Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/12/21

Ботоксын "аялал"

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2015 оны 5 дугаар сарын 6
(blog.ravalmd.com)
Квинслендын их сургуулийн судлаачид Clostridium botulinum бактерийн хор болох Ботокс буюу Botulinum А ийлдсэн хэвшлийн мэдрэлийн хор (Botulinum neurotoxin serotype A) төв мэдрэлийн тогтолцоонд хэрхэн "зочилдгийг" тогтоожээ. "Үрчлээг тэнийлгэгч" хэмээн алдаршсан Ботокс нь хэсэг газар урт хугацааны саажилт үүсгэдэг тул хэт идэвхжсэн, татсан булчинг эмчлэхэд гойд ач холбогдолтой. 
Clostridium botulinum (en.wikipedia.org)
"Энэхүү онцгой чадамжтай хорыг тарихад тодорхой хэмжээгээр бидний мэдрэлээр дамжин ''аялах" чадвартай юм байна. Анагаах ухаанд Ботоксыг хэрэглэснээр сөрөг нөлөө илрээгүй ч уг өндөр идэвхтэй хор төв мэдрэлийн тогтолцоонд хэрхэн хүрдэгийг тогтоосон нь чухал нээлт боллоо. Учир нь Баруун Нилийн халуурал болон галзуугийн вирүсүүд ийм замаар тархдаг. Үүний нарийн учрыг ойлговол дээрх өвчнүүдийг эмнэх шинэ аргыг нээхэд дэм болж магадгүй." гэж Квинслендын их сургуулийн Тархи судлалын хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, профессор Фредерик Менье өгүүлсэн байна. Түүний баг Botulinum хорны дан молекулууд мэдрэлийн судлаар өндөр хурдтай дамжиж байгааг анх удаа нүдээр үзжээ.
Профессор Меньегийн лабораторийн судалгааны хамтрагч, доктор Тонг Ван хорны ихэнх нь төв мэдрэлийн тогтолцоонд хүрмэгцээ эсийн "хаягдлын цэг" рүү тээвэрлэгдэж задралд ордогийг нээсэн байна. Гэтэл идэвхтэй хорны зарим хэсэг энэхүү замаас "бултан зайлсхийж", зэргэлдээ эсээ хордуулдагийг мөн илрүүлсэн нь судалгааг цааш гүнзгийрүүлж, "яаж?" гэдэг механизмын хариултыг олоход хүргээд байгаа аж.

No comments:

Post a Comment