Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2016/06/30

Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулсан Мал эмнэлгийн боловсролын 4 дүгээр зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлуудын тухай товч мэдээлэл

Мэдээний эх сурвалж: www.oie.int 
2016 оны 6 дугаар сарын 30
Тэмдэглэл хөтөлсөн: Малын эмч Намсрайжавын Одонцэцэг
Мал эмнэлгийн боловсролын дэлхийн 4 дүгээр зөвлөгөөн Тайландын Бангкок хотноо 2016 оны 6 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлуудаас мал эмнэлгийн сургуулиудын хослон ажиллах хөтөлбөр; тив тус бүрт мал эмнэлгийн боловсрол хэр хөгжиж байгаа тухай нэгдсэн дүгнэлт; мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтан (МЭМТА)-уудын үүрэг, тэдний боловсрол, зохицуулалтын асуудал; мал эмнэлгийн сургуулиудыг итгэмжлэх үндэсний болон бүсийн хэмжээний байгууллагуудын үйл ажиллагаа; Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (Veterinary Statutory Body / сонирхуулахад, улс орнуудад энэ байгууллагыг ‘Veterinary Council’ гэж нэрлэх нь түгээмэл байдаг юм байна)-ийн үүрэг; мал эмнэлгийн сургуулийн оюутнуудад удирдан манлайлах чадвар хэрхэн олгох тухай; оюутнуудын суралцах арга барил, хүсэл эрмэлзэл; онлайн сургалт; мал эмнэлгийн сургуулийн багш нарыг чадавхжуулах тухай зэрэг сэдвүүд олны анхаарлыг татаж байлаа.

2016/06/20

Улс орон чадавхтай Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлтэй байх нь ямар ач холбогдолтой вэ?

Мэдээний эх сурвалж: www.oie.int
Х.П.Шнайдер, AGRIVET International Consultants, Намиб Улс
ДАЭМБ-аас "Мал эмнэлгийн боловсрол, Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн үүрэг" сэдвээр зохион байгуулсан Дэлхийн мал эмнэлгийн боловсролын 3 дугаар зөвлөгөөнд тавьсан илтгэл, 2013.12.05

Хураангуй
Улсын Мал эмнэлгийн алба (МЭА) нь амьтны эрүүл мэндийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас тогтоно. Малын эмч нь мал амьтан, үйлчлүүлэгчийнхээ өмнө хүлээх хариуцлагаар хязгаарлагдахгүйгээр амьтантай зүй зохистой харьцах, хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны эрүүл мэнд, нийтийн эрүүл мэнд, био-хамгааллын талаарх нийгмийн хүлээлтэд нийцэж ажиллах үүрэгтэй. Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-аас МЭА-ны чанарын талаар олон улсын стандарт болгон баталсан Хуурай газрын амьтны эрүүл мэндийн код (Terrestrial Animal Health Code)-ын Бүлэг 3.1 ба 3.2-ыг мөрдөж, мал эмнэлгийн сайн засаглалыг тохинуулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тулгуур багана бол Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (МЭМЗ/Veterinary Statutory Body) юм.
Мал эмнэлгийн сайн засаглалыг томъёологч гол элементэд мал эмнэлгийн чанартай боловсрол болон мал эмнэлгийн мэргэжлийг үр дүнтэй зохицуулах тогтолцоо багтана. Үүнээс мэргэжил гэдэг үгийг цохон тэмдэглэе.