Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/08/31

Боом өвчин үүсгэгч бактерийг “нүцгэлвэл” дархлаанд "бууж өгнө"

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2010 оны 6 дугаар сарын 7
Microbiology сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн шинэ судалгаагаар боом өвчин үүсгэгч бактерийн "нөмрөгийг” нь аваад хаячихвал түүнийг дархлааны тогтолцоо хялбархан олж устгах боломжтойг тогтоожээ.
Бүрээсжсэн B. anthracis-ийн гинжин хэлхээ (www.fao.org)
Боомоор өвчилсөн хүнд илрэх шинж 
(www.cfsph.iastate.edu)
Bacillus anthracis нь гадуураа хамгаалах бүрээс үүсгэх маягаар амьтны дархлааны тогтолцоонд танигдахгүй болж “бултдаг” чадвартай тул үхэлд хүргэх аюултай онцгой эмгэг төрүүлэгчид тооцогддог.
Уг бактерт байдаг бүрээсийн дeполимераз (Capsule depolymerase/CapD) хэмээх энзим нь бүрээсийг эсийнх нь гадаргуутай холбож өгөхөөс гадна бүрээсний зарим хэсгийг жижиглэн огтолж дархлааны тогтолцоонд “өгөөш болгон хаях” үүрэгтэй ажилладаг нь уг бактерийг аюулд өртөлгүй "зугаалах" нөхцөлийг нь бүрдүүлдэг гэж үздэг байна.

Вирүсийг вирүсээр хөнөөхүй

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2011 оны 8 дугаар сарын 22
Өмнөд Калифорний Их сургуулийн Витербигийн Инженерчлэлийн сургуулийн химийн инженерчлэлийн профессор Пин Ван хүний дархлал хомсдолын вирүс (ХДХВ)-ийн халдвар авсан эсийг “агнадаг” вирүс бүтээжээ. Уг лентивирүсийн вектор нь ХДХВ-ээр халдварласан эсийг эмэнд барьж өгч устгуулдаг онцлогтой гэнэ. Энэ нь агаараас өгөх цохилтыг оновчтой болгохын тулд явган цэрэг лазерийн туяагаар байг гэрэлтүүлдэг зэвсэгт хүчний нэгэн аргатай ижил механизмтай бөгөөд эрүүл эсийг гэмтээдэггүй сайн талтай аж.

2015/08/27

Хувиргаж өөрчилсөн уургаар элэгний хатуурлыг эмчлэх боломж

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2008 оны 1 дүгээр сарын 7
Эмчлэх аргыг нь хараахан боловсруулаагүй элэгний хатуурлын улмаас дэлхийн хэмжээнд жил бүр 800,000 орчим хүн нас бардаг гэсэн тооцоо бий.
Хэвийн болон хатуурсан элэг (depts.washington.edu)
Калифорний Их сургуулийн Сан-Диего дахь салбарын судлаачид амьтан дээр хийсэн туршилтаараа элэгний хатуурлыг зогсоохоор үл барам бүр эдгээх боломжтойг баталжээ. PLoS Online-ий 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаарт нийтлэгдэх тэдний бүтээл нь вирүсийн гаралтай элэгний үрэвсэл, элэг өөхлөх, элэгний хатуурал, уушигны хатуурал, арьсны хатууралт өвчин болон түлэгдэлт зэрэг эд хэт сорвижих эмгэгүүдийг эмчилж эдгээх үүд хаалгыг нээсэн байна.

2015/08/26

Сэлбэсэн цусаар хорт хавдар дамжина гэдэг үнэмшил муутай

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2007 оны 9 дүгээр сарын 3
Өвчин тараахгүйн тулд донорын цусыг нарийн шинжилдэг. Халдварт өвчин цусаар дамжих эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авдаг бол харин хорт хавдар зэрэг ужиг өвчин дамжих магадлалыг тогтооход хүндрэлтэй байдаг аж.
naturalunseenhazards.wordpress.com
Цусаар хорт хавдар дамжиж болох тухай онолыг бататгасан хэд хэдэн нотолгоо бий. Оношлогдох боломжгүй маш жижиг хавдар ч гэсэн өдөр бүр цусны урсгалд хэдэн сая эс ялгаруулж донорын бусад эрхтэн болон цус хийлгэгч хүнд хорт хавдрын шинэ голомт үүсгэж болзошгүй байдаг. Зүү, мэс заслын багаж хэрэгслээр хавдрын эс дамжсан тухай мэдээллүүд нь эрүүл хүний биед орсон хавдрын эс өсөж үржих чадвартайг харуулж байна. Ялангуяа цус хийлгэгч хүн Ходжкины бус тунгалаг эсийн хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй гэлцдэг.

Бичил биетний "баганан код уншигч"-ийг ашиглан универсал вакцин үйлдвэрлэх боломж

Мэдээний эх сурвалж: www.medicalnewstoday.com
2009 оны 10 дугаар сарын 17
Мал эмнэлгийн эрдэмтэд зөвхөн хүн болон цөөн хэдэн төрлийн амьтанд биш бүх сүүн тэжээлтэн амьтанд үйлчлэх чадвартай хямд төсөр вакциныг богино хугацаанд боловсруулах шинэ аргын үүдийг нээжээ.
www.rcsb.org
Тэдний үзэж байгаагаар хүнс хордуулагч бактер, томуугийн вирүс, хумхаа өвчин үүсгэгч эгэл биетэн гэх мэт халдварт өвчин үүсгэгч бичил биетний биологийн “баганан код”-ыг уншдаг системийг ашиглан бүх сүүн тэжээлтэн амьтныг тодорхой нэгэн өвчнөөс хамгаалдаг вакцин бүтээж болох аж.
Тус судалгааг Биотехнологи, биологийн шинжлэх ухааны судалгааны зөвлөл (ББШУСЗ)-өөс улирал тутам эрхлэн гаргадаг Business сэтгүүлийн намрын дугаарт нийтэлсэн байна.
“Хэд хэдэн төрлийн амьтанд адил үйлчилдэг вакцин боловсруулах боломжтой бөгөөд ингэснээр үнэ өртөг ч хямдарна. Аливаа вакциныг боловсруулж, үйлдвэрлэхэд амаргүй бөгөөд зардал ихтэй байдаг учраас нэг вакцинаар “олон туулай бууддаг” болох нь үнэхээр хүсүүштэй зүйл мөн.

2015/08/25

Зүрхний нээлттэй мэс ажилбарын дараа өвчүүний ясыг цавуудан нийлүүлэх болов

Мэдээний эх сурвалж: www.sciencedaily.com
2009 оны 11 дүгээр сарын 19
Зүрхний нээлттэй мэс ажилбар хийх зорилгоор дэлгэсэн өвчүүний ясыг буцааж нийлүүлэхийн тулд ястай түргэн бэхлэгдэж түүний эдгэрэх явцыг хурдасгадаг цавуу ашиглах болсон байна. 
Өвчүү нээх ажилбар (www.cts.usc.edu)
“Зүрхний нээлттэй мэс ажилбарын дараа өвчүүний ясыг хэдэн долоо хоногийн хугацаанд биш хэдэн цагийн дотор эдгээх боломжтой боллоо. Мэс засал хийлгэсэн өвчтөн бүрэн эдгэрч, биеийн хүчний бүхий л үйлдлийг хийх чадвартай болтол хэдэн сар биш хэдэн өдөр л хангалттай.” гэж энэхүү аргыг санаачлагч, Калгарын их сургуулийн Анагаах ухааны факультетийн зүрхний мэс засалч, доктор Пол В.М.Федак мэдэгдсэн байна.
Одоогоор уг аргыг 20 гаруй өвчтөн дээр туршиж үзээд байгаа аж. Шинэ аргын ачаар мэс заслын дараах өвдөлт, бие тавгүйрхэх байдал багасч, хүчтэй мэдээ алдуулах эмийн хэрэглээ үлэмж буурсанаас гадна эдгэрэлтэнд нэн чухалд тооцогддог гүнзгий амьсгалах чадамж ч мөн сайжирчээ.

2015/08/21

Өөх тос ихтэй хоол биднийг тэнэг, залхуу болгодог уу?

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 9 дүгээр сарын 8
Америкийн туршилтын биологийн нийгэмлэгүүдийн холбоо (FASEB)-ны сэтгүүлд өөх тос ихтэй хоол хүнс нь эрүүл мэндэд ямар хор учруулдаг талаар нэгэн судалгааны дүнг нийтэлжээ.
Харханд өөх тос ихтэй тэжээл өгөхөд 10 хоногийн дотор хөдөлж явахдаа хөшүүн болсноос гадна богино хугацаанд ой санамжаа алдаж байгаа нь ажиглагджээ. Энэ судалгааны үр дүн бидний юу бодож сэтгэж, яаж хөдөлж явж байгаа нь юу идэж байгаатай ихээхэн холбоотой болохыг харуулав.

2015/08/19

Херпесвирүст ашигтай тал ч байж магадгүй

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2007 оны 5 дугаар сарын 29
Херпесвирүс уршигтай. Гэвч уг вирүсийн өвөрмөц омгийн далд хэлбэрийн архаг халдвартай хулганууд зарим бактерийн эсрэг тэсвэртэй болох нь тогтоогдсон тул бүх херпесвирүсийг муу гэж гоочилж болохгүй нь.
Хомхой (en.wikipedia.org)
Салхин цэцэг (www.hhpharmacy.co.uk)

2015/08/18

Бактер бодсоноос чинь илүү "ухаантай"

Мэдээний эх сурвалж: www.sciencedaily.com
2010 оны 1 дүгээр сарын 19 
Мэдээж бактерууд хүн, нохой, шувуу шиг сэтгэж чадахгүй ч Теннессигийн Их сургуулийн судлаачид тэднийг бодож байснаас илүү ”ухаантай” болохыг тогтоосон нь орчны өөрчлөлтөнд бактеруудын үзүүлэх хариу урвал, дасан зохицлын талаархи судалгаанд дэвшил гаргаж, анагаахын шинжлэх ухаан төдийгүй хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хийхүйц бүтээл болжээ. Тус судалгааны үр дүн нь хөнөөлт бактеруудтай тэмцэх шинэ эм бэлдмэл бүтээх, ашигтай бактеруудыг хөдөө аж ахуй болон бусад салбарт “дайчлах” арга замуудыг эрэлхийлэхэд дэм үзүүлэх юм байна.
Escherichia coli (en.wikipedia.org)

Azospirillum brasilense (commtechlab.msu.edu)

Хоруу чанар өндөртэй мөөгөнцрийн халдварыг эмчлэх шинэ арга

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2007 оны 3 дугаар сарын 20
Candida albicans (en.wikipedia.org)
Ванкуверийн Бритиш Колумбын Их сургуулийн судлаачдын боловсруулсан эм олгох шинэ аргын ачаар ХДХВ/ДОХ, хорт хавдартай болон эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөнүүдийг үхэлд хүргэж болзошгүй цусаар дамждаг хоруу чанар өндөртэй мөөгөнцрийн халдварын эмчилгээнд дэвшил гарч буй бололтой. Эм зүйн шинжлэх ухааны профессор Кишор М.Васан тосон суурьт эмийн хувилбар боловсруулж мөөгөнцрийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй Амфотерицин В (Amphotericin B)-г амаар олгох үед үүсдэг гаж нөлөөг туйлын бага болгож чадсан байна. 
Aspergillus fumigatus (en.wikipedia.org)
Тавь гаруй жилийн настай, судсаар олгодог Амфотерицин В гаж нөлөө ихтэйн улмаас ялангуяа бөөрний хүнд хордлого үүсгэхээс гадна судас тариа хийлгэсэн газрын эдийг ноцтой гэмтээдэг. Харин тосон суурьт систем нь эмийг бөөрний эсүүдтэй харилцан үйлчлэлд орохыг саатуулангаа мөөгөнцрийн эс рүү довтолдог тул үйлчилгээ сайтай, хоруу чанар багатай байдаг аж.
ХДХВ/ДОХ болон химийн эмчилгээ хийлгэж байгаа хорт хавдартай өвчтөнүүдэд элбэг тохиолддог улаан хоолойн кандидоз (Candida albicans) болон ханиалгуулахаас эхлээд тархины гэмтэл хүртэл үүсгэдэг аспергиллёз (Аspergillus fumigatis)-ийн эсрэг энэхүү эмийн хувилбар хэрхэн үйлчилж байгааг амьтан дээр туршиж үзэхэд үр дүнтэй бөгөөд хоруу чанар тун багатай нь батлагдсан байна.

2015/08/17

Хачигны шүлс: Лаймын өвчний эсрэг вакцины шинэ бай

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 12 дугаар сарын 1
Хачигны шүлсэн дэх уургийг Лаймын өвчний эсрэг шинэ төрлийн вакцины бай болгох боломжтой ажээ. Йелийн Их сургуулийн Ховард Хьюзын Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтдийн гаргаж авсан хачигны шүлсэн дэх уургийн эсрэг ийлдсийг хулганад туршихад хачгаар дамждаг Лаймын өвчин үүсгэгч Borrelia burgdorferi (B. burgdorferi) бактераар халдварлах магадлалыг ихээхэн бууруулж чаджээ.
Borrelia бактер (en.wikipedia.org)
Ixodes scapularis хачиг
(en.wikipedia.org)
"Бухын нүд" хэлбэрт тууралт (en.wikipedia.org)

Диализыг орлох хиймэл бөөрний загвар бүтээв

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2010 оны 9 дүгээр сарын 14
Сан Францискогийн Калифорний Их сургуулийн Био-инженерчлэл, эмчилгээний шинжлэх ухааны тэнхимийн доктор Шюво Рой инженер, биологич, эмч нөхдийн хамтаар хэзээ нэгэн өдөр диализын хэрэгцээг үгүй хийх шилжүүлэн суулгах боломжтой хиймэл бөөрний анхны бодит загварыг боловсруулсан байна. Тус төхөөрөмж нь жинхэнэ бөөрний бодис солилцоо болон усны тэнцвэрт байдлыг хангах чадварыг хуулбарласан хэдэн мянган бичил шүүлтүүр болон биореактороос бүтжээ.
Бөөрний диализ ажиллах зарчим (biology-igcse.weebly.com)

2015/08/13

Шилжүүлэн суулгасан эрхтэнийг ховхорч унахгүй байлгах арга

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2008 оны 2 дугаар сарын 5
Донор эрхтэнтэй хамт дархлааны тогтолцооны тодорхой хэсгийг шилжүүлэн суулгавал эрхтэнийг ховхорч унахаас сэргийлэх тул насан турш дархлаа дарангуйлагч эм хэрэглэх шаардлагагүй болдгийг тогтоосон байна.
Бие даасан судалгааны гурван багийн цөөхөн өвчтөн дээр туршсан энэхүү ажлын үр дүн New England Journal of Medicine сэтгүүлд хэвлэгджээ.
Цус бүтэхүй (www.eurostemcell.org)

Инженерүүд бактерийн завь сэлүүрдэхтэй төстэй хөдөлгөөнийг анх удаа нүдээр харав

Мэдээний эх сурвалж: www.sciencedaily.com
2009 оны 9 дүгээр сарын 26
Йелийн инженерүүд анх удаа шингэн тэжээлт орчинд E. coli бактер завь сэлүүрдэхтэй төстэй хөдөлгөөн хийхийг нүдээр харсан байна.
Physical Review Letters сэтгүүлийн 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дугаарт нийтлэгдэх тэдний судалгаа нь бактерийн  хөдөлгөөний механизмын талаархи ойлголтыг зузаатгаснаар халдвараас сэргийлэх аргыг боловсронгуй болгоход дэм болох аж.
Эрдэмтэд E. сoli болон бусад янжуур хэлбэрт микроорганизмууд нь тодорхой мөчлөгийн давтамжтайгаар урсгал дагасан завь сэлүүрдэхтэй төстэй хөдөлгөөн хийдэг гэсэн онолыг олон жилийн өмнөөс дэвшүүлж байсан ч өнөөг хүртэл хэн ч шууд харж чадаагүй байв.
Зургийг: Хюр Косер/Йелийн их сургууль

2015/08/12

Шувууны вакцин богино хугацааны үр дүн үзүүлдэг ч урт хугацааны “проблем” үүсгэдэг

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2010 оны 5 дугаар сарын 11
Ньюкаслийн өвчний эсрэг вакцин үйлдвэрлэлд уг вирүсийн хоёр амьд омгийг ашигладаг бөгөөд эхний омгоор үйлдвэрлэсэн вакциныг голдуу Азид, харин 2 дахийг нь дэлхий нийтээр хэрэглэж байна. 1950-иад оноос хойш энэ хоёр омгоор үйлдвэрлэсэн вакцин шувууны аж ахуйнуудыг эдийн засгийн томоохон сүйрлээс зайлсхийхэд тусалсаар иржээ.
Гэтэл шувууг Ньюкаслийн өвчнөөс хамгаалдаг сулруулсан амьд вирүсийн вакцин нь уг вирүсийн зэрлэг омгуудын генетикийн бүтцийг өөрчилж, ингэснээр цаашид уг өвчин ямар байдлаар дэгдэх талаар төсөөлөлгүй болгон, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж болзошгүй байгаа талаар биологичид сануулсан байна.

Халуун орны өвчин үүсгэдэг шимэгчдийг ивермектин хэрхэн үхүүлдэг вэ?

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2010 оны 11 дүгээр сарын 23
Хэдэн арван жилийн судалгаа болон барагцаагаар хагас тэрбум хүнд хийсэн эмчилгээний үр дүнд эрдэмтэд голын сохор, заантах өвчнүүдийг үүсгэдэг филяри хорхойг шимэгчийн эсрэг эм хэрхэн үхүүлдэг болохыг тодорхойлж чаджээ. Дэлхийн хэмжээнд 140 орчим сая хүн дээрх шимэгчийн халдвар авсан бөгөөд дийлэнх нь Африкийн экватор орчмын орнуудад бүртгэгддэг байна.
Голын сохор өвчин үүсгэгчийн амьдралын мөчлөг (www.cdc.gov)

2015/08/10

Лабораторийн аргаар гахайн мах “ургуулав”

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 12 дугаар сарын 15
Нидерландын Эйндховений Их сургуулийн физиологийн ухааны профессор Марк Постоор ахлуулсан судлаачид амьд гахайнаас миобласт (булчин үүсгүүр) эсийг ялган авч амьтны хээлийн цус агуулсан тэжээлт орчин (цаашдаа нийлэг тэжээлт орчин ашиглах төлөвлөгөөтэй байгаа) бүхий петрийн аяганд ургуулж анх удаа гахайн мах гаргаж авсан байна.
Одоогоор гаргаж аваад байгаа мах нь наалдамхай, шалбайсан, амтгүй булчин боловч байгалийн махтай дүйцэх хэмжээнд хүргэх арга замуудыг эрэлхийлж байгаа ажээ.

2015/08/07

Монгол цагаан зээр (Procapra gutturosa/Mongolian gazelle) шүлхий өвчний вирүст өртөхүй

Мэдээний эх сурвалж: Journal of Wildlife Diseases, 2006 он, дугаар 42 (1), хуудас 154-158    
Бүтээлийн эзэд: Д.Нямсүрэн, Дамиен О.Жоли, С.Энхтүвшин, Д.Одонхүү, Кирк А.Олсон, Маттис Драйзма, Виллиам Б.Кареш
Тойм
Шүлхий нь ихэнх хивэгч болон гахайны төрлийн амьтдад тохиолддог гоц халдварт вирүсийн гаралтай өвчин юм.
2001 онд Монголын зүүн тал нутгийн 33 Монгол цагаан зээр (цаашид зээр гэнэ)-нээс ийлдсийн дээж цуглуулж шүлхийн 7 хэвшлийн вирүсийн эсрэгбием агуулсан эсэхийг шинжилж үзэхэд 67% нь эерэг урвал үзүүлсэн нь О хэвшлийн вирүсийн халдвар байв. 2000-2002 онуудад монгол малд энэ вирүсийн халдвар илэрсэн бөгөөд дээрх эсрэгбием нь шүлхий өвчний вирүс малаас зээрэнд дамжсаныг илтгэж байж болзошгүй юм.

Хятадын Мал эмнэлгийн холбоо чанартай боловсрол, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг зорилгоо болгож байна

Мэдээний эх сурвалж: www.avma.org
2011 оны 6 дугаар сарын 1
Хэдийгээр Хятадын Мал эмнэлгийн холбоо (ХМЭХ) байгуулагдаад 18-хан сарын нүүр үзэж байгаа ч улс орныхоо мал эмнэлгийн салбарт хийж буй үйл ажиллагаа нь хэдийн амжилтанд хүрээд эхэлжээ.
Үндэсний хэмжээний мал эмнэлгийн зохион байгуулалттай бүтэц бий болсон нь мал эмнэлгийн боловсролыг чанаржуулах, малын эмч нарын амьжиргааны түвшинг сайжруулж, улмаар нийгэмд үнэлэгдэх үнэлэмжийг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

2015/08/06

Мал эмнэлгийн сэтгүүлүүдийн чансаа

Доорх линкээр орж танилцана уу.
www.scimagojr.com

Үрэвсэл шархны эдгэрэлтийг дэмждэг болохыг тогтоов

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2010 оны 10 дугаар сарын 26
The FASEB Journal (http://www.fasebj.org) сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар үрэвсэл нь гэмтсэн булчингийн эдийг эдгэрэхэд тусалдаг болохыг анх удаа тогтоосон нь гэмтэл, химийн бодис, халдвар, хөлдөлт болон зарим эсрэг заалттай эм бэлдмэлийн улмаас үүссэн булчингийн хурц гэмтлийн эмчилгээний хэвшсэн арга барилыг өөрчлөхөд хүргэж болзошгүй байгаа аж. Судалгааны багийн гишүүн Лан Жоу эдийн үрэвслийн эсрэг эмчилгээний тактикийг сайтар тунгааж, үрэвслийн ач холбогдлыг үгүйсгэлгүйгээр эерэг талыг нь ашиглаж, сөрөг талыг нь хяналтандаа байлгахыг зөвлөсөн байна.

Амьд эсийн үйлийг 3D технологиор бичих боломжтой болов

Мэдээний эх сурвалж:  www.hhmi.org
2011 оны 3 дугаар сарын 04
Ховард Хьюзын Анагаах ухааны хүрээлэнгийн Жанелиа Фармын судалгааны кампусын эрдэмтэд амьд эсийн дотоод бүтцийг 3D технологиор судалж, эсийн хуваагдал зэрэг биологийн үйлийг видео хэлбэрээр бичих чадвартай “Bessel beam plane illumination microscope” хэмээх шинэ микроскоп бүтээжээ.
Бүтээлийн эзэд: Лян Гао, Томас Планчон, Эрик Бетзиг (Зургийг: Мэтт Стали)
“Биологичдийн гол зорилго бол эсийн дотоод молекул үйлийн зохицуулалтын дүрмийг ойлгох явдал байдаг. Аливаа тоглоомын дүрмийн учрыг олохын тулд хүмүүс хэрхэн тоглож байгааг бичлэгээс ажиглах нь зүгээр зураг харснаас хавьгүй илүү. Энэ нь эс судлалын хувьд ч ялгаагүй. Хэдийгээр өнгөрсөн гучаад жилийн хугацаанд микроскопын хөгжилд асар их дэвшил гарсан ч эсийг судлахын тулд түүнийг үхүүлж, зураг авах талбайд бэхлэх шаардлага тулгарсан хэвээр байна. Үхсэн эсийг судална гэдэг зураг харсантай л ижил.” гэж Жанелиа Фарм группын ахлагч Эрик Бетзиг мэдэгдсэн байна.

2015/08/05

Германд E.coli нянгийн өмнө нь илэрч байгаагүй омгоор халдвар дэгджээ

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2011 оны 6 дугаар сарын 15
Германд дэгдсэн дотрын цусархаг халдвар үүсгэгч Escherichia coli (EHEC/enterohaemorrhagic E.coli) нян нь урьд нь хүнээс өсгөвөрлөгдөж байгаагүй шинэ омог болохыг тогтоосон тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Хүнсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хэлтсээс мэдэгджээ. Шинэ нянгийн геномын дарааллыг нарийвчлан судалж буй эрдэмтэд одоогийн байдлаар 1,500 гаруй хүнд халдварлаж 18 хүний амь насыг авч одсон энэ омог яагаад ингэж олон хүнийг өвчлүүлж байгааг илрүүлэх түлхүүрийг олсон байна.

2015/08/04

Шүлхийн халдвар дамжих цаг хугацааны тухай ойлголт

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2011 оны 5 дугаар сарын 31
Science сэтгүүлийн 2011 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн нэгэн судалгаагаар шүлхийн вирүст өртсөн үхрийн халдвар тараах хугацаа өмнө тооцоолж байснаас хоёр дахин богино болохыг тогтоожээ. Тус судалгааны үр дүн малыг олноор нь устгах зэрэг тэр бүр хүлээн зөвшөөрөгддөггүй тэмцэх арга хэмжээг багасгах боломжтойг харуулсан байна. Нөгөөтэйгүүр халдварт өвчний талаарх эрдэмтдийн ойлголтыг ч өөрчилж байгаа ажээ.

2015/08/03

Мал эмнэлгийн бондын төсөл сайшаалтай ажлын эхлэл боллоо

Мэдээний эх сурвалж: www.massey.ac.nz
2009 оны 2 дугаар сарын 23
Хөдөө орон нутгийн малын эмч нарын хомсдолтой тэмцэх зорилгоор Засгийн газраас дэвшүүлсэн бондын төслийг Шинэ Зеландын тэргүүлэх малын эмч нар талархан хүлээн авлаа. Энэ төслийн хүрээнд заагдсан нутагт очиж ажиллах малын эмч нарт 5 жил хүртэлх хугацаанд жил бүр 11,000 долларын төлбөр төлөх ажээ.

Мал эмнэлгийн сургуулиудын танилцуулга

Доорх линкээр орж танилцана уу.
www.worldvet.org

Томуу супер томуу болохуй

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2007 оны 10 дугаар сарын 30
Урьд хожид үзэгдээгүй үхэл тарьсан 1918 оны томуугийн эпидемийн шалтгааныг тайлбарлахуйц нэгэн уургийг нээжээ. Энэхүү нээлт нь дэлхий нийтийг хамарсан цартахал үүсгэх хамгийн их эрсдэлтэй томуугийн вирүсүүдийг илрүүлэхэд халдварт өвчин судлаачдад туслах юм байна.
1918 оны Испанийн томуугаар 40-100 сая хүн нас барсан гэж үздэг. Эдгээр хүмүүсийн зарим нь вирүсийн золиос болсон бол олон үхлийн шалтгаан нь уушигны гэмтлийн улмаас хатгалгаа болж хүндэрсэнтэй холбоотой байлаа. Гэвч яагаад энэ вирүсийн үхүүлэх чадал тийм өндөр байв? Үүнд шувууны томуугийн H5N1 болон томуугийн бусад олон вирүст байдаг PB1-F2 уураг зарим хариуг өгөх бололтой.

Тахианы өндөгний оронд биореакторыг ашиглаж томуугийн вакциныг богино хугацаанд үйлдвэрлэх аргачлал

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2010 оны 1 дүгээр сарын 12
Томуугийн вакцины хомсдол удахгүй бэрхшээл биш болох нь. Судлаач Манон Кокс хязгаарлагдмал олдоцтой тахианы үр хөврөлт өндөгний оронд эсийг биореакторт ургуулах замаар аюулгүй, үйлчилгээ сайтай вакциныг одоогийнхоос 2-4 дахин богино хугацаанд их хэмжээгээр үйлдвэрлэх аргачлалыг боловсруулжээ.