Зохиогчид: Питер Эйр, Роберт Браун, Чарльз Вэйнер, Ричард Дебоус, Жэймс Вилсон
Мал эмнэлгийн анхны сургуулийг Клод Буржела 1762 онд Лион хотод байгуулжээ (en.wikipedia.org) |
Мал эмнэлэг, түүний боловсон хүчинг
бэлтгэдэг боловсролын салбарт тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх гаргалгааг
олохыг хичээж буй баг хамт олон нэлээдгүй байна. Америкийн мал
эмнэлгийн холбоо (АМЭХ)-ны ерөнхийлөгч,
доктор Тед Кон саяхан хэлсэн үгэндээ 'хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн хэрэгцээнд
мал эмнэлгийн мэргэжлийг нийцүүлэхийн тулд боловсролын тогтолцоог өөрчлөх шаардлагатай' байгааг цохон тэмдэглэсэн билээ. Тэрээр мэргэжлийнхээ нөхцөл байдлыг мэдрэхийн
тулд алсын хараатай, хүсэл зоригтой, шударга зарчмыг баримтлан ажиллаж, харилцан
хүндэтгэлтэйгээр асуудлаа хамтран шийдэж байхыг мал эмнэлгийн байгууллага,
сургуулиудад хандан уриалсан юм.
Доорх нийтлэлийн зорилго нь энэхүү уриалгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Мал эмнэлгийн сургалтыг сэтгэн
бодох чадавхыг түлхүү хөгжүүлсэн, бүтээмжтэй, мэргэжилтэй нь уялдуулсан
байдлаар зохион байгуулах ёстой. Бидний санал болгож буй өөрчлөлтүүд нь мал
эмнэлгийн мэргэжлийн ирээдүйг улам гэрэл гэгээтэй болгоно гэдэгт итгэлтэй
байна.
Юуны өмнө, мал эмнэлгийн сургуулиуд өөрийнхөө
төдийгүй нийт мал эмнэлгийн мэргэжил, үйлчилж буй нийгмийнхээ хэрэгцээ
шаардлагыг харгалзан өөртөө дүгнэлт хийх чадвараа хөгжүүлэх хэрэгтэй.
Үүнийг хэрэгжүүлэх зарим аргачлалыг дараах байдлаар сийрүүлэв.
Багшлах урлаг, шинжлэх ухаанд
суралцаагүй байж шууд багш болдог олон хүн бий. Хэдэн зуун дамжин ашиглагдсан
уламжлалт аргаар заадаг сургууль тооны хувьд давуу байгаа нь мэдлэгийг идэвхтэй
эрэлхийлэгч биш идэвхгүй хүлээн авагчдыг үйлдвэрлэж байна. Энэ дүр зургийг харуулах хамгийн элбэг
тохиолддог жишээгээр оюутнуудын өмнө зогсоод ‘хичээл ярьж өгдөг’ багшийг
нэрлэж болно. Их хэмжээний мэдээлэл дамжуулдаг лекцийн арга оюутны толгойд юм
үлдээхдээ учир дутагдалтай. Лекц шүтсэн сургалт зохион байгуулдаг сургуулийн
оюутнууд нарийн ширийн мэдээллийг хэр сайн цээжилсэн нь ‘онц’ сурдаг юм байна
гэсэн ойлголт авдаг нь эргэцүүлэн бодох, юмсын учир шалтгааныг олох сэтгэхүйгээ
хөгжүүлэхэд нь чөдөр тушаа болдог аж.
Иймд сургуулиуд лекцийг аль болох
семинар, хэлэлцүүлэг байдлаар зохион байгуулж, оюутнууд түлхүү идэвхтэй, харин
багш нар нь чиглүүлэх ‘дасгалжуулагчийн’ үүрэгтэй оролцохыг
хичээдэг болж байна. Энэхүү арга барил нь оюутнуудад харилцааны болон зөвшилцөх ур
чадвар олгодог давхар ач холбогдолтой.
Зарим сургууль бусад байгууллагатай
хамтран ажиллаж, тэдний боловсон хүчнийг багшлах үйл хэрэгт дайчилдаг болж
байна. Энэхүү хамтран ажиллах хэлбэр цаашид улам өргөжих бөгөөд ялангуяа санхүүжилт
хомс сургуульд бусдын тус дэм үнэхээр хэрэгтэй. Мэргэжлийнхээ төлөө мал эмнэлгийн байгууллагууд
нөөц, мэдлэг, чадвараа хуваалцана гэдэг гайхалтай зүйл юм. Ойрын ирээдүйн
хөгжлийн энэхүү загварыг XXI зууны
компьютерын технологи ихээхэн хөхиүлэн дэмжиж байгаа билээ.
Сургуулиуд элсэлтэндээ нэн
бодолтой хандах шаардлагатай байна. Өмнөх сурлагын дүн мал эмнэлгийн сургуульд
амжилттай суралцах чадвартай хүнийг сонгоход сайн шалгуур үзүүлэлт
болдог ч төгсөөд мэргэжилдээ амжилт гаргах эсэхийг нь яг таг тодорхойлох боломж олгохгүй. Иймд харилцаа,
биеэ авч яваа байдал, бүтээлч чанар, манлайлах чадамжийг нь үнэлэх ярилцлагыг
заавал хийж тухайн хүн хэн бэ гэдэгт зөв дүгнэлт өгөх хэрэгтэй. Хатуу шалгуурт хэт
баригдалгүй, сурлага сайтайгаас гадна бусад олон давуу чадвартай, туршлагатай
хүнийг элсүүлэхийг хичээх нь зүйтэй. Үйлдвэрлэлд ажиллаж буй малын эмч нар
болон сэтгэл зүйч гэх мэт мал эмнэлгийн бус мэргэжлийн хүмүүсийг ярилцлага авах
багт оруулах бөгөөд багийн бүх гишүүдийг урьдчилан сургалтанд хамруулах ёстой.
Зөв хүнээ сонгож элсүүлэх нь мал эмнэлгийн мэргэжлийн ирээдүйг зөв томъёолоход
нэн чухал билээ.
Мал эмнэлгийн боловсролыг мэргэжилтэй нь илүү уялдуулах
Био-анагаахын шинжлэх ухаан бол
клиникийн суурь гэдэгтэй хэн ч маргахгүй. Иймд 4 жилийн хөтөлбөрийн эхний хагасын
агуулга нь мал эмнэлгийн практиктай сайтар уялдсан байх ёстой. Био-анагаахын
багш нарын үүрэг бол био-анагаахын эрдэмтдийг төрүүлэх бус харин ирээдүйн
чадварлаг малын эмч нарыг бэлтгэхэд туслахад оршино.
Зарим сургууль “клиникт дур
сонирхолтой болгох”
аргачлалыг ашиглаж клиникийн тохиолдлуудад тулгуурлан анагаахын суурь шинжлэх
ухааныг ойлгуулдаг болжээ. Жишээ нь, номноос биш харин өвчтөнтэй харьцах замаар
буюу практикаас анатоми, физиологийг ойлгож авдаг болж байна. Клиникт дур сонирхолтой
болгохын тулд дадлагажигч эмч, мэс засалч, эмгэг судлаач болон бусад мэргэжилтнүүдийг
био-анагаахын багш нарын багт оруулж, төрөл бүрийн амьтны эрхтэн тогтолцооны
талаар клиник хичээл заалгадаг болов. Энэхүү босоо уялдсан, асуудлыг шийдвэрлэх чадамж олгох
арга зүй нь био-анагаахын боловсролд гарсан гол дэвшил юм.
Мал эмнэлгийн боловсролыг практиктай
илүү уялдуулах бас нэгэн аргачлал нь хувийн мал эмнэлгүүдэд оюутнуудаа
дадлагажуулах явдал. Эдийн засгийн хямрал, бэрхшээлтэй өнөө үед мал эмнэлгийн сургалтын
эмнэлгээр үйлчлүүлэгчдийн тоо буурч байгаа нь бусад мал эмнэлэгтэй хамтарч
ажиллах хандлагыг эрчимжүүлж байна. Оюутнууд мал эмнэлэгт дадлага хийх нь малын
эмчийн бодит амьдралыг биеэрээ мэдрэх, олон төрлийн амьтанд үйлчилгээ үзүүлэх
туршлага хуримтлуулах, малчид, амьтны эзэд, ард иргэдтэй харилцах урлагт суралцах ач
холбогдолтой. Мөн нөгөө талаар мал
эмнэлгийн боловсролыг хөгжүүлэхэд үйлдвэрлэлд ажиллаж буй малын эмч нар хувь нэмэр оруулна гэсэн үг. Түүнээс
гадна оюутнууд хувийн мал эмнэлгийн техникч, сувилагч зэрэг туслах ажилтнууд,
эрдэмтэн судлаачид, малын эмч нар болон төр, хувийн хэвшилд ажиллаж
буй бусад хүмүүстэй мэргэжлийн хувьд хамтран ажиллах чадвар эзэмшинэ.
Хамгийн сүүлд шинээр бий болсон мал
эмнэлгийн 4 сургууль (3 нь
АНУ-д, нэг нь Канадад) хотхондоо
мал эмнэлгийн сургалтын эмнэлэг байгуулалгүй клиник сургалтаа бусад мал эмнэлэгтэй
хамтарч зохион байгуулах хувилбарыг сонгосон байна. Эдгээр 4 сургуулийн хоёр нь
АМЭХ-ны Боловсролын Зөвлөлөөс бүрэн, харин хоёр нь болзолт итгэмжлэл авчээ. Гэвч
энэхүү итгэмжлэлийн улмаас мал эмнэлгийн салбарын зарим лидер Боловсролын
Зөвлөлийг зэмлэж байгаа нь бүтээмжтэй ажиллахыг эсэргүүцэж байгаатай агаар
нэгэн юм.
Мал эмнэлгүүдэд тулгуурлан клиник
сургалт зохион байгуулах ажил мал эмнэлэг болон оюутантай ажиллах малын эмч
мэргэжилтнүүдээ зөв сонгохоос эхэлнэ. Сургуулиас гадуур дадлага хариуцсан
багшийг томилж, дадлагажигч оюутанд дэмжлэг үзүүлэх цаг, нөөц бололцоог тухайн эмнэлэгт хангалттай бүрдүүлсэн байх ёстой. Хүлээн авч буй малын эмч ч тэр, оюутан ч тэр
ялгаагүй дадлагын зорилго, үнэлгээний аргачлалаа ойлгож, мөрдөнө. Боломжтой бол
зааж зааварлаж буй малын эмч нарыг урамшуулж, цагийн багшийн цалин пүнлүү олгох нь
зүйтэй.
Технологийн хөшүүрэг
Анагаахын боловсролыг технологийн
хүчээр нэгтгэнэ гэдэг нь маргашгүй үнэн. Оюутныг төгсөх үед технологийн хөгжил
ямар түвшинд хүрэхийг яг таг төсөөлөх боломжгүй ч мал эмнэлгийн
хөтөлбөрийн бүхий л хугацаанд технологийн боловсрол олгох сургалт зохион
байгуулах нь хамгийн оновчтой шийдэл юм.
Мал эмнэлгийн оюутнууд амьтны сэг
зэм, өвчтөн задалж анатоми, мэс заслын дадлага хийхээс илүүтэй виртуал буюу
компьютер төсөөллийн технологи ашиглаж эдгээр үйлдлийг гүйцэтгэдэг болох
ирээдүй ойрхон байна. Амьтны биед суулгасан мэдрэгч төхөөрөмж мэдээллийг
цуглуулах, хадгалах, дамжуулах үүрэг гүйцэтгэнэ. Анагаах, бизнесийн салбарт
татаж авах боломжтой төсөөллийн загварын аппликейшн бий болно гэдэгт эргэлзэх
зүйлгүй. Яваандаа алсын зайн (теле) оношилгооны
дэвшил амьтны эрүүл мэндийг хамгаалахад газар нутаг, нарийн мэргэшлийн хил хязгаар
үгүйгээр үйлчлэх болно.
Малын эмч нар геномын технологийн үр
шимээр аливаа өвчнийг молекулын түвшинд тодорхойлж, түүнтэй тэмцэнэ. Ирээдүйд
компьютерын хүчин чадал өгүүлшгүй хэмжээнд нэмэгдэж, мэдээлэл зүй, 3D хэвлэгчийн дэвшилтэй
хавсран тухайн өвчтөнд тохирсон хиймэл эрхтэн үйлдвэрлэх, магадгүй шинэ эд,
биеийн хэсгүүдийг бүтээх боломж олгоно.
Мал эмнэлгийн сургалтын хөтөлбөрт онлайн
сургалт өргөжиж байгаа нь технологийн үзүүлж буй хамгийн том нөлөө юм. Орон зай,
цаг хугацаанаас үл хамаарах “хил
хязгааргүй боловсрол” бол XXI зууны сургалтын загварын
томъёо мөн. Анагаахын боловсролд онлайн болон танхимын сургалтын аль алиных нь
давуу чанарыг шингээсэн хосолсон хөтөлбөр илүү эрчимжинэ. Мал эмнэлгийн оюутнууд
сургуулиас гадуур онлайн сургалтанд хамрагдах нь нэмэгдэх бөгөөд ингэснээр
сургуулийнхаа багш нараас олж эзэмшиж чадахгүй мэдлэг, чадварт суралцах,
сонгосон нарийн мэргэшлээ гүнзгийрүүлэн судлах боломжтой болно. Оюутнууд загвар,
интерактив технологи ашиглан клиник дадлагыг онлайн төсөөллийн орчинд хийнэ. Олон
улсын мал эмнэлгийн сургуулиудын итгэмжлэгдсэн онлайн сургалт хангалттай
тоогоор бий болвол оюутнууд мэргэжлийн зэргээ тогтсон цаг хугацаанд бус,
түргэвчилсэн байдлаар авах боломжтой болно. Магадгүй онлайн сургалт ийнхүү
өргөжсөнөөр сургалтын төлбөр ч үлэмж хямдарч болно.
Хэдийгээр дижитал технологи ирээдүйд ноёлох нь гарцаагүй ч мал эмнэлгийн мэргэжлийн суурь нь хүн-амьтны холбоо, малын эмч-өвчтөн-үйлчлүүлэгчийн харилцаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
Хэдийгээр дижитал технологи ирээдүйд ноёлох нь гарцаагүй ч мал эмнэлгийн мэргэжлийн суурь нь хүн-амьтны холбоо, малын эмч-өвчтөн-үйлчлүүлэгчийн харилцаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
Бизнес хийх гүйлгээ ухаан
“Санхүүгийн
боловсрол” гэдэг
нэр томъёо дээд боловсролын үгсийн санд шинээр орж ирсэн ч яг юу хэлээд байгаа
нь ойлгомжгүй, хэрэгжилт нь хангалтгүй байна. Онолын үүднээс авч үзвэл, дээд
боловсрол эзэмшихээр суралцаж буй оюутан бүр санхүүгийн эрүүл зарчмыг ойлгож, боловсрол
олж авахын тулд ямар зардал гаргаж байгаа, төгсөөд сонгосон мэргэжлээрээ
ажиллахад ямар орлого олох боломжтойгоо тооцоолж чаддаг байх ёстой. Ялангуяа
мал эмнэлгийн сургалтын хөтөлбөрт хувь хүний санхүүгийн боловсрол, мөнгөний
менежмент, жижиг бизнес эрхлэх талаар мэдлэг, чадвар олгох хичээлийг чанд
суулгах нь зүйтэй. Яагаад? Мал эмнэлгийн мэргэжил, мэс заслын хичээлийг яах гэж
үздэг билээ учир шалтгаан нь яг тэрэнтэй ижил.
Малын эмч нь дээд боловсролын салбарын
“бүтээгдэхүүн” тул бүтээгдэхүүнийхээ санхүүгийн амьдрах
чадварыг хангах нь сургуулийн хүлээх үүрэг мөн. Клиник чадвар олгох сургалт ямар
үнээр бүтдэгийг оюутандаа ойлгуулж чадахгүй байгаа бол аядуухан хэлэхэд ‘муу зүйл’, хатуухан хэлбэл
‘гамшиг’ юм. Мэргэжилдээ
сэтгэл хөдлөлөөр ханддаг, санхүүгийн бодит мэдлэг дутуу оюутнууд өр зээлэнд дарагдах тохиолдол нэлээд бий. Энэ нь сэтгэл хангалуун амьдрах, орон
гэртэй болох, мэргэжлээрээ бизнес эрхлэх боломжийг нь боомилох гол хүчин зүйл
болдог.
Иймд чадварлаг мэргэжилтнүүдийн хүчээр сургалтын хөтөлбөртөө санхүү, бизнесийн уялдсан, чанартай модуль
боловсруулж оруулах нь мал эмнэлгийн боловсролд тавигдаж буй шаардлага юм. Мөн
оюутнууд өөрсдөө сургалтын мал эмнэлэг, хувийн мал эмнэлэг, төрийн байгууллагад
дадлага хийж байх үедээ бизнесийн олон төрлийн загваруудтай танилцах хэрэгтэй. Санхүү,
бизнесийн цэгцтэй ойлголт нь хаана ажиллаж байгаагаас үл хамааран бүх малын эмч
нарын эдийн засгийн амжилтанд чухал үүрэг гүйцэтгэдэг.
‘Нэг эрүүл мэнд’ соёлыг бий болгох
‘Нэг эрүүл
мэнд’ үзэл
баримтлал мал эмнэлгийн боловсролд чухал ач холбогдолтой. Гэвч дур булаам
гарчигтай шинэ хичээл нэмснээр үүнийг хэрэгжүүлчихнэ гэж эндүүрч болохгүй. Ухагдахууны
том өөрчлөлт хийх хэрэгтэй; тэнхимүүд тус тусдаа эсвэл мал эмнэлгийн нэг чиглэлээр дагнасан бус харин шинжлэх ухаанууд
хоорондоо хамтарч нэгдмэл сургалт зохион байгуулах шаардлагатай болжээ. Мал
эмнэлгийн сургуулийн бүх оюутан ямар чиглэлээр ажиллахаасаа үл хамааран амьтан,
хүн, хүрээлэн буй орчны эрүүл мэндийн уялдааг сайтар ойлгож, жинхэнэ ‘Нэг эрүүл мэнд
судлаач’ болж
төгсөх ёстой. Түүнчлэн мал эмнэлгийн сургуулиуд малын эмч нарт Нэг эрүүл мэнд
чиглэлээр судалгаа хийх боломж олгож шинжлэх ухаан хоорондын хамтын ажиллагааг
дэмжсэн магистр, докторын хөтөлбөрийг улам өргөжүүлэх шаардлагатай байна.
Мэргэжлийн ур чадварт онцгой анхаарал хандуулах
Малын эмчийн диплом өвөрлөн
төгсөгчид Малын эмчийн тангараг өргөдөг билээ. Энэ бол өнгө алагласан ёслолоос
илүү утга учиртай зүйл. Тангараг өргөнө гэдэг нь малын эмчийн бусад мэргэжлээс
ялгарах онцлог үүргийг биелүүлэхэд бэлэн гэдгээ ард иргэд-гэрчийн өмнө албан
ёсоор андгайлж байна гэсэн үг. АМЭХ-ны www.avma.org цахим хуудсанд тавигдсан Малын эмчийн тангараг, Мал эмнэлгийн ёс зүйн
код, Мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх тухай хуулийг мал эмнэлгийн оюутнуудад төгсөхөд
нь бус, элссэн цагаас нь эхлэн сайтар таниулах ёстой.
Мал эмнэлгийн сургуулиудад олон
жилийн турш хууль, ёс зүй, мэргэжлийн ур чадварын хичээлүүд тодорхой хэмжээнд орсоор ирсэн. Гэвч нийгмийн
хэм хэмжээ алдагдаж буй өнөө үед мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх
хичээлийг сургалтын хөтөлбөрийн турш түлхүү зохион байгуулахад анхаарах цаг
болжээ. Зохион байгуулалттай сургалтаар оюутан туршлагынхаа зөвхөн зарим
хэсгийг л олж авдаг. Гэтэл танхимд хичээл орж буй багш, үйлдвэрлэлд ажиллаж буй
малын эмч нарын ёс зүй, ёс суртахуун оюутнуудын мэргэжлийн ур чадварын хөгжилд
тусгалаа олж байдгийг байнга санаж явах хэрэгтэй. Сургуульд сурч байхдаа тогтоож
авсан шинжлэх ухааны баримт, тодорхойлолтууд тодорхой хугацааны дараа
мартагддаг бол багш нараасаа авсан сайн, муу үлгэр дууриалал түүнээс урт
хугацаанд, бүр насан туршид нь хадгалагдаж үлддэгийг жишээ болгон дурьдаж болно.
Улс төр, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг үнэлж сурах
Төрийн бүх үйлчилгээнд дэмжлэг
үзүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээний татвар бүрдэхгүй байгаа тул Холбооны болон мужийн засаг
захиргаанаас дээд боловсролыг хангалттай санхүүжүүлж чадахгүй байна. Үүний
улмаас их, дээд сургуулиудын үйл ажиллагааны зардал орлогоосоо давжээ. Иймд төрийн
сургуулиудын ‘төрийн’ гэдэг тодотгол
хурдацтай бүдгэрч, хувийн сургуулийн хэв шинж хүч түрэн орж ирж байна. АНУ-ын мал
эмнэлгийн бүх сургууль элсэгчдийнхээ тоо, сургалтын төлбөрөө нэмэгдүүлэх замаар санхүүгийн баланс нь алдагдсан төсвөө илааршуулахаар шийджээ. Гэвч энэхүү
шийдвэр нь мал эмнэлгийн мэргэжлийн болон ард иргэдийн урт хугацааны ашиг
сонирхолд нийцэх сайн арга төдийлөн биш л болов уу. Мал эмнэлгийн мэргэжил эзэмших
сонирхолтой залуучууд сургалтын зардалдаа зориулж их хэмжээний зээл авахаас
татгалзаж эхэлбэл сурлага сайтай, шигшмэл оюутны тоо цөөрөх эрсдэл үүсэж
болзошгүй. Иймд дээр өгүүлсэнчлэн, мал эмнэлгийн сургууль бусад байгууллагатай
хамтын ажиллагаагаа хөгжүүлж, дундын нөөцтэй болох хандлага ирээдүйд тэргүүлнэ.
Сургалтын төлбөрийг хэт нэмэгдүүлэх
нь амьжиргааны түвшин доогуур айлаас гаралтай оюутнуудад санхүүгийн дааж
давшгүй дарамт учруулж, сургуулиа орхиход
хүргэж болзошгүй. Ирээдүйн нийгэмд чухал хувь нэмэр оруулах малын эмч нар
бүгд чинээлэг гаралтай байхгүй нь ойлгомжтой.
Мал эмнэлгийн сургуулийн захирлууд
энэхүү нөхцөл байдалд өөрийн хариуцлагыг шударгаар хүлээж, гарах арга замыг
олоход идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой. Гэхдээ энэ тийм амар ажил биш.
Ажлын байрны зах зээл өсөлтгүй эсвэл муу байгаа үед элсэгчдийн тоог бууруулж, сургалтын
төлбөрийг царцаах нь сургуулийн санхүүд хүндрэл учруулдаг. Иймд үйл ажиллагаа,
захиргааны зардлаа хэмнэх, бүтээмжээ нэмэгдүүлэх, ивээн тэтгэгч, судалгааны
тэтгэлэг олох замаар орлогын шинэ эх үүсвэр бий болгох зэргээр илүү бизнесийн
зарчмаар ажиллах хэрэгтэй. Өдгөө ч энэ талаар багагүй ажил хийгдэж байна. Санхүүгийн
хувьд амжилттай яваа малын эмч нартай нягт хамтран ажиллах нь ивээн тэтгэгчтэй
болох үүд хаалгыг нээж болно.
Итгэмжлэл ба цаг хугацааны өөрчлөлт
Итгэмжлэл шаарддаг мэргэжлийн зэрэг
олгох үйл ажиллагаа хуулиар зохицуулагддаг бөгөөд мал эмнэлгийн боловсрол нь
эрх бүхий удирдах байгууллагын чанд хараа хяналтанд оршдог. АНУ-ын Боловсролын
яамнаас өгсөн эрхийн дагуу АМЭХ-ны Боловсролын Зөвлөл нь тус улсад олгож буй
мал эмнэлгийн бүх зэргийг итгэмжлэх замаар мал эмнэлгийн сургуулиудын сургалт,
нийгэмд үзүүлж буй үйлчилгээний чанарыг хянаж зохицуулдаг.
Гэхдээ мэргэжлийн ихэнх зэргийг
итгэмжлэхдээ хатуу тогтоосон шалгуур үзүүлэлтийн дагуу нэгд нэгэнгүй шалгадаг
хуучинсаг арга хэрэглэж байгаа нь мэргэжлийн боловсролын хувьсан өөрчлөгдөх
процесст бэрхшээл үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр өөрчлөлт
нь ёсчилсон “хэм
хэмжээний тодорхойлолтонд”
нийцэхгүй байна гэсэн үг.
Иймд сургалтын төрөл бүрийн загварууд
чадварлаг боловсон хүчин бэлтгэх стандартыг хангах боломжтойг хүлээн зөвшөөрч, сургуулиудад
хөтөлбөрийн шинэчлэл хийх эрх чөлөө олгох хэрэгтэй. Хөтөлбөрийн уян хатан
байдлыг хангаж, шинийг санаачлах, бизнес эрхлэх урам, чадварыг өдөөх нь мал
эмнэлгийн мэргэжлийг амжилт өөд хөтөлнө.
Зөвхөн яригсад биш бүтээгчид болцгооё
Мал эмнэлгийн мэргэжлийн ирээдүйг
тодорхойлох зарим шийдвэрийг гаргах эгзэгтэй мөчид бид тулж ирээд байна.
Өнөөдөр албадлагаар амжилтанд хүрэхгүй. Биднийг урагш хөтлөхөд амьдралд
нийцсэн, хамтын стратеги, тактик хэрэгтэй байна. Энэ хүрээнд бид дараах саналыг
дэвшүүллээ:
- Шинэ зохион байгуулалт. Мал эмнэлгийн мэргэжлийн нийт баг хамт олны дорвитой дэмжлэг үгүйгээр мал эмнэлгийн сургууль боловсролын далайцтай шинэчлэл хийж чадахгүй. Мал эмнэлгийн янз бүрийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүд хэвэнд цутгасан мэт адилхан сэтгэх албагүй ч хамтдаа тунгаах, хамтдаа хийх, бие биенийхээ саналыг зохих түвшинд харгалзан үзэх ёстой. Зөвшилцөлд хөтлөх хамтын хэлэлцүүлэг, ил тод шийдвэр гаргах ажиллагааг албажуулах хэрэгтэй. Үүнийг АМЭХ, Америкийн мал эмнэлгийн сургуулиудын холбоо (АМЭСХ) болон холбогдох бусад тал, хэрэглэгчдийн төлөөллөөс бүрдсэн байнгын үйл ажиллагаатай байгууллагаар гүйцэтгүүлж болно. “АМЭХ-АМЭСХ-ны Боловсролын Консорциум” нийгмийн хэрэгцээнд тулгуурлан тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, өөрчлөлтөд хөтлөх үйл ажиллагаанд зөвлөмж боловсруулах боломжтой.
- Зохих урамшуулал. Мал эмнэлгийн сургуулиудын хэвшмэл соёлыг даван туулахад эрч хүчтэй урам зориг шаардагддаг. Мал эмнэлгийн боловсролын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх аливаа гаргалгааг бодож олсон багш нарыг мөнгөн шагналаар урамшуулах нь зүйтэй. Ийм шинэ санаа оноог нэг биш нэжгээд малын эмнэлгийн сургууль гаргана, зарим нь хөдөө аж ахуй, анагаах, бизнес, инженерчлэлийн чиглэлийн сургуулиудтай хамтарч гаргана гэж тооцоолж байна. Ийм хөтөлбөрийг учир начир нь ойлгогдохуйц тод томруунаар нэрийдэж (жишээ нь, “Мал эмнэлгийн боловсролын шинэ санаачилгын шагнал”), олон нийтэд сайтар сурталчлах нь зүйтэй.
- Хэрэгжүүлэх арга зам. Шинэ санаачилгын шагналыг хоёр янзаар олгох санал дэвшүүлж байна:
- А хэсэг нь урамшил шагнал: Шалгарсан багш нарын багийн гишүүн бүрт 2000 ам. долларын мөнгөн урамшууллыг (буюу дээд тал нь 10,000 ам. долларын шагналыг багийн гишүүдэд хувааж олгох) мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд нь зориулж олгох.
- Б хэсэг нь шалгарсан багш нарын сургууль (иуд)-ийн төсөлд 100,000 хүртэл ам. долларын тэтгэлэг олгох. Санхүүжилтийг бөөнд нь биш хэдэн жилд хуваан өгч болно. Сургууль тэтгэлэг авахын тулд багаар бодоход түүний 50 хувьтай тэнцэх хэмжээний төсөв (мөнгөн хөрөнгө эсвэл эд материал)-ийг өөрөөсөө нэмж гарган шагналын тэтгэлгийг дууссанаас хойш 2-оос доошгүй жил тухайн төслийг санхүүжүүлэх баталгааг бичгээр үйлдэнэ. Ийнхүү төслийг дэмжих, тогтвортой үргэлжлүүлэхэд сургуулийн захирал(ууд) үүрэг хүлээж байгаа нь амжилттай хэрэгжих магадлалыг ихээхэн нэмэгдүүлэх болно.
Төгсгөлийн үг
Бид Холлиерийн багийн ‘мал эмнэлгийн
салбарт мэргэжлийнхээ үнэ цэнийг алдах, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй
байх аюул нүүрлэсэн’ гэсэн
дүгнэлттэй санал нэг байна (Hollier PJ, Fathke RL, Brown, CC. The
veterinary profession and precarious values. J
Am Vet Med Assoc
2014; 244:1130-1132). Мал
эмнэлгийн мэргэжил гадаад хүчин зүйлд дийлдэхээ хүлээлгүй шийдвэртэй, шуурхай
ажиллах шаардлагатай байна. Өнөөдөр бид зах зээлийн эрэлт хэрэгцээ, малын эмч
нарын нийлүүлэлт, боловсролын зардал зэрэг олон асуудлыг мухар сохроор биш, хамтын
хүчээр шийдвэрлэж, мэргэжлийн тухай хуучинсаг сэтгэхүйгээ таягдан хаях цаг
болжээ.
Хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа.
ReplyDelete👍
DeleteBelen jor
ReplyDelete👍
Delete