Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/12/17

Малын эмч нараар дамжиж үхрийн өвчин тархав

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org 
2015 оны 10 дугаар сарын 6
Германы Фридрих-Лоффлерын хүрээлэн (Friedrich-Loeffler-Institute)-гийн судлаачид 5,000 гаруй үхрийг хамарч, 500 орчмыг нь "цааш харуулсан" өвчин Германы малын эмч, фермер, худалдаачдаар дамжин тархсан байх магадлалтай тухай Heliyon сэтгүүлийн шинэ дугаарт нийтэлж, хүмүүс фермд орохдоо нэг удаагийн хувцас хэрэглэх г.м. халдвараас сэргийлэх био-хамгааллын арга хэмжээ авч байхыг анхааруулсан байна. 
Үхрийн вирүст диарейн анимэйшн мэдээлэл (www.cast-animal-health.com)
Эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг өвчний нэг болох үхрийн вирүст диарей (ҮВД/Bovine viral diarrhea (BVD))-н үед дархлааны тогтолцоо дарангуйлагдаж, амьсгалын замын эмгэг, үргүйдэл, хээл хаялт үүсдэг.
2012 онд өндөр хоруу чанартай ҮВД-н вирүс (BVDV-2c) Германы нэгэн фермд халдсанаас хойш 21 аж ахуйн 5,325 үхрийг хамран тархаж олноор нь үхүүлжээ. Саалийн үхэрт сүү татрах, амьсгалын зам эмгэгших, нус гоожих, халуурах, хааяа нэг чацга алдах, гэнэт үхэх шинж илэрч байсан ч эхэн үед нь ҮВД гэж оношилж чадаагүй байна. Энэхүү дэгдэлтийг үүсгэсэн ҮВД-н вирүсийн омгийн өвчлүүлэх, үхүүлэх чанар өндөр байсан нь мэргэжилтнүүдийн гайхширалыг төрүүлжээ.
Судлаачид вирүсийн халдвар тархалтын учгийг олохоор 8 аж ахуйд биечлэн очиж танилцсанаас гадна 13 аж ахуйн мэдээлэл цуглуулж шинжилгээ хийсэн байна. Үр дүнд нь вирүс тархахдаа халдвартай үхрээс шууд хавьтлын замаар бус харин аж ахуй хооронд явж ажилладаг малын эмч, худалдаачдаар голчлон дамжсан болох нь тогтоогджээ.
Өвөрмөц геном бүхий BVDV-2c вирүс ҮВД-н бусад вирүсээс илүү хүнд өвчлүүлж, аж ахуй тус бүрт 2.3-29.5 хувийн хорогдол учруулсан байна.
Өвчний шалтгаан тогтоогдсон даруйд тэмцэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж, мал эмнэлгийн албанаас халдварт өртсөн фермүүдэд худалдааны хязгаарлалт тогтоожээ. Халдвартай үхэртэй харьцаж ажилладаг хүмүүст нэг удаагийн хувцас хэрэглэх г.м. био-хамгааллын арга хэмжээгээ сайжруулахыг зөвлөв. Зарим фермд өвчний хүндрэлийг багасгах зорилгоор ҮВД-н эсрэг шуурхай вакцинжуулалт хийсэн байна. 
Энэхүү арга хэмжээний хүрээнд өвчний тархалтыг зогсоож чадсан ч тэмцэх хөтөлбөрийг тогтмол хугацаанд эргэн нягталж, өөрчлөгдөн буй нөхцөл байдал (хоруу чанар өндөртэй шинэ омог бий болох г.м.)-д тохируулан нийцүүлж байх нь чухал болохыг судлаачид сануулжээ.

2 comments: