Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2016/09/08

Бог малын мялзан өвчний вакцин, түүнийг хэрэглэх аргачлал

Эх сурвалж: www.oie.int 
2015 он
Бог малын мялзан өвчин (БММӨ)-ий вакцин
Дэлхийн хэмжээнд үхрийн мялзан өвчнийг устгах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний нэг үндэс нь үүсгэгч вирүсийн бүх омгийн эсрэг найдвартай хамгаалах чадвартай вакцин бүтээсэн явдал байлаа. Үүнтэй ойролцоо үр дүн бүхий вакциныг БММӨ-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд ашиглаж байгаа бөгөөд амьд сулруулсан хэлбэр нь насан туршийн хамгаалах дархлаа үүсгэдэг.
Өнөөгийн байдлаар дэлхийн 20 гаруй үйлдвэрт БММӨ-ий вакцин үйлдвэрлэж байна. Иймд эдгээр вакциныг үйлдвэрлэлд хэрэглэхээс өмнө Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-аас боловсруулсан вакцины чанарын стандартад нийцсэн үйлчилгээтэй эсэхийг нь баталгаажуулах нь нэн чухал.
Сулруулсан вакцин нь дулаанд тэсвэргүй тул үйлдвэрлэснээс малд тарих хүртэл бүхий л хугацаанд хүйтэн хэлхээг тасралтгүй баримтлах ёстой. Хөлдөөж хатаасан вакцин 2-оос 8оС-т багаар бодоход 2 жил, -20оС-т хэдэн жилээр идэвхээ хадгална. Вакциныг шингэлснээс хойш 30 минутанд багтаан хэрэглэх ёстой. БММӨ орогномол ихэнх бүс нутаг халуун цаг агаартайгаас гадна хүйтэн хэлхээг баримтлах дэд бүтэц муутай байдаг. Иймд олон лаборатори хөлдөлтийн улмаас гэмтэхээс хамгаалах бодис ашиглан хөлдөөж хатаах аргачлалыг боловсронгуй болгох судалгаа хийж дулаанд тэсвэртэй вакцин үйлдвэрлэх технологит дэвшил гаргаж байна. Энэхүү шинэлэг технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр эцсийн цэгт хүрч буй вакцины чанар сайжирна гэж найдаж байгаа аж.
Яаралтай үед вакцины бэлэн байдлыг хангах зорилгоор бүсийн хэмжээнд вакцины сан бий болгох асуудалд анхаарал хандуулах нь чухал байна. ДАЭМБ-аас бодит эргэлт бүхий вакцины сан байгуулжээ: олон улсын стандартын дагуу тендерт ялсан вакцин үйлдвэрлэгч компани/нийлүүлэгч шаардлагатай үед вакцин үйлдвэрлэх буюу тодорхой хэмжээний вакцин нөөцлөх бөгөөд ДАЭМБ-тай хийсэн гэрээнд зааснаар нөөцийг шинэчлэх ажлыг хариуцна. Ингэснээр халдвар дэгдсэн оронд вакциныг шуурхай илгээхээс гадна өвчин намжмал үеийн жил бүрийн дархлаажуулалтын арга хэмжээнд вакцин нийлүүлэх боломж бүрдэнэ.

БММӨ-ий эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг зохион байгуулах аргачлал
Онолын хувьд 3 сараас дээш насны бүх бог малыг вакциндахаас гадна тухайн орны мал аж ахуй эрхлэх онцлог, мал сүргийн хөдлөл зүй, хөдөлгөөний горимыг харгалзана.
Вакцинжуулалтын арга хэмжээнд баримтлах зарчим:
  • Вакцинжуулалтыг 2 жил дараалан хийсний дараа 1-2 жил төл малыг дархлаажуулна.
  • Бэлчээрийн мал аж ахуй болон хөдөө аж ахуй-бэлчээрийн мал аж ахуйтай цөлөрхөг, хуурай, говирхуу нутагт вакцинжуулалтын кампанит ажлыг жилд нэг удаа зохион байгуулна (хуурай улирлын эхэнд буюу мал төллөлтийн оргил үеэс өмнөхөн). 
  • Тариалан-фермерийн мал аж ахуйтай ялимгүй чийглэг/чийглэг нутагт мал төллөх онцлог улирал байдаггүй тул жилд 2 удаа вакцинжуулалт хийж дархлааны түвшинг өндөрт барина. Вакцинжуулалтын товыг тогтоохдоо хөдөө аж ахуйн хуанли, фермерүүдийн цаг завыг харгалзана.
  • Хот орчмын малд сүргийн эргэлтээс шалтгаалж жилд 1-2 удаа вакцинжуулалт хийнэ.
Вирүс хадгалагдах, тархах эпидемиологийн мөчлөгийг таслан зогсоохын тулд зорилтот мал сүргийн 80 хувьд дархлаа тогтоох шаардлагатай. Энэ нь сүргийн эргэлтийг сайтар тооцохыг шаардана. Наян хувийн дархлаа тогтооно гэдэг нь 3 сараас дээш насны бог малыг бараг 100% вакциндана гэсэн үг. Уг таамаглалыг үхрийн мялзанг устгасан жишээнээс сэдэвлэж дэвшүүлсэн ч ийм өндөр дархлааны түвшинд хүртэл вакциндаагүй ч үхрийн мялзангийн вирүсийг устгасан жишээ олон бий. БММӨ-ий вирүсийн орчил, тархалтыг таслан зогсооход 80 хувийн дархлааны түвшин шаардлагатайг нотлон харуулсан шинжлэх ухааны бүтээл маш цөөн байна. Түүнчлэн саяхан Мороккод уг өвчнийг устгахад 70 хувийн дархлаа хангалттай байжээ. Мөн вакцинжуулалтын арга хэмжээг зөв зохион байгуулсан ч бодит амьдрал дээр 80 хувийн хамгаалалт үүсгэж чадахгүй байх явдал тохиолддогийг дурьдсан туршлага, эпидемиологийн судалгааны үр дүн нэлээд бий. Иймд дэлхийн хэмжээнд БММӨ-тэй тэмцэх, устгах стратегийг хэрэгжүүлэхэд 80 хувийн хамгаалах дархлаа тогтоох зорилго тавих боловч вакцинжуулалтын дараах ийлдэс судлалын тандалтаар үр дүнг тооцохдоо 70 хувийн дархлааны түвшинд үндэслэнэ.  

Вакцин түгээх тогтолцоо
Хөдөө орон нутагт чанар сайтай вакциныг хангалттай хэмжээгээр хүргэхийн тулд хэд хэдэн хүчин зүйлийг харгалзах хэрэгтэй:
  • Хилийн боомт дээр хүлээж авсан вакцины чанар
  • Хүйтэн хэлхээний дэг
  • Зардал, хаягдал багатай савлагаа (цөөн малтай аж ахуйд жижиг савлагаатай вакцин, олон малтай аж ахуйд том савлагаатай вакцин хэрэглэх)
  • Вакцинд хамрагдалтыг зорьсон түвшинд хүргэхийн тулд бодитой тооцоо хийж вакциныг хангалттай хэмжээгээр түгээх
  • Хөдөө орон нутагт вакцин хүргэх ажлын зохион байгуулалт
Хөгжиж буй ихэнх орон, ялангуяа алслагдмал нутаг, тархай бутархай мал сүрэгт масс вакцинжуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүндрэл учирдаг. Мөн ийм орнуудад малын тоогоо шинэчилдэггүй, шинэчилсэн ч бодит байдлаас дэгс тоо гаргадаг дутагдал бий.
Гэвч тухайн оронд хэрэглэж буй аргачлалаас үл хамааран аль болох богино хугацаанд мал сүргийг максимум хэмжээнд хүртэл вакциндах зорилго тавьж ажиллана. 
Үүний тулд вакцинжуулалтын кампанит ажлыг чанд төлөвлөх ёстой. Вакцин тарих багт сургалт явуулж, хүйтэн хэлхээ гэх мэт тоног хэрэгслийн бэлэн байдлыг хангана. Үндэсний болон орон нутгийн төрөл бүрийн сувгуудаар мэдээлэл түгээх ажил зохион байгуулах нь маш чухал ач холбогдолтой. Мэдээлэл хомс байх нь зорилтот ажлыг саатуулж, вакцинжуулалт болон холбогдох бусад үйл ажиллагааны талаар сөрөг мэдээлэл түгэхэд хүргэж болзошгүй.

No comments:

Post a Comment