Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2016/06/20

Улс орон чадавхтай Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлтэй байх нь ямар ач холбогдолтой вэ?

Х.П.Шнайдер, AGRIVET International Consultants, Намиб Улс
ДМАЭМБ-аас "Мал эмнэлгийн боловсрол, Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн үүрэг" сэдвээр зохион байгуулсан Дэлхийн мал эмнэлгийн боловсролын 3 дугаар зөвлөгөөнд тавьсан илтгэл, 2013.12.05

Хураангуй
Улсын Мал эмнэлгийн алба (МЭА) нь амьтны эрүүл мэндийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас тогтоно. Малын эмч нь мал амьтан, үйлчлүүлэгчийнхээ өмнө хүлээх хариуцлагаар хязгаарлагдахгүйгээр амьтантай зүй зохистой харьцах, хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны эрүүл мэнд, нийтийн эрүүл мэнд, био-хамгааллын талаарх нийгмийн хүлээлтэд нийцэж ажиллах үүрэгтэй. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-аас МЭА-ны чанарын талаар олон улсын стандарт болгон баталсан Газрын амьтны эрүүл мэндийн кодекс (Terrestrial Animal Health Code)-ын Бүлэг 3.1 ба 3.2-ыг мөрдөж, мал эмнэлгийн сайн засаглалыг тохинуулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тулгуур багана бол Мал эмнэлгийн мэргэжлийг зохицуулах бүтэц буюу Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (МЭМЗ/Veterinary Statutory Body) юм.
Мал эмнэлгийн сайн засаглалыг томъёологч гол элементэд мал эмнэлгийн чанартай боловсрол болон мал эмнэлгийн мэргэжлийг үр дүнтэй зохицуулах тогтолцоо багтана. Үүнээс ‘мэргэжил’ гэдэг үгийг цохон тэмдэглэе.

2016/02/03

Мал эмнэлгийн боловсролыг шинжлэх ухаанчаар судлахуй

Т.Ж.Паркинсон, Шинэ Зеландын Массейн их сургуулийн Мал эмнэлэг, амьтан, био-анагаахын шинжлэх ухааны хүрээлэн
ДМАЭМБ-аас "Мал эмнэлгийн боловсрол, Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн үүрэг" сэдвээр зохион байгуулсан Дэлхийн мал эмнэлгийн боловсролын 3 дугаар зөвлөгөөнд тавьсан илтгэл, 2013.12.04

Хураангуй
Сүүлийн үед мал эмнэлгийн хөтөлбөрийн бүтэц, оюутнуудын суралцах арга барилаас эхлээд мэргэжлийн зэргийн чансаа, хөтөлбөрийг эргэн нягталж чанаржуулах зэрэг цогц асуудлуудыг хөндсөн судалгааны олон бүтээл нийтлэгдэх боллоо. Нэг үеийг бодвол мал эмнэлгийн хөтөлбөр, суралцахуйн чиглэлийн ихэнх судалгааны үр дүн мэргэжлийн багийн шүүлтүүрт тэнцэж сэтгүүлд хэвлэгдэх хэмжээнд хүртэл хөгжжээ. Энэхүү илтгэлд анагаах ухаан, мал эмнэлгийн боловсролын заах арга зүйд, ялангуяа оюутан төвтэй, идэвхтэй, дадлагажуулах сургалтыг эрхэмлэх талаар гарч буй гол өөрчлөлтүүдийг танилцуулна.
Колорадо мужийн их сургуулийн оюутнуудын санал асуулгаар 
Мал эмнэлэг, био-анагаахын шинжлэх ухааны сургуулийн 
багш, доктор Мари Легаре 2015 оны шилдэг багшаар тодорчээ. 
Түүний тухай source.colostate.edu сурвалжаас уншина уу.
Уламжлалт аргыг бодвол идэвхтэй, дадлагажуулахад чиглэсэн сургах/суралцах орчинд оюутнууд илүүтэй татагдаж, хичээлийн оролцоо, ой тогтоолт нь нэмэгдэн, мэдлэгээ практикт ашиглах чадвартай болдог байна. Танин мэдэхүй, нөлөөлөхүй (бие даан ажиллах, үр ашигтай суралцах, харилцах) болон үйлдэхүйн чадварт зэрэг анхаардаг болов. Ялангуяа оюутны мэдлэг, чадварыг шалгаж үнэлэх аргачлалыг хэвшмэл байдлаас гаргаж, боловсронгуй, бодит болгохыг зорьсон судалгааны олон бүтээл нийтлэгджээ. Уламжлалт хөтөлбөрөөс идэвхтэй/дадлагажуулах хөтөлбөрт шилжих аргачлалд нэгэн хэмийн жор гэж байхгүй. Цохож хэлэхэд, оюутнуудад асуудлыг шийдвэрлэх чадамж суулгах стратеги баримталж буй хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэхэд учирдаг зарим хүндрэлийн улмаас нүүр буруулж, багш төвтэй сургалтын арга барилдаа эргэж ордог сургууль ч ховор бус тохиолддог.
Элсэлтийн шалгалт хоёр үндсэн шалгууртай. Үүний эрдмийн шалгуурыг үнэлэхэд хялбар байдаг бол хувь хүний мөн чанар/туршлагыг хэмжихэд илүү хүндрэлтэй. Элсэлтийн шалгалтын шалгуур ба төгсөгчийн чадвар хоорондын уялдааны талаар судалгааны бүтээл хомс байна. Малын эмч нар мэргэжлээрээ хэр удаан ажиллах нь мал эмнэлгийн сургуулийн элсэлтийн сонгон шалгаруулалт болон хөтөлбөрийн зохион байгуулалт, арга барилтай хэрхэн харилцан хамаардаг талаар бүтээл нэлээд ховор байгаа нь цаашид судлах шаардлагатайг харуулж байна.

2016/01/06

Адууны махыг таних шинэ арга

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2014 оны 12 дугаар сарын 19
Норвич дахь Судалгааны паркийн Хүнсний судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд Oxford Instruments компанитай хамтран ДНХ-гийн шинжилгээг бодвол харьцангуй богино хугацаанд, хямд зардлаар адууны махыг үхрийнхээс ялгах арга боловсруулжээ. Адуу, үхэр хоёрын тэжээл боловсруулах тогтолцоо адилгүй бөгөөд өөхөнд агуулагдах тосны хүчлийн найрлага нь өөр байдаг. Шинэ арга нь эмнэлгийн соронзон резонанст томограф (MRI)-ын сканертай төстэй технологи ашиглан өөхний химийн бүтцийн ялгааг илрүүлж, аравхан минутын дотор махыг адууных уу, үхрийнх үү гэдгийг хэлэх аж.      

2016/01/05

Томуугийн эсрэг ганц удаагийн "цохилт"

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2015 оны 1 дүгээр сарын 27
Томуугийн А хэвшлийн олон вирүсийг саармагжуулах чадалтай шинэ төрлийн эсрэгбиемийг саяхан нээсэн нь томуугийн эсрэг универсал вакцин бүтээх ирээдүйд хөтөлж байгааг МакМастерын их сургууль болон Иканы анагаах ухааны сургуулийн судлаачид мэдэгдсэн байна. 
Томуугийн вирүсийн бүтэц (www.nature.com)
Улирлын вакциныг жил бүр олгодог бол универсал вакциныг зөвхөн ганц удаа хэрэглэхэд томуу үүсгэгчийн бүх омог, түүн дотор хувьсалд орсон вирүсийн эсрэг ч үйлчилнэ гэж үзэж байгаа аж. Үүний ачаар томуугийн цартахал дэгдэх, вакцины омог өвчин үүсгэж буй омогтой тохироогүйн улмаас вакциндалт үр дүнгүй болох эрсдэлээс (өнөө жил ийм явдал болсон) сэргийлэх боломж бүрдэх юм байна. 
Томуугийн вирүсийг "шошголох" нь/жишээ (en.wikipedia.org)

2015/12/24

Шавьжаар дамждаг вирүсийн эсрэг вакцин

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2015 оны 2 дугаар сарын 10
(www.medgenelabs.com)
Амьд вирүсээс илүүтэй уураг ашиглаж бүтээсэн вакцин амьтан, хүнийг шавьжаар дамждаг вирүсээс хамгаалахад тусалж чадна гэж мал эмнэлгийн эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүн боловсруулдаг Medgene Labs компаний судалгааны ахлах ажилтан, Өмнөд Дакота мужийн их сургуулийн мал эмнэлгийн шинжлэх ухааны профессор Алан Янг  мэдэгдсэн байна. 
Тус компани Африк болон Арабын хойгт илэрдэг Рифт хөндийн халуурал өвчний эсрэг шинэ вакцин боловсруулж байгаа аж. Вирүсээр үүсдэг уг өвчин хонинд онцгой халтай бөгөөд хурганы 90%, бие гүйцсэн хонины 10 хувийг үхүүлэх чадалтай. Үхэр, тэмээ, ямаа цөөн тоогоор өртдөг. Үүсгэгч вирүс шумуулаар дамжиж хүнд халдах эрсдэлтэй. 

2015/12/23

Супер ухаантай "лаг" хулгана бүтээв

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2015 оны 8 дугаар сарын 25
Хөгшрөлттэй холбоотой зөнөглөх (Альцгеймерын өвчин), солио (шизофрени) зэрэг мэдэхүй, сэтгэхүйн удаашрал, эмгэг өөрчлөлтийг эмчлэх шинэ аргыг нээхэд үндэс болохуйц нэгэн судалгааны үр дүнг нийтэлжээ.
(ideastations.org)
Фосфодиэстераз-4В (phosphodiesterase/PDE4B) энзим сээр нуруутан амьтны тархи болон бусад эрхтэнд агуулагддаг. Судлаачид хулганы генийг нь өөрчилж PDE4B энзимын үйл ажиллагааг нь саатуулахад "оюуны бяд" нэмэгдэж, энгийн хулганыг бодвол юмыг хурдан сурч, өнгөрсөн үйл явдлыг илүү удаан санаж, ээдрээтэй даалгаврыг илүү сайн гүйцэтгэж байжээ: Жишээ нь, урд өдөр нь "уулзсан" хулганаа энгийн хулганаас илүү сайн таньж байв. Орон зай, цаг хугацааны баримжаа нь ч давуу болсон байв.
Гэвч "ухаант хулгана" энгийн хулганыг бодвол хэдэн өдрийн өмнөх айдас төрүүлсэн үйл явдлыг эргэж санахдаа тааруу байжээ. Энэхүү онцлогийг сэтгэхүйн хүчтэй цочролоос улбаалсан хүний стрессийг эмчлэх судалгааны бай болгох боломжтой гэж үзэж байгаа аж.

2015/12/22

Герман, АНУ-д дэгдсэн гахайн түгмэл чацга өвчний үүсгэгч

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2015 оны 4 дүгээр сарын 2
Хурдан тархаж, гэдэсний хүнд хэлбэрийн үрэвсэл, чацга алдах, бөөлжих, шингэн алдах шинжээр илэрдэг цочмог явцтай гахайн түгмэл чацга (ГТЧ) (Porcine epidemic diarrhea) өвчин анх 1971 онд Европт оношлогдсоноос хойш ялангуяа Ази тивд эдийн засгийн ихээхэн хохирол учруулжээ.

Гахайн түгмэл чацга өвчний тухай аудио илтгэл 
 (www.swinecast.com)
2013 оноос хойш ГТЧ-ын  өндөр хоруу чанартай вирүсийн халдвар АНУ-д ч гэсэн нөлөөлж эхлэв. Тус улсад ялгаж авсан вирүсийн геномыг Германы сүүлийн үеийн омгийнхтой харьцуулан үзэж ойр төрлийнх болохыг тодорхойлжээ.
2013 оны 5 дугаар сард АНУ-д дэгдсэн ГТЧ-ын өндөр хоруу чанартай вирүс бүх насны гахайд огцом тархаж, хөхүүл торойн 95 хүртэл хувийг "нөгөө ертөнцөд илгээв". Энэ мөчөөс хойш тус улсын 30 мужийг хамарсан халдвар өнөөдөр ч эрсдэлтэй хэвээр байна. Уг вирүс 2011, 2012 онд Хятадаас өсгөвөрлөсөн омогтой нэг бүлэг (cluster)-т хамаарах нь тогтоогдов. 
Түүнчлэн мэгжийг хөнгөн явцтай өвчлүүлдэг ГТЧ-ын вирүсийн өөр нэгэн хувилбар болох ОН851 омог ч тус улсад илрээд байгаа аж.

2015/12/21

Ботоксын "аялал"

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2015 оны 5 дугаар сарын 6
(blog.ravalmd.com)
Квинслендын их сургуулийн судлаачид Clostridium botulinum бактерийн хор болох Ботокс буюу Botulinum А ийлдсэн хэвшлийн мэдрэлийн хор (Botulinum neurotoxin serotype A) төв мэдрэлийн тогтолцоонд хэрхэн "зочилдгийг" тогтоожээ. "Үрчлээг тэнийлгэгч" хэмээн алдаршсан Ботокс нь хэсэг газар урт хугацааны саажилт үүсгэдэг тул хэт идэвхжсэн, татсан булчинг эмчлэхэд гойд ач холбогдолтой. 
Clostridium botulinum (en.wikipedia.org)
"Энэхүү онцгой чадамжтай хорыг тарихад тодорхой хэмжээгээр бидний мэдрэлээр дамжин ''аялах" чадвартай юм байна. Анагаах ухаанд Ботоксыг хэрэглэснээр сөрөг нөлөө илрээгүй ч уг өндөр идэвхтэй хор төв мэдрэлийн тогтолцоонд хэрхэн хүрдэгийг тогтоосон нь чухал нээлт боллоо. Учир нь Баруун Нилийн халуурал болон галзуугийн вирүсүүд ийм замаар тархдаг. Үүний нарийн учрыг ойлговол дээрх өвчнүүдийг эмнэх шинэ аргыг нээхэд дэм болж магадгүй." гэж Квинслендын их сургуулийн Тархи судлалын хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, профессор Фредерик Менье өгүүлсэн байна. Түүний баг Botulinum хорны дан молекулууд мэдрэлийн судлаар өндөр хурдтай дамжиж байгааг анх удаа нүдээр үзжээ.

2015/12/17

Малын эмч нараар дамжиж үхрийн өвчин тархав

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org 
2015 оны 10 дугаар сарын 6
Германы Фридрих-Лоффлерын хүрээлэн (Friedrich-Loeffler-Institute)-гийн судлаачид 5,000 гаруй үхрийг хамарч, 500 орчмыг нь "цааш харуулсан" өвчин Германы малын эмч, фермер, худалдаачдаар дамжин тархсан байх магадлалтай тухай Heliyon сэтгүүлийн шинэ дугаарт нийтэлж, хүмүүс фермд орохдоо нэг удаагийн хувцас хэрэглэх г.м. халдвараас сэргийлэх био-хамгааллын арга хэмжээ авч байхыг анхааруулсан байна. 
Үхрийн вирүст диарейн анимэйшн мэдээлэл (www.cast-animal-health.com)
Эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг өвчний нэг болох үхрийн вирүст диарей (ҮВД/Bovine viral diarrhea (BVD))-н үед дархлааны тогтолцоо дарангуйлагдаж, амьсгалын замын эмгэг, үргүйдэл, хээл хаялт үүсдэг.
2012 онд өндөр хоруу чанартай ҮВД-н вирүс (BVDV-2c) Германы нэгэн фермд халдсанаас хойш 21 аж ахуйн 5,325 үхрийг хамран тархаж олноор нь үхүүлжээ. Саалийн үхэрт сүү татрах, амьсгалын зам эмгэгших, нус гоожих, халуурах, хааяа нэг чацга алдах, гэнэт үхэх шинж илэрч байсан ч эхэн үед нь ҮВД гэж оношилж чадаагүй байна. Энэхүү дэгдэлтийг үүсгэсэн ҮВД-н вирүсийн омгийн өвчлүүлэх, үхүүлэх чанар өндөр байсан нь мэргэжилтнүүдийн гайхширалыг төрүүлжээ.

2015/12/15

Боловсруулсан махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэж болно

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2015 оны 11 дүгээр сарын 17
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын харъяа Хавдар судлалын олон улсын агентлаг (ХСОУА/International Agency for Research on Cancer (IARC))-аас улаан мах* болон боловсруулсан махан бүтээгдэхүүний хорт хавдар төрүүлэх чанарт үнэлгээ хийсэн байна.
(www.menshealth.co.uk)
ХСОУА-аас 10 орны 22 мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж олон улсын шинжлэх ухаан, судалгааны бүтээл, нийтлэлүүдийг сайтар судалсны үндсэн дээр улаан махыг хүнд хорт хавдар үүсгэх магадлалтай (Бүлэг 2А)** бүтээгдэхүүний ангилалд хамруулжээ. Улаан махны хэрэглээ голдуу бүдүүн-шулуун гэдэсний хорт хавдартай, мөн тодорхой хэмжээнд нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдартай уялдаатай болох нь ажиглагдсан байна.
Боловсруулсан мах (hsnewsbeat.uw.edu)
Харин боловсруулсан мах хүнд хавдар үүсгэдэг (Бүлэг 1)** бүтээгдэхүүний ангилалд багтжээ. Өдөр бүр боловсруулсан мах хэрэглэвэл 50 гр тутам нь бүдүүн-шулуун гэдэсний хорт хавдрын эрсдэлийг 18 хувиар нэмэгдүүлдэг аж.

* Бүх хөхтөн амьтны махыг "улаан мах" гэдэг бөгөөд тахиа, загасны "цагаан мах"-тай харьцуулахад миоглобин уураг илүү их хэмжээгээр агуулдаг байна (en.wikipedia.org).