Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2017/01/18

Хариуцлага = Итгэлцэл (Японд суралцсан тэмдэглэлээс / Гуравдугаар хэсэг: Зөгийн эрүүл мэндийг хамгаалах, зөгийн гаралтай бүтээгдэхүүнийг хянаж шинжлэхэд оролцдог байгууллагууд)

Тэмдэглэл хөтөлсөн: Н.Одонцэцэг
2016 оны 12 дугаар сарын 12-21



... Энэ удаа зөгийн эрүүл мэндийг хамгаалах, зөгийн бүтээгдэхүүнийг хянаж шинжлэхэд оролцдог дөрвөн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан тухай мэдээлэл хуваалцъя. Доорх мэдээллийг боловсруулахдаа сургалтын материалаас ашигласан болно.

1. Хүнс, хөдөө аж ахуйн материалын хяналтын төв (Food and Agricultural Materials Inspection Center / цаашид FAMIC гэх

FAMIC нь хүнс, хөдөө аж ахуй (ХАА)-н материалд хяналт, шинжилгээ хийх замаар хүнсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Байгууллагын үндсэн чиглэл:
  • Бордоо, хөрс сайжруулах материал, ХАА-н зориулалттай химийн бодис, малын тэжээл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах
  • ХАА, ой, далайн гаралтай бүтээгдэхүүний чанар, шошгололтыг сайжруулах
Мөрдлөг болгодог хууль эрх зүйн баримт бичгүүд:
  • Бордооны хяналтын тухай хууль
  • Хөрсний үржил шимийг хангах тухай хууль
  • ХАА-н зориулалттай химийн бодисыг зохицуулах тухай хууль
  • Тэжээлийн аюулгүй байдлын тухай хууль
  • Тэжээвэр амьтны хоолны аюулгүй байдлын тухай хууль
  • Японы ХАА-н стандартын тухай хууль
  • Хүнсний бүтээгдэхүүнийг шошголох тухай акт
  • Хүнсний аюулгүй байдлын үндсэн акт
  • Картахенагийн хууль
FAMIC нь төрийн байгууллага учраас бордоо, ХАА-н зориулалттай химийн бодис, тэжээл, хүнсний үйлдвэр болон холбогдох бусад байгууламжид нэвтэрч газар дээр нь хяналт тавих эрхтэй.

Бордооны аюулгүй байдлын талаар:
Японы ХАА, ой, загас агнуурын яам (ХААОЗАЯ)-наас баталсан стандартад нийцсэн бордоог бүртгэж, үйлдвэрлэх, импортлох, худалдах эрх олгодог.

FAMIC нь үйлдвэрлэгчээс ирүүлсэн хүсэлтийн дагуу бүтээгдэхүүн нь Бордооны хяналтын тухай хуульд заасан стандартад нийцсэн эсэхтэй газар дээр нь очиж танилцан дээж авч лабораторит шинжилнэ.

Мөн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт болон бордоо үйлдвэрлэгчдээс гаргасан хүсэлтийн дагуу стандартыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлдэг.

ХАА-н зориулалттай химийн бодисын аюулгүй байдлын талаар
FAMIC нь ХАА-н зориулалттай химийн бодис бүртгүүлэх өргөдлийг хүлээн авч ХАА-н зориулалттай химийн бодисыг зохицуулах тухай хуульд нийцсэн эсэхийг нь хянадаг. Өргөдөлд дараах мэдээллийг багтаана. Үүнд: тухайн бодисын үйлчилгээ, тариалангийн ургамалд үлдэх үлдэгдэл, тариалангийн ургамал, хүн, амьтанд үзүүлэх хорт нөлөө, хөрс, ус, экосистемд үзүүлэх сөрөг нөлөөг шинжилсэн дүн. Эдгээр үзүүлэлтийг дээжний хамт ирүүлж FAMIC-ийн нотлох шинжилгээнд оруулна.

Мөн FAMIC нь ХАА-н зориулалттай химийн бодисыг бүртгүүлэхэд шаардлагатай шинжилгээ хийдэг бусад лабораториудыг хянаж, Лабораторийн сайн дадлыг мөрдөж байгаа эсэхийг нь нягтлах үүрэгтэй.

FAMIC нь ХАА-н зориулалттай химийн бодисын үйлдвэрт очиж тухайн бүтээгдэхүүн горимын дагуу үйлдвэрлэгдсэн эсэхийг нотлох үйлдвэрлэлийн бүртгэл болон холбогдох бусад бичиг баримтыг шалгахаас гадна лабораторийн шинжилгээнд дээж авна.

Малын тэжээлийн аюулгүй байдлын талаар
FAMIC нь тэжээл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч компани дээр очиж бүтээгдэхүүн нь ХААОЗАЯ-наас баталсан стандарт, зааврын дагуу үйлдвэрлэгдсэн эсэхийг нотлох үүднээс үйлдвэрлэл/импортын бүртгэл болон холбогдох бусад баримт бичгийг нь шалгадаг. Мөн лабораторийн шинжилгээнд дээж авч тэжээлийн нэмэлт болон аюултай бодисын хэмжээ тогтоосон түвшинд буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй эсэхийг нотолно.

Мөн үхрийн тархи сархиагтах эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор амьтны гаралтай тэжээлийн үйлдвэрт хяналт явуулдаг.

Антибиотик зэрэг тэжээлийн нэмэлтийг зах зээлд нийлүүлэхээс өмнө FAMIC-ийн шинжилгээнд зайлшгүй оруулах ёстой. Харин Үйлдвэрлэлийн сайн дадлаар баталгаажсан бүтээгдэхүүн болох нь бүртгэгдсэн тохиолдолд энэхүү шинжилгээг хийлгэх шаардлагагүй.

Тэжээвэр амьтны хоолны аюулгүй байдлын талаар
2009 оны 6 дугаар сард батлагдсан Тэжээвэр амьтны хоолны аюулгүй байдлын тухай хуулийн дагуу FAMIC нь тэжээвэр амьтны хоол үйлдвэрлэгч, импортлогч компани дээр очиж үйлдвэрлэлийн болон импортын бичиг баримтыг нь шалган бүтээгдэхүүн нь ХААОЗАЯ болон Хүрээлэн буй орчны яамнаас баталсан стандартад нийцсэн эсэхийг баталгаажуулдаг.

Мөн лабораторийн шинжилгээнд дээж авч тэжээлийн нэмэлт болон аюултай бодисын хэмжээ тогтоосон түвшинд буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй эсэхийг нотолно.

Японы ХАА-н стандарт (Japanese Agricultural Standard / цаашид JAS гэх)-ын тогтолцоог мөрдүүлэх
ХАА, ойн гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, үйлдвэрлэл, хэрэглээний зүй зохистой байдлыг хангах зорилгоор ХААОЗАЯ-наас ХАА-н стандартын тухай хуулийн хүрээнд хүнс, модон бэлдэцийн JAS стандартыг боловсруулдаг. JAS стандартад нийцсэн болох нь эрх бүхий баталгаажуулах байгууллагаар нотлогдсон бүтээгдэхүүн шошгон дээрээ JAS тэмдэг тавина.
JAS тэмдэг нь (A) ердийн, (B) тусгай, (C) органик бүтээгдэхүүний болон 
(D) үйлдвэрлэлийн мэдээлэл хавсаргасан бүтээгдэхүүний гэж 4 ангилагдах бөгөөд
тус бүрийн хэлбэр дүрс, өнгө нь ялгагдахуйц байна.
JAS стандартыг хангасан эсэхийг баталгаажуулах үйл ажиллагаа явуулах эрх авахыг хүссэн байгууллага FAMIC-т өргөдөл гаргана. FAMIC-аас тухайн байгууллага дээр очиж үйл ажиллагаа, бичиг баримт нь ISO/IEC 17011-т заасан шалгуурт тэнцэх эсэхийг шалгадаг. Мөн баталгаажуулах үйл ажиллагаа явуулах эрх авсан байгууллагуудад тогтмол хугацаанд аудит хийнэ.

JAS стандартыг батлагдсанаас хойш 5 жилээс дээшгүй хугацаанд эргэн нягталж, нийгмийн хэрэгцээ шаардлагад тохируулан шинэчилдэг. Энэхүү эргэн нягтлах ажлыг ХААОЗАЯ-ны хүсэлтээр FAMIC гүйцэтгэнэ.

Хүнсний бүтээгдэхүүнийг зохистой шошголох талаар
Хэрэглэгчдийн хэрэг эрхлэх агентлагаас Хүнсний бүтээгдэхүүнийг шошголох тухай актын хүрээнд хүнсний бүтээгдэхүүний нэр, орц найрлага, хадгалаасласан арга, үйлдвэрлэгчийн нэр, хаяг зэрэг мэдээллийг шошгонд хэрхэн бичих тухай стандарт баталдаг.

FAMIC нь зах зээлд борлогдож буй хүнснээс дээж худалдан авч лабораторит шинжлэн зөв шошголсон эсэхийг нь шалгана. Хэрэв шошгон дээрх мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй бол FAMIC болон ХААОЗАЯ-ны албаныхан газар дээр нь очиж хяналт хийнэ.

Мөн зохисгүй болон хуурамч шошголсон хүнсний талаар хэрэглэгчдээс мэдээлэл авах шууд утас ажиллуулдаг.
FAMIC-ийн салбаруудын байршил (www.famic.go.jp)
FAMIC нь Пестицидын Үлдэгдлийн Кодексын Хорооны бүрэлдэхүүнд орж, хүнс, амьтны тэжээл дэх пестицидын үлдэгдлийн дээд хязгаарыг тогтоох ажиллагаанд оролцдог.

Түүнчлэн Олон улсын стандартчилалын байгууллагын холбогдох Техникийн Хороо, Дэд Хороонд Япон улсыг төлөөлөхөөс гадна 2009 онд Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын Малын тэжээлийн аюулгүй байдал, шинжилгээний стандарт боловсруулахад 'Хамтран ажиллах төв' болжээ.

Тус байгууллагын лаборатори нь генийн өөрчлөлттэй шар буурцгийн шошонд ДНХ-ийн чанарын шинжилгээ хийх, улаан буудайд фузариум микотоксины тоон шинжилгээ хийх чиглэлээр ISO/IEC 17025 итгэмжлэл авсан.
(Зургийг С.Мөнхбаяр)
(Зургийг: С.Мөнхбаяр)

   2. Японы Хүнсний судалгааны лаборатори (Japan Food Research Laboratories / цаашид JFRL гэх
JFRL нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр технологийн дэвшил ашигласан чанарын баталгаатай шинжилгээг шударга, бие даасан байдлаар хийж, тогтсон цагт алдаа мадаггүй үр дүн гаргах зорилготой.

Тус лаборатори нь ISO 9001: 2008 олон улсын чанарын менежментийн стандартыг хангасан. Мөн хүнс болон бусад материалд хийдэг хими, нян судлал, цацраг идэвхжил/радиац, бактерийн эсрэг бэлдмэлийн үйлчлэлийг тодорхойлох шинжилгээнүүд нь ISO/IEC 17025 (JIS Q 17025) итгэмжлэл авсан.

Хүнс, малын тэжээлд тэжээллэг, эрүүл ахуйн шинжилгээ хийдэг бөгөөд тэжээллэгийн шинжилгээний үр дүн нь тухайн бүтээгдэхүүний шошгонд бичигддэг. JFRL нь Хүнсний эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох бусад хууль эрх зүйн хүрээнд пестицидын үлдэгдэл, нян судлал, химийн бохирдол болон байгалийн гаралтай хорны шинжилгээ хийдэг.

Эрүүл ахуйн шинжилгээний хамрах хүрээг онцолж дурьдвал:
  • Гений өөрчлөлттэй организм илрүүлэх
  • Хүнсэнд харшил төрүүлэгч илрүүлэх
  • Хүнсний бүтээгдэхүүнийг импортлохоос өмнө болон гаалийн үзлэгийн үед нь шинжлэх
  • Хүнсний эрүүл ахуйн хуульд заасан стандарт шинжилгээ: хүнсний нэмэлт, ундаа, хөлдүү хүнс, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн гэх мэт
  • Пестицидын үлдэгдэл, малын эмийн үлдэгдлийн шинжилгээ: антибиотик, бактерийн эсрэг нийлэг бэлдмэл гэх мэт
  • Нянгийн шинжилгээ: бичил биетийг тоолох, хүнс хордуулагч бодис илрүүлэх, бактер, хөгц мөөгөнцрийг өсгөвөрлөж тодорхойлох
  • Хүнд метал илрүүлэх: хүнцэл, хар тугалга, кадмий, мөнгөн ус гэх мэт
  • Химийн бохирдол илрүүлэх: полихлорт бифенил, диоксин, дотоод шүүрлийн үйл ажиллагааг алдагдуулагч гэх мэт
  • Микотоксин: афлатоксин, фумонизин гэх мэт
  • Гадны хольц, хэвийн бус байдлыг илрүүлэх (хэлбэр, амт, өнгө хувирсан) 
  • Цацраг илрүүлэх
  • Цацраг идэвхт нуклидын шинжилгээ (Cs-134, Cs-137, I-131) 
Түүнчлэн гоо сайхны бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгслийн шинжилгээ, орчны шинжилгээ, гэр ахуйн хэрэгсэл, химийн гаралтай бүтээгдэхүүнд эрүүл ахуй, биологийн аюулгүй байдлын шинжилгээ хийнэ.

JFRL нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад HACCP системийн сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээ явуулдаг.
JFRL-ийн салбаруудын байршил 
(JFRL-ийн танилцуулга товхимол, 2013 он)

3. NOUMINREN Хүнсний судалгааны лаборатори (NOUMINREN Food Research Laboratory
Дэлхийн худалдааны байгууллагын 1995 оны хэлэлцээрээс хойш Япон улс хүнсний импортоо нэмэгдүүлэх, зах зээлээ нээлттэй болгох шаардлагатай тулгарсан. Энэ нь хүнсний баталгаат байдал, Японы ХАА-д ноцтой нөлөөлөв.

Иймд хүнсний баталгаат байдал, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор NOUMINREN буюу Японы фермер өрхүүдийн хөдөлгөөн-өөс Японы Засгийн газар, корпорациудаас хараат бус байгууллага байгуулах санаачилга гаргаж, 1996 оны 5 дугаар сарын 20-нд гишүүд болон хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулдаг бусад иргэдийн сэтгэл санаа, санхүүгийн дэмжлэгээр хувийн 'NOUMINREN Хүнсний судалгааны лаборатори'-ийг байгуулсан байна.

Анх тус лабораторийн хүнс шинжлэх хүчин чадал хангалттай бус байсан ч 1999 онд генийн өөрчлөлттэй организм шинжлэх багаж, 2003 онд хүнд метал шинжлэх тоног төхөөрөмж суурилуулжээ. Өнөөдөр тус лабораторийн иргэдийн эрүүл мэнд, хүнсний баталгаат байдлыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүн олон нийтэд хүрч, Японы Засгийн газрын бодлогод ч нөлөөлөх болжээ.

NOUMINREN Хүнсний судалгааны лабораторийн зорилго чиглэл:
  • Иргэдийн үндсэн эрх болох хүнсний баталгаат байдлыг хамгаалах зорилгоор импортоор орж ирж буй хүнсэнд ХАА-н зориулалттай химийн бодисын үлдэгдэл, хүнд метал агуулагдаж байгаа эсэхийг шинжилж, үр дүнг нээлттэй, өргөн хүрээнд мэдээлэх
  • Японы хүнсний үйлдвэрлэл, дотоодынхоо хэрэгцээг өөрсдөө хангах үйл ажиллагааг дэмжиж, хүнсний аюулгүй байдлыг бататгах зорилгоор эх орны ХАА-н гаралтай бүтээгдэхүүнд химийн бодисын үлдэгдэл, тэжээллэгийн шинжилгээ хийх
  • Иргэдийг аль болох мэдээллээр хангах зорилгоор холбогдох мэдээлэл цуглуулж, цахим хуудас, сонин гэх мэт олон сувгаар түгээх. 

   4. Сайтама мужийн Малын эрүүл мэндийн төв (Saitama Prefecture Chuo Livestock Health Station)
     Сайтама мужийн зөгийн аж ахуйн судалгаа
Он
Бүртгэл
Үүнээс зөгийн гаралтай бүтээгдэхүүн борлуулдаг нь
Зөгийн аж ахуйн тоо
Зөгийн бүлийн тоо
Зөгийн аж ахуйн тоо
Зөгийн бүлийн тоо
2014
133
829
25
257
2015
168
1089
29
314

Нэг аж ахуйд ноогдох зөгийн бүлийн тоо
Сайтама мужийн Малын эрүүл мэндийн төвөөс Зөгийн эрүүл мэнд, зөгийн гаралтай бүтээгдэхүүний асуудлаар цогц үйлчилгээ үзүүлдэг. Үүнд:
  • Зөгийн аж ахуй эрхлэгчдийн судалгаа хийх
  • Зөгийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг судлах
  • Үжил (Америк үжил, Европ үжил)-ийн тандалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
  • Үжил гарсан үед тэмцэх арга хэмжээ зохион байгуулах
  • Үжлийн хяналт хийж, тодорхойлолт гаргах
  • Зөгийн үндсэн арчилгаа маллагаатай холбоотой мэдээллээр хангах
Зөгийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг дараах асуумжаар судална. Үүнд:
  • Бүтээгдэхүүнээ борлуулдаг эсэх
  • Зөгийн бал, лав, сүүнцэр үйлдвэрлэлийн хэмжээ
  • Тоос хүртээлтийн зорилгоор зөгий үржүүлдэг эсэх (тариалангийн төрөл, бүлийн тоо, түрээслэсэн болон худалдсан үнийн дүн)
  • Балт ургамал тариалдаг эсэх (ургамлын төрөл, тариалсан талбай) 
  • Зөгийн аж ахуйн эргэн тойронд балт ургамал ургадаг эсэх (ургамлын төрөл, талбай) 
  • Зэрлэг зөгий, лавны эрвээхий зэргээс шалтгаалсан хохирол гарсан эсэх
Зөгийн эрүүл мэндийн хяналтын хуанли:
  • 1 дүгээр сар: Зөгийн аж ахуй, зөгийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн судалгаа хийх
  • 2 дугаар сар: Судалгааны дүнг нэгтгэх
  • 3 дугаар сарын эхний 10 хоног: Үжлийн хяналтын төлөвлөгөө боловсруулж, зөгийчинд шуудангаар мэдэгдэл хүргэх
  • 3 дугаар сарын сүүлийн 10 хоногоос 5 дугаар сар хүртэл: Үжлийн хяналт хэрэгжүүлэх; 7 хоногийн 3 өдөр 2 баг гарч зөгийн аж ахуйнуудаар тойрно. Нэг баг өдөрт 3-6 аж ахуйгаар орно.
Үжлийн хяналтын багийн удирдамжийн ерөнхий агуулга:
  • Хяналтын төлөвлөгөө
  • Хяналтанд хамрагдах объект
  • Хяналтын үр дүнд үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээ (өвчний сэжиг илэрсэн болон илрээгүй тохиолдол тус бүрт)
  • Үжлийн халдвар гарсан нь тогтоогдсон тохиолдолд зөгийн аж ахуйн эд зүйлд үнэлгээ хийх
  • Бохирдсон эд зүйлийг устгах гэх мэт.
Зөгийн аж ахуйд хяналт хийхэд шаардлагатай багаж хэрэгсэл 
(Зургийг сургалтын материалаас авав):
  • Хувцас: нүүрний халхавч, малгай, комбинзон, алчуур, нимгэн бээлий, зузаан бээлий, түрийтэй гутал
  • Багаж хэрэгсэл: утуур, сонингийн цаас, бүтээлэг даавуу, асаагуур, ховхчуур, шүдний чигчлүүр, чих ухдаг хөвөнтэй мод, гуурсан хоолой, спирт, картон хайрцаг, том, жижиг гялгар уут
  • Баримт материал: хяналтын хүснэгт, гэрчилгээ, хяналтын тодорхойлолт, огноо бүхий тамга, тамганы тос, зөгийн гарын авлага, хайч, бусад бичиг хэрэгсэл
Зөгийн бүлийг нүүлгэх буюу борлуулах үед тус төвөөс Үжлийн хяналтын гэрчилгээ олгодог. Суурин аргаар зөгий маллаж байгаа тохиолдолд хяналтанд орсон үүр хайрцагт Хянавгэсэн наалт наана.

Үжлээс бусад өвчний тухайд
Үжлийн хяналтын явцад шохойжих өвчин, варрооз илэрвэл тэмцэх арга хэмжээг зөгийчинд тайлбарлана. Үүнд: варроозын эсрэг эм бэлдмэлийг хэрхэн худалдаж авах, хэрэглэх арга, зөгийн баланд эм үлдэхээс сэргийлэх, эм хэрэглэснээс хойшхи хүлээх хугацаа зэрэг орно. Хүмүүс зөгийн мөгөөрсөн хоолойн хачиг (Acarapis woodi)-ийн халдварын талаар нэлээд асуудаг. Зөгийн арчилгаа маллагаа дутмаг үед лавны эрвээхий ч асуудал үүсгэнэ.

Сүүлийн үед зөгий маллах сонирхолтой иргэдийн тоо нэмэгдэж байгаа тул тэднийг мэдээллээр хангах шаардлага тулгарч байна. Зөгийн аж ахуй эрхлэгчдэд зориулсан гарын авлагад дараах зүйлс багтана:
  • Зөгийн аж ахуйн эрүүл ахуйн хяналт
  • Зөгийн үүлдэр
  • Зөгийн өвчин
  • Арчилгаа маллагаа
  • Зөгийн эм бэлдмэлийн хэрэглээ
  • Халдваргүйтгэл хийх аргачлал
  • Хүнсний бүтээгдэхүүн дэх эм бэлдмэлийн үлдэгдлээс сэргийлэх журам
  • Зөгийд хатгуулсан тохиолдолд авах арга хэмжээ
Тус төвд Америк үжил, Европ үжлийг дурандах, сүүний шинжилгээ,
полимеразын гинжин урвал, үүсгэгчийг өсгөвөрлөх аргаар шинжилдэг 

(Зургийг С.Ариунтөгс). 

Ийнхүү Японы ХАА, ойн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (JAICAF)-ээс ЖАЙКА (JICA)-гийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг Зөгийн аж ахуйг хөгжүүлэх замаар орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх төсөл-өөс зохион байгуулсан Зөгийн өвчин, зөгийн балны чанарын менежмент сэдэвт сургалтаар олж авсан мэдээллийнхээ тэмдэглэлийг өндөрлөж байна. Энэхүү сургалтыг зохион байгуулсан бүх хүнд дахин талархал илэрхийлье. Мөн тэмдэглэлийг уншиж, бага ч болов мэдээлэл авсан танд баярлалаа.

No comments:

Post a Comment