Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/11/25

Мал аж ахуйн зарим нэр томъёо, тайлбар

Мэдээний эх сурвалж: 
Монгол Улсын Статистикийн Хороо, Хөдөө аж ахуйн салбар 2013 онд

Малын биеийн хэсгийн нэршил

Мэдээний эх сурвалж: 
А.Батсуурь, Аман аялгууны мал аж ахуйн холбогдолт үгсийг цуглуулах удирдамж

Таван хошуу малтай холбоотой нэр, хэллэг

Мэдээний эх сурвалж: hajime.blog.gogo.mn
 
Зургийг Д.Ууганбаяр
Мал тэвээрэх: Эцэж доройтсон мал сэргэж эхлэх
Таваглах: Хурга хөрвөжиж сүүл нь таваглах
Урт, ахар хөлийн мал: Таван хошуу малын гэрээс хол ойр байх буюу бэлчээрлэдгээр нь бод малыг урт хөлийн, бог малыг богино хөлийн мал гэдэг.
Гарын мал: Гэрт ойр байж гарын үзүүрээр эдэлж ашигладаг үхэр, хонь, ямааг гарын мал, алс бэлчиж гэрээс зайдуу, цөөн эдлэгддэг адуу, тэмээг гарын бус гэнэ.
Халуун, хүйтэн хошуут мал: Найр наадам хурим, хүнд бэлгийн манлайд морь, дайллага, цайллагын дээд шүүс болгож хонины махаар зочилж хүмүүсийн харьцааг нягтруулж ойртуулдаг учраас морь, хонийг “халуун хошуут”, тэмээ, үхэр, ямааг “хүйтэн хошуут” мал гэдэг.

2015/11/23

“Нөхөрсөг” бактер биднийг томуугаас хамгаалдаг

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2011 оны 3 дугаар сарын 21
Ашигтай нян хоол тэжээл боловсроход дэм үзүүлээд зогсохгүй эзэн амьтныхаа биеэс томуугийн вирүсийг "үлдэн хөөдөг" болохыг Йелийн Их сургуулийн дархлаа судлаач Акико Ивазакигийн тэргүүлсэн баг тогтоожээ.
Lactobacillus (Universite Libre de Bruxelles/microbewiki.kenyon.edu)
Хулгануудыг хоёр бүлэгт хуваан нэг хэсгийг нь хяналт болгож, нөгөө хэсэгт нь неомицин олгоход антибиотик хэрэглэсэн хулганууд томуугийн вирүст илүү мэдрэмтгий болсон байна.
Үүний учрыг дараах байдлаар тайлбарлажээ; Хулганы биед агуулагддаг неомицинд мэдрэг бактерууд томуугийн вирүстэй тэмцэхэд оролцдог Т эс болон эсрэгбием үүсэх процессыг өдөөдөг байна. Уг бактер дархлааны тогтолцооны үрэвсэл өдөөгч уургийн нэгдэл (inflammasome protein complex)-ийг идэвхжүүлснээр интерлейкин 1-β хэмээх цитокин буюу анхдагч хэлбэрт байгаа дархлааны уураг химийн бүтцийн хувьд “бие гүйцсэн” байдалд шилжинэ. Бие гүйцсэн интерлейкин 1-β нь дархлааны сэртэнт эсийг уушигны тунгалгийн зангилаа руу томилон явуулж томуугийн вирүсийн эсрэг тулааныг эхлүүлдэг. Харин антибиотик дээрх бактерийг устгасан тохиолдолд үрэвсэл өдөөгч уургийн нэгдэл ажиллагаагүй болж вирүс үржиж олширдог байна.

2015/11/20

Хууль бус вакцин хэл хөхрөх өвчнийг дэгдээв

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2008 оны 11 дүгээр сарын 10
Үхэр, хонь, ямаанд халддаг вирүсийн гаралтай хэл хөхрөх өвчинтэй тэмцэж байгаа Европын фермерүүд санаа зовох шинэ зүйлтэй болоод байна. Нидерландад 4 үнээ хэл хөхрөх өвчний Европт өмнө нь огт илэрч байгаагүй омгийн вирүсээр халдварласан нь амьд вакциныг хууль бусаар хэрэглэснээс үүдсэн байх магадлалтай гэж Нидерландын Хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдсэн байна.
Хэл хөхрөх өвчний вирүсийн халдвар дамжих боломжит замууд (rstb.royalsocietypublishing.org)
vector bites host - эзэн амьтны цусыг дамжуулагч сорох
intrinsic incubation - халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэл хугацаа
extrinsic incubation - халдвар авснаас хойш үүсгэгчийг дамжуулах чадвартай болох хүртэл хугацаа
survival of adult midges - бие гүйцсэн цус сорогч чийгч ялааны амьдрах хугацаа
oral transmission - амаар халдвар дамжих
persistent infection - вирүс биеэс арилахгүй, тодорхой эсэд хадгалагдсаар байх үзэгдэл (далд, ужиг, удаан халдвар гэсэн зарим талаар давхацсан утга бүхий гурван хэлбэртэй)
recrudescent infection - дахилтат халдвар
transplacental transmission - эхэсээр халдвар дамжих  
Culicoides төрлийн цус сорогч өчүүхэн жижиг ялаагаар дамждаг хэл хөхрөх өвчний нийт 24 ийлдсэн хэвшил байдаг бөгөөд тэдний зарим нь Европт нэлээд тархах янзтай болжээ. BTV1 ийлдсэн хэвшил Францыг хамран хойд зүг рүү эрчимтэй нүүж байгаа бөгөөд Африкт үүссэн байж болзошгүй BTV8 ийлдсэн хэвшлийн вирүс 2006 онд Нидерландын фермүүдэд илэрснээс хойш Швед, Испани, Их Британи, Унгар хүрч амжжээ.

2015/11/19

Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй тахианы өндөг үйлдвэрлэв

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2007 оны 1 дүгээр сарын 22
Өндөгний бүтэц (biolearnspot.blogspot.com)
Их Британий эрдэмтэд хорт хавдрын эсрэг эмийн орцонд ордог уураг агуулсан өндөг гаргадаг тахиаг генийн инженерчлэлийн аргаар бүтээжээ. Эдинбургийн ойролцоо оршдог Рослингийн хүрээлэнгийнхэн өндөгнийхөө цагаанд амьдрал аврагч уураг агуулсан тахианы таван үеийг бойжуулж өдгөө 500 гаруй шувуутай болсон байна.
Тус судалгаа нь доктор Хелен Сангийн 15 жилийн хөдөлмөрийн үр шим ажээ. Гэвч хүнд турших хүртэл 5 жил, эмийг боловсруулж дуустал 10 жилийн хугацаа шаардлагатай байгаа гэнэ.

2015/11/17

1918 оны томуугийн цартахлын үеийн дийлэнх нас баралтын шалтгаан нь томуугийн вирүс биш харин бактер байжээ

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org 
2008 оны 8 дугаар сарын 18
Засгийн газрын зүгээс аливаа томуугийн цартахлын эсрэг бэлэн байдлыг хангахдаа антибиотикийн нөөцөнд анхаарал хандуулах нь чухал гэж Мэрилэнд дэх Зэвсэгт хүчний эрүүл мэндийн тандалтын төвийн анагаах ухааны микробиологич Жон Брандэйж мэдэгджээ. 

Томуугийн дэгдэлтүүд, тэдгээрийн үүсгэгчид (udel.edu
Тайлбар: Томуу үүсгэгч вирүсийг гадаргын хемагглютинин (H/hemagglutinin) болон
нейраминидаз (N/neuraminidase) уургаар нь дэд хэвшил болгон ангилдаг. 
Одоогоор 16 Н, 9 N хувилбар илрүүлээд байна.
Брандэйжийн багийнхан Испанийн хэмээн нэрлэгдсэн 1918-1919 оны томуугийн цартахлын үеийн эрүүл мэндийн тайлан, бүртгэл, халдварын зураглалд дүн шинжилгээ хийж, хэдийгээр тухайн цагт томуугийн аюулт вирүс дэлхийд тархаж байсан ч бактерийн хоёрдогч халдварын улмаас үүссэн уушигны хатгалгаа 20-100 сая хохирогчийн дийлэнхийг нөгөө ертөнцөд аваачжээ гэж дүгнэсэн байна.

2015/11/11

10 жилийн дараа ч имидаклоприд (imidacloprid)-ын идэвх өндөр хэвээр байна

Мэдээний эх сурвалж: www.medicalnewstoday.com
2009 оны 8 дугаар сарын 14
Канадын Калгари хотноо зохион байгуулагдсан Дэлхийн мал эмнэлгийн шимэгч судлалын дэвшлийн холбооны 22 дугаар хурал дээр Бүүрэгний мэдрэг чанарыг хянах олон улсын өргөн цар хүрээт, хараат бус хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд имидаклоприд бэлдмэл гэрийн тэжээвэр амьтны бүүрэгний эсрэг өндөр идэвхтэй хэвээр байгааг тогтоосноо Bayer Animal Health илтгэсэн байна.
Бүүрэгний амьдралын мөчлөг (www.st-ives-vet.co.uk)
Бүүрэгний өндөг (www.fleabites.net)
1999 онд гараагаа эхэлсэн тус хөтөлбөрийг эм бэлдмэлийн тэсвэрт чанарын тандалт, эрсдэлийн үнэлгээг тогтвортой явуулахын үлгэр жишээг үзүүлсэн арга хэмжээ гэж үздэг бөгөөд мал эмнэлгийн шимэгч судлал, шавьж судлал, молекул биологийн салбарт нэр хүндтэй, хараат бус мэргэжилтнүүд Bayer-тай хамтран ажилладаг байна.

2015/11/10

Пробиотик эмчилгээ гахайн салмонеллын халдварыг бууруулдаг

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2007 оны 4 дүгээр сарын 2
Гахайг пробиотик бактераар эмчлэхэд салмонеллаар халдварлах нь багасдаг болохыг Ирландын судлаачид тогтоож, энэ аргыг хүнд хэрэглээд үзсэн ч гэмгүй гэж зөвлөсөн байна.
(blog.neurogistics.com)
Тэдний судалгааны үр дүн Хэрэглээний ба хүрээлэн буй орчны микробиологи  (Applied and Environmental Microbiology) сэтгүүлийн 2007 оны 3 дугаар сарын дугаарт нийтлэгджээ.
Salmonella spp. нь хоол хүнсээр дамжиж ходоод-нарийн гэдэс үрэвсүүлдэг бөгөөд зөвхөн Европын Холбооны орнуудад л гэхэд жилд энэ өвчний 160,000 тохиолдол бүртгэгддэг байна.
Амьд бичил биетэн хэмээгддэг пробиотикийг тохирох тунгаар хэрэглэхэд эрүүл мэндэд ашигтай гэж үздэг бөгөөд сүүлийн үед бактерийн халдварын эсрэг тэмцэх нэгэн аргаар тодроод байгаа билээ.

Үнээний дэлэнгийн үрэвсэл: Вакцин боловсруулж болох уу?

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2008 оны 9 дүгээр сарын 29
Дэлэнгийн үрэвсэл бол фермийн малд тохиолддог хамгийн түгээмэл халдварт өвчин юм. Дэлэн нь үрэвссэн мал хөндүүрлэн зовиурлахаас гадна зарим тохиолдолд амь насанд нь ч аюул учирдаг.
(www.cast-animal-health.com)
Их Британид ийм өвчлөлийн тохиолдол жилд нэг сая орчим бүртгэгдэж, үйлдвэрлэлийн алдагдал, эмчилгээний зардалд 200 сая фунтыг "салхинд хийсгэдэг" байна (жилд 12 сая орчим тун антибиотик).
Ноттингемийн Их сургууль эрдэм шинжилгээний бусад байгууллагуудтай хамтран Их Британид тохиолддог үнээний дэлэнгийн үрэвслийн хамгийн түгээмэл шалтгаан болох Streptococcus uberis (S. uberis) бактерийг 2.2 сая фунтын санхүүжилтээр судалж байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх вакцин боловсруулахад шаардлагатай эсрэгтөрөгчийг тодорхойлж, өвчинтэй тэмцэх ойлголтыг зузаатгана гэж найдаж байгаагаа бактерийг молекулын түвшинд судлаач, профессор Жэймс Лэй мэдэгдсэн байна.

2015/11/09

Вакцин-антитоксины хос үйлчлэлээр боом өвчний аюулыг зогсооно

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2007 оны 10 дугаар сарын 29
2001 онд АНУ-д боомын үүсгэгч Bacillus anthracis (B. anthracis) бактерийн үрэнцрээр бохирдсон захидлын улмаас 5 хүн нас барж, халдваргүйтгэлийн арга хэмжээнд өч төчнөөн зардал чирэгдэл болсноос хойш тус улсын Засгийн газар энэ чиглэлийн судалгаанд мөнгө юүлэх болсон билээ.
Боомын халдварын мөчлөг (science.howstuffworks.com)
cutaneous - арьсаар
ingestion - хоол тэжээл боловсруулах замаар
inhalation - амьсгалын замаар
biting fly from infected animal -  
   халдвартай амьтны цус сорсон хаздаг ялаа (шавьж) 
vegetative forms - ургал хэлбэр
bacteria in animal waste and decomposition -  
   малын ялгадас, ялзарсан сэг зэмд агуулагдах бактер 
exposure to oxygen - хүчилтөрөгчтэй орчинд 
anthrax spores - боомын үрэнцэр 
Одоо хэрэглэж байгаа вакциныг 6 хүртэл удаагийн тунгаар олгодог бөгөөд жил бүр давтан хийж дархлааг өдөөж байх шаардлагатай. Мөн нэгэнт халдвар авсан хүмүүсийг антибиотикоор цаг алдалгүй эмчилбэл үр дүнтэй.
АНУ-ын Калифорний Ла Хойя дах Скриппсийн Судалгааны хүрээлэн болон Солкийн Биологийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд хархыг боомын үүсгэгчийн үхлийн тунгаас хамгаалж чаддаг вакцин бүтээсэн байна. Шавьжны Флок Хаус вирүс (Flock House insect virus) үндэслэсэн энэхүү вакцины зөвхөн нэг тун нь халдвараас урьдчилан сэргийлэх чадвартай бөгөөд B. anthracis-ийн ялгаруулдаг хор дээрх вирүсийн гадаргуугийн авууруудтай холбогдож үүссэн нийлэмж нь дархлааны хүчтэй хариу урвал өдөөж хор устгах үйлчилгээ бүхий эсрэгбием үүсгэдэг аж.
Түүнчлэн уг вакцин боомын халдвараас сэргийлэхээс гадна үхлийн тун халдаасан хархыг эмчлэх чадвартайгаа харуулсан байна. Үүний механизм нь вирүсийн гадаргуу дээрх сул авуурууд хорны молекулуудыг хэт хөнөөл учруулахаас нь өмнө шүүрч авдагтай холбоотой бололтой. 
Энэхүү вакциныг антибиотиктой хослуулан боомын эмчилгээнд ашиглах боломжтой ч дүгнэлт гаргахын тулд өргөн хүрээний судалгаа явуулах шаардлагатай гэдгийг эрдэмтэд онцолсон байна.

2015/11/06

Африкийн гахайн мялзан Оросын хойд хэсэгт илрэв

Мэдээний эх сурвалж: www.fao.org
2009 оны 10 дугаар сарын 22
Гахайг үхэлд хүргэдэг Африкийн гахайн мялзан Оросын өмнөд хэсгээс 2,000 км хол “харайж” тус улсын баруун хойд хэсэгт оршдог Санкт-Петербургт “морилжээ”. Хамгийн сүүлийн дэгдэлт 10 дугаар сарын 20-ны өдөр Балтын ойролцоо бүртгэгдсэн байна.
Чих улайх нь 
Африкийн гахайн мялзангийн гол шинж 
(en.wikipedia.org)
Африкийн гахайн мялзан хүнд халддаггүй.
Гэвч Европын Холбоо, Зүүн Европ, Хар тэнгисийн сав газрын орнууд, байдал бүр муугаар эргэвэл Төв Азид, бүр цаашлаад дэлхийд гахайн тоо толгойгоор тэргүүлэгч Хятадад тархвал аюул нүүрлэнэ гэж үзэж байгаа юм байна. 
"Гүрж, Армен, Азербайжан зэрэг Кавказын орнуудад хэдэн жилийн турш эргэлдэж байгаа вирүс эцэстээ Оросын өмнөд хэсэгт тархаж, бүр алс холын Балтын эрэг орчим гэнэт илэрсэн нь сэтгэл түгшээсэн асуудал болоод байна." гэж Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Малын ерөнхий эмч Хуан Луброт мэдэгджээ.

Малын эмч нар мэдээ алдуулах хий болон пестицидын улмаас үр зулбах эрсдэлтэй

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2008 оны 4 дүгээр сарын 14
(www.cattlenetwork.com)
Мэргэжлийн ба хүрээлэн буй орчны анагаах ухаан (Occupational and Environmental Medicine) сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар мэдээ алдуулах хий болон пестицидын улмаас үр зулбах эрсдэл малын эмч нарын хувьд хоёр дахин их байдаг гэсэн дүгнэлт гарчээ.
Австралийн малын эмч нарын эрүүл мэндийн эрсдэл” төслийн хүрээнд 1960-2000 онд тус улсын мал эмнэлгийн сургууль дүүргэсэн 1,200 эмчийг судалгаанд хамруулсан байна. Эдгээр эмэгтэйчүүдийн 1,355 жирэмслэлтээс 940 нь мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлж байх үед нь тохиосон тул судалгаанд ашиглах боломжтой гэж үзсэн аж.
Долоо хоногт нэгээс дээш цаг агаар сорогчгүй орчинд мэдээ алдуулах хий ашиглаж мэс засал хийж байсан малын эмч нарт бараг 2.5 дахин, пестицид хэрэглэж байсан эмэгтэйчүүдийн хувьд 2 дахин, 7 хоногт таваас дээш удаа рентген зураг авч байсанд нь энэ үйлдлийг цөөн хийж байсан мэргэжил нэгт нөхдөөс нь 80 хувиар илүү үр зулбалт тохиолдож байсан байна.

Ям өвчин Ойрх Дорнодын мал, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсгэж байна

Мэдээний эх сурвалж: www.oie.int
2010 оны 10 дугаар сарын 13
Дэлхийн II дайнаас хойшхи 50 жилийн хугацаанд ям өвчний тохиолдол хааяа нэг мэдээлэгддэг байсан тул устах нь гэж найдаж байтал 1990-ээд оны сүүлээс дэлхийн бүс нутгуудад дахин дэгдэх болжээ.
Адууны ужиг явцтай ямын эмнэл зүйн шинж: 
ханиах, турж эцэх, 
хамрын салст бүрхүүлд шархлаа, зангилаа үүсэх, 
эрүүн доорх тунгалгийн зангилаа томрох, 
зангилаа хагарч идээ бээр гоожих, шархлах 
(Зургийг Ульрих Вернери, DVM, www.thehorse.com)
Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-ын ажлын хэсэг малын төдийгүй хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсгэдэг ям өвчний байдал Бахрейн, Сири, Кувейт улсад ямар байгаа талаар 2010 оны 10 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд үнэлгээ хийж, Ойрх Дорнодын бүс нутгийн Мал эмнэлгийн албад энэ өвчинд тавих хяналтаа идэвхжүүлэх шаардлагатай байгааг анхааруулсан байна.
Зарим талаар өвчнийг эрт илрүүлэх болон лабораторийн оношлогооны чадавхи сул, нөгөө талаар өвчнийг бүрэн мэдээлэх асуудал хангалтгүй байгаа нь тус бүс нутагт ям өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн болохыг үнэлгээний баг цохон тэмдэглэжээ.
“Ям нь дахин сэргэж байгаа өвчин бөгөөд Ойрх Дорнодын олон орон энэ өвчний эсрэг тэмцэх бэлтгэлгүй байна. Гэвч энэ оны эхээр ям өвчин илэрсэн даруйд ДАЭМБ-д шуурхай, ил тод мэдээлсэн Бахрейн улсад талархал илэрхийлмээр байна. Тус улс тандалтын арга хэмжээнд ихээхэн анхаарал хандуулж байгаа нь богино хугацаанд өвчнөөс эрүүл бүс тогтоож чадна гэсэн итгэл төрүүллээ.” гэж ДАЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Валла мэдэгдсэн байна. 

2015/11/05

Өмнөд Африкийн адууны Баруун Нилийн вирүсийн халдвар

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 6 дугаар сарын 15
Ийлдэс судлалын шинжилгээний дүн Өмнөд Африкийн адуунд Баруун Нилийн вирүс (БНВ) өргөн тархсан болохыг харуулжээ. Хэдий тийм ч мэдрэлийн хэв шинжээр өвчилсөн тохиолдол цөөн бүртгэгдсэн тул нутгийн 2 дугаар удмын омог адуунд хоруу чанаргүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн аж. Гэвч саяхан энэ удмын омог хүн болон хулганы мэдрэлд хүчтэй нөлөөлдөг болохыг илрүүлсэн байна.
Баруун Нилийн вирүсийн халдвар тархах мөчлөг (www.sutter-yubamvcd.org)