Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2016/09/15

Бог малын мялзан өвчний тандалт хийх үед баримтлах био-хамгааллын дэглэм

Эх сурвалж: www.rr-africa.oie.int
Орчуулсан огноо: 2016.09.15
Орчуулагчаас өгч буй тайлбар: Доорх бичвэрийг ойлгомжтой болгох үүднээс АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас 2016 оны 3 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд манай малын эмч нарт зориулж зохион байгуулсан Амьтны хил дамжин халдварладаг өвчнүүдийн тухай сургалтын илтгэлээс 3 зураг оруулав. Эдгээр зургийг Корнеллын их сургуулийн Мал эмнэлгийн сургуулиас чөлөөнд гарсан профессор Альфонсо Торресын илтгэлээс авсан болно.
 
Био-хамгаалал
Био-хамгаалал гэдэг нь тодорхой нутаг дэвсгэрт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлдэг цогц дадал бөгөөд өвчин үүсгэгч нэвтрэх боломж/хөдөлгөөнийг аль болох хамгийн доод түвшинд хүртэл бууруулахад чиглэгдэнэ. Вирүсийн гаралтай ихэнх хил дамжин халдварладаг өвчний үед баримталдаг био-хамгааллын зарчим үндсэндээ ижил боловч тухайн өвчний эпидемиологиос хамаарч бага зэргийн ялгаатай байж болно.

2016/09/08

Бог малын мялзан өвчний вакцин, түүнийг хэрэглэх аргачлал

Эх сурвалж: www.oie.int 
2015 он
Бог малын мялзан өвчин (БММӨ)-ий вакцин
Дэлхийн хэмжээнд үхрийн мялзан өвчнийг устгах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний нэг үндэс нь үүсгэгч вирүсийн бүх омгийн эсрэг найдвартай хамгаалах чадвартай вакцин бүтээсэн явдал байлаа. Үүнтэй ойролцоо үр дүн бүхий вакциныг БММӨ-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд ашиглаж байгаа бөгөөд амьд сулруулсан хэлбэр нь насан туршийн хамгаалах дархлаа үүсгэдэг.
Өнөөгийн байдлаар дэлхийн 20 гаруй үйлдвэрт БММӨ-ий вакцин үйлдвэрлэж байна. Иймд эдгээр вакциныг үйлдвэрлэлд хэрэглэхээс өмнө Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-аас боловсруулсан вакцины чанарын стандартад нийцсэн үйлчилгээтэй эсэхийг нь баталгаажуулах нь нэн чухал.

2016/09/07

Бог малын мялзан өвчний эмгэг жам

Эх сурвалж: www.mdpi.com (Жич: Зөвхөн Эмгэг жам хэсгийг орчуулав)
2014 оны 6 дугаар сарын 6
Эмгэг жамынхаа гогцоог хүн төрөлхтөнд бүрэн "тайлбарлаж өгөөгүй" хэвээр байгаа бог малын мялзан өвчин (БММӨ/Peste des petits ruminants)-ий  талаар өдийг хүртэл хуримтлуулсан ихэнх мэдлэг нохойн гударга, үхрийн мялзан, улаан бурхан зэрэг бусад өвчин үүсгэгч морбилливирүсүүдтэй харьцуулсан судалгаанд үндэслэжээ. Хэдийгээр морбилливирүсийн халдвар дархлааг дарангуйлдаг гэж үздэг ч уг вирүсийн цочмог явцтай халдвараас илааршсан амьтанд насан туршийн дархлаа тогтох нь олонтой. Гэвч үүний молекул механизмыг гүйцэд ойлгож чадаагүй л байна.

2016/09/01

Бог малын мялзан / Peste des petits ruminants

Эх сурвалж: www.cfsph.iastate.edu
Мэдээллийн шинэлэг байдал: 2015 оны 8 дугаар сар
Хонь, ямааг голдуу өвчлүүлдэг бог малын мялзан өвчин (БММӨ)-ийг гоц халдварт вирүс үүсгэнэ. Ялангуяа ямаанд их халтай; 80-100% өвчлүүлж, үхүүлэх тохиолдол бий. Нэгэн цагт Ойрх Дорнод, Африк, Азийн тодорхой нутгаар хязгаарлагдаж байсан БММӨ Африк, Азийн бусад хэсэгт хүрээгээ тэлэх болжээ. Мөн халдвар, эмнэл зүйн шинж тэмдэг бүхий өвчлөл бусад туруут амьтан, ялангуяа гөрөөс болон бог малтай удам нэгт зэрлэг амьтад, тэмээ, усны одос үхэрт бүртгэгдээд байна.