Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/10/18

Бүлээн цустай байхын учир юу вэ?

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 3 дугаар сарын 9
Та юм идэхгүйгээр 2 сараас илүү амьд байж чадахгүй. Харин матар нэг жил, бүр түүнээс ч урт хугацаагаар амьдрах чадвартай гэнэ. Яагаад ийм ялгаатай байдаг юм бол? Учир нь та идсэн хоолныхоо ихэнхийг дулаан үүсгэхэд зарцуулдаг байна. Бүлээн цустны буюу дотроосоо халдаг амьтдын эволюци хөгжил нь амьдралын агуу нууцуудын нэг ажээ. 
Бүлээн цуст амьтан (www.sheppardsoftware.com)
Хүйтэн цуст амьтан (www.sheppardsoftware.com)
Мэдээж бүлээн цустай байхын ач тус гэж бий. Дулаацах гэж нар луу зүтгээд байхгүйгээр идэвхтэй хөдөлгөөнөөр асуудлыг шийдэх боломжтой. Гэхдээ л шувуу биеийнхээ дулааныг 40 хэмд барихын тулд ихээхэн хөдөлмөрлөх шаардлагатай болдог. Зарим бүлээн цуст амьтад ижилхэн бие хаатай мөлхөгчдийн сарын хүнсийг нэг өдрийн дотор л зооглочихдог гэнэ.
Стандарт онолоор бүлээн цус идэвхтэй махчин амьтанд бий болсон гэж үздэг. Гэтэл өнгөрсөн жил махчин амьтанд биш харин шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангах үүрэгтэйгээр өвсөн тэжээлтэн амьтанд үүссэн гэсэн тэс өөр онол дэвшигдсэн байна. Хэдийгээр үүнийг дэмжих эрт байгаа ч энэ онол бидний зарлага ихтэй амьдралыг тайлбарлахаас гадна динозавруудын талаархи асуултад хариу өгч магадгүй юм.
Хөхтөн амьтан болон шувуунд голчлон элэг, тархи гэх мэт дотоод эрхтэн дулаан үйлдвэрлэдэг. Эдгээр эрхтэн нь ихэвчлэн хүйтэн цуст амьтанд байдаг ижил төст эрхтэнүүдээс том байдаг бөгөөд эс нь хоол тэжээлийг шатаах үйлдвэр хэмээгддэг митохондрийг 5 дахин хүртэл олноор агуулдаг байна. Үүний ачаар дулаан үйлдвэрлэл тасралтгүй явагддаг нь хэтэрхий үрэлгэн механизмд тооцогддог ажээ. Гэтэл зарим амьтны биемахбодь дулаан үйлдвэрлэлийг илүү үр ашигтайгаар зохицуулж чаддаг байна. Жишээлбэл, нэгэн зүйлийн яст мэлхий сэлж байхдаа хуримтлуулсан дулаанаа нөөцөлж, биеийн дулаанаа 10оС буюу далайн уснаас илүү бүлээн байлгахад зарцуулдаг учраас бусад зүйлийн яст мэлхийг бодвол хүйтэн усанд хоол тэжээлээ хайх боломжоор илүү байдаг гэнэ. Сэлэмт загас ангуучлах үедээ нүд, тархи хоёроо л онцолж дулаацуулдаг юм байна. Бүр зарим шавьж хүртэл шаардлагатай тохиолдолд л дулаан үйлдвэрлэдэг ажээ.
Гэтэл яагаад хөхтөн амьтан болон шувуу биеийнхээ дулаан үйлдвэрлэлийг цаг ямагт дээд цэгт нь барьж байдаг вэ? Хамгийн үнэмшилтэй тайлбарыг 30 жилийн өмнө Калифорний Их сургуулийн амьтан судлаач Альберт Беннет болон Орегон мужийн Их сургуулийн амьтан судлаач Жон Рубен нар өгсөн байна. Тэд дотроосоо халах үзэгдлийн эволюцийг биеийн хүчний энергитэй шууд холбоотой гэж үзсэн байна. Бусад амьтантай харьцуулбал хөхтөн амьтан болон шувуу агаарыг ашиглах өндөр чадвартай бөгөөд үүний үр дүнд булчин нь их хэмжээний хүчилтөрөгчөөр тэжээгддэг. Ингэснээр идэш тэжээлээ хөөж ангуучлах, өрсөлдөгчтэйгээ тулалдах зэрэг хүч чадал шаардсан ажлыг урт хугацаанд хийж чаддаг аж. Хэн ч энэ онолыг эсэргүүцсэнгүй. Улмаар Беннет, Рубен хоёр агаар ашиглах энэ өндөр чадварын улмаас байнгын эрчимтэй бодис солилцоо бий болсон гэсэн онол дэвшүүлжээ. Харин ингэж холбож үзэх хангалттай шалтгаан олж чадаагүй тул удаах онол нь тийм ч олон хүний дэмжлэг авсангүй.
Агаар ашиглах чадвар нь зүрх судасны тогтолцоо болон булчингаас хамаардаг бол бодис солилцооны эрчимжил нь ихэвчлэн тархи болон дотоод эрхтэнүүдтэй уялдаатай байдаг. Зарим хэвлээр явагчдын агаар ашиглах чадвар өндөр ч бодис солилцооны эрчимжил нь сул байдаг бөгөөд үүнтэй төстэйгээр зарим хөхтөн амьтан болон шувуудын идэвхгүй буюу ичиж байгаа үед нь биеийнх нь хэм буурдаг.
Гэвч агаар ашиглах чадварын талаархи таамаглал зөв, буруу эсэх нь албан ёсоор тогтоогдоогүй байна. Дээрх онолуудтай тэрс үзлүүд ч бас байдаг. Velociraptor гэх мэт theropod динозавруудын агаар ашиглах чадвар үнэхээр өндөр байжээ. Ихэнх судлаачид тэднийг шувууны эволюци хөгжлийн нэгэн үе шат гэж үздэг. Гэвч тэд дотроосоо халагчид байсан уу? Рубений онолтой дүйж байгаа хэдий ч тэрээр энэ асуултанд үгүй гэж хариулжээ. Тэрээр theropod динозаврууд маш хурдтай, эрч хүчтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч бодис солилцооны эрчим нь сул байсан гэж үзэж байгаа юм байна. Динозавруудад хөхтөн амьтан болон шувуунд байдаг шиг эрчимтэй бодис солилцооны үед амьсгалаар дамжиж биеэс ус алдахаас сэргийлдэг хамрын хөндийн яс, мөгөөрснөөс угалзран тогтсон амьсгалын замын суваг байхгүй гэдэгт үндэслэн Рубен ийн дүгнэжээ.
Нидерландын Экологийн хүрээлэнгийн Марсель Клаассен болон Барт Нолет нар амьтад шаардлагатай төрөл бүрийн шимт бодисыг хэрхэн авдгийг судалдаг аж. Тэдний үзлээр өвсөн тэжээлтэн амьтад уураг бий болоход шаардлагатай азотыг хангалттай хэмжээгээр  авч чаддаг эсэх нь эргэлзээтэй. Хэрэв зөвхөн навч иддэг бол их хэмжээний нүүрстөрөгч авахаас биш хангалттай хэмжээний азот авч чадахгүй. Иймд ихэнх өвсөн тэжээлтэн мөлхөгчид шавьж болон жижиг сээр нуруутан амьтдыг зооглож шим тэжээлийн дутагдлаас аврагддаг байна.

No comments:

Post a Comment