2011 оны 4 дүгээр
сарын 2
Эрдэмтэд вирүсийг эсэд
нэвтрэхээс хамгаалдаг шинэ уургийг инженерчлэлийн аргаар гаргаж авсан нь эм
боловсруулах ажлын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, ДОХ-ын эсрэг тэмцлийн
түүхэнд бичигдэхээр үйл явдал болжээ. Энэхүү уургийг вирүсээс эсийг хамгаалах
үүрэг бүхий RANTES хэмээх биед төрөлхийн агуулагддаг уургаас гаргаж
авсан байна. Хүний гараар бүтсэн уургийн онцлог нь ДОХ-ын вирүсийг саатуулах
хэмжээний тун нь үрэвсэл болон бусад сөрөг үр дагавар үзүүлдэггүйд оршдог аж.
RANTES уураг нь ХДХВ/ДОХ-оос биемахбодийг хамгаалдаг
боловч үрэвсэл үүсгэх зэргээр зарим таагүй нөлөө үзүүлдэг тул шууд эм болгон
хэрэглэх боломжгүй байв. Судлаачид түүний молекул бүтцийг нарийн тодорхойлсны
үндсэн дээр зөвхөн жижиг фрагмент (хэсэг) нь ХДХВ-ийг эсэд нэвтрэхээс хамгаалж
хориг тавьдаг болохыг нээсэн байна. Иймд тэрхүү хэсгийг ялган авч хамгаалах
идэвхийг нь сулруулалгүйгээр тогтворжуулах судалгаа хийж эхэлжээ.
RANTES уургийг тодорхой дарааллын дагуу молекулын
түвшинд цэвэршүүлж, бага зэргийн засвар хийсний эцэст ХДХВ-ийн эсрэг өндөр
идэвхтэй пептид гаргаж авсан нь үений үрэвсэл, чонон хөрвөс зэрэг үрэвсэлт
өвчнийг эмчлэх, шилжүүлэн суулгасан эрхтэн ховхорч унахаас урьдчилан
сэргийлэхэд ч үр дүнгээ өгч болзошгүй байна.
Энэхүү нээлт The
FASEB journal сэтгүүлийн 2011 оны 4 дүгээр сарын дугаарт нийтлэгджээ.
“Ингээд бид ХДХВ-ийн эсрэг
байгаа зөв онилсон эм боловсруулах боломжтой боллоо. Энэ вирүс эсэд яаж
нэвтэрдгийг молекулын түвшинд судлах, энэ үед химийн яг ямар урвал явагддагийг
ойлгох гэж хэдэн арван жил зарцууллаа. Сэргэн мандалтын үеийн уран барилгачид
байгалийн гантиг чулуугаар урлагийн бүтээл туурвидгийн адил молекулын түвшинд
ажилладаг өнөөгийн инженерүүд амьдрал аврагч химийн сод бүтээл
"урлаж" байна. Шинжлэх ухааны зөгнөл ийнхүү биеллээ олсон нь ДОХ-ын
халдвар авсан хүмүүст сайн мэдээ төдийгүй бусад олон өвчнийг энэ аргаар эмчлэх
боломжтойг харуулсан чухал үр дүн боллоо.” гэж тус сэтгүүлийн ерөнхий редактор
Жеральд Вейсман цохон тэмдэглэсэн байна.
No comments:
Post a Comment