Эх сурвалж: Зөвлөгөөний тараах материал
Зурагны эх сурвалж: ДАЭМБ
Зурагны эх сурвалж: ДАЭМБ
2017 оны 12 дугаар сарын 06-08
Жич: Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдсан тус арга хэмжээнд энэхүү тэмдэглэлийг бичигч Одонцэцэг миний бие болон Дорнод Политехник коллежийн мал эмнэлгийн багш Д.Энхжаргал нар оролцож, 2012-2016 онд хэрэгжсэн Швейцарийн хөгжлийн агентлагийн Малын эрүүл мэнд төслийн хүрээнд хийгдсэн "Малын эмч, мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтан (МЭМТА)-уудын эрэлт, нийлүүлэлтийн үнэлгээ"-ний дүнд тулгуурлан Одонцэцэг илтгэл тавив.
Энэхүү Бүсийн зөвлөгөөнөөр эрх бүхий Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (МЭМЗ/Veterinary Statutory Body) байгуулж, малын эмч, МЭМТА-уудын боловсрол, итгэмжлэл, чанарын асуудлыг нэгдсэн байдлаар зохицуулахын ач холбогдлыг онцолж, улс орнууд туршлагаа хуваалцав.
(Тайлбар: МЭМЗ нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай шинэ хуулийн төсөлд "Малын эмч нарын танхим" гэсэн нэршлээр бүлэг болж орсон ч явцдаа хасагджээ.)
Хуралд тавьсан илтгэл болон оролцогчдоос гаргасан гол санаа, санаачилга, туршлагуудаас цуврал байдлаар мэдээлэл боловсруулан Танд хүргэх болно.
Эхний мэдээллийг хүлээн авна уу.
Суурь мэдээлэл
2015 оны 5 дугаар сард Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-ын гишүүн орнууд санал нэгтэй баталсан тус байгууллагын 2016-2020 онд баримтлах 6 дах удаагийн Стратеги төлөвлөгөө нь гурван Зорилттой. Гурав дах Зорилтын хүрээнд хүлээгдэж буй үр дүнгүүдийн нэг нь “мэргэжлийн туслах ажилтнууд болон мал эмнэлгийн бус мэргэжилтнүүдийн гүйцэтгэх үүрэг, тэдний боловсрол, сургалтыг сайтар тодорхойлох” замаар Мал эмнэлгийн албаны чадавх, тогтвортой байдлыг хангах явдал юм.
2015 оны 10 дугаар сард ДАЭМБ-аас
малын эмч, МЭМТА-уудын уялдаа, хамтын
ажиллагааг бэхжүүлж хөдөө орон нутагт мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулахад
чиглэсэн Бүсийн зөвлөгөөнийг Африк тивд зохион байгуулсан билээ. Гурван өдөр чуулсан тус зөвлөгөөнд оролцогчид МЭМТА-уудын хүрэлцээ
хангамжийг сайжруулах, энэ асуудалд ДАЭМБ-аас анхаарал тавьж ажиллах
шаардлагатайг цохон тэмдэглэсэн юм.
2016 оны 6 дугаар сарын 22-24-ний
өдрүүдэд ДАЭМБ-аас Бангкок хотноо зохион байгуулсан Дэлхийн мал эмнэлгийн
боловсролын 4 дүгээр зөвлөгөөн болон Африкийн Бүсийн зөвлөгөөнөөс ДАЭМБ болон түүний гишүүн орнуудад хандан хэд хэдэн зөвлөмж хүргүүлжээ. Үүний
нэг нь МЭМТА-уудын
ангилалд зориулж эзэмшсэн байвал зохих наад захын ур чадварын жагсаалт гаргах, сургалтын цөм
хөтөлбөрийн зааварчилгаа боловсруулах замаар МЭА-ны чанарын талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэх тухай уриалга юм.
2016 оны 6 дугаар сард ДАЭМБ-ын Засгийн
газар хооронд баримтлах стандарт, зааварчилгаа, зөвлөмжид нийцүүлэн дээрх баримт бичгүүдийг боловсруулахад
зориулж АНУ-ын Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Тус дэмжлэгийн үр дүнд ДАЭМБ-аас ажлын хэсэг томилогдон даалгаврыг гүйцэтгэхээр ханцуй шамлан оржээ.
Эдгээр санал санаачилгад үндэслэн
ДАЭМБ, Дэлхийн мал аж ахуйн мал эмнэлгийн эвсэл (Global Alliance for Livestock Veterinary
Medicine/GALVmed)-ээс Тайландын Мал аж ахуйн хөгжлийн газартай хамтран
2017 оны 12 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Бангкок хотноо “МЭМТА-уудын
асуудал Ази тивд” сэдэвт
Бүсийн зөвлөгөөн зохион байгуулав.
Чиг үүрэг
2005 онд ДАЭМБ-ын Олон улсын хорооноос
МЭМТА-ы тодорхойлолтыг дараах байдлаар томъёолж Хуурай газрын амьтны
эрүүл мэндийн кодод оруулжээ: “МЭМТА гэж ангилалаасаа хамааран тухайн нутаг
дэвсгэрт тодорхой үүрэг даалгавар гүйцэтгэх эрхийг МЭМЗ-өөс авч, малын эмчийн хариуцлага, зааварчилгаан дор ажиллах хүнийг
хэлнэ. МЭМТА-ы ангилал тус бүрийн гүйцэтгэх үүрэг даалгаврыг тэдний мэргэжил, сургалтад
үндэслэн, хэрэгцээнд нийцсэн байдлаар МЭМЗ-өөс тогтооно.”
ДАЭМБ-ын үүрэг, МЭМТА-ы
тодорхойлолтыг харгалзан ажлын хэсэг 3 чиглэлд төвлөрөн ажиллаж байна: 1) амьтны эрүүл
мэндийн чиглэлээр ажиллах МЭМТА, 2)
мал эмнэлгийн нийтийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах МЭМТА, 3) оношлогооны
лабораторит ажиллах МЭМТА. Хэдийгээр дэлхийн улс орнуудад МЭМТА-ууд олон чиглэлээр ажилладаг ч энэ удаагийн Зөвлөгөөний шууд хамрах хүрээ нь
энэхүү 3 чиглэлд тэргүүлэх ач холбогдол өгөв.
Эдгээр чиглэлийг илүү ойлгомжтой байдлаар тайлбарлавал:
- Амьтны эрүүл мэндийн чиглэлээр ажиллах МЭМТА нь МЭА-ы үүргийн дагуу тандалт, өвчинтэй тэмцэх арга хэмжээнд оролцоно.
- Мал эмнэлгийн нийтийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах МЭМТА нь МЭА-ны үүргийн дагуу хүнсний гинжин хэлхээнд амьд болон үхсэн амьтанд хяналт хийхэд оролцоно.
- Оношлогооны лабораторит ажиллах МЭМТА нь МЭА-ны үүргийн дагуу оношлох ажиллагаанд оролцоно.
Зарим улсад “орон нутгийн
амьтны эрүүл мэндийн ажилтан (ОНАЭМА/Community-based animal health worker)” чухал үүрэг
гүйцэтгэдэг. Тэдний сургалт, мэргэжил нь тун харилцан адилгүйгээс гадна
ерөнхийдөө МЭМЗ-ийн хяналтанд харъяалагддаггүй. Гэхдээ зарим орны МЭМЗ тэднийг
мал эмнэлгийн ажиллах хүчин буюу МЭМТА гэж бүртгэдэг байж болзошгүй.
Зөвлөгөөний зорилго
- ДАЭМБ-ын Хуурай газрын амьтны эрүүл мэндийн кодод заасан МЭМТА-ы чиг үүргийн үзэл санааг түгээн таниулах
- Азийн МЭМТА-уудын өнөөгийн нөхцөл байдлыг нягтлах; тухайлбал, тэдний сургалт, мэргэжил, статус, тулгамдаж буй сорилтууд
- Азийн улс орнуудын МЭА-ны бодит хэрэгцээг нягталж, түүний үйл ажиллагааг чанаржуулахад МЭМТА-ууд бусад боловсон хүчин буюу ялангуяа малын эмч, ОНАЭМА-уудтай хамтран хэрхэн дэмжлэг үзүүлж болох тухай
- ДАЭМБ-аас МЭМТА-ы 3 чиглэлээр боловсруулж буй эзэмшвэл зохих наад захын ур чадварын жагсаалт, сургалтын цөм хөтөлбөрийн зааварчилгаа бодит амьдралтай хэр нийцэхийг нягтлах
- МЭА-ны үйл ажиллагааг чанаржуулах зорилгоор МЭМТА-ыг хүлээн зөвшөөрөх, итгэмжлэх, зохицуулах асуудлыг хариуцсан улс орны онцлогт тохирсон бүтцийг судлах
Оролцогчид
Тус зөвлөгөөнд ДАЭМБ-ын төлөөлөгчид,
Малын эмч, МЭМТА бэлтгэдэг сургуулиуд, МЭМЗ, МЭМТА-ыг төлөөлсөн байгууллагууд, олон
улс, бүс, үндэсний хэмжээний төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, бие
даасан зөвлөхүүд зэрэг 120 гаруй хүн оролцов.
Зөвлөмж
Тус зөвлөгөөнөөс Бүсийн гишүүн
орнууд, ДАЭМБ, Дэлхийн
мал аж ахуйн мал эмнэлгийн эвслийн цаашдын үйл ажиллагаанд зориулж зөвлөмж боловсруулав.
Жич: Зөвлөмжийн эцэслэсэн хувилбар гармагц
орчуулан хүргэх болно.
Үргэлжлэлийг доорх линкээр орж уншина уу.
No comments:
Post a Comment