2017 оны 12 дугаар сарын 06-08
Тус арга хэмжээний талаар цуврал болгон бэлдсэн мэдээллийн 2 дах хэсгийг танилцуулж байна. Энэ удаа 2012-2016 онд хэрэгжсэн Швейцарийн хөгжлийн агентлагийн Малын эрүүл мэнд төслийн хүрээнд хийгдсэн "Малын эмч, мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтан (МЭМТА)-уудын эрэлт, нийлүүлэлтийн үнэлгээ"-ний дүнд тулгуурлан бэлдсэн илтгэлийг түлхүү толилуулах болно.
Эхний хэсгийг доорх линкээр орж уншина уу.
МЭМТА-уудын асуудлаар Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ) 2015 оноос эхлэн нүүр тулсан уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, холбогдох байгууллага, иргэд, мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байгаа билээ. Яагаад? Та юу гэж бодож байна?
МЭМТА-ы мэдлэг, чадвар, хандлага хангалтгүй нөхцөлд ямар эрсдэл үүсэж болох вэ? Жишээ нь, халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнд оролцож байгаа МЭМТА халдвар тархах нөхцөл, учир жанцанг мэдэхгүй бол ... гэх мэт олон асуудлыг цэгцлэхийн тулд тэднийг чанартай хөтөлбөрөөр сургах, хүлээн зөвшөөрөх, итгэмжлэх, бүртгэх механизмыг мал эмнэлгийн салбарт бий болгож, малын эмч нартай хамт "нэг дээвэр дор" нэгдсэн зохион байгуулалтаар зохицуулах шаардлага бий болжээ. Эрх бүхий, үр дүнтэй үйл ажиллагаатай Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (МЭМЗ/Veterinary Statutory Body) байгуулах, бий болсныг нь улам чанаржуулах, бусад орны тэргүүлэх үйл ажиллагаатай МЭМЗ-тэй Хослуулан ажиллуулж сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон ажил өрнөж байна.
Жишээ нь, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (ASEAN)-ийн орнуудын МЭМЗ-үүд Сүлжээ байгуулж (ASEAN VSB Network), энэ оны 8 дугаар сард 2018-2020 онд хэрэгжүүлэх Стратеги төлөвлөгөөгөө баталсан байна. Есөн улсын МЭМЗ-ийг багтаасан тус Сүлжээний удирдлагыг орон бүр нэг нэг жилээр ээлжлэн барих аж. Тайландын МЭМЗ 2018 оны үйл ажиллагааг зохицуулахаар томилогджээ. Гэх мэт ...
Жишээ нь, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (ASEAN)-ийн орнуудын МЭМЗ-үүд Сүлжээ байгуулж (ASEAN VSB Network), энэ оны 8 дугаар сард 2018-2020 онд хэрэгжүүлэх Стратеги төлөвлөгөөгөө баталсан байна. Есөн улсын МЭМЗ-ийг багтаасан тус Сүлжээний удирдлагыг орон бүр нэг нэг жилээр ээлжлэн барих аж. Тайландын МЭМЗ 2018 оны үйл ажиллагааг зохицуулахаар томилогджээ. Гэх мэт ...
Эх сурвалж: Тайландын Чулалонкорны их сургуулийн Мал эмнэлгийн шинжлэх ухааны факультетын Мэдээ (Тусгай дугаар: 2017 оны 11 дүгээр сар) |
За ингээд Малын эрүүл мэнд төслийн хүрээнд хийгдсэн "Малын эмч, МЭМТА-уудын эрэлт, нийлүүлэлтийн үнэлгээ"-ний дүнд тулгуурлан бэлдсэн илтгэлээс товчлон хүргэе.
Тус үнэлгээг 2016 оны 4-6 дугаар сард дотоод, гадаад (Австралийн Мурдокын их сургуулийн профессор Жон Эдвардс, Крис Хоукинс)-ын мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамтарсан зөвлөх баг гүйцэтгэсэн. Уг үйл ажиллагаанд оюун ухаан, цаг хугацаагаа харамгүй зарцуулсан үнэлгээний багийн гишүүд болон бүхий л талаар дэмжлэг үзүүлж хамтран зохион байгуулсан Малын эрүүл мэнд төслийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Үнэлгээний зорилго:
Малын эмч, МЭМТА-ы боловсролын тогтолцооны асуудлаар цаашдын бодлого, хөтөлбөрүүдийг бодит мэдээлэлд тулгуурлан боловсруулахад нь Засгийн газар, сургалтын байгууллагуудад дэмжлэг үзүүлэх
Хамарсан хүрээ:
- Холбогдох мэдээлэл, тайлан, баримтуудыг судлав.
- Малын эмч, МЭМТА (малын бага эмч, техникч) болон холбогдох байгууллагуудын удирдлагууд зэрэг 100 орчим хүнийг хамарсан хэлэлцүүлэг, биечилсэн уулзалт зохион байгуулав.
- Мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагаас бичгээр судалгаа авч, 2,175 малын эмч, МЭМТА-ы мэдээлэл цуглуулав.
2016 оны малчин өрх, малын тоо (сая)-г нягтшилаар харуулав. (Herder households-малчин өрх, Horses-адуу, Camels-тэмээ, Cattle-үхэр, Sheep-хонь, Goats-ямаа) |
Доорх зураглалаас харахад малчин өрхийн тоо аажим буурч, нэг өрхөд ногдох малын тоо өсөх хандлагатай байна.
Тоон эх сурвалж: Үндэсний статистикийн газар (Number of livestock-малын тоо/саяар, Herder households-малчин өрх/мянгаар, Livestock per herder household-нэг малчин өрхөд ногдох малын тоо) |
Түүхээс сөхвөл, 1991-1992 онд мал хувьчлал, 1999 онд мал эмнэлэг хувьчлал тус тус явагджээ. Гэхдээ анхны хувийн мал эмнэлэг 1994 онд байгуулагдсан байна. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2002 оны А/20 тоот тушаалаар батлагдсан "Малын эмчид итгэмжлэл олгох түр журам"-ын дагуу малын эмч, малын бага эмч нарт мал эмнэлгийн ажил, үйлчилгээг гардан гүйцэтгэх мэргэжлийн ижил итгэмжлэл олгож байна.
Эх сурвалж: МЭҮГ (PVU-Мал эмнэлэг (үржлийн) нэгж (МЭҮН)-ийн тоо, Livestock per PVU-Нэг МЭҮН-д ногдох малын тоо, Livestock per Veterinarian/Feldsher-Нэг малын эмч/малын бага эмчид ногдох малын тоо) |
Эх сурвалж: МЭҮГ (МЭҮН-д ажиллаж буй хүний нөөц тоогоор: Veterinarian-малын эмч, Feldsher-малын бага эмч, Zootechnician-зоотехникч, Sanitarian-санитарч, Zootechnical assistant-зоотехникийн туслах) |
Тус үнэлгээний хүрээнд цуглуулсан төрийн болон хувийн хэвшлийн 2,175 малын эмч, МЭМТА-ы хүйсийн хуваарилалтыг ажиглавал (доорх бүдүүвч) эхний буюу нийт бие бүрэлдэхүүний 24 хувийг хамарсан УБ хотод харъяалалтай байгууллагуудад эмэгтэйчүүд бага зэрэг давамгайлж байна. Эдгээр байгууллагад нийт ажиллагсдын 97% нь малын эмч нар байгаа бол малын бага эмч дөнгөж 3%, техникч 0.4 хувийг тус тус эзэлж байна.
Харин хоёр дах дугуй буюу хөдөө орон нутагт ажиллаж буй хүний нөөцийг харвал малын бага эмч нарын оролцоо нэмэгдэж 39 хувийг бүрдүүлжээ. Техникчдийн хувьд УБ-ынхтай адил 0.3 хувиас хэтрэхгүй байгаа нь тэд МЭҮН-д орон тооны үндсэн ажилтан болж чадахгүй байгааг илтгэж байна. Малын эмч, МЭМТА-ы хүйсийн хуваарилалт эн тэнцүү 50/50 хувь байна.
(Veterinarian-малын эмч, Feldsher-малын бага эмч, Technician-техникч, Male-эр, Female-эм) |
Үнэлгээний хүрээнд цуглуулсан хувийн хэвшлийн 1,387 малын эмч, МЭМТА-уудаас 222 нь буюу 16% нь УБ хотод харъяалагдаж байгаа бөгөөд энд эмэгтэйчүүд давамгай, МЭМТА-ы орон тоо хомс дүр зураг ажиглагдаж байна.
Цэнхэр өнгөтэй багана эрэгтэйчүүд, Ягаан өнгөтэй багана эмэгтэйчүүд (Vet-малын эмч, Feldsher-малын бага эмч, Technician-техникч) |
Үнэлгээний хүрээнд цуглуулсан хувийн хэвшлийн 1,387 малын эмч, МЭМТА-уудаас 1,165 нь буюу 84% нь хөдөө орон нутагт харъяалагдаж байна. Энд эрэгтэйчүүд давамгай, малын эмч, малын бага эмч нарын тоо эн тэнцүү байгаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлд малын бага эмч нар чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байна.
Цэнхэр өнгөтэй багана эрэгтэйчүүд, Ягаан өнгөтэй багана эмэгтэйчүүд (Vet-малын эмч, Feldsher-малын бага эмч, Technician-техникч) |
Хөдөө орон нутагт ажиллаж буй малын эмч, малын бага эмч нарын насжилтыг харуулав. Малын эмч нар харьцангуй залуу байгаа бол малын бага эмч нарын дийлэнх нь дөчөөс дээш насныхан болжээ. Доорх дүр зураг малын бага эмч нарын талаар баримтлах бодлогыг төлөвлөхөд маш чухал үүрэг гүйцэтгэх учиртай.
(Veterinarians-малын эмч, Veterinary feldsher- малын бага эмч, Female-эм, Male-эр, Age Category-насны ангилал, Number-тоо) |
Тус үнэлгээний хэлэлцүүлэгт оролцогчид МЭҮН-үүдийн гол орлогын хуваарилалтыг бүсчлэн гаргав.
Одоо мал эмнэлгийн салбарын хүний нөөцийг бэлддэг сургуулиудыг товч танилцуулъя.
Монгол Улсад Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургууль (МЭС) малын эмч, Дорнод, Ховдын Политехник коллежууд, Архангайн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ) малын бага эмч тус тус бэлддэг. Эдгээр сургуулийн зарим нь байнгын болон хүсэлтийн дагуу тодорхой тоогоор техникч бэлддэг.
Үнэлгээний багийнхан Дорнод, Ховдын коллежуудад биечлэн очиж үйл ажиллагаатай нь танилцав.
Сургуулиудын байршил, байгуулагдсан он, малын эмч, малын бага эмч мэргэжлээр төгсөгчдийн тоо 2016 оны байдлаар |
Малын эмч, малын бага эмч, техникч бэлдэж байгаа тогтолцооны зарим мэдээллийг харьцуулсан байдлаар харуулав.
Политехник коллежид малын бага эмчийн мэргэжлээр суралцаж буй зарим оюутан төгсөөд малын эмч болохоор үргэлжлүүлэн суралцана гэж хэлж байв. Малын эмч болох байсан юм бол яагаад малын бага эмчийн ангид орсныг нь асуувал Дорнодын коллежийнхон "практик дадлага коллежид илүү сайн хийгддэг болохоор" гэж хариулсан бол Ховдын коллежийнхон "баруун аймгууд УБ-аас хол учир зардал ихтэй, мөн коллежид суралцагсад сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлдэг" гэсэн хариулт өгч байлаа.
Дорнодын коллеж төгсөгчдөөс 80 хүртэл хувь нь үргэлжлүүлэн малын эмчийн сургуульд суралцдаг бол Ховдын коллежийнхны хувьд энэ үзүүлэлт 20 хүртэл хувьтай байна.
Зөвлөмж:
- Мал эмнэлгийн хувийн хэвшлийн бизнесийг хөгжүүлэхийн тулд хүний нөөцийн ур чадвар, үйлчилгээний цар хүрээ, нэр төрлийг өргөжүүлэх, бусад мэргэжлийн хүмүүстэй хамтран сүргийн түвшинд малын эрүүл мэндийг хамгаалах, мал нядлах, боловсруулах, экспортлох үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй мэргэжлийн үүднээс хамтарч ажиллах боломжуудыг эрэлхийлэх
- Үнэлгээний баг шийдвэр гаргах эрхгүй ч мал эмнэлгийн салбарын хүний нөөцийн ирээдүйн загварт дараах зөвлөмжийг өгч байна. Малын эмчтэй ижил үүрэг хариуцлага бүхий итгэмжлэл авч мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж буй малын бага эмч нар хөдөө орон нутагт малын эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Нөгөөтэйгүүр, тэдний насжилт өндөр болсон (ихэнх нь 40-өөс дээш настай), өөр салбар чиглэлд шилжин ажиллах боломж хомс тул урьд нь итгэмжлэл авсан бөгөөд үйлдвэрлэлд ажиллаж буй малын бага эмч нарыг тэтгэвэрт гартал нь малын эмчийн бүлэгт хамруулсан статусаар нь ажиллуулахыг санал болгож байна. Үүнийг хүснэгтээр харуулав.
- Мал эмнэлгийн албаны салшгүй хэсэг болсон МЭМТА-ы гүйцэтгэх үүрэг, даалгавартай холбоотой асуудлыг зохицуулах зорилгоор МЭМЗ-ийг байгуулж ажиллуулах
- Ялангуяа малын бага эмч нарын асуудалд гол анхаарал хандуулан Монгол улсад шаардлагатай МЭМТА-ы ангилал гаргаж, гүйцэтгэх үүрэг даалгаврыг нь тодорхой болгох
- Одоо байгаа болон шаардлагатай МЭМТА-ы ангилал тус бүрт зориулсан эзэмшвэл зохих наад захын ур чадварын жагсаалт, сургалтын цөм хөтөлбөрийг чиг үүрэг, мэргэжлийн түвшинтэй нь уялдуулж боловсруулах
- МЭС болон МЭМТА бэлддэг Коллеж, МСҮТ-ийн сургалт, хөтөлбөрийг уялдуулах
- Хөдөө орон нутагт ажиллах малын эмч нарын тоог нэмэгдүүлэхийн тулд бүсийн Коллеж, МСҮТ-ээр дамжин мал эмнэлгийн шинжлэх ухаанд нэвтрэх боломж, эрмэлзлийг дэмжих (дээд, дунд боловсролын уялдааг хангах буюу өмнөх мэдлэгийг хүлээн зөвшөөрөх механизм)
No comments:
Post a Comment