Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2016/02/03

Мал эмнэлгийн боловсролыг шинжлэх ухаанчаар судлахуй

Мэдээний эх сурвалж: www.oie.int
Т.Ж.Паркинсон, Шинэ Зеландын Массейн их сургуулийн Мал эмнэлэг, амьтан, био-анагаахын шинжлэх ухааны хүрээлэн
ДАЭМБ-аас "Мал эмнэлгийн боловсрол, Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн үүрэг" сэдвээр зохион байгуулсан Дэлхийн мал эмнэлгийн боловсролын 3 дугаар зөвлөгөөнд тавьсан илтгэл, 2013.12.04

Хураангуй
Сүүлийн үед мал эмнэлгийн хөтөлбөрийн бүтэц, оюутнуудын суралцах арга барилаас эхлээд мэргэжлийн зэргийн чансаа, хөтөлбөрийг эргэн нягталж чанаржуулах зэрэг цогц асуудлуудыг хөндсөн судалгааны олон бүтээл нийтлэгдэх боллоо. Нэг үеийг бодвол мал эмнэлгийн хөтөлбөр, суралцахуйн чиглэлийн ихэнх судалгааны үр дүн мэргэжлийн багийн шүүлтүүрт тэнцэж сэтгүүлд хэвлэгдэх хэмжээнд хүртэл хөгжжээ. Энэхүү илтгэлд анагаах ухаан, мал эмнэлгийн боловсролын заах арга зүйд, ялангуяа оюутан төвтэй, идэвхтэй, дадлагажуулах сургалтыг эрхэмлэх талаар гарч буй гол өөрчлөлтүүдийг танилцуулна.
Колорадо мужийн их сургуулийн оюутнуудын санал асуулгаар 
Мал эмнэлэг, био-анагаахын шинжлэх ухааны сургуулийн 
багш, доктор Мари Легаре 2015 оны шилдэг багшаар тодорчээ. 
Түүний тухай source.colostate.edu сурвалжаас уншина уу.
Уламжлалт аргыг бодвол идэвхтэй, дадлагажуулахад чиглэсэн сургах/суралцах орчинд оюутнууд илүүтэй татагдаж, хичээлийн оролцоо, ой тогтоолт нь нэмэгдэн, мэдлэгээ практикт ашиглах чадвартай болдог байна. Танин мэдэхүй, нөлөөлөхүй (бие даан ажиллах, үр ашигтай суралцах, харилцах) болон үйлдэхүйн чадварт зэрэг анхаардаг болов. Ялангуяа оюутны мэдлэг, чадварыг шалгаж үнэлэх аргачлалыг хэвшмэл байдлаас гаргаж, боловсронгуй, бодит болгохыг зорьсон судалгааны олон бүтээл нийтлэгджээ. Уламжлалт хөтөлбөрөөс идэвхтэй/дадлагажуулах хөтөлбөрт шилжих аргачлалд нэгэн хэмийн жор гэж байхгүй. Цохож хэлэхэд, оюутнуудад асуудлыг шийдвэрлэх чадамж суулгах стратеги баримталж буй хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэхэд учирдаг зарим хүндрэлийн улмаас нүүр буруулж, багш төвтэй сургалтын арга барилдаа эргэж ордог сургууль ч ховор бус тохиолддог.
Элсэлтийн шалгалт хоёр үндсэн шалгууртай. Үүний эрдмийн шалгуурыг үнэлэхэд хялбар байдаг бол хувь хүний мөн чанар/туршлагыг хэмжихэд илүү хүндрэлтэй. Элсэлтийн шалгалтын шалгуур ба төгсөгчийн чадвар хоорондын уялдааны талаар судалгааны бүтээл хомс байна. Малын эмч нар мэргэжлээрээ хэр удаан ажиллах нь мал эмнэлгийн сургуулийн элсэлтийн сонгон шалгаруулалт болон хөтөлбөрийн зохион байгуулалт, арга барилтай хэрхэн харилцан хамаардаг талаар бүтээл нэлээд ховор байгаа нь цаашид судлах шаардлагатайг харуулж байна.

Удиртгал
Өнгөрсөн дөчөөд жилийн хугацаанд мал эмнэлгийн боловсролын судалгаа ялангуяа насанд хүрэгчдэд дээд боловсролыг үр дүнтэй олгох зарчмын ерөнхий ойлголттой зэрэгцэн хурдацтай хөгжжээ. Мал эмнэлгийн сургалтын хөтөлбөрийг дээд боловсролын сайн туршлагад нийцүүлэн шинэчилж байгаа энэ цаг үед мал эмнэлгийн багш нар өөрсдийн хийсэн өөрчлөлт шинэчлэлийг эргэн харж, нягталж, оюутанд илэрч байгаа үр дүнгээр үр ашгийг нь хэмжицгээж байна. Мал эмнэлгийн боловсролын судалгаа зөвхөн оюутнуудын танин мэдэхүйн чадвараар хязгаарлагдахаа больжээ. Малын эмчийн мэргэжлийн чадвар, асуудлыг шийдвэрлэх чадамж нь хэр хөгжиж байгааг түлхүү судлах болсон байна. Ялангуяа эдгээр чадварыг олгоход шаардлагатай хөтөлбөрийн агуулга, заах арга зүй, оюутны үнэлгээний системийг туршин судалж байгаа нь олон нийт хүлээн зөвшөөрөхүйц сургалтын арга барил бий болоход чухал ач холбогдолтой.
Оюутны сэтгэл ханамж буюу хичээлдээ дур сонирхолтой эсэх, идэвх, ой тогтоолт, мэдлэгээ практикт ашиглах ур дүй, малын эмчийн хандлагын төлөвшил, цаашлаад мал эмнэлгийн сургууль төгсөгч мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллахад түшиц эсвэл саад болдог хүчин зүйлүүд хөтөлбөрт хэр тусгагдсаныг судлах болжээ. Оюутнуудын ачаалал, тэднийг мэдээллээр хэт дарснаас үүдэх үр дагаварыг судлах явдал ч өргөжсөөр байна. Оюутнуудад асуудлыг шийдвэрлэх, өөрийгөө удирдах чадвар суулгах нь төгсөж гараад мэргэжлээрээ ажиллахад тулгарах бэрхшээлийг шийдэх чадамж олгож буй хэрэг.
Бутархай, эсвэл судлаачийн хүрээллээс хэтрэхгүй жижиг судалгааны ажил тооны хувьд олон байна. Нөгөө талаар, хүний суралцах зан үйл, хандлагыг судална гэдэг мал эмнэлгийн биологийн туршилттай тэр бүр нийцэхгүй ойлголт юм. Хэдий ийм бэрхшээл байгаа ч мал эмнэлгийн боловсролын заах арга зүйн онол, практикийн үндэс болсон олон ойлголт, зөвшилцлийг эдгээр судалгааны бүтээл бий болгожээ.
Мал эмнэлгийн боловсролын судалгааны үр дүн мал эмнэлгийн сэтгүүлд хэвлэгдэх явдал эрчимжиж байгаа нь томоохон ололт юм. Энэхүү эрчимжлийн шалтгаан олон янз: үүнд, мал эмнэлгийн салбараас эхлээд мал эмнэлгийн сургууль төгсөгчийн чадвар зэрэг олон асуудал хөндөгдөх болов; сэтгүүлийн редакторууд чанарын судалгааны арга болон социологийн судалгааны өгөгдөлийн 'ярвигтай талыг' илүү ойлгох болов; түүнээс дутуугүйгээр шинжлэх ухаан, анагаах ухаан болон мал эмнэлгийн боловсролын асуудал хөндсөн бүтээл нийтэлсэн сэтгүүлүүдийг сонирхон уншигчид олширч, амжилттай борлуулагдах болсныг дурьдах нь зүйтэй.

Сургах, суралцах орчин
Сүүлийн үед мэдээллийн цар хүрээ өргөжсөнөөс гадна, ажил олгогчид өргөн мэдлэгтэй бус харин алив нэг чиглэлээр гүнзгий мэдлэгтэй хүнийг ажилд авах сонирхол нэмэгдэж байгаатай уялдан уламжлалт хөтөлбөрийн 'мэдээллээр булдаг' арга барил зөв эсэхэд эргэлздэг болж байна. Мөн дээд боловсрол олгохдоо цээжлүүлээд, шалгалтын үеэр цээжилснийг нь тэр чигээр нь 'гулгиулж гаргадаг' байсан өмнөх үеийг бодвол оюутнуудын идэвхтэй оролцоо, сургалтын үр дүнд түлхүү анхаардаг болсон нь мал эмнэлгийн хөтөлбөрт шинэчлэл хийх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Хэт хоосон цээжлүүлэх, идэвхтэй суралцах орчныг бүрдүүлэхгүй байх, сурсан зүйлээ практикт хэрэглэж асуудлыг шийдвэрлэхдээ ашиглаж чадаж байгаад нь бус зүгээр цээжилсэн зүйлийг нь хэлүүлж шалгах нь нимгэн мэдлэгтэй, суралцах идэвхгүй оюутнуудыг бий болгодог талаар маш олон судалгааны бүтээлд дурьджээ. Оюутан өөрөө хэчнээн ухаантай, идэвхтэй байсан ч сургалт "тааруу" бол хүссэн хэмжээнд амжилт үзүүлдэггүй. Оюутны оролцоо, ой тогтоолтыг нэмэгдүүлэх олон арга бий. Ялангуяа дунд ангийн оюутнуудад анзаарагддаг үлбэгэр, өнгөц сурах үзэгдлийн эсрэг ихэнх сургууль идэвхтэй, зохион байгуулалттай суралцах орчныг бий болгохын ач холбогдлыг ухамсарлажээ.
Дээрх асуудлуудыг шийдвэрлэх гол арга зам нь онолоос практикт чиглэсэн, идэвхгүй цээжлэх биш олж авсан мэдлэгээ идэвхтэйгээр цэгцлэх чадвар олгох сургалт зохион байгуулахад оршино. Уламжлалт хөтөлбөрийн эсрэг туйл гэж хэлж болох 'Асуудлыг шийдвэрлэх чадамж олгох сургалт/Problem-based learning (PBL)/'-ын хөтөлбөрийг зарим сургууль хэрэгжүүлж байна. Шинжлэх ухаан, клиник мэдлэгийг хөгжүүлэхэд чиглэсэн 'тохиолдлууд (бодлого)'-ыг оюутнуудаар судлуулах замаар тархийг нь ажиллуулдаг нь энэхүү хөтөлбөрийн гол онцлог юм. Доктор Лэйн мал эмнэлгийн хөтөлбөрийн PBL сургалтын давуу болон сул талын талаар хийгдсэн судалгаануудад дүн шинжилгээ хийж үзэхэд хүмүүс хоорондын идэвхтэй харилцаа шаарддаг нь зарим талаар бэрхшээл учруулж байсныг эс тооцвол оюутнууд PBL-д уламжлалт, багш төвтэй сургалтаас илүү дур сонирхолтой байгаа нь ажиглагджээ. Уламжлалт хөтөлбөрийг бодвол PBL сургалтын үед оюутнуудад өгөх мэдээлэл харьцангуй бага байдаг ч тархинд үлдэх үлдэц нь илүү, гүн гүнзгий, хөтөлбөрийн хэвтээ болон босоо чиглэлд уялдсан байдаг. PBL сургалтын агуулгын хамрах хүрээг нарийн тодорхойлох боломжгүй ч ийм хөтөлбөрөөр мэргэжил эзэмшсэн ялангуяа хүний эмч нарыг уламжлалт хөтөлбөрөөр мэргэжил эзэмшсэн эмч нартай харьцуулахад мэдлэгийн хувьд эн тэнцүү, бүр илүү гэдэг нь итгэмжлэлийн шалгалтын үеэр нотлогдсон байна. Харин малын эмч нарын хувьд энэ дүр зургийг яг таг тогтоосон мэдээлэл ховор байна. Нөгөө талаар PBL сургалттай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нарын идэвх, оролцоо ихээхэн шаардлагатай тул боловсон хүчинд зарцуулах төсвийн улмаас тогтвортой байдалд хүндрэл учирдаг тал бий. Иймд том бүлгээр хичээллэж зардал хэмнэдэг арга барилыг PBL-ын давуу талтай хослуулсан хөтөлбөрийг бас боловсруулжээ.      
Оюутнуудын суралцах үйлийг бодитой дэмжих зорилгоор хөтөлбөрийг уялдуулах олон арга ашигладаг. Жишээлбэл, сургуульд элссэн цагаас нь клиник сургалтанд хамруулах нь тэдний оролцоог нэмэгдүүлж, тархинд үлдэх мэдлэгийг арвижуулдаг. Хөтөлбөрийн уялдааг хангах нь хичээл хоорондын уялдааг ойлгоход тусалж, аливаа асуудлыг нэг өнцгөөс биш олон өнцгөөс харах чадвар олгоно. Түүнээс гадна уялдсан хөтөлбөрөөр хичээллэсэн оюутанд учир шалтгааныг тайлсан онош тавих чадвар түлхүү хөгждөг онцлогтой. Жишээлбэл, анагаахын хөтөлбөрийг эрхтэн тогтолцоогоор зохион байгуулахад оюутнуудын мэдлэг мөн адил загвараар эрэмбэлэгддэг бөгөөд олон хүчин зүйлээс шалтгаалсан клиник асуудлыг шийдвэрлэхдээ эрэмбэлэгдсэн мэдлэгээсээ шүүж ашигладаг. Гэвч суурь шинжлэх ухааны мэдлэгээ ашиглах гэтэл санахгүй, санасан ч удах, будилах бэрхшээл бий. Оюутнууд онолын мэдлэгээ клиник жишээн дээр ашиглаж сурсан тохиолдолд л онол, практикийг хослуулах чадвартай болдог. 
Мал эмнэлгийн шинжлэх ухааны тодорхой сэдвүүдийг, ялангуяа хүмүүсийн ойшоож үздэггүй юм уу заахад хүндрэлтэй хичээлүүдийг оюутнуудад ойлгуулдаг нийтлэг аргууд бий. Уламжлалт аргачлалыг бодвол оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сургалтын олон янзын материал ашигладаг болжээ. Өвдөлтийн менежмент, эмгэг бүтэц судлал, мэдрэл судлал, шимэгч судлал, рентген зураг авалт, эдийг микроскопоор дурандах, эс судлал зэрэг хичээлд уламжлалт бус технологиор үзүүлэн таниулах материал бэлдэж хэрэглэдэг болов. Ийм материал ашиглахад оюутнуудын сонирхол, оролцоо, ой тогтоолт нэмэгдэх ерөнхий хандлага ажиглагддаг. Ёс зүйн асуудал, амьтны сэг зэмийн олдоц ховор зэргээс голчлон улбаалж анатоми (биеийн бүтэц судлал)-ийн хичээлд уламжлалт бус загвар, модель, хадгалааслах шинэ технологи, компьютер аргачлалуудыг өргөнөөр ашиглах болов. Сонирхолтой нь, ийм шинэ санаачилгууд нэвтэрсэн хэдий ч уламжлалт задлангийн арга нэр хүндээ алдаагүй хэвээр байгаа нь оюутнуудын сонирхол, оролцоог дэмжихэд бодит (амьд) материалтай ажиллах цагийн доод хязгаар гэж заавал байх ёстойг харуулж байна. 
Олж авсан мэдээлэлээ харьцуулах, уялдуулах, нэгтгэхэд нь оюутнуудыг идэвхжүүлэх зорилгоор мал нядалгааны газар, ферм зэрэг томоохон объектуудыг компьютер графикийн аргаар дүрслэн харуулдаг болжээ. Эдгээр нь бодит нөхцөлд тэр бүр дадлага хийх боломжгүй оюутнуудад гол ойлголт өгөх, төсөөлөл бий болгох ач холбогдолтой. Сүүлийн үед мал эмнэлгийн хөтөлбөрт мал эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн асуудлын эзлэх байр суурь нэмэгдэж байгаа ч оюутнууд энэ сэдэвт төдийлөн анхаарал хандуулдаггүй тул тэдний сонирхлыг татах зорилгоор иймэрхүү загвар ашиглах болжээ. Бүр сонирхолтой нь, бодит сценари бүхий компьютер тоглоомын технологийг сургалтанд ашигласнаар сэтгэн бодох үйлээ үйлдэл болгож, үр дүнгээ шалгах боломжийг оюутнуудад олгож байна. Амьд амьтан ашигладаг сайтар зохион байгуулалт, чиглүүлэг бүхий клиник сургалтыг дээрх орчин үеийн аргуудтай хослуулан хэрэглэвэл уламжлалт сургалтын сул талыг нөхөх, амьд амьтан хэрэглэх явдлыг багасгах, өөртөө илүү итгэлтэй, ур чадвартай малын эмч бэлдэх боломж олгоно.

Мэргэжлийн чадвар
Мал эмнэлгийн мэргэжлийн цаашдын чиг хандлага, хүлээлттэй уялдан мал эмнэлгийн хөтөлбөрөөр мэргэжлийн чадвар эзэмшүүлэх асуудалд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Ийм чадварыг хэрхэн заах, тухайн заасан зүйлээс оюутанд юу үлдсэнийг хэрхэн шалгаж үнэлэх талаар шинэлэг судалгаа шаардлагатай байна. Үүнээс мал эмнэлгийн оюутан мэргэжлийн чухам ямар чадварт суралцах шаардлагатайг тодорхойлох нь хамгийн ярвигтай асуудлуудын нэг юм. Өөрөөр хэлбэл, хэдийгээр мэргэжлийн хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгийг хүмүүс сайн мэддэг ч уг чадварыг хөтөлбөрт томъёолох нь амаргүй гэсэн үг. Мөн эдгээр чадвар эзэмшсэн эсэхийг нь хянахад ямар шалгуур тавих вэ гэдэг бүр хүндрэлтэй асуудал. Мэргэжлийн чадвар олгох заах арга зүй төдийлөн тодорхой бус байгаа тул итгэмжлэлийн шаардлагад сайтар уялдуулан оруулах шаардлагатай байна. 
Өвчтөнтэй харилцах, тэдэнд зөвлөгөө өгөх дадлагыг анагаахын оюутнуудаар хийлгэдэг байсан бол сүүлийн үед мал эмнэлгийн ангийн оюутнуудад малчин, амьтны эзэнтэй харилцах хичээл ордог болсон нь нэн үнэлүүштэй санаачилга болсон. Харилцах чадварыг хөгжүүлэхийн тулд жүжигчид, сэтгэл судлалын чиглэлээр магистр, докторантурт сурч буй оюутнуудыг урьж малчин, амьтны эзний дүрд тоглуулж, мал эмнэлгийн ангийн оюутнууд өөрсдөө малын эмч болж жүжиглэдэг, эсвэл өөрсдөө дээрх бүх дүрд тоглодог. Хөтөлбөр хөгжихийн хэрээр ийм жүжигчилсэн тоглолт хэлбэрээр харилцааны чадвараа сайжруулах хичээл түлхүү орох болсон нь хуваарилагдсан дүрээ хэр чадварлаг амилуулсан эсэх дүгнэлтээ өөрөө өөртөө хийх, хөндлөнгөөс ажигласан буюу малчин, амьтны эзний дүрд тоглосон хүмүүс болон багш нарынхаа санал, зөвлөмжийг сонсох боломжийг оюутнуудад олгож байна. 
Мэргэжлийн тэргүүлэх чадварт үнэнч байх, сонсох, өөрийгөө бусдын оронд тавьж чаддаг байх, үйлчлүүлэгчийн хүндлэл, итгэлийг олж чаддаг байх, багаар ажиллах, өөрийнхөө чадварын хязгаарыг мэдэж бусдаас тусламж авч чаддаг байх чанаруудыг оруулсан байдаг. Сонирхолтой нь, оюутнуудыг бодвол ажил олгогчид шударга, найдвартай, нягт нямбай чанарт илүү ач холбогдол өгдөг аж. Дээрх чанаруудыг оюутнуудад зааж сургана гэдэг бол харьцангуй хүнд ажил. Оюутнууд эдгээр чанарыг танхимд гэхээсээ илүүтэй эмнэлгүүдээр дадлага хийх явцдаа, клиникийн эмч нарын үлгэрлэлээс олж авдаг. Жишээлбэл, ахлах ангийн оюутнууд болон тэдний багш нарын ёс зүйн хандлага ижил байдаг нь багш нарын үлгэр жишээ оюутанд тусгалаа олдгийг нотлон харуулж байна. 
Анагаахын боловсролын хувьд мэргэжлийн чадварыг клиник дадлагын үеэр буюу эмч нараас үлгэр жишээ авахаар хязгаарлахгүйгээр хөтөлбөрийн салшгүй бодгаль болгожээ. Ийм хөтөлбөрт гарсан нэг үр дүн нь анагаахын оюутнуудын ёс зүйн хандлагыг хөндлөнгийн нөлөөллөөс аль болох ангид үнэлэх хэрэгслийг боловсруулсан явдал юм. Өдгөө мал эмнэлгийн боловсрол анагаахын боловсролын туршлагаас суралцан, энэхүү дэвшлийг нэвтрүүлэхийг зорьж байна.

Оюутны мэдлэг, чадвар, ялангуяа клиник чадварыг шалгах (үнэлэх) тухай
Клиник болон мэргэжлийн чадварыг шалгаж үнэлэх асуудал маргаан, судалгааны сэдэв болсоор ирлээ. Эдгээр чадварыг үнэлэх эссе (essay) бичүүлэх, олон сонголтот тест (multiple choice question/MCQ) зэрэг уламжлалт аргуудын үнэ цэнэд эргэлзэх хандлага нэмэгдсээр байгаа нь ийм төрлийн шалгалтууд сэтгэх чадварыг шалгахаас илүүтэй цээжилсэн зүйл/нарийн ширийнд анхаарал хандуулах эрсдэлтэй байдагтай холбоотой. MCQ шалгалтын хувьд оюутнуудын цээжилсэн зүйлийг буюу сурах бичгийн тодорхойлолтыг эргэн санаж байгааг шалгахаас бус хүн бүр өөр өөрөөр сэтгэдэг, тухайн зүйлийг бүхэлд нь биш юмаа гэхэд тодорхой хэмжээнд ойлгосон эсэхийг нь ойшоодоггүй сул талтай. Гэвч Анагаахын сургуулийн элсэлтийн шалгалтын тест (Medical College Admissions Test)-ийн үнэлгээнд үндэслэн эссе заавал сул талтай байх албагүй гэсэн дүгнэлт бас гарсан байдаг. Мөн MCQ болон Асуулт, хариултыг тохируулах тест (extended matching questions/EMQ)-ийг ч гэсэн сайтар боловсруулж болно гэж үздэг судлаачид бий.
Сүүлийн үед анагаах ухаан, мал эмнэлгийн сургуулиудад клиник чадварыг үнэлэхдээ Зорилтот зохион байгуулалттай клиник шалгалт/objective structured clinical examination (OSCE)-ыг өргөнөөр ашиглах болсон. Үүнийг зөвхөн төгсөлтийн шалгалтанд бус, мөн мэргэжлийн чадварыг үнэлэхэд ашигладаг. OSCE-д зориулж жижиг сценари бэлддэг бөгөөд богино хэмжээнд амаар хариулах, эсвэл клиник үйлдэл хийж үзүүлэх, үзлэг, шинжилгээний хариуг зөв тайлж унших, эмчилгээний эм бэлдмэлийн жор бичих, баримтжуулах гэх мэт чадварыг шалгадаг. OSCE-гийн үед дараалсан шат дамжлагаар олон чадвар шалгадаг тул хөтөлбөрийн агуулгаас аль болох зохистой харьцаагаар түүвэрлэж оруулдаг.
Гэвч OSCE-д зарим сул тал бий. Хэдийгээр OSCE бие даасан чадваруудыг сайтар зохион байгуулалттай үнэлэхэд зохимжтой ч илүү цогц, нийлмэл чадварыг шалгахад нэгж дамжлагын хугацаа хангалтгүй байх магадлалтай. Иймд илүү урт хугацаа зарцуулж гүйцэтгэх даалгавраар шалгалт авдаг Шууд ажиглах клиник шалгалт (Direct Observation Clinical Encounter Examinations/DOCEE)-ыг OSCE-гоос илүү үр дүнтэй гэж үздэг тал бий. DOCEE нь шалгалтын бодит чанарыг дээшлүүлж, жишээ нь, ажлын байран дээр клиник үйлдлийг хэр гүйцэтгэж байгааг нь ажиглах замаар оюутнуудын клиник чадвар, сэтгэлгээнд дүгнэлт өгөх боломж олгодог. Мөн шууд ажиглалтын бусад арга буюу Процедурын чадварыг шууд ажиглах (Direct Observation of Procedural Skills/DOPS), Клиник үнэлгээний мини-дасгал (Mini Clinical Evaluation Exercise), Олон сурвалжит үнэлгээ (Multi-source feedback)-г үйлдвэрлэлийн болон сургуулийн дадлагын үеэр оюутнуудын харилцаа, мэргэжлийн чадварыг үнэлэхэд ашигладаг.
Английн Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (Royal College of Veterinary Surgeons)-өөс тодорхойлсон Мал эмнэлгийн сургууль төгсөгчийн эзэмшсэн байвал зохих наад захын чадварын жагсаалт, Америкийн мал эмнэлгийн холбооноос тодорхойлсон Клиникийн үндсэн чадвар (Core clinical competencies)-ыг итгэмжлэлийн байгууллагууд баримтлах явдал өргөжиж байгаа нь сургалтын үр дүн буюу мал эмнэлгийн төгсөлтийн шалгалтын шалгуур үзүүлэлтийг тодорхойлох боломж олгож байна. Үнэлгээний дүнг компьютерын өгөгдлийн санд хадгалж заншвал оюутан стандарт чадварыг эзэмшсэн эсэх хөдөлшгүй нотолгоо болохоос гадна сургалтын үйл ажиллагаа чухам хаана доголдож байгааг илрүүлэх ач холбогдолтой.
Аман шалгалтыг зарим судлаачид бодит байдалтай төдийлөн нийцэхгүй, хэвшмэл зан үйлээс ялгарахгүй шахам болсон арга хэмээн ойшоодоггүй. Харин нөгөө нэг хэсэг нь асуудлыг шийдвэрлэх чадамж шалгахад сайн арга гэж үздэг. Түүнчлэн амьд харилцаа шаарддаг анагаах ухаан, мал эмнэлгийн салбарын оюутнуудад тохирсон шалгалт гэж үзэх нь ч бий. Аман шалгалтыг сайн зохион байгуулахад учирдаг бэрхшээлүүд (жишээ нь, стандарт асуулт ашиглах, тоо баримт асуух, оюутны хувийн зан чанар, өөртөө итгэх итгэл нь шалгалтын дүнд нөлөөлөх, шалгалтын агуулгыг чанаргүй төлөвлөх, оюутны стрессийг багш нь зохицуулж чадахгүй байх)-ийг хүмүүс сайн мэддэг бөгөөд үүнийг залруулахад харьцангуй хялбар байдаг. Аман шалгалтыг амжилттай зохион байгуулахад анхны сэтгэгдэл, урьдчилсан дүн, эцсийн дүн гэсэн 3 үе шаттай процессыг туулдаг. Үүний нэгэн адилаар шалгалт авч байгаа багш үндсэн асуулт, сорих асуулт, баталгаажуулах асуулт асуудаг. Үндсэн асуулт нь товч, нээлттэй байх бөгөөд хариулт нь дараагийн асуултанд нөлөөлдөг. Удаах асуулт нь сорих шинжтэй байх бөгөөд шалгалтандаа тэнцэх эсэхийг шийдэх, оюутны чансааг үзэх зорилготой. Баталгаажуулах асуулт нь урьдчилсан дүнг бататгах зорилготой бөгөөд урьдчилсан дүн тавихад ашигласнаас арай дээд түвшний асуултанд хариулж дүнгээ ахиулах боломж олгодог.
Ийнхүү өнгөрсөн 30 жилийн хугацаанд мал эмнэлгийн сургуулийн төгсөлтийн шалгалтын зарчимд нэлээд өөрчлөлт оржээ. Урьд нь тохиолдлын клиник менежментийн талаар оюутны мэргэжлийн болоод клиник чадварыг шалгахаас илүүтэй цээжилсэн тоо баримтыг нь шалгадаг байв. Харин өнөөдөр үйлдвэрлэлийн дадлага, сургалтын эмнэлэгт суралцаж байх үед нь клиник, процедурын, мэргэжлийн болон үндэслэлтэй оношлох чадварыг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шалгуур үзүүлэлтийн дагуу ажиглалтын аргаар шалгадаг арга барил түлхүү нэвтэрч байгаа бөгөөд мэдээллийг хэр цээжилснийг нь бус мэдлэгээ ашиглаж чадаж байна уу гэдэгт илүүтэй анхаарах болжээ. Үр дүнтэй шалгалт нь олон төрлийн чадварыг дээжлэн үнэлж, сэтгэн бодох ба үйлдэл хоорондын уялдааг илрүүлэхийг зорьдог.

Элсэлт ба мэргэжлээрээ ажиллах хугацаа
Элсэлтийн сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлт нь мал эмнэлгийн сургуульд амжилттай суралцах, цаашлаад мэргэжлээрээ ажиллах хугацаанд ямар нөлөө үзүүлдэг талаар хүмүүсийн бодол санаа харилцан адилгүй байдаг. Мэргэжлийн сэтгэл ханамж, мэргэжлээрээ ажиллах хугацааны талаар хамгийн цогц мэдээлэл цуглуулсан судалгаагаар Тревор Хитийн судалгааг нэрлэдэг. Тэрээр голдуу Австралийн Квинслендын их сургуулийн оюутан, төгсөгчдийг гучаад жилийн турш судалжээ. 1970-90-ээд онд төгсөгчдийн хувьд анхны ажлын байрнаасаа авсан сэтгэл ханамж доогуур байсан бол энэ үзүүлэлт сүүлийн үед өсөж байгаа аж. Сэтгэл ханамж муу байсан нь хэмжээнээс хэтэрсэн стресс, хамт ажиллагсдын дэмжлэг хомс, ажил-амьдралын тэнцвэр алдагдсан, цалин пүнлүү бага, ажил олгогчийн ёс зүйн хандлага доголдсонтой холбоотой байв. Төгссөнөөсөө хойш 10 жилийн хугацаанд 20% нь мал эмнэлгийн салбарт ажиллахаа бүрмөсөн больсон бол 43% нь малын эмчийг цагийн ажил байдлаар хийдэг болсон байна. Иймэрхүү дүр зураг Шинэ Зеландад ч гэсэн ажиглагддаг.
Мэргэжлээрээ он удаан жил ажиллахад оюутан болохоос өмнөх үеийн сурлага нөлөөлж байна уу, эсвэл оюутан үеийн амжилт нөлөөлж байна уу гэдгийг яг таг тодорхойлсон судалгааны үр дүн алга байна. Гэсэн хэдий ч Хитийн судалгаанаас харахад малын эмч нарыг хөдөө орон нутаг буюу мал аж ахуйн салбарт тогтвор суурьшилтай ажиллуулахад хүндрэлтэй хэвээр байна. Мал эмнэлгийн сургуульд хөдөө орон нутгийн малчин айлын хүүхдүүдийг түлхүү элсүүлэх нь төгсөөд нутагтаа очих магадлалыг нэмэгдүүлэх эсэх асуудал хэлэлцүүлгийн халуун сэдэв болдог. Австрали, Техас, Их Британид хотоос гаралтай малын эмч нарыг бодвол хөдөө орон нутгаас гаралтай малын эмч нар сургууль төгссөнөөсөө хойш 10 жилийн хугацаанд мал аж ахуйн салбарт тогтвортой ажиллаж байгаа хувь нь өндөр гэсэн үзүүлэлт гарчээ. Иймд мал эмнэлгийн сургуульд мал аж ахуйн дадлагыг зохистой түвшинд зохион байгуулах нь хот, хөдөөнөөс ирсэн оюутнуудын ялгааг багасгахад чухал ач холбогдолтой.

Дүгнэлт 
Мал эмнэлгийн боловсролын судалгаа нь мал эмнэлгийн хөтөлбөрийн өөрчлөлттэй нягт уялдаатай хөгжиж байна. Үйлдвэрлэлд ажиллаж буй малын эмч нарын эзэмшсэн байвал зохих чадвар, дээд боловсролын заах арга зүйн орчны өөрчлөлт, мал эмнэлгийн итгэмжлэх байгууллагуудын шаардлага чансаажив. Нөгөө талаар, мэдээллийн тэсрэлт, дижитал технологийн дэвшил нь өмнөх үеийн малын эмч нарыг бэлдэхэд хангалттай гэж үнэлэгдэж байсан хөтөлбөрийг өөрчлөхийг шаардаж эхлэв. Энэхүү өөрчлөлт шинэчлэл нь мал эмнэлгийн хөтөлбөрийг илүү сорилттой, илүү сонирхолтой, илүү зөв төлөвлөлт бүхий үнэлгээний системтэй, мал эмнэлгийн цаашдын эрэлт хэрэгцээнд илүү сайн нийцсэн малын эмч бэлдэхэд чиглүүлж байна.             

No comments:

Post a Comment