2009 оны 8 дугаар сарын 24
Канад болон АНУ-д зэрлэг амьтдын галзуу
өвчнийг аажмаар устгах бодлогыг баримталж байгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн
тулд урхидаж барьсан амьтдыг вакциндаад буцааж тавих (trap–vaccinate–release/TVR), халдварын голомт
тэлэхээс сэргийлэх (point
infection control/PIC), галзуугийн вакциныг
амаар олгох буюу вакцин шингээсэн өгөөш тавих (oral rabies vaccination/ORV) гэсэн нийтлэг гурван
аргыг хэрэглэж байна.
Вакцин шингээсэн өгөөш (en.wikipedia.org) |
Эхний хоёр арга нь ажиллах хүч ихээхэн
шаарддаг, нэгж газар нутагт зарцуулах зардал хамгийн өндөртэйд тооцогддог.
Урхидаж барьсан амьтдыг вакциндаад буцааж тавих арга хэмжээг хэрэгжүүлэхэд 1991
онд хавтгай дөрвөлжин км тутамд 450 канад доллар зарцуулж байсан бол 2008 онд
ойролцоогоор 616 болон өсчээ. Халдварын голомт тэлэхээс сэргийлэх арга хэмжээнд
1999 онд хавтгай дөрвөлжин км тутамд 500 канад доллар зарцуулж байсан бол 2008
онд ойролцоогоор 612 болж нэмэгдсэн байна. Гэхдээ энэ хоёр арга хэмжээ нь Канадад
илбэнхний галзуу өвчнийг устгахад болон АНУ-д илбэнхний галзуу өвчнийг
тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин шингээсэн өгөөш тавих бүс
тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн.
Эдгээр оронд тэжээвэр амьтдыг дархлаажуулах
арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр нохойн галзуу өвчнийг хяналтандаа авсан ч
зэрлэг амьтад вирүс тээсэн хэвээр байна. АНУ-д 2007 онд л гэхэд зэрлэг амьтны
галзуу өвчний 6,776 тохиолдол бүртгэгдсэн. Зэрлэг амьтанд вакцин шингээсэн
өгөөш тавих нь хөгжин дэлгэрч буй технологи юм. Хэдэн жил энэ аргыг
хэрэглэснээр Онтарио болон Техаст хойд туйлын үнэг, нохойн хэвшлийн
галзууг устгаад байна. Дээрх гурван төрлийн аргыг ашиглан Онтариод илбэнхний
хэвшлийн галзуу тархахаас сэргийлж чадсан бөгөөд одоо Техасын төвийн нутгийн
баруун хэсгийн саарал үнэгний галзуу өвчинтэй тэмцэж байна. Гэвч саарал үнэгний
вирүс америкийн цөөвөр чононд халдвал шинэ эрсдэл үүсэх магадлалтай. Аппалачийн
нурууны дагуу вакцин шингээсэн өгөөш тавьснаар энэ бүсээс баруун тийш илбэнхний
галзуугийн халдвар тархахаас сэргийлж чаджээ.
Галзуугийн эсрэг кампанит
ажил харьцангуй өртөг өндөртэй байдаг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хойд
Америкт вакцин шингээсэн өгөөш тавих хөтөлбөрийн хүрээнд 130 саяас дээш канад
болон америк доллар зарцуулжээ. Галзуугийн эсрэг хөтөлбөр хэрэгжүүлэхэд таваас дээш жилийн хугацаа, эрчимтэй тандалт судалгаа, өвчнийг дахин
тархахаас сэргийлж чадахуйц тогтвортой цогц арга хэмжээ шаардагддаг. Загвар судалгаагаар
вакцин шингээсэн өгөөш зардлын хувьд ашигтай хувилбар болох нь тогтоогдсон бөгөөд ийм хөтөлбөрийн үр дүнд галзуу өвчинтэй
холбоотой бусад зардал хэмнэгдэх боломж бүрдэх аж.
No comments:
Post a Comment