2009 оны 6 дугаар сарын 1
Шинэ томуугийн H1N1 вирүсийн эпидемээс
улбаалж вирүс амьтнаас хүнд хэрхэн халддаг талаар олон асуулт урган гарч ирлээ.
Амьтан, хүнд аль алинд нь халддаг вирүс, бактерт малын эмч нар өртөх эрсдэл эрс
нэмэгдэж, тэд халдвар дамжуулах боломжит замуудын нэг болсоныг Айовагийн Их
сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид тогтоожээ.
(www.publichealth.hscni.net) |
Айовагийн Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн
тархвар судлалын докторын курсын оюутан Уитни Бэйкэр, тус их сургуулийн тархвар
судлалын профессор, Шинээр дэгдэж буй халдварт өвчний судалгааны төвийн захирал
Грегори Грэй нар мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа
хийж байх үедээ малын эмч нар амьтнаас томуугийн зооноз вирүсийн халдвар
авдгийг ажигласан байна. Энэ ажиглалтаа бататгахын тулд тэд
1966-2007 оны хооронд хэвлэгдсэн анагаахын бүтээлүүдийг судалж, малын эмч нар
болон зооноз халдварын тухай 66 нийтлэлийг түүвэрлэжээ.
"Бидний судалснаар, фермийн ажилчид зэрэг амьтантай ойр ажилладаг бусад мэргэжлийн хүмүүстэй харьцуулахад зооноз өвчний үүсгэгчээр халдварлах эрсдэл малын эмч нарт харьцангуй өндөр байна. Малын эмч нар зооноз халдвараас биеэ хэрхэн хамгаалах талаар боловсролтой хэдий ч ийм дүн үзүүлсэн нь анхаарал татсан зүйл боллоо." гэж Бейкер өгүүлсэн байна.
Тус судалгаагаар малын эмч нар гахайн
томуу, шувууны томуу, гахайн гепатитын Е вирүс, бруцелл, Coxiella burnetii, шувууны
болон муурны Chlamydia
psittaci, метициллинд тэсвэртэй алтлаг стафилококк, Bartonella
зэрэг зооноз эмгэг төрүүлэгчдэд өртөх эрсдэл улам бүр нэмэгдсээр байгааг
тогтоожээ. Түүнээс гадна зооноз гэж бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй
эмгэг төрүүлэгчдээр ч халдварлах боломжтой тухай нотолгоог дэлгэсэн
байна.
Хүнд тохиолддог 1,400 гаран өвчний дийлэнх
нь зооноз бөгөөд шинээр буюу дахин сэргэж байгаа 177 өвчний 70 гаруй хувь нь амьтнаас
үүсэлтэй гэсэн тооцоо байна. Иймд эмгэг
төрүүлэгчид амьтнаас хүнд, хүнээс амьтанд хэрхэн халддагийг судлах зайлшгүй шаардлага тулгараад байгаа
тухай Грэй мэдэгджээ.
Бэйкэр, Грэй нар малын эмч нарын халдвар
хамгааллын хэрэглэлийн хэрэглээний талаархи судалгааны 7 нийтлэлд дүн шинжилгээ
хийж үзэхэд бээлий, халад, маск гэх мэт хувийн халдвар хамгааллын хэрэглэлийг тогтмол
хэрэглэж заншаагүйг харуулсан байна.
Малын эмч нартай ярилцаж байхад хамгаалах
хувцас хэрэглэлийг хөдөлгөөнд саадтай, олдоц муутай, үнэтэй, мөн зооноз халдвар
авах эрсдэл бага гэж найдсаны улмаас ойшоож үздэггүй болох нь ажиглагдсан
байна.
Дээрх судлаачид зооноз
халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор малын эмч нарын эрсдэлийг
бууруулах мэргэжлийн болон бодлогын чанартай арга хэмжээ авч хэрэгжүүлэх
шаардлагатай болсныг сануулжээ.
“Малын эмч нар био-бэлэн байдалд амин чухал
үүрэг гүйцэтгэдэг ч тэдэнд хүндлэл бага үзүүлдэг юм шиг санагдлаа. Тэдний хийж
байгаа ажлыг бид үнэлж, тусгай сургалт зохион байгуулж, нийгмийн эрүүл мэндийн
бодлогоор дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Жишээлбэл, гахай, шувуутай ажилладаг
малын эмч нарыг томуугийн улирлын болон цартахлын вакцинжуулалтын арга хэмжээнд
нэн тэргүүнд хамруулах нь зүйтэй. Ингэснээрээ бид тэднийг, тэдний гэр бүлийг,
улс үндэстнээ хамгаалахад хувь нэмрээ оруулах болно.” гэж Грэй өгүүлсэн байна.
Бэйкэр, Грэй нарын судалгаа нь голчлон АНУ зэрэг хөгжингүй орнуудын англи хэл дээр хэвлэгдсэн нийтлэл, судалгаанд тулгуурласан тул бусад улс орны малын эмч нарын байр байдлыг бүрэн
харуулаагүй байж магад. Улс орнуудын хэмжээнд зооноз өвчний халдварлалт, мал
эмнэлгийн сургалтын чанар, халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн олдоцын түвшин
харилцан адилгүй байгааг судлаачид цохон тэмдэглэсэн байна.
“Шинээр дэгдэж буй халдварт
өвчнүүдтэй тэмцэхэд үнэхээр ахиц гаргая гэж бодож байгаа бол бид дэлхийн
хэмжээнд сэтгэж, дотоодын төдийгүй гадаад улс орнуудын малын эмч нарыг
хамгаалах арга хэмжээг боловсруулах шаардлагатай байна.” гэж Бэйкэр мэдэгджээ.
No comments:
Post a Comment