Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/10/23

Үхрийн махан дах даавар ба хорт хавдрын эрсдэл

Мэдээний эх сурвалж: world-wire.com
2009 оны 10 дугаар сарын 21
АНУ-д үйлдвэрлэж буй үхрийн мах нь байгалийн болон нийлэг аргаар гаргаж авсан бэлгийн даавруудыг их хэмжээгээр агуулж байгаа нь нөхөн үржихүйн эрхтэний болон хүүхдийн хорт хавдрын эрсдэл өсөн нэмэгдэхэд хүргэж байгааг Хорт хавдраас сэргийлэх эвслийн тэргүүн, доктор Самуэль С.Эпштэйн анхааруулсан байна. 1975 оноос хойш тус улсад түрүү булчирхайн хорт хавдрын тохиолдол 60%, төмсөгнийх 59%, хөхнийх 10 хувиар тус тус нэмэгдсэн нь бэлгийн дааврын хэмжээ өссөнтэй холбоотой гэж тэрээр мэдэгджээ.
(www.globalmeatnews.com)
Өнгөрсөн болон өнөө үед хэрэглэж байгаа даавруудад байгалийн эстроген, прогестерон, тестостерон болон нийлэг зеранол, тренболон, меленгэстерол ордог. Махны чиглэлийн үхрийг нядлахаас нь 100 хоногийн өмнө бордож эхлэхдээ эдгээр даавар агуулсан мөхлөгийг чихнийх нь арьсан дор суулгадаг бөгөөд 50 хоногийн дараа давтан гүйцэтгэдэг байна. Эдгээр дааврын хүчээр гулуузны жин нэмэгдэж толгой тутамд 80 долларын нэмэлт ашиг өгдөг аж.
Мөн дааврыг хууль бусаар булчинд шууд суулгах үзэгдэл ховор бус тохиолддог нь үлдэгдэл өндөр байх шалтгаан болж буйг дурьдаад маханд одоо хүртэл дааврын үлдэгдлийн хяналт тавихгүй байгааг доктор Эпштэйн онцлон тэмдэглэсэн байна.
Synovex-S хэмээх эстроген ба прогестерон даавруудын нийлэмжийг эр үхрийн чихэнд ганц удаа суулгахад маханд нь хэвийн хэмжээнээс даруй 20 дахин өндөр үлдэгдэл агуулагдаж байсан нь тогтоогджээ.
Бага насны хүүхдийн дааврын хэмжээ нь маш бага байдаг бол 8 настай хүү өдөрт эстрадиол агуулсан 2 гамбургер идэхэд тухайн хүүхдийн дааврын нийт хэмжээ 10 хувиар нэмэгдэж болно. Эпштейн докторын өгүүлснээр 1975 оноос хойш хүүхэд хорт хавдраар өвчлөх тохиолдол 38 хувиар нэмэгджээ.
Дээрх мэдээлэл бол шинэ зүйл биш. 1989 оны 1 дүгээр сард Европын хамтын нийгэмлэгээс өсөлт өдөөгч даавар хэрэглэсэн малын махны импортод хориг тавьсан нь жил бүр зах зээлд нийлүүлдэг үхрийнхээ талаас илүү хувьд нь даавар хэрэглэдэг АНУ-д шууд нөлөөлжээ.
Үүнээс хойш 20 жилийн дараа 2009 оны 5 дугаар сарын 6-ны өдөр даавар хэрэглэсэн үхрийн махны талаарх Европын Холбоо  (ЕХ) болон АНУ хоорондын урт хугацааны маргаанд цэг тавигдсан байна. Дөрвөн жилийн хугацаатай батлагдсан гэрээний дагуу ЕХ даавар хэрэглэсэн үхрийн маханд тавих хоригоо хэвээр хадгалж, харин хариуд нь АНУ-аас даавар хэрэглээгүй үхрийн махыг татваргүй импортлох хэмжээгээ нэмэгдүүлэхээр тохиролцжээ.
Даавар хэрэглэсэн үхрийн махыг зөвшөөрдөггүй орнуудтай харьцуулбал АНУ-д хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл 5 дахин өндөр байгаа нь нэгэнт тодорхой болсон байна.

No comments:

Post a Comment