2008 оны 7 дугаар сарын 7
ДОХ-ын ихэнх тохиолдлын “гэмтэн” хүний
дархлал хомсдолын вирүс (ХДХВ)-1 нь 100 орчим жилийн өмнө буюу урьд нь тооцоолж байснаас
20 гаруй жилийн өмнө хүнд халдсан тухай "Эволюци 2008" хуралд
тавьсан илтгэлд дурьджээ. Тус хурлын өөр нэгэн илтгэлд энэ вирүсийн үеэл болох
ХДХВ-2 нь хэдэн арван жилийн дараа сармагчнаас хүнд халдсан бөгөөд сармагчин
уг вирүсийг эрдэмтдийн үзэж байсан шиг хэдэн сая жил биш харин хэдхэн зуун жил
тээж ирснийг өгүүлсэн байна. Энэ хоёр вирүсийн гарвал нь бичний дархлал
хомсдолын вирүс (БДХВ) аж.
Ногoон сармагчны газар зүйн тархалт (en.wikipedia.org) |
Ногоон сармагчин (en.wikipedia.org) |
ХДХВ-2-ыг үүсгэсэн БДХВ-ийн талаархи
эрдэмтдийн ташаа ойлголтын анхны сэжүүр 2007 онд илэрчээ. БДХВ-ээр халдварласан
ихэнх сармагчин өвчилдөггүй бөгөөд энэ вирүс эзэн бичний хамтаар хэдэн сая
жилийн турш цуг хөгжсөн нь эзэн, эмгэг төрүүлэгч хоёр "эв найрамдалтай
хамтран амьдрах” нөхцөлийг бүрдүүлсэн гэж эрдэмтэд үздэг аж. Хэрэв энэ онол
үнэн байсан бол сармагчны ургийн мод нь БДХВ-ийн удмын модтой дүйх ёстой
байлаа. Гэвч 2007 онд Аризоны Их сургуулийн оюутан Жоэл Вертхаймын зөвлөх багш
Михаил Воробей болон нөхдийн хамтаар хийсэн судалгаа Африкийн ногоон сармагчин (African green monkey) болон түүний БДХВ-ийн хувьд уг онол нийцэхгүй байгааг
илрүүлж, энэ вирүс хэдэн сая жилийн настай биш болохыг харуулсан байна.
Хөө хар mangabey (www.britannica.com) |
Хөө хар mangabey сармагчны тархалт (en.wikipedia.org) |
БДХВ-ийн эх үүсвэрийг тодруулахын тулд Вертхайм
Африк болон АНУ-ын бич судлалын төвүүд дэх sooty mangabey хэмээх
хөө хар сармагчнаас ялгаж авсан вирүсүүдийг цуглуулсан байна. Тэрээр цуглуулсан
БДХВ-үүдийнхээ генийн дарааллыг Африкийн ногоон сармагчны БДХВ-ийн
цөөн хэдэн дээж болон ХДХВ-2, нохой сармагчин (macaque)-ы БДХВ-ийн генийн дарааллуудтай харьцуулж үзэхэд уг вирүс нь анх
1808 онд хөө хар mangabey сармагчинд
халдсанаас хойш 125 жилийн дараа хүнд
дамжиж ХДХВ-2-ыг үүсгэсэн байжээ.
Нохой сармагчин (en.wikipedia.org) |
Түүний дараа Воробейн шавь нарын нэг болох Марлэа Геммель Конгын Ардчилсан Бүгд Найрамдах Улсын Киншасагийн Их сургуулийн
Эмгэг судлалын тэнхимийн 1960 онд цуглуулсан тунгалгийн эдээс ялгаж авсан
ХДХВ-1-ийн ДНХ-гийн 1,000 орчим суурийн дарааллыг тогтоож, 1959 онд авсан цусны
хөлдөөсөн дээжнээс ялгасан ХДХВ-1-ийнхтэй харьцуулж үзэхэд бодож байснаас нь
нэлээд өөр дүн үзүүлжээ. Мөн энэ хоёр дээжний генийн дарааллыг хожуу үеийнхтэй
харьцуулснаар ХДХВ-1 нь хүнд 1931 онд биш харин 1908 оны орчим халдсан болохыг
тогтоосон байна. Түүнчлэн 20 дугаар зууны дунд үе хүртэл хүмүүсийн дунд энэ
вирүсийн тархалт бага байсан бөгөөд хотжилт эрчимжсэн нь ДОХ-ыг эпидеми
болгосон гэж үзэхэд хүргэсэн аж.
Дээрх судалгаанууд
мэргэжилтнүүдэд сэтгэгдэл төрүүлж чадсан бөгөөд урьдын хэвшмэл онолыг эргэн
харж, хоруу чанар зэрэг бусад хүчин зүйлд анхаарал хандуулахад хүргэсэн байна.
No comments:
Post a Comment