2010 оны 9 дүгээр сарын 13
ХХ зуунд 300-500 сая
хүний амь насыг авч одсонд тооцогддог гоц халдварт цагаан цэцэг өвчин устлаа гэж 1979
оны өвөл дэлхий нийтээр тэмдэглэж байсан билээ. 1980 он хүртэл вакцинжуулалтын
арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлсний дүнд энэ вирүсийг "дэлхийн хөрснөөс
арчсан" гэж үздэг. Вирүс устсан тул цагаан цэцэг өвчний эсрэг вакцин ч
шаардлагагүй болжээ.
"Prairie dog" мэрэгч (en.wikipedia.org) |
Сармагчны цэцэг өвчний шинж (en.wikipedia.org) |
Гэтэл өнөөдөр Калифорний
Их сургуулийн судлаачид цагаан цэцэг өвчний эсрэг вакцины хэрэглээг зогсоосны улмаас
түүнтэй ойр төрлийн нэгэн вирүс “хүчээ аваад” байгаа талаар мэдэгдсэн байна.
Тус их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эпидемиологийн ухааны дэд профессор Аннa Римуан нөхдийн хамтаар цагаан цэцэг өвчний эсрэг масс
вакцинжуулалтын арга хэмжээг зогсоосноос хойш 30 жилийн дараа хүнд
сармагчны цэцэг (monkeypox) хэмээх өвчнийг үүсгэгч вирүсийн халдвар Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улс (АБНКУ)-ын хөдөө орон нутагт төсөөлж
байгаагүйгээр тархсанаар үл барам Африкийн
бусад орон, бүр АНУ-д хүртэл халдварын алаг цоог голомтууд
бүртгэгдэх болсныг дуулгасан байна. Түүний хэлснээр 1980 он хүртэл хэрэглэж
байсан цагаан цэцэг өвчний эсрэг вакцин нь амьтнаас хүнд халддаг “orthopoxvirus”-ээр
үүсгэгддэг сармагчны цэцгийн эсрэг ч мөн адил дархлаа тогтоож байжээ.
Сармагчны цэцгээр өвчилсөн хүнд арьсны хүнд хэлбэрийн тууралт, халуурах,
толгой өвдөх, тунгалгийн зангилаа хавдах шинж илрэхээс гадна сохрох бүр
цаашлаад амь насанд нь ч эрсдэл үүсэж болзошгүй
байдаг байна. Энэ өвчний эсрэг эмчилгээ байхгүй тул халдвар авсан хүнд зөвхөн
тэтгэх сувилгаа хийдэг.
Цагаан цэцгийн эсрэг
вакцинжуулалтын арга хэмжээг зогсоосноос хойш АБНКУ-д энэ өвчний эсрэг
дархлаагүй хүмүүсийн нэгэн үе бий болсон нь сармагчны вирүсийн халдварт
өртөгсдийн тоог нэмсээр байсан ч тус орны эрүүл мэндийн дэд бүтэц сул буюу
бараг хөгжөөгүйн улмаас халдварын тархалт анхааралд өртөлгүй, хяналтаас гадуур
явсаар иржээ. Ийм учраас Римуаны багийн мэдэгдлээс өмнө сармагчны цэцэг өвчнийг маш ховор
тохиолддог гэж үздэг байсан бол түүний судалгаа нь эсрэгээр халдвар маш түгээмэл болоод байгааг харуулсан байна.
Римуан сармагчны цэцэг өвчний төрөл дамжин
халдварлах байдлыг судалж тандах зорилгоор АБНКУ-ыг судалгааны цэг болгон
сонгосон байна. Түүний баг 2006-2007 онд тус улсын төвийн 9 бүсийн хүн амд
тулгуурласан тандалтын хүрээнд эпидемиологийн мэдээ цуглуулж, сэжигтэй
тохиолдлуудад шинжилгээ хийж үзжээ. Дараа нь дээрх онуудад гарсан халдварын
нийт тохиолдлын тоог 1981-1986 онд ижил төстэй бүсүүдээс авсан мэдээлэлтэй
харьцуулж үзэхэд цочирдмоор дүн гарсан байна. 1980 онд цагаан цэцэг өвчний эсрэг
вакцинжуулалт зогссоноос хойш АБНКУ-д сармагчны цэцгийн вирүсээр
халдварласан хүний тоо 20 дахин нэмэгдсэн байв.
2003 онд АНУ-д гарсан
сармагчны цэцгийн дэгдэлт нь бич төрөлтнөөс илүүтэй мэрэгч амьтадтай
холбоотой байсныг Римуан тэмдэглэсэн байна.
Тухайн жил АНУ-ын дундад баруун бүсэд 93 хүн халдвар авсан бөгөөд шалтгааныг нь
хожим тодруулахад тэжээвэр амьтны дэлгүүрт зарагдаж байсан prairie dog
хэмээх нэгэн мэрэгч “гэмт этгээд”-ээр тодорчээ.
““Сармагчны цэцэг”
өвчний нэршил үнэхээр буруу. Энэ өвчнийг анх лабораторийн сармагчинд оношилсон
болохоор л ингэж нэрийдсэн хэрэг. Гэхдээ яг байгальдаа бол бич төрөлтнөөс
илүүтэй хэрэм болон бусад мэрэгч илүүтэй халдварладаг болох нь ажиглагдсан.”
гэж Римуан хэлжээ.
Тэрээр энэ вирүс тархаж
цөхөөд байдаггүй учраас цаашдаа амьтдын дунд илүү өргөнөөр халдварлах болно гэж
мэдэгдсэн нь хамгийн их анхаарал татаад байна.
Цагаан цэцэг өвчний эсрэг
вакцинжуулалтын арга хэмжээг дахин сэргээнэ гэдэг санаа бодит байдлаас хол
сонсогдох тул АБНКУ-д эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, өвчний тандалтыг сайжруулж, халдвар өргөжих эрсдэлийг
бууруулах стратегийг яаралтай боловсруулах шаардлагатай байгааг Римуан анхааруулсан байна.
No comments:
Post a Comment