Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2017/01/03

Хариуцлага = Итгэлцэл (Японд суралцсан тэмдэглэлээс / Нэгдүгээр хэсэг: Зөгийн аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа)

Тэмдэглэл хөтөлсөн: Н.Одонцэцэг
2016 оны 12 дугаар сарын 12-21

Японы Хөдөө аж ахуй, ойн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (JAICAF)-ээс ЖАЙКА (JICA)-гийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг Зөгийн аж ахуйг хөгжүүлэх замаар орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх төсөл-өөс зохион байгуулсан "Зөгийн өвчин, зөгийн балны чанарын менежмент" сэдэвт сургалтанд Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн хэлтсийн дарга С.Ариунтөгс, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжлэгч эмч С.Мөнхбаяр, тус төслийн мэргэжилтэн, малын эмч Д.Ууганбаяр болон миний бие оролцов.
Юуны өмнө, сургалтыг үр дүнтэй зохион байгуулсан Нишияама-сан, Мори-сан, Хошиба багш, Ёшигаки багш болон бидэнтэй уулзаж байгууллагынхаа талаар цаг хайрлалгүй танилцуулсан нийт хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Сургалтын тэмдэглэлээ Хариуцлага = Итгэлцэл хэмээн гарчигласныг анзаарсан буйзаа. Энэ бол Японы бизнес эрхлэгч, тэдний үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг хянадаг, шинжилдэг байгууллага, худалдан авагч хооронд тогтсон харилцааны мөн чанар ажээ.

Тус сургалтаар зөгийн аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа, судалгаа, хяналт, шинжилгээ эрхэлдэг байгууллагуудтай танилцуулсан нь тэдний уялдааг олж харах боломж олгосон цогц санаачилга байлаа. 

Энэ удаа Японы зөгийн аж ахуйн үйлдвэрлэл, худалдааны талаар товч танилцуулъя.

1. Ерөнхий мэдээлэл
Японд 2010 оноос хойш зөгийчин өрхийн тоо аажим өсөх хандлагатай байсан бол 2013 оноос эхлэн хобби маягаар зөгий үржүүлэх сонирхол хувь хүмүүсийн дунд эрс нэмэгджээ. 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийт 9,306 өрхөд 210,000 бүл зөгий тоологдсон байна. Японы тариаланчид болон зөгийн аж ахуй эрхлэгчдийн дунд харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөн дэлгэрчээ. Ихэнх зөгийчин тариалангийн ургамлын тоос хүртээх үйлчилгээ үзүүлж ашиг олдог бол цөөн хэсэг нь бал үйлдвэрлэх зорилгоор зөгийн аж ахуй эрхэлдэг.  
Японы зөгийн балны эргэлтийн ерөнхий дүр зураг 
(Эх сурвалж: JAICAF-ийн сургалтын материалаас)
Зөгийн бал нь балт ургамлын төрлөөс хамааран
цайвар шаргалаас эхлээд хар хүрэн өнгөтэй байдаг.
Япончууд цайвар шаргал өнгөтэй баланд дуртай тул
хар хүрэн балыг голдуу бусад бүтээгдэхүүний орц найрлага болгон ашигладаг аж
(Зургийг: healthyhabitshub.com)

2. Бидний танилцсан байгууллагууд
а) Сайтамагийн Зөгийн аж ахуй ХХK (Saitama Apiculture Co.,Ltd. / 埼玉養株式会社)
1908 онд байгуулагдсан цагаасаа хойш 100 гаруй жилийн хугацаанд цэвэр зөгийн бал ард иргэддээ нийлүүлсээр ирсэн тус компанийг үндэслэгч Тораносүкэ Шимизүг Японы зөгийн аж ахуйн үйлдвэрлэлийн суурийг тавьсан хэмээн хүндэлдэг аж. Дотоод, гадаадын зөгийчид буюу үйлдвэрлэгчидтэй урт хугацаанд харилцан итгэлцэл дор хамтарч ажилласан туршлага нь зөгийн балны "чанарын чанд хяналт"-ын тогтолцоог бий болгожээ.
Захирал Тошиари Шимизү
Үндэслэгчийн 4 дэх үе буюу удам дамжсан уг бизнесийг өвлөн удирдаж яваа ноён Тошиари Шимизү бидэнтэй уулзаж байгууллагынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Дөчин долоон ажилтантай уг компани нийт балныхаа 90 хувийг Хятад, Унгар, Аргентин, Канад, Австралиас импортолж жижиглэнгээр савлаж худалдаалдаг. Бүтээгдэхүүнд нь дотоод (байгууллагын) болон гадаад хяналт тавигддаг бөгөөд дотоод хяналт 3 үе шаттай. Эхлээд импортлох балаа эх нутгаас нь ачихаасаа өмнө шинжилж тэнцсэн тохиолдолд Японы нутаг дэвсгэрт авчирна. Дахин шинжлээд тэнцсэн тохиолдолд халааж шүүгээд савлана. Савласны дараа удаах шинжилгээ хийж тэнцсэн тохиолдолд хэрэглэгчдэд нийлүүлдэг журамтай. 
Дотоод хяналтаар балны чийгшил, сахарын агууламж, глюкоз, фруктоз, сахароз, гидроксиметилфурфурол, декстрин, өнгө, гадны хольцыг шинжлэхээс гадна тетрациклин, стрептомицин, хлорамфеникол гэх мэт антибиотикийн үлдэгдлийг балыг импортоор оруулж ирсний дараа, харин пестицидийн үлдэгдлийг жилд 3-4 удаа түүвэр аргаар тодорхойлдог байна.
Тус компани орчин үеийн стандарт шаардлагыг бүрэн хангасан шинэ савлах үйлдвэр барьж удахгүй ашиглалтанд оруулах гэж байгаа тул сүүлийнхээ савлалтыг хийж буй 50 гаруй жилийн настай түүхэн үйлдвэртэйгээ биднийг танилцуулсан юм.

Аргентин, Австралиас импортолсон зөгийн балыг хольж савласан байдал;
энэ тухай шошгон дээрээ дэлгэрэнгүй бичжээ.

б. Кумагаягийн Зөгийн аж ахуй ХХК (Kumagaya Beekeeping Co.,Ltd. / 熊谷養蜂)
Зөгийн аж ахуй эрхлэхээс гадна зөгийн аж ахуйд шаардагддаг бүхий л багаж хэрэгсэл, хувцас, үүр хайрцаг, зөгийн гаралтай хүнсний болон гоо сайхны бүтээгдэхүүн, бэлэг дурсгал борлуулдаг уг компани мөн адил удам дамжсан бизнес бөгөөд өдгөө 3 дахь үеийн захирлаар ноён Хидеки Канеко ажиллаж байна. Тэр их ажлын хажуугаар бидний сонирхсон асуултанд "юм орхичихгүй юмсан" гэсэн шиг уйгагүй тайлбарлахыг хараад удирдагч хүн ийм энгийн мөртлөө юманд чин сэтгэлээсээ хандвал доор ажиллаж байгаа хүмүүс нь мөн адил зөв хандлагатай болох юм байна даа гэж бодогдож байлаа.
Захирал Хидеки Канеко (цэнхэр хувцастай нь)
Ажилчидтайгаа цуг зөгийн үүр хайрцаг хийж суух түүний аав буюу өмнөх захирал (ногоон цамцтай) нь 
хүүгээ "Захиралаа" гэж дуудан хүндлэх нь бизнесийнх нь дэг жаягийг харуулж, 
нэг л бахархах сэтгэгдэл төрүүлж билээ (баруун гар талд Хошиба багш)
Хидеки захирлын дэлгүүрт зөгийн аж ахуйтай холбоотой бүхий л зүйлийг нэг дороос худалдаж авах боломж бүрдүүлжээ. Зарим бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэхээс гадна дотоод, гадаадын компаниудын барааг ч борлуулах ажлыг гүйцэтгэдэг аж. Бүтээгдэхүүнийхээ талаар жилийн каталоги гаргадаг юм байна. Каталогийн зохион байгуулалт, мэдээлэл нь тун ойлгомжтой, санаа авахуйц цэгцтэй санагдсан. За ингээд түүний бизнестэй цухасхан танилцъя.

Япон загварын үүр хайрцаг
Идүүр
Сэмжтэй жааз
Сэмж бэхлэх жааз
Эх зөгий тусгаарлагч
Цэцгийн тоос хураагуур
Эх зөгий хадгалах тор
Өмнөд Солонгосоос оруулж ирж борлуулдаг зөгийн хөөсөнцөр үүр хайрцаг
Зөгийд нэмэлт тэжээл тавьсан байдал
Эх зөгий баригч (тэмдэглэх зориулалттай)
Компаний зөгийн аж ахуй
Бараа бүтээгдэхүүний каталогийн хуудаснаас

в. L'abeille (францаар "Зөгий" гэсэн утгатай) ХХК
1950 онд байгуулагдсан тус дэлгүүр зөгийн балны худалдааг маш сайн менежментээр хэрэглэгчдэд хүргэж байгааг харлаа. Дэлгүүрийн тохижилт, бараа бүтээгдэхүүний нэр төрөл, савлагаа, өрөлт, амталгаа, худалдагчдын үйлчилгээ зэргээс "бал" гэдэг ямар гайхалтай бүтээгдэхүүн болохыг түвэггүй ойлгоно. Одоогоор 10 орны 80 гаруй төрлийн бал борлуулж байгаагаас гадна балаар амталсан төрөл бүрийн бүтээгдэхүүнээр барааныхаа нэр төрлийг олшруулжээ. Бүтээгдэхүүний сав, баглаа боодол нь өнгө үзэмжтэй, хэмжээний хувьд сонголт арвинтай болохоор хэн нэгэнд бэлэг болгоход тун тохиромжтой санагдсан шүү. 
Тус дэлгүүрийнхэн хэрэглэгчдээ аюулгүй, амтлаг бүтээгдэхүүнээр хангахын тулд цэцэг дэлгэрэх цагаар бал нийлүүлэгч зөгийн аж ахуйнуудынхаа үйл ажиллагаатай нь биечлэн танилцахаас гадна бизнесийнхээ хүрээг өргөжүүлэх зорилгоор шинэ аж ахуйгаар ч зочилдог аж. 
Шинэ хураасан бал хамгийн амттай. Энэхүү гайхалтай амтыг тэр чигээр нь хэрэглэгчиддээ хүргэхийн тулд тээвэрлэх, хадгалах, савлах үеийн өөрийн гэсэн стандартыг бий болгожээ (www.labeille.jp).
Төрөл бүрийн балыг үйлдвэрлэсэн улс, балт ургамлын төрлөөр нь ангилж, 
хэрэглэгчдийн хүссэн балыг хүссэн хэмжээгээр нь өгөхөд бэлэн болгожээ.
Амталгааны хэсэг
"Хөөх, бал чинь ийм олон янзын амттай байдаг бий вий!"
Аль орны, ямар ургамлынх болохыг харуулсан шошготой балнаас амталж үзээд сонголтоо хийнэ.
L'abeille дэлгүүр сав, баглаа боодолдоо онцгой ач холбогдол өгдөг онцлогтой аж.
Зургийн эх сурвалж: www.facebook.com/labeille.jp/

г. Хана-Мегуми дэлгүүр ('Цэцэгсийн бэлэг' дэлгүүр / 花めぐみ)
Зөгийнөөс гарвалтай бүтээгдэхүүн зардаг Микио Ёшида өвөөгийн дэлгүүртэй танилцав. Дэлгүүртээ гурвуулаа ажилладаг ч биднийг очсон өдөр ганцаараа байж таарав. "Ганц дайчин ганцаардахгүй" гэгчээр үйлчлүүлэгчиддээ үйлчлэхийн сацуу холоос ирсэн бидэнд бүтээгдэхүүнийхээ талаар сэтгэл харамгүй тайлбарлаж, "хамгийн гоёосоо" ч амсуулав.
Микио өвөө "үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдахгүй байх" гэдэг хамгийн чухал болохыг байнга сануулж байлаа. Тэрээр аливаа бизнес иргэдийнхээ нэг хувьд үйлчилж байхад хангалттай гэж үздэг аж. Ганц нэг үйлчлүүлээд дахиж ирдэггүй хүн байхад зарим хүнд тухайн бизнесийн арга барил, бүтээгдэхүүнийх нь чанар таалагдаж байнгын үйлчлүүлэгч болдог. Ийм байнгын үйлчлүүлэгч нь нөгөө дээр хэлсэн "1%"-д багтах юм байна. Энэ "1%"-ийнхаа итгэлийг алдахгүй ажиллана гэдэг бизнес хийж байгаа хүний эрхэм зорилго ажээ.
"L'abeille" шиг гял цал, чамин дэлгүүрээр үйлчлүүлэх сонирхолтой хүмүүс байхад Микио өвөөгийнх шиг энгийн, халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн дэлгүүрт түлхүү татагдах нэгэн байх нь дамжиггүй. Байнгын үйлчлүүлэгч элбэг бололтой. Орж ирсэн хүмүүс дотно яриа өрнүүлнэ. Нэг хүн "Эдний зөгийн балтай чихэр нь ханиаданд сайн байдаг юм" гэж магтан нэлээд хэдэн уутыг авав.
Энэ дэлгүүрт 'бал авч хэн нэгэнд бэлэг болгоё' гэхээс илүүтэй хувийн хэрэглээндээ зориулж худалдан авалт хийдэг хүмүүс ирдэг болов уу гэмээр. Авахын өмнө бүгдээс нь амталж болно, том, жижиг савлагаатайг хүссэнээрээ сонгож болно. Бал бүрийн дээр ямар ургамлын, хаанахын гарвалтай болохыг тодорхой харуулсан шошго наалттай. 
Рефрактометрээр балны сахарын хэмжээг тодорхойлж байгаа нь;
Энэ багаж зөгийчид болоод зөгийн балны худалдаа эрхлэгчдэд нэн чухал ажээ.
Микио өвөө Монголын үзэсгэлэнт байгалийн зураг бүхий танилцуулга номыг тун шимтэн үзэж билээ.

2 comments:

  1. Монголд боломж байгаан бна даа.Экспортын зориулалттай нэг төрлийн бүтээгдхүүн болох

    ReplyDelete