Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/07/30

Прионы өвчний эсрэг эм бүтээх боломж олгосон нээлт

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2010 оны 12 дугаар сарын 21
The FASEB Journal сэтгүүлийн 2010 оны 12 дугаар сарын дугаарт цусны бүлэнг задлахад оролцдог плазминоген хэмээх уураг прионы өвчний явцыг түргэсгэдэг тул түүнийг хүн, амьтны прионы өвчнүүд (үхрийн тархи сархиагтах эмгэг, хүний Крейцфельдт-Якобын өвчин, хонины скрепи, буга, хандгайн ужиг тураал)-ийн эсрэг эмийн шинэ бай болгох боломжтойг тогтоосон тухай судалгааны дүн нийтлэгджээ.
“Прионы өвчний шинж тэмдэг илэртэл хэдэн арван жил болох ч тохиолдол байдаг тул өвчин үүсгэгч прион уургийн хувилан олширох үйлийг дэмждэг хүчин зүйлийг онилж өвчлөлийн явцыг удаашруулах нь эмчилгээний асар их ач холбогдолтой.” гэж Кентуккигийн Их сургуулиас тус судалгааны багт оролцсон доктор Чонсук Рью мэдэгдсэн байна. Энгийн хуруу шилэнд өвчин үүсгэгч прион уургийг олшруулах урвалыг плазминогентэй болон плазминогенгүй орчинд явуулж туршихад плазминогентэй нөхцөлд хүн болон амьтны эсийн аль алинд прионы репликац эрчимжиж байжээ.
“Өвчин үүсгэгч прион бол байгаль дахь хамгийн сонирхолтой боловч хамгийн бага судлагдсан биологийн үзэгдэл. Тэрээр вирүс, бактерийн аль нь ч биш боловч тэдний нэгэн адил үхэлд хүргэнэ, хөнөөл учруулна. Прионууд бидний биед агуулагддаг бүлэн задлагч механизмыг өөртөө “овжин” ашигладаг болохыг нээснээр прионы эсрэг эмчилгээг шинэ бай тийш чиглүүлж өглөө.” гэж тус сэтгүүлийн ахлах редактор доктор Жеральд Вейсман өгүүлсэн байна.
Хэвийн хэлбэртэй прионы уургийн молекулууд тархины болон бусад олон төрлийн эсийн гадаргууд агуулагддаг хэдий ч чухам ямар үүрэгтэй болох нь тодорхой бус хэвээр байна.
Харин тархины эдэд бөөгнөрч хуримтлагдсан хэвийн бус прионы уураг тархины гэмтэл үүсгэдэг гэж үздэг. Гэвч хэвийн прионы уураг яагаад хэвийн бус хэлбэртэй болдог нь бүрэн судлагдаагүй ажээ.

No comments:

Post a Comment