Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/09/09

Хүний дархлал хомсдолын вирүсийн түүхийг залруулахуй

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2008 оны 7 дугаар сарын 7
ДОХ-ын ихэнх тохиолдлын “гэмтэн” хүний дархлал хомсдолын вирүс (ХДХВ)-1 нь 100 орчим жилийн өмнө буюу урьд нь тооцоолж байснаас 20 гаруй жилийн өмнө хүнд халдсан тухай "Эволюци 2008" хуралд тавьсан илтгэлд дурьджээ. Тус хурлын өөр нэгэн илтгэлд энэ вирүсийн үеэл болох ХДХВ-2 нь хэдэн арван жилийн дараа сармагчнаас хүнд халдсан бөгөөд сармагчин уг вирүсийг эрдэмтдийн үзэж байсан шиг хэдэн сая жил биш харин хэдхэн зуун жил тээж ирснийг өгүүлсэн байна. Энэ хоёр вирүсийн гарвал нь бичний дархлал хомсдолын вирүс (БДХВ) аж.
Ногoон сармагчны газар зүйн тархалт 
(en.wikipedia.org)
Ногоон сармагчин (en.wikipedia.org
ХДХВ-2-ыг үүсгэсэн БДХВ-ийн талаархи эрдэмтдийн ташаа ойлголтын анхны сэжүүр 2007 онд илэрчээ. БДХВ-ээр халдварласан ихэнх сармагчин өвчилдөггүй бөгөөд энэ вирүс эзэн бичний хамтаар хэдэн сая жилийн турш цуг хөгжсөн нь эзэн, эмгэг төрүүлэгч хоёр "эв найрамдалтай хамтран амьдрах” нөхцөлийг бүрдүүлсэн гэж эрдэмтэд үздэг аж. Хэрэв энэ онол үнэн байсан бол сармагчны ургийн мод нь БДХВ-ийн удмын модтой дүйх ёстой байлаа. Гэвч 2007 онд Аризоны Их сургуулийн оюутан Жоэл Вертхаймын зөвлөх багш Михаил Воробей болон нөхдийн хамтаар хийсэн судалгаа Африкийн ногоон сармагчин (African green monkey) болон түүний БДХВ-ийн хувьд уг онол нийцэхгүй байгааг илрүүлж, энэ вирүс хэдэн сая жилийн настай биш болохыг харуулсан байна.

2015/09/04

Мэдрэлийн судлыг лабораторийн аргаар ургуулав

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org 
2009 оны 4 дүгээр сарын 6
Пенсилваний Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн судлаачид нөхөн төлжилтийг дэмжиж улмаар залуурдах чадвар бүхий амьд мэдрэлийн эдийн суулгац бүтээж, үр дүнгээ Tissue Engineering Part A сэтгүүлийн 3 дугаар сарын дугаарт нийтэлжээ. 
Мэдрэлийн эс (scienceblogs.com)
Америкт жил бүр 300,000 орчим иргэн захын мэдрэлийн судлын гэмтэл авдгаас олон тохиолдолд хөдөлгөөний болон мэдрэхүйн чадвараа бүрмөсөн алддаг байна. Осол болон мэс ажилбарын улмаас үүддэг ийм гэмтлийг эдгээх арга хомс байдаг бөгөөд ялангуяа гэмтсэн мэдрэлийн судал хоорондын аксон ургуулах арга зүйг боловсронгуй болгох шаардлагатай байгаа аж. 
Гэмтсэн хэсэгт шилжүүлэн суулгах боломжтой 3 хэмжээст мэдрэлийн торыг бүтээсэн тухайгаа Пенсилваний Их сургуулийн Тархины гэмтлийг нөхөн сэргээх төвийн захирал, Мэдрэлийн мэс заслын тасгийн профессор, судалгааны багийн ахлагч Дуглас Х.Смит мэдэгдсэн байна.
Тэрээр нөхдийн хамтаар тэжээлээр дүүргэсэн хуванцар тавганд хархны нугасны гаднах мэдрэлийн зангилааны эсүүдийг хийжээ. Ингэхэд тавган дээрх мэдрэлийн эсүүдээс аксон нахиалан ургаж нөгөө тавагны мэдрэлийн эстэй холбогдож чадсан байна.

2015/09/03

Цагаан цэцэг өвчнийхтэй ойр төрлийн вирүсийн халдварын тархалт Африкт огцом нэмэгдэж байна

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2010 оны 9 дүгээр сарын 13
ХХ зуунд 300-500 сая хүний амь насыг авч одсонд тооцогддог гоц халдварт цагаан цэцэг өвчин устлаа гэж 1979 оны өвөл дэлхий нийтээр тэмдэглэж байсан билээ. 1980 он хүртэл вакцинжуулалтын арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлсний дүнд энэ вирүсийг "дэлхийн хөрснөөс арчсан" гэж үздэг. Вирүс устсан тул цагаан цэцэг өвчний эсрэг вакцин ч шаардлагагүй болжээ.
"Prairie dog" мэрэгч (en.wikipedia.org)
Сармагчны цэцэг өвчний шинж (en.wikipedia.org)
Гэтэл өнөөдөр Калифорний Их сургуулийн судлаачид цагаан цэцэг өвчний эсрэг вакцины хэрэглээг зогсоосны улмаас түүнтэй ойр төрлийн нэгэн вирүс “хүчээ аваад” байгаа талаар мэдэгдсэн байна.

2015/09/02

Бактерийг мэхлэх замаар халдварыг эмчилж болно

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 2 дугаар сарын 9
Бактерийг хуурна гэдэг нь тэдний нөхөрлөлийг ашиглана гэсэн үг юм.
Шоргоолжны бүлийн нэгэн адил бактерууд хамтрах замаар бэрхшээлийг даван туулж чаддаг ажээ. Бактерийн популяцууд өөр хоорондоо харилцаж хооллох, өсөж үржих асуудлаа зохицуулдаг төдийгүй заримдаа бусдынхаа төлөө амиа хүртэл золиослодог гэнэ. Хамтрагчид хоорондоо харилцахын тулд тусгай молекул ялгаруулдаг бөгөөд үүнийхээ тусламжтайгаар фракц үүсгэж хүчирхэгждэг байна. 
(letmelearnya.com)
“Гэвч мал амьтанд халдсан бактеруудын нөхөрлөлийг хуурч мэхлэх замаар салган бусниулж болно.” гэж Их Британий Эдинбургийн Их сургуулийн эволюцийн биологич Стюарт Вест мэдэгдсэн байна. Мэхлэгч бактериар давхар халдаахад тэд хамтрагч бактериудын бие биедээ туслах шаргуу хөдөлмөрийг ашиглан тооны хувьд давамгайлж, нэгдмэл байдлыг нь задлах замаар хоруу чанарыг нь сулруулдаг байна. Бактерууд хамтрахдаа бэлэн гэдгээ мэдрүүлдэг молекул ялгаруулдаг бөгөөд бусад нь үүнийг таньж хамтын ажиллагаагаа зохицуулдаг. Гэвч зарим бактер, жишээ нь мэхлэгчид ийм молекул ялгаруулдаггүй хэдий ч бусдад бэлэн гэдгээ мэдрүүлж, ямар нэгэн илүү зардалгүй бүлгийн гишүүн болж чаддаг байна.