Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2017/01/10

Хариуцлага = Итгэлцэл (Японд суралцсан тэмдэглэлээс / Хоёрдугаар хэсэг: Зөгийн биологи, зөгийн бүлийн зохион байгуулалт, зөгийд тохиолддог өвчин эмгэг, тэмцэх арга хэмжээ)

Тэмдэглэл хөтөлсөн: Н.Одонцэцэг
2016 оны 12 дугаар сарын 12-21


Энэ удаа Тамагава их сургуулийн Балт зөгийн шинжлэх ухаан, судалгааны төв (Honeybee Science Research Center, Tamagawa University)-ийн Накамура багшаар заалгасан хичээлээсээ маш товч хуваалцъя.

Сургалтын үеэр (Зургийг Майко Мори)
Тус байгууллага нь балт зөгийн биологи, зөгийн бүлийн зохион байгуулалт, тоос хүртээлтийн судалгаа хийхээс гадна малын эмч нарт зориулж богино хугацааны сургалт явуулдаг ажээ. Японы мал эмнэлгийн сургуульд зөгийн тухай хичээл маш бага ордог учраас төгсөгчид нь үйлдвэрлэлээс энэ чиглэлийн мэдлэг, дадлагаа олж авдаг гэнэ. Иймд малын эмч нарт зориулсан богино хугацааны сургалтыг зөгийн тухай ойлголт, амьдралын онцлог, арчилгаа маллагааг таниулсан хичээлээр эхэлдэг аж.

Гол сэдэв рүүгээ орохоос өмнө японы байгууллагуудаас ажсан нэг зүйлийг зайлшгүй дурьдмаар санагдлаа. Аль ч байгууллагад очсон танилцуулах гэж буй зүйлийнхээ товч мэдээллийг цаасан дээр хэвлэн зочдын тоогоор урьдчилан ширээн дээр тавьсан байх нь уулзалтанд ач холбогдол өгч бэлдсэнийг харуулах бөгөөд энэ нь уригдсан хүмүүст таатай сэтгэгдэл төрүүлдгийг анзаарав.

За ингээд гол сэдэвтээ оръё.
Зөгий гэдэг амьтан, түүний онцлог, зөгийн аж ахуй эрхэлж ашиг шимийг нь хүртэх тухай ойлголт миний хувьд цоо шинэ зүйл байлаа. Нуулгүй хэлэхэд, зөгийг бараг ялаа-тай зүйрлэн төдийлөн ойшоодоггүй байсан би энэ сургалтын ачаар түүнийг ямар нарийн бүтэц зохион байгуулалттай, ямар мундаг бүлсэг, дэг жаягтай, ямар их ач холбогдолтой, ашиг шимтэй амьтан болохыг бага ч гэсэн ухааран нэг ёсондоо хайр зарлав”. Ялангуяа зөгийн аж ахуй эрчимтэй хөгжих гараагаа эхэлсэн өнөө үед малын эмч хүн зөгийн биологи, тэдний өөр хоорондоо болон хүрээлэн буй орчинтойгоо зохицон амьдрах онцлог, эрүүл мэнд, зөгийн гаралтай бүтээгдэхүүний чанарын талаар наад захын мэдлэг, чадвар эзэмшихгүй бол болохгүй нь гэдгийг ойлгов.

Накамура багшийн зөгийн аж ахуйн эрүүл ахуйн менежментийн хичээлээс товчхон сийрүүлбэл (Жич: Зарим ойлголтыг тодруулах үүднээс нэмэлт бичвэр мэдээллийг www.orkin.com цахим хуудаснаас авч, зургаар баяжуулав):

Эрүүл балт зөгий = Өвчин, стрессээс ангид байгаа зөгий
Зөгий үржүүлэх эрүүл орчин = Нямбай арчилгаа маллагаа, балт ургамлын хангалттай нөөц
Эрүүл балт зөгий + Зөгий үржүүлэх эрүүл орчин = Аюулгүй (өндөр чанартай) бүтээгдэхүүн
Ихэнх өвчин дархлаа суларснаас үүддэг = Арчилгаа маллагаа сайн бол өвчин үгүй.

Балт зөгийн амьдралд нөлөөлдөг гадаад орчинд агаарын найрлага, температур, чийгшил, усан хангамж, гэрэл, хөрс багтана. Ялангуяа зөгийн бүлд эрүүл ахуйн шаардлага хангасан усан хангамж маш чухал. Балт зөгий үүрнийхээ дотоод орчныг үндсэндээ өөрсдөө зохицуулдаг тул зөгийчид зөвхөн энэхүү чадварыг нь идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. 

Зөгийн бүл нь нэг эх зөгий, хэдэн зуун эр зөгий болон 20,000-80,000 ажилчин зөгий (эм), бойжиж буй өндөг, авгалдай, хүүхэлдэйнээс бүрдэнэ.

Ташаалавчин дах өндөг, авгалдай (en.wikipedia.org)

Сархиагийг хөндлөн зүсэж ташаалавчин дах өндгийг харуулав
(en.wikipedia.org)

Эр зөгийн хүүхэлдэй (en.wikipedia.org)
Өндөг, авгалдай, хүүхэлдэйн шатыг дамжиж бие гүйцэх хүртэлх хугацаа эх зөгийд 16 хоног, эр зөгийд 24 хоног, ажилчин зөгийд 21 хоног үргэлжилнэ. 

Эх зөгий нь үр тогтсон өндөг гаргадаг цор ганц гишүүн бөгөөд өдөрт 2,000 хүртэл тоогоор өндөглөнө. Эх зөгий 5 жил хүртэл амьдрах чадвартай ч 2-3 жил өндөглөнө. Эх зөгий үхэх, эсвэл өндөглөх чадвараа алдахад ажилчин зөгийнүүд шинэ эх зөгий бойжуулдаг. Бие гүйцсэн залуу эх зөгий нислэгт гарч хэд хэдэн эр зөгийтэй эвцэлдэнэ. Эвцэлдэж цуглуулсан хэдэн сая эр үрээ нөөцөлж өндөглөхдөө ашиглана. Эх зөгийнөөс гарсан үр тогтоогүй өндөгнөөс эр зөгий бойжино, үр тогтсон өндөгнөөс эм ажилчин зөгий, эсвэл эх зөгий бойжино. Эх зөгий өтлөх тусам эр үрийнх нь нөөц багасч өндөглөлт нь цөөрнө. 

Бие гүйцэж ташаалавчнаас гарч ирж буй зөгий (en.wikipedia.org)

Харин эх зөгийг хээлтүүлэх үүрэг бүхий эр зөгий эвцэлдсэнийхээ дараа үхнэ. Амьд үлдсэн нь бүлийн хоол хүнс ховорддог намар цагаар үүрнээсээ хөөгдөж осгож эсвэл өлсөж үхдэг.
 
Ажилчин зөгий, эх зөгий, эр зөгийн онцлог
 (эхнээс нь дурьдав)
(www.alexanderwild.com

Ажилчин зөгий нь эм хүйстэй боловч үр тогтсон өндөг гаргах чадваргүй. Эх зөгий байхгүй үед ажилчин зөгийнөөс заримдаа үр тогтоогүй өндөг гарч эр зөгий болдог. Ажилчин зөгий бүх амьдралаа бүлийнхээ төлөө зориулдаг бөгөөд бие гүйцсэнээсээ хойш насны онцлогтоо тохирсон үүрэг гүйцэтгэнэ. Хамгийн эхлээд үүрээ цэвэрлэнэ, дараа нь авгалдай тэжээнэ, тэжээл цуглуулагч зөгийн авчирсан цэцгийн шүүс, тоосыг хүлээж авна, сархиаг барина.

Асрагч зөгий бие гүйцсэнээсээ хойш 2 долоо хоног болмогц үүргээ өөрчилж үүр хайрцагны үүдийг хамгаалах "харуулын албанд томилогдоно", үхсэн зөгийг зайлуулна. Гурван долоо хоног орчмын дараа тэжээл цуглуулах үүрэг хүлээж цэцгийн шүүс, тоос, ус олж ирэхээр үүрнээсээ ниснэ. Замч зөгий балт ургамал бүхий талбай руу бусдыгаа дагуулдаг. Тэрээр замд гарахын өмнө цэцэг бүхий бэлчээрт хүрэх зай, чиглэл зэргийг бүжгийн өвөрмөц хөдөлгөөн, авиагаар бусаддаа ойлгуулдаг аж. Ажилчин зөгийн амьдрах хугацаа янз бүрийн хүчин зүйлээс шалтгаална. Жишээлбэл, цэцгийн шүүс нөөцлөх, авгалдай тэжээх, бал цуглуулах зэргээр хамгийн ачаалалтай ажилладаг улиралд бие гүйцсэнээсээ хойш 6 долоо хоног амьдарна.

Шүүс цуглуулахаар цэцгэн дээр ирж буй зөгий
 (Зургийг Д.Ууганбаяр)

Тэжээл цуглуулагч зөгий бүлдээ шаардлагатай цэцгийн шүүс, тоос, ус олж ирээд үүрэнд ажиллаж буй зөгийнүүдийн үйл хөдөлгөөнөөс дахиад хэр зэрэг нөөц хэрэгтэй байгааг тооцоолно. Тооцоолсны үндсэн дээр хэрэгцээт тэжээл цуглуулах ажилд ижил үүрэгтэй бусдыгаа дайчилдаг бөгөөд энэ нь үлдэж буй бүлийн амьдрах орчны тогтвортой байдлыг хадгалахад тустай. Нэг үгээр хэлбэл, үүрэн доторх зөгийн тооны тэнцвэрийг хадгалж байна гэсэн үг.

Тэжээл цуглуулагч зөгий үхэхэд үүрэнд ажиллаж буй залуу ажилчин зөгийнүүдээс халааг нь авна. 

Тэжээл цуглуулагч зөгий үүрэндээ хачиг, бусад эмгэг төрүүлэгчийн халдвар, хөдөө аж ахуйн зориулалттай химийн бодис тээж ирвэл бүлд аюул нүүрлэнэ. Балт зөгийд эмгэг төрүүлдэг хачиг, цох зэрэг үе хөлтөн, бактер, мөөгөнцөр, микроспорид, вирүс бий. Бүлээ аврахын тулд балт зөгий бөхгөнөөс эхлээд баавгайтай хүртэл тэмцэж чаддаг ч тэжээл цуглуулагч зөгийд тээгдэж ирсэн хор, өвчин үүсгэгчээс хамгаалж чаддаггүй. Зөгий бүлээрээ амьдардаг учраас тэдний дунд халдвар хурдан тархах эрсдэлтэй. Ташаалавчин дах үрвэлдэйг арчилдаг ажилчин зөгий үүргээ гүйцэтгэх явцдаа эмгэг төрүүлэгч халдсан үрвэлдэйнээс эрүүлд нь халдвар дамжуулдаг.

Хүч муутай бүл рүү дайрч хураасан балыг нь дээрэмддэг хулгайч зөгий өвчин тараах бас нэг хүчин зүйл болно. Хүч муутай бүл өвчин эмгэгтэй байх нь элбэг тул хулгайч зөгий балны хамтаар эмгэг төрүүлэгч бүлдээ авчирдаг.

Зөвхөн цэцэрлэгжүүлэлт, тариалангийн аж ахуйд тоос хүртээх зорилгоор ашигладаг бүлийг тоос хүртээлт дууссаны дараа шатааж устгах ёстой ч үүнийг хийлгүй зөнд нь орхивол өвчин дэгдээх үүр уурхай болж болзошгүй.

Тэнэмэл зөгий гэдэг нь цэцгийн тоос, шүүс хурааж яваад үүр лүүгээ буцаж очилгүй төөрсөн ажилчин зөгийг хэлнэ. Тэжээл цуглуулахаар явсан зөгий үүрээ олж ирдэг ч заримдаа андуурч айлд зочлох нь бий. Энэ нь халдвар тараах бас нэг эрсдэл үүсгэнэ.

Зөгийчид дээрх эрсдэлүүдийг сайтар ойлгож, балт зөгийн бүлийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд эрүүл ахуйн үр дүнтэй менежмент хэрэгжүүлэх нь зүйтэй. Ялангуяа, зөгийн бүлээ хараа хяналтгүй нүүлгэх, үүр хайрцагнуудын жаазыг хооронд нь сольж хэрэглэх, зөгийн аж ахуйнууд үүр хайрцаг, багаж хэрэгслээ дундаа хэрэглэх буюу хүний үйл ажиллагаанаас улбаалах халдвараас сэргийлэх хэрэгтэй. Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд халдваргүйтгэл чухал ач холбогдолтой.

Балт зөгийн өвчинд урьдчилсан онош тавихад туслах гол шинжүүд:

  • Үүр хайрцагны хананд баас үзэгдвэл --- Ноземоз/ Nosema disease (Nosema apis микроспорид)

  • Шохой шиг цагаан үрвэлдэй буюу хүүхэлдэй олдвол --- Шохойжих өвчин/ Chalkbrood (Ascosphaera apis мөөгөнцөр)
  • Үүр хайрцагны үүдэнд гаж далавчтай хүүхэлдэй юм уу бие гүйцсэн зөгий олдвол  --- Варрооз/ Varroosis (Varroa destructor хачиг)        
  • Үүр хайрцагнаас үмхий үнэртэх, эсвэл хайрс олдох (өвчилсөн үрвэлдэйнээс гуужсан хатсан хайрс ташаалавчны доод хананд хавтгайлдан цуглах), үрвэлдэйн ташаалавчны хаалт нүхжиж цоохортвол --- Үжил
         Америк үжил / American foulbrood (Paenibacillus larvae үрэнцэрт бактер) 
         Европ үжил / European foulbrood (Melissococcus plutonius бактер)

Балт зөгийд одоогийн байдлаар 24 төрлийн вирүс халддаг болох нь тогтоогдоод байна. Тэдний ихэнх нь ямар нэгэн шинж тэмдэг үзүүлэлгүй балт зөгийн бүлд цөөн тоогоор эргэлдэж байдаг. Зарим нь варрао хачгаар дамжина. Одоогоор вирүсийн эсрэг эмчилгээ байхгүй. Иймд тэмцэх хамгийн сайн стратеги бол варрао хачгийн тоог цөөлөх замаар хачгаар вирүс дамжихаас сэргийлэх явдал юм.

Балт зөгийн вирүсийн гаралтай зарим өвчнийг дурьдвал:
  • Үрвэлдэй шалхайх өвчин / Sacbrood virus 
  • Зөгийн цочмог саажилтын вирүс ба Кашмир зөгийн вирүсийн халдвар / Acute bee paralysis virus and Kashmir bee virus 
  • Далавчны гаж хөгжил үүсгэгч вирүсийн халдвар / Deformed wing virus
  • Эх зөгийн өлгийвч харлах өвчин / Black queen cell virus
Японд мал эмнэлгийн зөвхөн 3 эмийг л балт зөгийд хэрэглэхийг зөвшөөрдөг. Ойрын хугацаанд балт зөгийн шинэ эм гарах магадлал хомс байгаа учир зөгийн эмэнд тэсвэртэй эмгэг төрүүлэгч бий болгохгүй байхад анхаарах нь зүйтэй. Сайтар халдваргүйтгэх замаар халдвараас хамгаалах, өвчний дэгдэлтийг тогтмол мэдээлж занших нь ач холбогдолтой. Эмийн хэрэглээ, халдваргүйтгэл болон бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээний бүртгэлийг заавал хөтөлнө.

Зөвхөн балт зөгийд зориулсан халдваргүйтгэгч бодис байхгүй. Хэрэв бусад амьтанд зориулсан халдваргүйтгэгч бодисыг зөгийд хэрэглэх гэж байгаа бол хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зөвшөөрдөгийг нь сонгоно. Шингэн бодисоор халдваргүйтгэл хийхээс өмнө үр дүнг нь сайжруулах зорилгоор гадаргуугаас зөгийн жилий, лавыг хусаж арилгана. Үүр хайрцаганд бодис үлдэхээс сэргийлж усаар сайтар угаана. Зөгийтэй шууд шүргэлцдэг гадаргууг малын хашаа хороо халдваргүйтгэгчээр шүршиж болохгүй. Төмөр гадаргуу, үүр хайрцагны доторх модон материал, идүүр зэргийг газын дөлөөр халдваргүйтгэхэд сайн.


Цэцгийн тоос цуглуулж буй ажилчин зөгий
(en.wikipedia.org)
Хойд хөлийнхөө сагсанд цэцгийн тоос (шар) дүүргэн үүр хайрцагандаа ирж буй ажилчин зөгий
(en.wikipedia.org)

Гуравдугаар хэсэг: Зөгийн эрүүл мэндийг хамгаалах, зөгийн гаралтай бүтээгдэхүүнийг хянаж шинжлэхэд оролцдог байгууллагууд

No comments:

Post a Comment