Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/10/26

Галзуугийн эсрэг шинэ вакцин зургаа биш ганцхан удаа тариулах боломж олгоно

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 10 дугаар сарын 5
Галзуу болон сэжигтэй амьтанд уруулсны дараах урьдчилан сэргийлэх стандарт эмчилгээ нь галзуу өвчин орогномол хэлбэрээр тохиолддог хөгжиж буй орнуудад үнэ өртгийн хувьд ч, вакцин бэлдмэлийн олдоцын хувьд ч хүндрэл учруулсаар байна. 
Жефферсоны Вакцины Төвийн эрдэмтэд галзуугийн вакциныг ганц удаа тарьдаг болгож асуудлыг хөнгөвчлөх судалгаа хийснээ Journal of Infectious Diseases сэтгүүлд нийтэлжээ. “Матрикс (M) ген байхгүй, репликаци нь доголдсон галзуугийн вирүсээр бүтээсэн вакцин нь хулгана болон хүн бус бич төрөлтөнд хурдан, үр дүнтэй дархлааны хариу урвал өдөөдөг. М бол галзуугийн вирүсийн хамгийн гол генүүдийн нэг. М генийг нь сугалчихаж байгаа болохоор вирүс амьдралынхаа мөчлөгийг гүйцээлгүй саатдаг. Вакцины вирүс нь эсэд халдаж дархлааны хариу урвал үүсгэх боловч дээрх ген байхгүйн улмаас тархах боломжгүй.” гэж Томас Жефферсоны Их сургуулийн Жефферсоны Анагаах ухааны коллежийн Микробиологи, дархлаа судлалын дэд профессор Жэймс МакГеттиган мэдэгдсэн байна.
Ийм вакциныг ганц тарихад хангалттай хэмжээний дархлаа үүсгэх бөгөөд хавьтлаас өмнөх болон хавьтлын дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээнд аль алинд нь үр дүнтэй аж.
Одоогоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас галзуугийн халдварын эсрэг мөрдөж буй стандарт нь хавьтлын дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. АНУ-д галзуу болон сэжигтэй амьтанд уруулсан тохиолдолд 28 хоногийн хугацаанд 5 удаа вакцин, нэг удаа иммуноглобулин тариулж, нийт 6 удаа “хатгуулах” шаардлага тулгардаг. Одоо хэрэглэж байгаа стандарт вакциныг галзуугийн идэвхгүйжүүлсэн вирүсээр үйлдвэрлэдэг бол туршилтын вакцин нь амьд вирүс ашигладгаараа онцлогтой.
Дэлхий дээр галзуу өвчний улмаас жил бүр 40,000-70,000 хүн нас бардаг гэсэн тооцоо бий. Хорин минут тутамд нэг хүн ялангуяа хүүхэд галзуу өвчнөөр нас барж байна. ДЭМБ-ын мэдээлснээр ойролцоогоор 10 сая хүн хавьтлын дараах урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдаж байгаа нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудын аль алинд нь санхүүгийн дарамт учруулж байгаа аж. Иймд хэрэглэхэд хялбар, үнэ өртөг багатай вакцин боловсруулах шаардлага тулгараад байна.

No comments:

Post a Comment