Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог
Showing posts with label Мал эмнэлгийн боловсрол. Show all posts
Showing posts with label Мал эмнэлгийн боловсрол. Show all posts

2017/12/26

"Мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтнуудын асуудал Ази тивд" сэдэвт Бүсийн зөвлөгөөн (Мэдээлэл №5)

Эх сурвалж: Зөвлөгөөний материал
2017 оны 12 дугаар сарын 06-08

Өмнөх мэдээллүүдийг доорх линкээр орж уншина уу.
Мэдээлэл №1
Мэдээлэл №2
Мэдээлэл №3
Мэдээлэл №4

Тус зөвлөгөөнд Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-аас томилогдсон 'Мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтан (МЭМТА)-уудын эзэмшсэн байвал зохих наад захын ур чадварын жагсаалт, Сургалтын цөм хөтөлбөр боловсруулах' ажлын хэсгийн ахлагч Иохан Уустуизен Цөм хөтөлбөрийнхөө төслийг танилцуулав. Түүний илтгэлийн зарим слайдыг доор толилуулъя.
МЭМТА-уудын сургалтын чиг хандлагыг тодорхойлох, хөтөлбөр боловсруулахад гарт барих лавлах материалтай болж байгаа нь нэн сайшаалтай. Энэхүү төсөл удахгүй эцэслэгдэж бидний гарт ирнэ.

2017/12/23

"Мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтнуудын асуудал Ази тивд" сэдэвт Бүсийн зөвлөгөөн (Мэдээлэл №4)

Эх сурвалж: Зөвлөгөөний материал
2017 оны 12 дугаар сарын 06-08

Өмнөх мэдээллүүдийг доорх линкээр орж уншина уу.
Мэдээлэл №1
Мэдээлэл №2
Мэдээлэл №3

Энэ удаа Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас боловсруулж буй гурван чиглэлийн Мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтан (МЭМТА)-уудын эзэмшсэн байвал зохих ур чадварын жагсаалтын төслийг танилцуулъя. Энэхүү жагсаалт нь улс орнуудын онцлог, хэрэгцээ шаардлагатай хэр нийцэж байгааг тодруулах зорилгоор Малын ерөнхий эмч нараар дамжуулан санал авч байгаа юм байна. 
Мөн тус ур чадварын жагсаалттай уялдуулан МЭМТА-уудын сургалтын цөм хөтөлбөрийн загварыг боловсруулж байгаа ажээ. Эдгээр баримт бичиг удахгүй эцэслэгдэж, та бидний гарт ирнэ.
Мэдээлэлжих үүднээс МЭМТА-уудын эзэмшсэн байвал зохих ур чадварын жагсаалтын төслийн англи эхтэй танилцана уу. Үүнд нийт 16 үйл ажиллагааны хүрээнд хамрах 47 ур чадвар багтжээ. 

2017/12/20

"Мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтнуудын асуудал Ази тивд" сэдэвт Бүсийн зөвлөгөөн (Мэдээлэл №3)

Эх сурвалж: Зөвлөгөөний материал
2017 оны 12 дугаар сарын 06-08

Өмнөх мэдээллүүдийг доорх линкээр орж уншина уу.
Мэдээлэл №1
Мэдээлэл №2

Энэ удаа тус Зөвлөгөөний эхний хоёр өдрийн илтгэл, хэлэлцүүлгүүдээс гарсан санаа, санал, санаачилгуудыг зохион байгуулагч тал хэрхэн нэгтгэж дүгнэснийг танилцуулъя. Англи эхийг мөн хавсаргав.

2017/12/13

"Мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтнуудын асуудал Ази тивд" сэдэвт Бүсийн зөвлөгөөн (Мэдээлэл №2)

2017 оны 12 дугаар сарын 06-08

Тус арга хэмжээний талаар цуврал болгон бэлдсэн мэдээллийн 2 дах хэсгийг танилцуулж байна. Энэ удаа 2012-2016 онд хэрэгжсэн Швейцарийн хөгжлийн агентлагийн Малын эрүүл мэнд төслийн хүрээнд хийгдсэн "Малын эмч, мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтан (МЭМТА)-уудын эрэлт, нийлүүлэлтийн үнэлгээ"-ний дүнд тулгуурлан бэлдсэн илтгэлийг түлхүү толилуулах болно. 

Эхний хэсгийг доорх линкээр орж уншина уу.

МЭМТА-уудын асуудлаар Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ) 2015 оноос эхлэн нүүр тулсан уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, холбогдох байгууллага, иргэд, мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байгаа билээ. Яагаад? Та юу гэж бодож байна?

2017/12/12

“Мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтнуудын асуудал Ази тивд” сэдэвт Бүсийн зөвлөгөөн (Мэдээлэл №1)

Эх сурвалж: Зөвлөгөөний тараах материал
Зурагны эх сурвалж: ДАЭМБ
2017 оны 12 дугаар сарын 06-08

Жич: Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдсан тус арга хэмжээнд энэхүү тэмдэглэлийг бичигч Одонцэцэг миний бие болон Дорнод Политехник коллежийн мал эмнэлгийн багш Д.Энхжаргал нар оролцож, 2012-2016 онд хэрэгжсэн Швейцарийн хөгжлийн агентлагийн Малын эрүүл мэнд төслийн хүрээнд хийгдсэн "Малын эмч, мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтан (МЭМТА)-уудын эрэлт, нийлүүлэлтийн үнэлгээ"-ний дүнд тулгуурлан Одонцэцэг илтгэл тавив.
Энэхүү Бүсийн зөвлөгөөнөөр эрх бүхий Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (МЭМЗ/Veterinary Statutory Body) байгуулж, малын эмч, МЭМТА-уудын боловсрол, итгэмжлэл, чанарын асуудлыг нэгдсэн байдлаар зохицуулахын ач холбогдлыг онцолж, улс орнууд туршлагаа хуваалцав. 
(Тайлбар: МЭМЗ нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай шинэ хуулийн төсөлд "Малын эмч нарын танхим" гэсэн нэршлээр бүлэг болж орсон ч явцдаа хасагджээ.) 

Хуралд тавьсан илтгэл болон оролцогчдоос гаргасан гол санаа, санаачилга, туршлагуудаас цуврал байдлаар мэдээлэл боловсруулан Танд хүргэх болно.
Эхний мэдээллийг хүлээн авна уу.


2016/08/05

Мал эмнэлгийн боловсрол олгож буй арга барилаа яг одоо эргэцүүлцгээе

Мэдээний эх сурвалж: veterinarynews.dvm360.com
Зохиогчид: Питер Эйр, Роберт Браун, Чарльз Вэйнер, Ричард Дебоус, Жэймс Вилсон
Мал эмнэлгийн анхны сургуулийг 
Клод Буржела 1762 онд 
Лион хотод байгуулжээ 
(en.wikipedia.org)
Мал эмнэлэг, түүний боловсон хүчинг бэлтгэдэг боловсролын салбарт тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх гаргалгааг олохыг хичээж буй баг хамт олон нэлээдгүй байна. Америкийн мал эмнэлгийн холбоо (АМЭХ)-ны ерөнхийлөгч, доктор Тед Кон саяхан хэлсэн үгэндээ 'хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн хэрэгцээнд мал эмнэлгийн мэргэжлийг нийцүүлэхийн тулд боловсролын тогтолцоог өөрчлөх шаардлагатай' байгааг цохон тэмдэглэсэн билээ. Тэрээр мэргэжлийнхээ нөхцөл байдлыг мэдрэхийн тулд алсын хараатай, хүсэл зоригтой, шударга зарчмыг баримтлан ажиллаж, харилцан хүндэтгэлтэйгээр асуудлаа хамтран шийдэж байхыг мал эмнэлгийн байгууллага, сургуулиудад хандан уриалсан юм.
Доорх нийтлэлийн зорилго нь энэхүү уриалгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Мал эмнэлгийн сургалтыг сэтгэн бодох чадавхыг түлхүү хөгжүүлсэн, бүтээмжтэй, мэргэжилтэй нь уялдуулсан байдлаар зохион байгуулах ёстой. Бидний санал болгож буй өөрчлөлтүүд нь мал эмнэлгийн мэргэжлийн ирээдүйг улам гэрэл гэгээтэй болгоно гэдэгт итгэлтэй байна.
Юуны өмнө, мал эмнэлгийн сургуулиуд өөрийнхөө төдийгүй нийт мал эмнэлгийн мэргэжил, үйлчилж буй нийгмийнхээ хэрэгцээ шаардлагыг харгалзан өөртөө дүгнэлт хийх чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэх зарим аргачлалыг дараах байдлаар сийрүүлэв.

2016/07/08

"ЗУРАГЛАЛААР орчуулагч" - ёстой гайхалтай!

Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулсан Мал эмнэлгийн боловсролын 4 дүгээр зөвлөгөөн (www.oie.int)-өөр яригдсан гол асуудлуудын талаар тэмдэглэл хөтөлснөө та бүхэнд 6 дугаар сарын 30-ны өдөр хүргэсэн билээ.
Тус зөвлөгөөн дээр гайхалтай санаа, гайхалтай авъяас, гайхалтай сэтгэн бодох чадвар цогцлоосон нэгэн залуу бүтээлээрээ олныг гайхашруулж байсныг зориуд тусад нь мэдээлэл болгон танилцуулъя гэж бодлоо. Тэр бол зураглалаар чиглүүлэгч, мэдээллийн загварчлалын мэргэжилтэн Сэм Брэд (Sam Bradd). Бритиш Колумбын их сургуулийн Боловсролын магистрын зэрэгтэй. Авъяас чадварыг нь үнэлсэн олон улсын олон байгууллага стратеги төлөвлөгөөгөө зураглалаар харуулах, 'үгэн' мэдээлэлд 'зурган' тэмдэглэл хөтлүүлэх, 'зурган' орчуулга хийлгэх, уулзалт хэлэлцүүлэгт оролцогчдын идэвхийг өрнүүлэхдээ Сэмийг урьдаг болжээ.
Сэм Брэд (drawingchange.com)
Мал эмнэлгийн боловсролын зөвлөгөөнд тавигдаж буй илтгэлүүдийг сонсонгоо утгыг нь самбарт хадсан цаасан дээр буулгаад зогсоод байхаар нь "Мал эмнэлгийн чиглэлээр ажилладаг зургийн авъяастай хүн байх" гэж бодож байлаа. Гэтэл тийм биш байж. Өөр мэргэжлийнх мөртлөө тэр ярьж байгаа зүйлийн утгыг бүрэн ойлгоод, яаж тэгэж шүүж базаж дүрсэлдэг байна аа гэж биширсэн шүү!
Түүний ажил үйлстэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл drawingchange.com сайтаар орно уу.
За ингээд зөвлөгөөнөөр яригдсан асуудлуудыг цааснаа хэрхэн буулгасныг нь тольдоё.
(Жич: Эдгээр зургийг ДАЭМБ-ын цахим хуудаснаас www.oie.int болон Отгонтөгс багшаас авав.)

2016/06/30

Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулсан Мал эмнэлгийн боловсролын 4 дүгээр зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлуудын тухай товч мэдээлэл

Мэдээний эх сурвалж: www.oie.int 
2016 оны 6 дугаар сарын 30
Тэмдэглэл хөтөлсөн: Малын эмч Намсрайжавын Одонцэцэг
Мал эмнэлгийн боловсролын дэлхийн 4 дүгээр зөвлөгөөн Тайландын Бангкок хотноо 2016 оны 6 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлуудаас мал эмнэлгийн сургуулиудын хослон ажиллах хөтөлбөр; тив тус бүрт мал эмнэлгийн боловсрол хэр хөгжиж байгаа тухай нэгдсэн дүгнэлт; мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтан (МЭМТА)-уудын үүрэг, тэдний боловсрол, зохицуулалтын асуудал; мал эмнэлгийн сургуулиудыг итгэмжлэх үндэсний болон бүсийн хэмжээний байгууллагуудын үйл ажиллагаа; Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (Veterinary Statutory Body / сонирхуулахад, улс орнуудад энэ байгууллагыг ‘Veterinary Council’ гэж нэрлэх нь түгээмэл байдаг юм байна)-ийн үүрэг; мал эмнэлгийн сургуулийн оюутнуудад удирдан манлайлах чадвар хэрхэн олгох тухай; оюутнуудын суралцах арга барил, хүсэл эрмэлзэл; онлайн сургалт; мал эмнэлгийн сургуулийн багш нарыг чадавхжуулах тухай зэрэг сэдвүүд олны анхаарлыг татаж байлаа.

2016/02/03

Мал эмнэлгийн боловсролыг шинжлэх ухаанчаар судлахуй

Мэдээний эх сурвалж: www.oie.int
Т.Ж.Паркинсон, Шинэ Зеландын Массейн их сургуулийн Мал эмнэлэг, амьтан, био-анагаахын шинжлэх ухааны хүрээлэн
ДАЭМБ-аас "Мал эмнэлгийн боловсрол, Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн үүрэг" сэдвээр зохион байгуулсан Дэлхийн мал эмнэлгийн боловсролын 3 дугаар зөвлөгөөнд тавьсан илтгэл, 2013.12.04

Хураангуй
Сүүлийн үед мал эмнэлгийн хөтөлбөрийн бүтэц, оюутнуудын суралцах арга барилаас эхлээд мэргэжлийн зэргийн чансаа, хөтөлбөрийг эргэн нягталж чанаржуулах зэрэг цогц асуудлуудыг хөндсөн судалгааны олон бүтээл нийтлэгдэх боллоо. Нэг үеийг бодвол мал эмнэлгийн хөтөлбөр, суралцахуйн чиглэлийн ихэнх судалгааны үр дүн мэргэжлийн багийн шүүлтүүрт тэнцэж сэтгүүлд хэвлэгдэх хэмжээнд хүртэл хөгжжээ. Энэхүү илтгэлд анагаах ухаан, мал эмнэлгийн боловсролын заах арга зүйд, ялангуяа оюутан төвтэй, идэвхтэй, дадлагажуулах сургалтыг эрхэмлэх талаар гарч буй гол өөрчлөлтүүдийг танилцуулна.
Колорадо мужийн их сургуулийн оюутнуудын санал асуулгаар 
Мал эмнэлэг, био-анагаахын шинжлэх ухааны сургуулийн 
багш, доктор Мари Легаре 2015 оны шилдэг багшаар тодорчээ. 
Түүний тухай source.colostate.edu сурвалжаас уншина уу.
Уламжлалт аргыг бодвол идэвхтэй, дадлагажуулахад чиглэсэн сургах/суралцах орчинд оюутнууд илүүтэй татагдаж, хичээлийн оролцоо, ой тогтоолт нь нэмэгдэн, мэдлэгээ практикт ашиглах чадвартай болдог байна. Танин мэдэхүй, нөлөөлөхүй (бие даан ажиллах, үр ашигтай суралцах, харилцах) болон үйлдэхүйн чадварт зэрэг анхаардаг болов. Ялангуяа оюутны мэдлэг, чадварыг шалгаж үнэлэх аргачлалыг хэвшмэл байдлаас гаргаж, боловсронгуй, бодит болгохыг зорьсон судалгааны олон бүтээл нийтлэгджээ. Уламжлалт хөтөлбөрөөс идэвхтэй/дадлагажуулах хөтөлбөрт шилжих аргачлалд нэгэн хэмийн жор гэж байхгүй. Цохож хэлэхэд, оюутнуудад асуудлыг шийдвэрлэх чадамж суулгах стратеги баримталж буй хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэхэд учирдаг зарим хүндрэлийн улмаас нүүр буруулж, багш төвтэй сургалтын арга барилдаа эргэж ордог сургууль ч ховор бус тохиолддог.
Элсэлтийн шалгалт хоёр үндсэн шалгууртай. Үүний эрдмийн шалгуурыг үнэлэхэд хялбар байдаг бол хувь хүний мөн чанар/туршлагыг хэмжихэд илүү хүндрэлтэй. Элсэлтийн шалгалтын шалгуур ба төгсөгчийн чадвар хоорондын уялдааны талаар судалгааны бүтээл хомс байна. Малын эмч нар мэргэжлээрээ хэр удаан ажиллах нь мал эмнэлгийн сургуулийн элсэлтийн сонгон шалгаруулалт болон хөтөлбөрийн зохион байгуулалт, арга барилтай хэрхэн харилцан хамаардаг талаар бүтээл нэлээд ховор байгаа нь цаашид судлах шаардлагатайг харуулж байна.

2015/08/03

Мал эмнэлгийн бондын төсөл сайшаалтай ажлын эхлэл боллоо

Мэдээний эх сурвалж: www.massey.ac.nz
2009 оны 2 дугаар сарын 23
Хөдөө орон нутгийн малын эмч нарын хомсдолтой тэмцэх зорилгоор Засгийн газраас дэвшүүлсэн бондын төслийг Шинэ Зеландын тэргүүлэх малын эмч нар талархан хүлээн авлаа. Энэ төслийн хүрээнд заагдсан нутагт очиж ажиллах малын эмч нарт 5 жил хүртэлх хугацаанд жил бүр 11,000 долларын төлбөр төлөх ажээ.

Мал эмнэлгийн сургуулиудын танилцуулга

Доорх линкээр орж танилцана уу.
www.worldvet.org