2016 оны 6 дугаар сарын 30
Тэмдэглэл хөтөлсөн: Малын эмч Намсрайжавын Одонцэцэг
Мал эмнэлгийн боловсролын дэлхийн 4 дүгээр зөвлөгөөн
Тайландын Бангкок хотноо 2016 оны 6 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлуудаас мал эмнэлгийн сургуулиудын хослон ажиллах
хөтөлбөр; тив тус
бүрт мал эмнэлгийн боловсрол хэр хөгжиж байгаа тухай нэгдсэн дүгнэлт; мал эмнэлгийн
мэргэжлийн туслах ажилтан (МЭМТА)-уудын үүрэг,
тэдний боловсрол, зохицуулалтын асуудал; мал
эмнэлгийн сургуулиудыг итгэмжлэх үндэсний болон бүсийн хэмжээний
байгууллагуудын үйл ажиллагаа; Мал
эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (Veterinary Statutory Body / сонирхуулахад, улс орнуудад энэ байгууллагыг ‘Veterinary Council’ гэж нэрлэх нь түгээмэл байдаг юм байна)-ийн үүрэг; мал эмнэлгийн сургуулийн оюутнуудад удирдан манлайлах чадвар
хэрхэн олгох тухай;
оюутнуудын суралцах арга барил, хүсэл эрмэлзэл; онлайн сургалт; мал эмнэлгийн
сургуулийн багш нарыг чадавхжуулах тухай зэрэг сэдвүүд олны анхаарлыг татаж
байлаа.
Өндөр хөгжилтэй болон хөгжиж буй
орнуудын мал эмнэлгийн сургуулиудын хослон ажиллах хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж
эхэлжээ. Тайландын Чиан Мэйн их сургууль болон АНУ-ын Миннесотагийн их сургууль; Шри-Ланкын
Перадениягийн их сургууль болон Шинэ Зеландын Массейн их сургууль; Йорданы Шинжлэх
ухаан, технологийн их сургууль болон Английн Лондонгийн их сургуулийн Хатан
хааны мал эмнэлгийн сургууль хооронд хамтран хэрэгжүүлсэн хослон ажиллах
хөтөлбөрийн талаар үр шим хүртэгч сургуулиудын удирдлагууд илтгэв. Зарим онцлог
санааг дурьдвал, энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Чиан Мэйн их сургууль
хөтөлбөрийнхөө тохирлын зураглал хийснээс гадна заах арга зүйн шинэчлэлийн
хүрээнд онлайн сургалтын модуль боловсруулсан байна. Энэ сургуулийн “ТОМООР сэтгэ, багаас эхэл, хурдан ахиц дэвшил гарга
/ Think BIG, start small, scale fast”
гэдэг уриа хувь хүн надад ихэд таалагдав.
Перадениягийн их сургуулийн хувьд асуудлыг
шийдвэрлэх чадамж суулгах, уялдсан, оюутныг сургуульд орсон анхны өдрөөс нь мал
амьтантай харьцаж сургах, мэргэжлийн “зөөлөн” ур чадвар эзэмшүүлэх шинэ хөтөлбөр
хэрэгжүүлж эхэлснээс гадна багш нарыг шударга үнэлэх нь тэдний заах арга барилыг сайжруулахад нэн чухал болохыг онцлов.
Йорданы Шинжлэх ухаан, технологийн
их сургууль хөтөлбөр
боловсруулахдаа ашигласан ‘мал эмнэлгийн сургууль төгсөгчийн эзэмшсэн байвал зохих наад захын чадвар
/ Day 1 Competencies буюу D1C’-ынхаа жагсаалтыг Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-аас зөвлөсөн D1C-тай харьцуулж
тусгай программаар хамаарлын зураглал гаргасан нь олны анхаарлыг ихэд татаж,
мөн адил ийм зураглал хийж үзэх хүсэл эрмэлзлийг нь өдөөв.
Ер нь эдгээр үр шим хүртэгч сургуулиудын илтгэл, яриаг ажиж байхад олон улсын хамтын ажиллагааны боломж олдсон л бол түүнийг дээд зэргээр ашиглаж чаддаг, удирдлага нь үүний төлөө оюун ухаанаа дайчилж төлөвлөлт, бүх зохион байгуулалтаа чиглүүлж чаддаг, багш ажиллагсад нь багаараа зорилгынхоо төлөө хамтарч ажиллаж чаддаг нь харагдаж байлаа.
Ер нь эдгээр үр шим хүртэгч сургуулиудын илтгэл, яриаг ажиж байхад олон улсын хамтын ажиллагааны боломж олдсон л бол түүнийг дээд зэргээр ашиглаж чаддаг, удирдлага нь үүний төлөө оюун ухаанаа дайчилж төлөвлөлт, бүх зохион байгуулалтаа чиглүүлж чаддаг, багш ажиллагсад нь багаараа зорилгынхоо төлөө хамтарч ажиллаж чаддаг нь харагдаж байлаа.
Мөн мал эмнэлгийн сургуулиудын
хөгжил, нөхцөл байдлын талаар тив болгон хийсэн судалгаагаа танилцуулав. Европт нийт
145 мал эмнэлгийн сургууль байдгаас 96 нь ‘Европын мал эмнэлгийн сургуулиудын холбоо
/ European Association of Establishments for Veterinary Education буюу EAEVE’-ны гишүүн ажээ. Мал
эмнэлгийн боловсролын үйлчилгээ эрхэлж, итгэмжлэхэд 2005/38/EC, 2013/55/EU
директив, ISO 9001,
EAEVE-ийн үнэлгээ, итгэмжлэлийн заавар, журмыг баримталдаг.
Хэдийгээр Европын зарим сургууль үндэсний итгэмжлэлд ордог ч төгсөгчдөө бусад
оронд ажиллуулахын тулд EAEVE болон бусад олон
улсын итгэмжлэлд хамрагдах шаардлагатай болдог байна.
Ойрх Дорнодын мал эмнэлгийн
сургуулиудын тухай илтгэлд PhD зэрэгтэй
багшаас илүүтэй итгэмжлэл бүхий клиникийн багш нар шаардлагатай байгааг дурьдаж
байлаа. Мөн мал эмнэлгийн боловсролд ДАЭМБ-ын төлөөлөгч, Мал эмнэлгийн
мэргэжлийн зөвлөлийн гүйцэтгэх үүргийг цохон тэмдэглэж байв.
Хойд Америк, Өмнөд Америкийн мал
эмнэлгийн сургуулиудыг газрын зургаар харуулахад Хойд Америкт цөөн, харин Өмнөд
Америкт нягтшил өндөртэй
харагдаж байв. Гэтэл зарим сургуулийн мэдээлэл энд ороогүй гэнэ ...
Жишээ нь, ганцхан Бразилд л гэхэд нийт 200 мал эмнэлгийн сургууль байдаг ч энэхүү
нэгдсэн дүгнэлтэнд 44 нь л мэдээллээ оруулжээ. Энэ нь мал эмнэлгийн сургуулиуд
мэдээлэл солилцохдоо хойрго ханддагийг харуулж байна. Мөн тус бүс нутагт МЭМТА-уудын
зохицуулалт сул байгааг дурьдаад, тэд чухам ямар үүрэгтэй ажиллаж байгааг
судлах шаардлагатайг онцолсон юм.
Африкийн мал эмнэлгийн сургуулиудын
тухай илтгэлээс МЭМТА-уудын боловсролын талаар хэлсэн зүйл анхаарал татав. Тус
тивд МЭМТА болохын тулд 2-3 жил сурдаг боловч цаашид зөвхөн 3 жил болгох төлөвлөгөөтэй
байгаа ажээ. Ингэснээр тэдний чадамж сайжирч, ажлын байрны олдоц нэмэгдэх юм
байна.
Африкийн хувьд мал эмнэлгийн салбарт
ажиллагсдын дийлэнхийг МЭМТА эзэлдэг ажээ. Ийм учраас ч тэрүү, Африкийн Мал
эмнэлгийн техникчдийн холбооны ерөнхийлөгч Бенсон Амеда маш сонирхолтой илтгэл
тавьж олон улсын анхаарлыг МЭМТА тийш хандуулж чадав. Тэрээр Африкийн мал эмнэлгийн
салбарт МЭМТА чухал үүрэг гүйцэтгэдэг учраас тэдний боловсрол, зохицуулалтанд
онцгой анхаарал хандуулах шаардлагатайг онцлон тэмдэглэв. Тус зөвлөгөөний
зөвлөмжөөр дамжуулж МЭМТА-уудын эзэмшвэл зохих наад захын чадварын жагсаалт, сургалтын
цөм хөтөлбөр (Core curriculum) боловсруулахыг ДАЭМБ-д
хандаж уриалав. Магадгүй ойрын 3-4 жилд эдгээр баримт бичиг бий болж батлагдвал
Монгол Улсад ч ач холбогдлоо өгөх нь дамжиггүй.
Оролцогчдоос илтгэгчдэд хандаж ‘Мал эмнэлгийн
сургуулийг хэн ашиг сонирхлын зөрчлөөс ангид итгэмжилж чадах вэ?’ гэсэн асуулт
тавив. Хариулт нь: Эхлээд сургуульд үнэлгээ хийх Стандарт ажлын заавар (Standard
operational procedure) боловсруулах ёстой. Үнэлгээний хороо ил тод зарчмаар ажиллах
бөгөөд үнэлгээ хийлгэж буй сургууль Өөрийн үнэлгээний тайлан (Self-evaluation report), үнэлгээний
багийн өгсөн дүгнэлтийг олон нийтэд нээлттэй болгох ёстой. Жишээ нь, итгэмжлэгдсэн
сургуулиудад ажилладаг 100 гаруй мэргэжилтэн EAEVE-ийн үнэлгээний
багт орж ажилладаг. Үнэлгээний багт орсон гишүүд Ёс зүйтэй ажиллах дүрэм (Code
of conduct)-тэй урьдчилан танилцаж гарын үсэг зурсан байх ёстой. Мал эмнэлгийн
сургуулийг үнэлж, итгэмжлэх системтэй болоё, эсвэл байгаа системээ улам сайжруулъя
гэсэн улсад EAEVE туслахад бэлэн
гэдгээ мэдэгдэв.
Английн Хатан хааны мал эмнэлгийн
сургуулийн захирал Стюарт Рейд мал эмнэлгийн сургуулийн итгэмжлэлийн талаар
илтгэл тавьж, олны анхаарлыг хэд хэдэн зарчимд хандуулав; Үүнд: итгэмжлэл ил
тод байх (Өөрийн
үнэлгээний тайлан болон үнэлгээний багийн дүгнэлтийг олон нийтэд нээлттэй
болгох), шударга
байх, тогтвортой байх, үр дүнтэй байх (бусад
үнэлгээ, итгэмжлэлтэй давхцахгүй байх), шаардлага
шалгуур нь биелүүлж болохуйц байх, энгийн байх. Мөн тэрээр итгэмжлэлийн
тодорхойлолт, стандарт, процесс хоорондын уялдааг хангах шаардлагатайг анхааруулав.
Азийн мал эмнэлгийн сургуулиудын
талаар илтгэлд гарсан нэг чухал мэдээлэл: Азийн Мал эмнэлгийн сургуулиудын
холбооны 14 дүгээр хурлаас Хөтөлбөрийн
стандартчилал, итгэмжлэлийн систем бий болгох ажлын хэсэг буюу ‘Working
group of Curriculum standardization and accreditation’ томилогджээ.
Уг ажлын хэсэг 6 гишүүнтэй юм байна.
Доктор Стефан Мартинотын тавьсан
илтгэлд мал эмнэлгийн сургуулийг итгэмжлэх байгууллага нь чанарын баталгаатай
үйлчилгээ үзүүлдэг; олон
нийт, оролцогч талуудад хүлээн зөвшөөрөгдсөн; мал эмнэлгийн мэргэжлийнх байх шаардлагатай гэж томъёолов.
Үнэлгээ хийж, үр дүнг олон нийт, төр засагт нээлттэй болгох нь тэдний
дэмжлэгийг авахад чухал ач холбогдолтой. “Үнэлгээгээр
бид ийм дүнтэй гарлаа; Цаашид
бид үйл ажиллагаагаа ийм түвшинд хүртэл сайжруулах шаардлагатай байна; Үүний тулд та
бүхний ийм тус дэмжлэг хэрэгтэй байна” гэж
тайлбарлах нь ээ. Мал
эмнэлгийн сургуулийг итгэмжлэх нь олон нийтэд ч, суралцаж буй эсвэл элсэн
суралцахаар зэхэж буй оюутнуудад ч, мөн тухайн сургуулийн хөтөлбөр хүлээн
зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл хөгжихөд олон талын ач холбогдолтой.
Массейн их сургуулийн доктор Тим
Паркинсон мал эмнэлгийн сургуульд элсэгчдэд зориулж удирдан манлайлах чадвар
хөгжүүлэх сургалт зохион байгуулж буй туршлагаа хуваалцав. Оюутнуудыг нэгдүгээр
ангид ормогц 3-5 хоногоор ‘манайхаар бол хөдөө явуулж’ бие биетэйгээ
ижил дасал болох, бие биенийхээ зан араншинг мэдэлцэж хүлээцтэй хандаж сурах,
удирдан манлайлах чадварыг нь хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж янз бүрийн дасгал,
хөгжөөнт тоглоом ашиглан сургалт явуулдаг байна. Ийм сургалтанд явсан
оюутнуудыг сургалтанд оролцоогүй оюутнуудтай харьцуулахад эрс ялгаа ажиглагджээ. Тэд илүү манлайлагч, илүү хүлээцтэй, илүү нөлөөлөгч болсон байв.
Энэ зөвлөгөөний хамгийн сэтгэл
хөдөлгөм мөч бол Олон улсын мал эмнэлгийн оюутны холбооны хоёр гишүүн буюу
оюутан зөвлөгөөнд оролцож буй багш нарт хандан ‘оюутнууд багш
нараасаа юу хүсдэг’ талаар
танилцуулга хийсэн явдал байлаа. Оюутнуудын дунд явуулсан санал асуулгаар нийт
оролцогчдын 90 хувь нь ‘Амжилт’-ыг ‘Аз жаргалтай байх’ гэж хариулсан
байна. Нэг ёсондоо мэргэжлээсээ таашаал авна гэдэг нь өөр юутай ч харьцуулшгүй
аз жаргалыг тэдэнд авчирдаг бөгөөд үүнийгээ тэд ‘Амжилт’ хэмээн
томъёолжээ. Мөн багш
нар оюутнууддаа сургуулийнхаа хөтөлбөрийн талаар тайлбарлаж, яагаад тэдэнд ийм
хөтөлбөрөөр сургалт явуулж байгаагаа ойлгуулах нь чухал гэнэ. Оюутнуудаас “Яагаад малын
эмчийн мэргэжлийг сонгосон бэ?”
гэж асуусан байна. Тэднийг “Амьтанд
хайртай болохоор ...” гэж хариулах
байх гэж бодтол 85 хувь нь “Нэг эрүүл
мэнд - үзэл баримтлалыг сонирхдог учраас ...” гэж хариулжээ. Тэдэнд малын эмч, хүний эмч нар хамтран
ажиллах болсон нь таалагдсан байна. Оюутнуудаас төгсөөд ямар чиглэлээр ажиллах
талаар асуухад 90 хувь нь ‘мал
эмнэлэгт ажиллана’ гэж
хариулсан байна. Түүнчлэн оюутнууд багш нараасаа багшлах ур чадвар, харилцааны
ур чадвараа сайжруулахыг хүсдэг гэнэ. Оюутнууд интернетээс мэргэжлийн мэдээллээ
хялбархан олдог болсон өнөө үед багш нар мэдлэг, мэдээллээ байнга сайжруулж явахгүй
бол оюутнаасаа хоцрогдож ‘гологдох’ эрсдэлтэйг ч
сануулав.
Мал эмнэлгийн боловсролын талаар
судалгаа хийхэд учирдаг нэг бэрхшээл бол туршилтын ‘хяналтын бүлэг’ байдаггүйтэй
холбоотой гэнэ. Нэг сургуулийн нэг хэсэг оюутанд нэг янзын хөтөлбөрөөр, нөгөө
хэсэгт нь өөр хөтөлбөрөөр хичээл орох боломжгүй аж. Ер нь аливаа юмыг ‘сурна’ гэдэг нь ‘гардан хийж
чаддаг болно’ гэсэн үг
юм байна. Онлайн сургалт буюу ‘e-learning’ хөгжиж байгаа
учраас үүнтэй зэрэгцээд e-үнэлгээ
буюу ‘e-assessment’-ийг ч бий болгох
шаардлага тулгарчээ.
Сургуулийн багшлах боловсон хүчнийг
хөгжүүлэх нь өөрчлөлтийг чиглүүлэх гол хүчин зүйл болдог. Тэдний онолын мэдлэг,
туршлага, эргэцүүлэн тунгаах чадвар, туршилт судалгаа хийх чадвар, багаар
ажиллах чадварыг хөгжүүлэх нь зүйтэй. Мөн багш нар оюутнуудтайгаа зөв харьцаж,
зөвхөн сургалтын асуудлаар бус аж байдал нь ямар байгаа, тус дэм хэрэгтэй эсэхэд
нь чин сэтгэлээсээ санаа тавьж заншвал таны заасан хичээл тэр хэмжээгээр оюутанд
тань хүрэх болно. Оюутныхаа хичээл сурлага, зан аягт зөв дүгнэлт өгөх,
түүнийгээ зөв илэрхийлэх арга барилд багш нарыг сургууштай гэнэ. Оролцогчид зөвхөн оюутан гэлтгүй
багш нарын чадварыг үнэлэх систем нэвтрүүлэх нь чухал болохыг онцлон дурьдаж
байв.
Хөтөлбөрийн агуулга болон
чадамжийн тохирлын зураглал хийх (Curriculum
mapping) тусгай програм байдаг аж. Аливаа хөтөлбөр боловсруулахад ‘тухайн хичээлээс
оюутанд юу үлдэх вэ’ буюу ‘Learning
objective’-ийг тодорхойлох нь хамгийн чухал бөгөөд үүнийг сургалтын
үр дүн гэнэ. ‘Learning
objective’-ийн ач холбогдлыг хэд хэдэн илтгэлд онцгойлон дурьдаж
байгаагаас үзвэл манай Мал эмнэлгийн сургууль ч гэсэн хөтөлбөрөө сайжруулахдаа үүнийг анхаарах нь
зүйтэйг харуулж байна.
Бас нэг сонирхолтой санааг нэгэн
оролцогч хэлэв: “Та нарын
яриаг сонсоод байхаар малын эмч болох сонирхолгүй залуучуудыг сургуульдаа
элсүүлчихээд дараа нь мэргэжилд нь сонирхолтой болгох гэж янз бүрийн арга
хэрэглээд байгаа юм шиг сонсогдож байна. Ерөөсөө анхнаасаа малын эмч болно гэж
хатуу зорилго тавьсан залуучуудыг элсүүлэхэд анхаарал хандуулах нь чухал.
Элсэлтийн шалгуур үзүүлэлтэнд ч үүнийг анхаарвал зохино” гэв. Бас бодох
л асуудал ...
Гэхмэтчилэн тус зөвлөгөөнөөр маш олон чухал мэдээлэл яригдсан бөгөөд бүх илтгэл тун удахгүй oie.int цахим хуудсанд тавигдах тул орж уншина бизээ.
No comments:
Post a Comment