Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/10/29

Зэрлэг амьтдын худалдаагаар дамжиж зооноз өвчин гаднаас орж ирэх эрсдэл

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 11 дүгээр сарын 16
Шинэ халдварт өвчнүүдийн ихэнхийг зооноз (амьтнаас хүнд халддаг) эмгэг төрүүлэгч үүсгэдэг. Ялангуяа зэрлэг амьтнаас гарвалтай өвчнүүдийн тоо болон эзлэх хувь өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд нэмэгдэх хандлагатай болжээ. 
(i-onehealth.org)
Зэрлэг амьтнаас гарвалтай халдварт өвчнүүдийн (ДОХ, амьсгалын цочмог халтай хам шинж/SARS г.м) хандлага, сүүлийн үед гарч байгаа цартахлууд нь хүн болон зэрлэг амьтны хооронд ойр харьцаа үүсгэдэг үйл ажиллагаанд зорилтот тандалт явуулах нь зүйтэйг сануулж байна.
АНУ нь их хэмжээний зэрлэг амьтан амьдаар нь импортолдог орнуудын нэг бөгөөд 2000-2004 онд нэг тэрбумаас олон амьтан нутагтаа оруулжээ. Гэвч импортын амьтны өвчнийг бага танддаг байна. Тус улсад орж ирж байгаа амьтдаас зөвхөн зэрлэг шувуу, бич болон зарим туурайтан амьтныг хорионд оруулдаг бөгөөд заавал шинжлэх өвчний жагсаалтанд тодорхой хэдэн өвчин (шувуунаас хүнд дамждаг өвчин/psittacosis, шүлхий, Ньюкаслийн өвчин, шувууны томуу) л хамрагддаг аж. Бусад амьтныг ерөнхийдөө эмнэл зүйн үзлэгт үндэслэн оруулдаг бөгөөд эмгэг төрүүлэгч илрүүлэх шинжилгээний ажлыг АНУ-ын Хөдөө аж ахуйн яам (малд) эсвэл импортлогчид нь хариуцуулдаг.

Автоиммун өвчин үүсгэдэг эсийг хорт хавдрын эсрэг ашиглах нь

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 11 дүгээр сарын 16
Дархлааны тогтолцоо өөрийн биемахбодын эдийг харийнх хэмээн андуурч түүний эсрэг довтолдог автоиммун өвчний үед үрэвсэл, эдийн гэмтэл үүсэхэд Th17 (T helper 17) хэмээх дархлааны эсийг чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Хэдий тийм ч бактерийн халдвартай тэмцэхэд энэ эсийн дэм бас бий гэнэ.
(phoenixrising.me)
Зарим хүмүүсийн дархлааны тогтолцоо тодорхой хэдэн төрлийн хорт хавдрын эсрэг тэмцэх төрөлхийн чадвартай байдаг ч үүний механизм нь тайлагдаагүй байгаа аж. 
Техасын Хьюстон дах MД Андерсоны Хорт хавдрын төвийн судлаач Наталья Мартин-Ороско нөхдийн хамтаар Th17 эс хорт хавдарт нэвчиж байгааг ажиглаж, үрэвсэл нь хорт хавдрын өсөлтийг дэмждэг тул энэ эсийг хавдар томроход тусалж байна гэж таамаглажээ. Тэгээд цааш нь гүнзгийрүүлэн судлахын тулд инженерчлэлийн аргаар Th17 эсгүй хулгана үйлдвэрлэж уушиг гэмтээдэг меланом (арьсны нэг төрлийн хавдар) үүсгэгч омгоор тарьсан байна. Гэтэл Th17 эсгүй хулгануудын хорт хавдар нь хэвийн хулгануудынхыг бодвол илүү хурдан томорч 16 хоногийн дотор уушгийг нь юу ч үгүй болгосон нь судлаачдын бодож байсны эсрэг болж гайхширалыг нь төрүүлжээ.

2015/10/28

Канад болон АНУ-д хэрэгжүүлж буй вакцин шингээсэн өгөөшөөр зэрлэг амьтны галзуу өвчинтэй тэмцэх арга хэмжээний тактик, эдийн засгийн асуудлууд

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 8 дугаар сарын 24
Канад болон АНУ-д зэрлэг амьтдын галзуу өвчнийг аажмаар устгах бодлогыг баримталж байгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд урхидаж барьсан амьтдыг вакциндаад буцааж тавих (trap–vaccinate–release/TVR), халдварын голомт тэлэхээс сэргийлэх (point infection control/PIC), галзуугийн вакциныг амаар олгох буюу вакцин шингээсэн өгөөш тавих (oral rabies vaccination/ORV) гэсэн нийтлэг гурван аргыг хэрэглэж байна. 
Вакцин шингээсэн өгөөш (en.wikipedia.org)
Эхний хоёр арга нь ажиллах хүч ихээхэн шаарддаг, нэгж газар нутагт зарцуулах зардал хамгийн өндөртэйд тооцогддог. Урхидаж барьсан амьтдыг вакциндаад буцааж тавих арга хэмжээг хэрэгжүүлэхэд 1991 онд хавтгай дөрвөлжин км тутамд 450 канад доллар зарцуулж байсан бол 2008 онд ойролцоогоор 616 болон өсчээ. Халдварын голомт тэлэхээс сэргийлэх арга хэмжээнд 1999 онд хавтгай дөрвөлжин км тутамд 500 канад доллар зарцуулж байсан бол 2008 онд ойролцоогоор 612 болж нэмэгдсэн байна. Гэхдээ энэ хоёр арга хэмжээ нь Канадад илбэнхний галзуу өвчнийг устгахад болон АНУ-д илбэнхний галзуу өвчнийг тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин шингээсэн өгөөш тавих бүс тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн.

2015/10/26

Галзуугийн эсрэг шинэ вакцин зургаа биш ганцхан удаа тариулах боломж олгоно

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 10 дугаар сарын 5
Галзуу болон сэжигтэй амьтанд уруулсны дараах урьдчилан сэргийлэх стандарт эмчилгээ нь галзуу өвчин орогномол хэлбэрээр тохиолддог хөгжиж буй орнуудад үнэ өртгийн хувьд ч, вакцин бэлдмэлийн олдоцын хувьд ч хүндрэл учруулсаар байна. 
Жефферсоны Вакцины Төвийн эрдэмтэд галзуугийн вакциныг ганц удаа тарьдаг болгож асуудлыг хөнгөвчлөх судалгаа хийснээ Journal of Infectious Diseases сэтгүүлд нийтэлжээ. “Матрикс (M) ген байхгүй, репликаци нь доголдсон галзуугийн вирүсээр бүтээсэн вакцин нь хулгана болон хүн бус бич төрөлтөнд хурдан, үр дүнтэй дархлааны хариу урвал өдөөдөг. М бол галзуугийн вирүсийн хамгийн гол генүүдийн нэг. М генийг нь сугалчихаж байгаа болохоор вирүс амьдралынхаа мөчлөгийг гүйцээлгүй саатдаг. Вакцины вирүс нь эсэд халдаж дархлааны хариу урвал үүсгэх боловч дээрх ген байхгүйн улмаас тархах боломжгүй.” гэж Томас Жефферсоны Их сургуулийн Жефферсоны Анагаах ухааны коллежийн Микробиологи, дархлаа судлалын дэд профессор Жэймс МакГеттиган мэдэгдсэн байна.

2015/10/23

Үхрийн махан дах даавар ба хорт хавдрын эрсдэл

Мэдээний эх сурвалж: world-wire.com
2009 оны 10 дугаар сарын 21
АНУ-д үйлдвэрлэж буй үхрийн мах нь байгалийн болон нийлэг аргаар гаргаж авсан бэлгийн даавруудыг их хэмжээгээр агуулж байгаа нь нөхөн үржихүйн эрхтэний болон хүүхдийн хорт хавдрын эрсдэл өсөн нэмэгдэхэд хүргэж байгааг Хорт хавдраас сэргийлэх эвслийн тэргүүн, доктор Самуэль С.Эпштэйн анхааруулсан байна. 1975 оноос хойш тус улсад түрүү булчирхайн хорт хавдрын тохиолдол 60%, төмсөгнийх 59%, хөхнийх 10 хувиар тус тус нэмэгдсэн нь бэлгийн дааврын хэмжээ өссөнтэй холбоотой гэж тэрээр мэдэгджээ.
(www.globalmeatnews.com)
Өнгөрсөн болон өнөө үед хэрэглэж байгаа даавруудад байгалийн эстроген, прогестерон, тестостерон болон нийлэг зеранол, тренболон, меленгэстерол ордог. Махны чиглэлийн үхрийг нядлахаас нь 100 хоногийн өмнө бордож эхлэхдээ эдгээр даавар агуулсан мөхлөгийг чихнийх нь арьсан дор суулгадаг бөгөөд 50 хоногийн дараа давтан гүйцэтгэдэг байна. Эдгээр дааврын хүчээр гулуузны жин нэмэгдэж толгой тутамд 80 долларын нэмэлт ашиг өгдөг аж.

Халдваргүйтгэх бодис бактерийг эмчилгээнд тэсвэртэй болгож болно

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2008 оны 10 дугаар сарын 13
Microbiology сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгааны үр дүн бактер устгах зориулалттай химийн бодисууд тэднийг улам хүчирхэг болгох эрсдэлтэйг харуулжээ.
(sites.google.com) (www.wca-environment.com)
Биоцид хэмээх химийн бодисыг сул өтгөрүүлэгтэй хэрэглэвэл үхэлд хүргэх чадвартай алтлаг стафилококкыг зарим антибиотикт тэсвэртэй болгон хувиргаж болно. Биоцидыг ихэвчлэн эмнэлэг болон ахуйн цэвэрлэгээ, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ариутгал, мэс ажилбарын өмнө арьсны талбай бэлтгэхэд ашигладаг. Биоцидыг зөв найруулбал бактер болон бусад нянг устгана. Харин өтгөрүүлгийг нь багадуулбал бактер амьд үлдэж эмчилгээнд тэсвэртэй болдог.
Алтлаг стафилококк зэрэг бактер нь бактерийн эсрэг үйлчилгээтэй химийн хортой бодисуудыг эсээсээ шахан зайлуулах үүрэг бүхий уураг үйлдвэрлэдэг. Эдгээр шахуурга (уураг) нь антибиотикийг ч мөн адил эсээсээ зайлуулж, антибиотикт “үл ажирагч” болгодог байна.

2015/10/21

Эрдэмтэд А витамины илүүдэл болон дутагдлын үед эсэд гардаг өөрчлөлтийг тайлбарлав

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 10 дугаар сарын 19
Бага зэргийн А витамин биенд сайн юм чинь илүү хэрэглэвэл улам сайн гэсэн үг биз дээ? 
Энэ бол буруу шүү!
FASEB онлайн сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар А витамины хэт илүүдэл болон хэт дутагдал биед яагаад сөрөг нөлөө үзүүлдгийг тайлбарлаж, энэхүү витамины эсийн энерги үйлдвэрлэлд гүйцэтгэдэг үүргийг нь тодорхойлсон байна. 
(www.nourishingourchildren.org)
А витамин агуулсан хоол хүнс, ундаа, гоо сайхны тос, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнийг зэрэгцүүлэн хэрэглэснээр энэ витамин илүүдэж болдог аж. “Бид судалгаагаараа гоо сайхны тос болон тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн дэх А витамины ач холбогдол болон болзошгүй сөрөг үр дагаварыг тогтоосон. Манай нийгэмд А витамины дутагдал нэг их элбэг тохиолддоггүй ч энэ витаминыг хэт их хэрэглэснээс энерги үйлдвэрлэлийн зохицуулга алдагдаж, эсийн төлжих болон үхэх процесст нөлөөлж болно.” гэж судалгааны хамтрагч, Нью-Йоркийн Хорт хавдар судлалын Слоан Кеттерингийн хүрээлэнгийн Ульрих Хаммерлинг мэдэгдсэн байна.

2015/10/20

Эрдэмтэд горилла сармагчинаас гарвалтай хүний дархлал хомсдолын шинэ вирүс оллоо

Мэдээний эх сурвалж: www.medicalnewstoday.com
2009 оны 8 дугаар сарын 3
Парист амьдардаг Камеруны 62 настай нэгэн эмэгтэй хүний дархлал хомсдолын вирүс-1 (ХДХВ-1)-ийн горилла сармагчинаас гарвалтай ер бусын хувилбараар халдварласан нь тогтоогдсон байна.
Мөнгөн нуруут горилла (en.wikipedia.org)
Тэрээр 2004 онд Камеруны хагас хотожсон нутгаас Парист  нүүж ирснээс хойш удалгүй шинж тэмдэг үзүүлж эхэлсэн аж.
Энэхүү судалгааны ажлыг Францын Руаны Их сургуулийн доктор Жан-Кристоф Плонтиэр ахалж гүйцэтгэсэн бөгөөд үр дүн нь Nature Medicine сэтгүүлийн 8 дугаар сарын 2-ны өдрийн онлайн дугаарт нийтлэгджээ. Мөн Их Британий Манчестерийн Их сургуулийн Амьд организмын шинжлэх ухааны факультетийн доктор Дэвид Робертсон, Жонатан Дикерсон нар судалгаанд хамтарч оролцсон байна.

Малын эмч нар амьтнаас вирүс, бактерийн халдвар авах өндөр эрсдэлтэй

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 6 дугаар сарын 1
Шинэ томуугийн H1N1 вирүсийн эпидемээс улбаалж вирүс амьтнаас хүнд хэрхэн халддаг талаар олон асуулт урган гарч ирлээ. Амьтан, хүнд аль алинд нь халддаг вирүс, бактерт малын эмч нар өртөх эрсдэл эрс нэмэгдэж, тэд халдвар дамжуулах боломжит замуудын нэг болсоныг Айовагийн Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид тогтоожээ.
(www.publichealth.hscni.net)
Айовагийн Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн тархвар судлалын докторын курсын оюутан Уитни Бэйкэр, тус их сургуулийн тархвар судлалын профессор, Шинээр дэгдэж буй халдварт өвчний судалгааны төвийн захирал Грегори Грэй нар мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа хийж байх үедээ малын эмч нар амьтнаас томуугийн зооноз вирүсийн халдвар авдгийг ажигласан байна. Энэ ажиглалтаа бататгахын тулд тэд 1966-2007 оны хооронд хэвлэгдсэн анагаахын бүтээлүүдийг судалж, малын эмч нар болон зооноз халдварын тухай 66 нийтлэлийг түүвэрлэжээ.
"Бидний судалснаар, фермийн ажилчид зэрэг амьтантай ойр ажилладаг бусад мэргэжлийн хүмүүстэй харьцуулахад зооноз өвчний үүсгэгчээр халдварлах эрсдэл малын эмч нарт харьцангуй өндөр байна. Малын эмч нар зооноз халдвараас биеэ хэрхэн хамгаалах талаар боловсролтой хэдий ч ийм дүн үзүүлсэн нь анхаарал татсан зүйл боллоо." гэж Бейкер өгүүлсэн байна.

2015/10/18

Бүлээн цустай байхын учир юу вэ?

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 3 дугаар сарын 9
Та юм идэхгүйгээр 2 сараас илүү амьд байж чадахгүй. Харин матар нэг жил, бүр түүнээс ч урт хугацаагаар амьдрах чадвартай гэнэ. Яагаад ийм ялгаатай байдаг юм бол? Учир нь та идсэн хоолныхоо ихэнхийг дулаан үүсгэхэд зарцуулдаг байна. Бүлээн цустны буюу дотроосоо халдаг амьтдын эволюци хөгжил нь амьдралын агуу нууцуудын нэг ажээ. 
Бүлээн цуст амьтан (www.sheppardsoftware.com)
Хүйтэн цуст амьтан (www.sheppardsoftware.com)
Мэдээж бүлээн цустай байхын ач тус гэж бий. Дулаацах гэж нар луу зүтгээд байхгүйгээр идэвхтэй хөдөлгөөнөөр асуудлыг шийдэх боломжтой. Гэхдээ л шувуу биеийнхээ дулааныг 40 хэмд барихын тулд ихээхэн хөдөлмөрлөх шаардлагатай болдог. Зарим бүлээн цуст амьтад ижилхэн бие хаатай мөлхөгчдийн сарын хүнсийг нэг өдрийн дотор л зооглочихдог гэнэ.
Стандарт онолоор бүлээн цус идэвхтэй махчин амьтанд бий болсон гэж үздэг. Гэтэл өнгөрсөн жил махчин амьтанд биш харин шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангах үүрэгтэйгээр өвсөн тэжээлтэн амьтанд үүссэн гэсэн тэс өөр онол дэвшигдсэн байна. Хэдийгээр үүнийг дэмжих эрт байгаа ч энэ онол бидний зарлага ихтэй амьдралыг тайлбарлахаас гадна динозавруудын талаархи асуултад хариу өгч магадгүй юм.

2015/10/15

Инженерүүд нурууны хугарлыг эмчлэх шинэ цемент бүтээж байна

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2007 оны 11 дүгээр сарын 11
  Нугаламын хугарал 
 (www.sonsa.org)
Ялангуяа автын ослын үед нийтлэг тохиолддог нурууны хүнд гэмтэл авсан хүмүүст найдварын гал асаж буй бололтой. Лидсийн Их сургууль болон Белфастын Күинсийн Их сургуулийн хамтарсан төслөөр нурууны бутарсан хугарлыг эмчлэх биологийн цементийг боловсруулан туршиж байгаа юм байна.   
Үе орлуулах мэс ажилбарт ашигладагтай төстэй цементийг ясны сийрэгжилттэй өвчтөнүүдийн гэмтсэн нугаламыг бэхжүүлэх зорилгоор нөхөн сэргээх мэс засалд хэрэглэдэг ч осол аваар болон ойчиж унаснаас үүссэн нурууны бутарсан хугарлыг эмчлэхэд илүү хүнд байдаг аж.

2015/10/14

Компьютер томографын цацраг цөмийн бөмбөгийнхтэй адил хүчтэй

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2007 оны 5 дугаар сарын 28
“Хэтэрхий няхуур” эмч нар шаардлагагүй үед рентген технологи ашигладаг дүрс оношлогоо хийлгэхийг өвчтөнүүддээ “үүрэгддэг” нь тэднийг хорт хавдрын эрсдэл рүү хөтөлж байгааг цацраг судлаачид сануулсан байна. 
Компьютер томографын машин 
(en.wikipedia.org)
Хүний тархины компьютер томографын зураг 
(en.wikipedia.org)
Цацраг судлаачдын хувьд хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол компьютер томограф буюу СТ/САТ скан аж. Үүнийг зөв хэрэглэвэл амьдралыг авардаг гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг хэдий ч хүн бүтэн биеийн компьютер томограф хийлгэснээр ердийн рентгенээс 500 дахин илүү цацраг туяанд өртдөг бөгөөд өөрөөр хэлбэл Дэлхийн II дайны үед Японд болсон атомын дэлбэрэлтийн төв цэгээс 2.4 км зайд амьдарч байсан хүмүүст нөлөөлсөнтэй ижил хэмжээний цацрагт нэрвэгддэг байна.