Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2016/09/01

Бог малын мялзан / Peste des petits ruminants

Эх сурвалж: www.cfsph.iastate.edu
Мэдээллийн шинэлэг байдал: 2015 оны 8 дугаар сар
Хонь, ямааг голдуу өвчлүүлдэг бог малын мялзан өвчин (БММӨ)-ийг гоц халдварт вирүс үүсгэнэ. Ялангуяа ямаанд их халтай; 80-100% өвчлүүлж, үхүүлэх тохиолдол бий. Нэгэн цагт Ойрх Дорнод, Африк, Азийн тодорхой нутгаар хязгаарлагдаж байсан БММӨ Африк, Азийн бусад хэсэгт хүрээгээ тэлэх болжээ. Мөн халдвар, эмнэл зүйн шинж тэмдэг бүхий өвчлөл бусад туруут амьтан, ялангуяа гөрөөс болон бог малтай удам нэгт зэрлэг амьтад, тэмээ, усны одос үхэрт бүртгэгдээд байна.
Шалтгаан
БММӨ-ий вирүс нь Paramyxoviridae овгийн Morbillivirus төрөлд хамаарна. Уг вирүс генетикийн 4 удам (1-4)-д харъяалагдах хэд хэдэн омогтойгоос сүүлийн жилүүдэд 4 дүгээр удмын вирүс зонхилон тархаж байна. БММӨ-ий вирүс дэлхийгээс устсан үхрийн мялзангийн вирүстэй ойр төрөл.
Мэдрэмтгий амьтан
Гэршүүлсэн амьтдын хувьд БММӨ нь үндсэндээ хонь, ямааг өвчлүүлнэ. Үүсгэгч вирүс дангаар болон бусад эмгэг төрүүлэгчтэй хавсран тэмээ, усны одос үхрийг өвчлүүлсэн тохиолдол бий. Үхэр халдвар авч болох ч эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлдэггүй; мөн бусад амьтанд вирүс дамжуулдаг болох нь тогтоогдоогүй. Зориудаар вирүс халдаасан гахай өвчлөөгүй нь эцсийн эзэн гэдгийг харуулж байна.
Гөрөөс, зээр, мөн бог малтай удам нэгт зэрлэг амьтад БММӨ-ий вирүст мэдрэмтгий. 1980-аад оны үед Саудын Арабт уг вирүс зээр, бугыг нэгэн зэрэг өвчлүүлсэн тохиолдол бүртгэгдсэн. Гэвч зэрлэг хивэгч амьтад өвчний тархалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Мөн хонь, ямаанаас тусдаа зөвхөн зэрлэг хивэгч амьтдын дунд эргэлддэг вирүс илрээгүй.
Хүнд халдах эсэх
Хүн БММӨ-ий вирүст мэдрэмтгий болох нь нотлогдоогүй.
Газар зүйн тархалт
БММӨ Африк, Азийн зарим нутаг, Ойрх Дорнодын ихэнх хэсэгт гардаг. Одоогоор 1-4 дүгээр удмын вирүс Африкийн зарим газар, 3-4 дүгээр удмын вирүс Ойрх Дорнодод илэрдэг. Африкт БММӨ-ий вирүсийн тархалт Сахарын цөлөөс урагш, экватораас хойш нутаг дэвсгэрээр хязгаарлагдаж, ихэнх тохиолдол Баруун Африкт мэдээлэгддэг байсан бол сүүлийн үед энэхүү хил хязгаараас хойш, урагш, зүүн тийш тархаж байна (Хойд Африкийг оролцуулан). Үүний нэгэн адилаар уг өвчин Ази тивийн хувьд Энэтхэгийн хойгт гардаг байсан бол саяхнаас Непал, Вьетнам, Хятад зэрэг бусад оронд дэгддэг болов. Одоогийн байдлаар Азид зөвхөн 4 дүгээр удмын вирүс илэрч байгаа бөгөөд 3 дугаар удмын вирүс Энэтхэгийн өмнөд нутагт 1992 онд бүртгэгдсэнээс хойш дахин мэдээлэгдээгүй байна.
Халдвар дамжих
БММӨ-ий вирүсийн халдвар ихэвчлэн ойр хавьтлаар дамжина. Амьсгалын зам халдварын тархалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Халдварын нууц үед вирүс нус, нуух, шүлс, шээс, баасаар гадагшилна. Мөн сүүнд агуулагддаг гэж үздэг. Урт хугацаагаар халдвар тээдэг амьтан байхгүй гэж үздэг ч сүүлийн үеийн судалгаагаар эмнэл зүйн шинж тэмдэг нь арилсан ямааны хорголд 1-3 сарын дараа вирүсийн эсрэгтөрөгч буюу нуклейн хүчил илэрчээ. Тэмээ, гөрөөс зэрэг бусад төрлийн амьтны биеэс вирүс хэрхэн ялгардаг, халдвар хэрхэн дамждаг талаар хуримтлуулсан мэдлэг хомс байна. БММӨ-ий вирүс гадаад орчинд харьцангуй тэсвэргүй тул агаар мананцрын замаар урт зам туулж халдвар тархана гэсэн ойлголт байх боломжгүй. Сэрүүн, харанхуй орчинд 10 метрийн хүрээнд тархдаг.
Ус, тэжээл, хэвтэр бууцанд агуулагдсан вирүс богино цаг дотор тархаж болох ч хугацаа өнгөрөх тусам халдах чадвараа алддаг. БММӨ-ий вирүсийн гадаад орчныг тэсвэрлэх чанарын талаар мэдээлэл маш бага байна. Гэвч уг вирүс үхрийн мялзангийн вирүсийн нэгэн адил хэт ягаан туяаны гэрэлд болон хатаахад 3-4 хоног, түүнээс бага хугацаанд (тухайн орчноос хамаарч) идэвхгүйжинэ. Сэг зэмэнд агуулагдах вирүс маш богино хугацаанд амьдрах чадвараа алдана. 70oC-аас дээш хэм, 5.6-аас бага, 9.6-аас дээш рН-д тэсвэргүй. Үхрийн мялзангийн вирүс хөргүүрт байгаа маханд тодорхой хугацаагаар, давсалсан болон хөлдөөсөн маханд хэдэн сараар амьд хадгалагддаг бөгөөд БММӨ-ий вирүсийг үүнтэй адил шинжтэй гэж үздэг.
Халдваргүйтгэл
БММӨ-ий вирүст олон төрлийн халдваргүйтгэгч үйлчилнэ. Үүнд: шүлт (карбонат натри, идэмхий натри), галоген (гипохлорт натри), фенолт нэгдлүүд, нимбэгийн хүчил, спирт, йодофор.
Халдварын нууц үе
Нууц үе 2-10 хоног үргэлжилнэ. Ихэнх тохиолдолд эмнэл зүйн шинж тэмдэг 3-6 хоногийн дараа илэрдэг.
Эмнэл зүйн шинж тэмдэг
Эмнэл зүйн шинж тэмдэг тухайн амьтны төрөл, үүлдэр, БММӨ-ий вирүсийн эсрэг дархлаанаас хамаарч харилцан адилгүй илэрнэ. Уг вирүсийн халдварын улмаас дархлаа суларч хоёрдогч халдвараар хүндэрч болно.
Хонь, ямаа
БММӨ-ий вирүсийн халдварт анх удаа өртсөн хонь, ямаа хэт цочмог явцтай өвчилж болно. Энэ хэлбэрийн үед голдуу өндөр халуурах, хэт номойрох, үхэх шинж илэрнэ. Цочмогдуу болон цочмог хэлбэрийн өвчлөл түгээмэл тохиолдоно. Цочмог явцтай үед гэнэт өндөр халуурна, тэжээлийн дуршилгүй болно, илэрхий номойрно, нойрмоглоно. Эмнэл зүйн шинж илэрснээс хойш удалгүй усавхит нус, нуух гоожиж, яваандаа хоёрдогч халдварын улмаас салст-идээрт болж хувирна. Нүдний эргэн тойрон биржийж, хамар битүүрнэ. Хэдэн өдрийн дараа буйланд цус ихсэж, аман дотор гүехэн шархлаат жижиг, саарал, үхжилт голомт үүснэ (Хэрвээ ийм эмгэг хувирлыг олж харахад хэцүү байвал буйл, тагнайг нь хуруугаараа үрж үз. Ингэхэд үмхий үнэртэй шингэн гарч, эд хуурч унана.). Амны шархлаа өвдөлт өгдөг тул амаа хамхилгүй ангайна. Шүлсний ялгаралт нэмэгдэнэ. Зарим тохиолдолд амны шархлаа амархан эдгэрдэг. Эсвэл томорч, хоорондоо нийлнэ. Хэдийгээр шархлаа уруул, буйланд элбэг тохиолддог ч шүдгүй зах, тагнай, хацар, түүний хөхөнцөр, хэлээр гарч болно. Өвчин хүндэрсэн тохиолдолд ам тэр чигээрээ зузаан, бяслагархуу зүйлээр бүрхэгдэнэ. Уруул хавагнаж товхтоно, амны үрэвсэл нь хүндэрсэн тохиолдолд үмхий үнэртэнэ. Мөн хамрын хөндий, бэлгийн уруул, үтрээний зэрэг бусад салст бүрхүүл үхжинэ.
Усархаг, үмхий эсвэл цусан судалтай, заримдаа хуурч унасан эд агуулсан чацга алдах нь элбэг. Чацга их алдсаны улмаас бие усгүйжинэ, турж эцнэ. Амьсгаадна, ханиана, уушигны үрэвслийн бусад шинж илэрнэ. БММӨ-тэй цусан халдвар хавсрах нь элбэг тохиолддог. Зарим мал хээл хаяна. Өвчний хожуу үед шөвөг яр, хонь/ямааны цэцэг өвчнийхтэй төстэй жижиг зангилаа хамар тойрон туурч болно. Бие усгүйжиж, уушиг үрэвссэний улмаас үхнэ. Амьд үлдсэн мал удаан хугацаанд эдгэрнэ.
Зарим мал 2 долоо хоног хүртэл үргэлжлэх цочмогдуу буюу хөнгөн хэлбэрээр өвчилнө. Энэ хэлбэрийн үед илрэх эмнэл зүйн шинж тэмдэг харилцан адилгүй байдаг ч голдуу амьсгалын замын эмгэг дагалдана. Шинж тэмдэггүй халдвар ч мөн адил тохиолдоно.
Тэмээ
Этиопт гарсан БММӨ-ий дэгдэлтийн үед халдвар авсан тэмээнд амьсгалын замын эмгэгийн хам шинж түлхүү илэрсэн байна. Мөн Streptococcus equi хавсарсан халдвар үүсгэж байв. Суданы мал нядалгааны газар эрүүл харагдах тэмээний уушигнаас дээж авч шинжлэхэд БММӨ-ий вирүстэй хавсарсан халдвар илэрчээ.
Суданд гарсан дэгдэлтийн үед зарим тэмээ гэнэт үхэж байсан бол заримынх нь явц илүү удаан үргэлжилж байв. Өвчний явц удаж байгаа тохиолдолд шаравтар яваандаа цусархаг чацга алдаж, хээл хаяж байв. Мөн арьсан дор, эрүүн дор хаван хурах, цээж нь хөндүүрлэх, үе үе ханиалгах, сүү сааль нь татрах, турж эцэх, цангах шинж илэрсэн байна. Бүх насны тэмээ өвчилж байсан ч хээлтэй болон төллөөд удаагүй ингэ түлхүү үхэж байжээ.
Усны одос үхэр, үхэр, гахай
Үхлийн хувь өндөртэй дэгдэлтийн үед усны одос үхэр номойрно, шүлс нь гоожино, нүдний салст бүрхүүлд цус ихэснэ; гэвч халуурсан тухай мэдээлэл байхгүй байна. Усны одос үхрийн 3-5 сартай тугалыг туршилтаар халдварлуулахад халуурахаас өөр шинж үзүүлэхгүй байсаар 30-35 хоногийн дараа үхжээ. Задалж үзэхэд ходоод-гэдэсний замд эмгэг хувирал илэрсэн байна.
Үхэрт ер нь шинж тэмдэг илэрдэггүй. Гэвч туршилтаар вирүс халдаасан тугал өвчилсөн тухай мэдээлэл бий. Арчилгаа маллагаа муутай нөхцөлд зарим үхэрт өвчлөлийн шинж илэрч болзошгүй бөгөөд энэ тохиолдолд үхрийн мялзангийнхтай төстэй байх болов уу гэж төсөөлж байна.
Гахайд туршилтаар вирүс халдаахад шинж тэмдэг үзүүлдэггүй.
Зэрлэг туруут амьтад
Буганд хонь, ямааныхтай төстэй эмгэг илэрдэг ч эмнэл зүйн шинж тэмдэггүй халдвар бас бүртгэгдсэн. Зээр хүнд өвчилсөн тохиолдол бий. Эхлээд тэжээлийн дуршилгүй болж номойрсноо яваандаа халуурах, салст бүрхүүлд цус ихсэх, хэлэн дээр жижиг шархлаа үүсэх, нус, нулимс, шүлс гоожих, чацга алдах шинж үзүүлж, улмаар бүгд үхжээ. Үүнтэй төстэй шинж Синд янгир (Sindh ibex)-т мэдээлэгдсэн байдаг. Янгирт амьсгалын хэм олшрох, салст бүрхүүлд цус ихсэх, нулимс, нуух, нус гоожих, найтаах, нүд үрэвсэх (эвэрлэг бүрхүүлийн шархлаат үрэвсэл, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл) шинж ажиглагджээ. Арабын Нэгдсэн Эмиратад дэгдсэн нэгэн халдварын үед амьд амьтанд ямар шинж илэрсэн талаар мэдээлэл байхгүй байгаа ч задалж үзэхэд ходоод-гэдэсний доод зам (жишээ нь, бүдүүн гэдэсний салст, цусархаг үрэвсэл), уушиг (цус ихсэлт, гуурс-завсрын эдийн цочмогдуу үрэвсэл, зарим тохиолдолд уушигны идээрт, ширхэнцэр-идээрт үрэвсэл)-нд эмгэг хувирал үүссэн байжээ. Гэвч энэ дэгдэлтийн үед тэжээл боловсруулах, амьсгалын дээд зам (амны салст бүрхүүл г.м.)-д ямар нэг өөрчлөлт илэрсэнгүй. Зарим зэрлэг хивэгч амьтан доголсон ч үүний шалтгааныг БММӨ-тэй шууд холбож тайлбарлаагүй байна.   
Эмгэг хувирал
Энэ өвчний үед амны хөндийгөөс эхлэн ходоод-гэдэсний зам дагуу үрэвслийн болон үхжилт хувирал үүсдэг онцлогтой. Олон тохиолдолд амьсгалын зам өртдөг.
Үхсэн малын сэг зэмийг харахад усгүйжиж тураалд орсон, чацга алдсан, усавхит болон салст-идээрт нус, нуух гоожсон, уруул тавхайсан, ам үрэвсэж үхжсэн байх нь ажиглагдана. Аман дотор, заримдаа залгиур, улаан хоолойн дээд хэсгээр хэвийн хучуур эдээс тод ялгарсан гүехэн шархлаа үүснэ. Үүнтэй төстэй шархлаа зарим амьтны бэлгийн уруул, үтрээний салст бүрхүүлд гардаг. Ходоодны шархлаа элбэг тохиолддог ч гүзээ, хэрхнэг, сархинаг төдийлөн өртдөггүй (гүзээний хөхөнцөр шархалсан байх нь хааяа үзэгдэнэ). Арван хоёр хуруу гэдэс, цутгалангийн төгсгөл хэсэгт цусархаг судал ажиглагдаж болно. Пейерын гүвгэр их хэмжээгээр үхжиж шархална. Хамгийн тод эмгэг хувирал бүдүүн гэдэс ялангуяа цутгалан-олгойн уулзвар орчим, олгой-хос гэдэсний уулзвар, шулуун гэдсэнд үүснэ. Зарим тохиолдолд хос гэдэсний төгсгөл хэсгийн салст бүрхүүлд цус ихэслийн судалт тахь буюу барынх шиг судал үүснэ, цус харваж харлана (ийм судал бусад шалтгааны улмаас чацга алдсан болон дүлэлт өгч байгаа амьтанд ажиглагдаж болно). Амьсгалын замын эмгэг хувирал нийтлэг тохиолдоно. Уушгинд цус ихэснэ, хамрын салст бүрхүүл, самалдаг, төвөнх, мөгөөрсөн хоолойд жижиг шархлаа, уушгинд голомтот үрэвсэл үүснэ. Туршилтаар вирүс халдаасан зарим ямааны мөгөөрсөн хоолойд цусан толботой, хөөсөрхөг шингэн хуралдсан байдаг. Ялангуяа амьсгал, ходоод-гэдэсний замын тунгалгийн зангилаанд цус ихсэж хавагнана, элэг, дэлүүнд үхжилт эмгэг илэрнэ. Хэт цочмог явцтай үед цутгалан-олгойн хавхлагат цус ихсэж, уушиг голомтолж үрэвсэхээс өөр хувирал ажиглагдахгүй байж болно.
Суданы тэмээнд гарсан дэгдэлтийн үед уушгинд цус ихсэх, хатуурах (гол нь урд хэлтэрт), нарийн гэдэс, ходоод үрэвсэж цус харвах, тунгалгийн зангилаа томрох, элэг цайж өмрөмхий болох үзэгдэл хамгийн түгээмэл тохиолджээ. Нэг тэмээний уруул хавагнаж, хэлэн дээр нь цусархаг шархлаа үүссэн байв.
Аргаль, янгир, усны одос үхэрт илрэх эмгэг хувирал бог малынхтай төстэй. Гэвч усны одос үхрийн хувьд ходоод-гэдэсний цусархаг, хавант үрэвсэл нь ходоод болон гэдэсний бүх сегментийг хамарсан байжээ. Зарим төрлийн зэрлэг амьтанд амны эмгэг харилцан адилгүй илэрдэг. Нэгэн дэгдэлтийн үед зээрний хэлэн дээр жижиг шархлаа үүсэж, улаан хоолойн хананд өтгөн салсархуу зүйл хурсан байв. Өөр нэг дэгдэлтийн үед халдварт өртсөн туруут амьтдад амны эмгэг, тэжээл боловсруулах болон амьсгалын дээд замын салст бүрхүүлийн шархлаат үрэвсэл илрээгүй байна. Түүнчлэн зэрлэг хивэгч амьтдын элэг, бөөр, нойр булчирхай, дэлүү зэрэг дотор эрхтэн, тархинд цус ихсэх үзэгдэл ажиглагдсан тохиолдол бий.
Оношлох шинжилгээ
БММӨ-ий вирүс, түүний нуклейн хүчил буюу эсрэгтөрөгчийг цус, нуснаас, мөн нүд, ам, шулуун гэдэсний арчдаснаас илрүүлнэ. Нэгэн судалгаагаар ийлдэснээс илүүтэй цусны цагаан эс, ялтас бүхий фракцаас нуклейн хүчил илрүүлсэн байна. Вирүс ялгаж авах дээжийг өвчний цочмог үед өндөр халуурч байгаа ч хараахан чацга алдаж эхлээгүй амьтнаас авах нь зүйтэй. Задалсан тохиолдолд тунгалгийн зангилаа (ялангуяа чацархай болон гуурсан хоолойн), уушиг, дэлүү, гүйлсэн булчирхай болон гэдэсний (цутгалан, бүдүүн гэдэс г.м.) эмгэгт эдээс дээж авна.
БММӨ орогномол нутагт голдуу вирүсийн нуклейн хүчлийг БХ-ПГУ-аар илрүүлэх шинжилгээ хийдэг. Хэдийгээр вирүсийг ялгаж авах замаар өвчний оношийг баталгаажуулж болох ч вирүс өсгөвөрлөх ажиллагаа тэр болгон амжилттай болдоггүй. Ихэвчлэн Африкийн ногоон сармагчны бөөрний эс (Vero)-д БММӨ-ий вирүс өсгөвөрлөдөг ч бусад шугаман эсийг мөн адил ашиглах боломжтой. Үүсгэгчийг вирүс саармагжуулах болон бусад аргаар тодорхойлно.
БММӨ-ий вирүсийн эсрэгтөрөгчийг дархлаа барих ЭЛИЗА (immunocapture/ICE ELISA), сөрөг иммуноэлектрофорез (counter immunoelectrophoresis) болон нэвчин тунадасжуулах урвал (НТУ)-аар илрүүлнэ. Сөрөг иммуноэлектрофорез болон дархлаа барих ЭЛИЗА-гаар БММӨ-ий вирүсийг үхрийн мялзангийнхаас ялган оношилж болдог, харин НТУ энэ хоёр вирүсийг ялгахгүй. Мөн НТУ-ын мэдрэг чанар харьцангуй сул учир хөнгөн явцтай үед цөөн тоогоор агуулагдаж байгаа вирүсийн эсрэгтөрөгчийг илрүүлж чадахгүй орхигдуулах нь бий. Нүдний салст бүрхүүлийн арчдас болон эдийн дээжийг иммунофлуоресценц, иммунохимийн аргаар шинжилж болно.
Ийлдэс судлалын шинжилгээнд ашигладаг вирүс саармагжуулах урвал болон өрсөлдөөнт ЭЛИЗА-гийн аль аль нь БММӨ-ийг үхрийн мялзангаас ялган оношлох чадвартай. Харин хавсарга холбох урвал зэрэг хуучин аргууд дээрх хоёр өвчнийг ялган оношилж чадахгүй тохиолдол бий. Болж өгвөл ийлдсийн дээжийг ганц биш хоёр удаа авна. Гэвч БММӨ-өөс эрүүл орнуудад ийлдсийн нэг удаагийн дээж (эмнэл зүйн шинж тэмдэг илэрснээс хойш наанадаж нэг долоо хоногийн дараа авсан) оношлогооны ач холбогдолтой.
Эмчилгээ
БММӨ-д өвөрмөц эмчилгээ байхгүй. Гэвч бактер, шимэгчийн хавсарсан халдварыг эмчилж, тэтгэх сувилгаа хийх замаар хорогдлыг бууруулж болно.
Тэмцэх арга хэмжээ
БММӨ-өөс эрүүл бүсэд халдвар дэгдсэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах нь нэн чухал.
Урьдчилан сэргийлэх
БММӨ-ий вирүс гадаад орчинд удаан тэсдэггүй тул шууд хавьтал буюу халдвартай мал амьтнаар дамждаг. Өвчин орогномол бус нутагт вирүсийг устгахын тулд импортын хяналт, хөдөлгөөний хязгаарлалт, оношлох шинжилгээ, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлнэ.
БММӨ орогномол бус нутагт өвчин гарвал хорио цээр тогтоох, хөдөлгөөнд хяналт тавих, халдвартай болон халдвартай хавьтсан малыг устгах, халдвартай мал байсан хашаа хороог цэвэрлэж халдваргүйтгэх арга хэмжээг цогцоор нь авна. Бүсэлж эсвэл өндөр эрсдэлтэй малыг вакциндаж болно. БММӨ-ий вирүс гадаад орчинд хурдан идэвхгүйждэг нь түүнийг устгахад дөхөм үзүүлдэг. Уг вирүс амьтны биеэс гадна 4 хоногоос бага хугацаанд амьд байх чадвартай гэж үздэг. Ер нь сэг зэмийг булж, эсвэл шатааж устгадаг. Малаас мэдрэмтгий болон мэдрэмтгий байж болох зэрлэг амьтанд вирүс халдахаас сэргийлэх арга хэмжээ авна.
Өвчин орогномол нутагт вакцинжуулалтын арга хэмжээ хэрэгжүүлдэг. Өвчлөөд эдгэрсэн малд дархлаа сайн тогтож багаар бодоход 4 жил үргэлжилнэ, бүр насан туршийн дархлаа ч тогтож болно. Өндөр идэвхтэй, урт хугацааны дархлаа тогтоодог вакцин бий. Зарим вакцины омгийн вирүс амьтны биеэс гадагшилна.
Өвчин орогномол нутагт мэдрэмтгий зэрлэг амьтдыг хамгаалахын тулд тэднийг бог малтай ойртуулахгүй байх арга хэмжээ авдаг. Зэрлэг амьтдыг вакциндаж болох ч бог малд хэрэглэдэг БММӨ-ий вакцин бусад амьтанд хэр аюулгүй, үр дүнтэй талаар мэдээлэл хомс байна. 
Өвчлөл, хорогдол 
БММӨ орогномол нутагт бог мал халдварт өртөх нь түгээмэл бөгөөд ийлдэс судлалын шинжилгээгээр тодорхойлсон халдварлалтын түвшин 2-оос бага, эсвэл 50 хүртэл, бүр түүнээс дээш хувьд хэлбэлздэг. Энэ хувь ямаанаас илүү хонинд өндөр байна. Зарим судалгаагаар тэмээ, үхрийн 20 хүртэл хувь БММӨ-ий вирүсийн эсрэгбием агуулж байгаа нь тогтоогджээ. Пакистанд хийсэн ийлдэс судлалын шинжилгээгээр үхрийн 42%, усны одос үхрийн 67% (ихэнх нь үхрийн мялзан өвчнийг устгаснаас хойш төрсөн) эерэг дүн үзүүлсэн байна.
Дархлаагүй сүрэгт БММӨ-ий вирүсийн халдвар анх орж ирсэн тохиолдолд өндөр хурдтай тархдаг. Өвчин орогномол нутагт тодорхой хугацааны давтамжтай буюу ялангуяа мал сүрэг нийлэх, сүрэгт гаднаас мал оруулах үед дэгдэлт гарах нь бий. Зарим эпизоот цаг агаарын өөрчлөлттэй уялдана; борооны улирлын эхэнд, хүйтэн, хуурай нөхцөлд түлхүү гарна. Дэгдэлт хооронд вирүс хэрхэн хадгалагдан оршдогийг хараахан тогтоогоогүй байна. Уг вирүс бог малд эмнэл зүйн шинж тэмдэггүй далд хэлбэрээр эргэлдэж, дархлаа сулрах, эсвэл сүрэгт дархлаагүй мал нийлүүлэх үед өвчин дэгддэг гэж үздэг хүмүүс бий.
Өвчний явц, хүндрэл нь эзэн амьтны төрөл, дархлаа, үүлдэр, нас, хам өвчлөл, халдвараас хамаарч харилцан адилгүй байна. Зарим омгийн вирүс нэг үүлдрийн ямааг хүнд өвчлүүлдэг мөртлөө өөр үүлдрийн ямаанд хөнгөн тусдаг. Туршилтын харьцуулсан судалгаа болон зарим дэгдэлтээс харахад эмнэл зүйн шинж тэмдэгтэй өвчлөл хонийг бодвол ямаанд илүү хүнд хэлбэрээр илэрдэг ч эсрэг тохиолдол бас бий. Өвчин орогномол нутагт 3 сартайгаас 2 хүртэл насны мал илүү хүнд өвчилнө.
Өвчлөл болон тохиолдлын хорогдол бог мал ялангуяа дархлаагүй сүрэг, бага насны малд 80-90, түүнээс дээш хувьд хүрч болно. Гэвч энэ хувь орогномол нутагт бага буюу зарим сүрэгт өвчлөл, хорогдол 10-20 хувиас хэтэрдэггүй тухай мэдээлэл бий. Энэтхэгт усны одос үхэрт тохиолдлын хорогдол 96 хувьд хүрч байжээ. 385 усны одос үхрээс 50 нь өвчилсөн бөгөөд тэдгээрийн 38 нь сүрэгт шинээр нийлсэн, үхрийн мялзангийн эсрэг вакцинд хамрагдаж амжаагүй амьтад байсан байна. Этиоп даяар тэмээнд гарсан дэгдэлтийн үед 90-ээс дээш хувийн өвчлөл, 5-70 хувийн хорогдол бүртгэгджээ. Суданы тэмээн сүрэгт дэгдсэн нэгэн халдварын үед хорогдол 0-50 хувьд хэлбэлзэж, ихэвчлэн хээлтэй, эсвэл төллөөд удаагүй ингэ үхэж байв. Нэгэн дэгдэлтийн үед хашсан зээрний 51% өвчилж, тохиолдлын хорогдол 100 хувьд хүрч байжээ. Мөн ийм үхэл ихтэй дэгдэлт Арабын Нэгдсэн Эмиратын нутагт гөрөөсөнд бүртгэгдсэн. Пакистаны Синд янгир энэ халдварын улмаас мөн адил хүнд өвчилж, үхэж байжээ.
Жич: БММӨ-ий үед илэрдэг шинж тэмдгийн зургийг www.fao.org линкээр орж үзнэ үү.

No comments:

Post a Comment