах стратеги баримталж буй хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэхэд учирдаг зарим хүндрэлийн улмаас нүүр буруулж, багш төвтэй сургалтын арга барилдаа эргэж ордог сургууль ч ховор бус тохиолддог.
Элсэлтийн шалгалт хоёр үндсэн шалгууртай. Үүний эрдмийн шалгуурыг үнэлэхэд хялбар байдаг бол хувь хүний мөн чанар/туршлагыг хэмжихэд илүү хүндрэлтэй. Элсэлтийн шалгалтын шалгуур ба төгсөгчийн чадвар хоорондын уялдааны талаар судалгааны бүтээл хомс байна. Малын эмч нар мэргэжлээрээ хэр удаан ажиллах нь мал эмнэлгийн сургуулийн элсэлтийн сонгон шалгаруулалт болон хөтөлбөрийн зохион байгуулалт, арга барилтай хэрхэн харилцан хамаардаг талаар бүтээл нэлээд ховор байгаа нь цаашид судлах шаардлагатайг харуулж байна.

2016/01/06

Адууны махыг таних шинэ арга

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2014 оны 12 дугаар сарын 19
Норвич дахь Судалгааны паркийн Хүнсний судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд Oxford Instruments компанитай хамтран ДНХ-гийн шинжилгээг бодвол харьцангуй богино хугацаанд, хямд зардлаар адууны махыг үхрийнхээс ялгах арга боловсруулжээ. Адуу, үхэр хоёрын тэжээл боловсруулах тогтолцоо адилгүй бөгөөд өөхөнд агуулагдах тосны хүчлийн найрлага нь өөр байдаг. Шинэ арга нь эмнэлгийн соронзон резонанст томограф (MRI)-ын сканертай төстэй технологи ашиглан өөхний химийн бүтцийн ялгааг илрүүлж, аравхан минутын дотор махыг адууных уу, үхрийнх үү гэдгийг хэлэх аж.      

2016/01/05

Томуугийн эсрэг ганц удаагийн "цохилт"

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2015 оны 1 дүгээр сарын 27
Томуугийн А хэвшлийн олон вирүсийг саармагжуулах чадалтай шинэ төрлийн эсрэгбиемийг саяхан нээсэн нь томуугийн эсрэг универсал вакцин бүтээх ирээдүйд хөтөлж байгааг МакМастерын их сургууль болон Иканы анагаах ухааны сургуулийн судлаачид мэдэгдсэн байна. 
Томуугийн вирүсийн бүтэц (www.nature.com)
Улирлын вакциныг жил бүр олгодог бол универсал вакциныг зөвхөн ганц удаа хэрэглэхэд томуу үүсгэгчийн бүх омог, түүн дотор хувьсалд орсон вирүсийн эсрэг ч үйлчилнэ гэж үзэж байгаа аж. Үүний ачаар томуугийн цартахал дэгдэх, вакцины омог өвчин үүсгэж буй омогтой тохироогүйн улмаас вакциндалт үр дүнгүй болох эрсдэлээс (өнөө жил ийм явдал болсон) сэргийлэх боломж бүрдэх юм байна. 
Томуугийн вирүсийг "шошголох" нь/жишээ (en.wikipedia.org)