Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/10/15

Инженерүүд нурууны хугарлыг эмчлэх шинэ цемент бүтээж байна

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2007 оны 11 дүгээр сарын 11
  Нугаламын хугарал 
 (www.sonsa.org)
Ялангуяа автын ослын үед нийтлэг тохиолддог нурууны хүнд гэмтэл авсан хүмүүст найдварын гал асаж буй бололтой. Лидсийн Их сургууль болон Белфастын Күинсийн Их сургуулийн хамтарсан төслөөр нурууны бутарсан хугарлыг эмчлэх биологийн цементийг боловсруулан туршиж байгаа юм байна.   
Үе орлуулах мэс ажилбарт ашигладагтай төстэй цементийг ясны сийрэгжилттэй өвчтөнүүдийн гэмтсэн нугаламыг бэхжүүлэх зорилгоор нөхөн сэргээх мэс засалд хэрэглэдэг ч осол аваар болон ойчиж унаснаас үүссэн нурууны бутарсан хугарлыг эмчлэхэд илүү хүнд байдаг аж.
"Нугалам бутарсан хүнд хэлбэрийн хугарлын үед нугас дарагдах тохиолдол бий. Бутарсан ясны хэсгүүдийг метал шураг болон савхаар холбож нурууг тогтвортой болгодог ч өвчтөнд маш хүндрэлтэй байдаг учир арай хөнгөн эмчилгээг олох нь зүйтэй." гэж Анагаах ухаан, биологийн инженерчлэлийн Лидсийн хүрээлэнгийн доктор Рут Уилкокс мэдэгдсэн байна.
Күинсийн Их сургуулийн багийнхан ясны химийн найрлагыг дууриалгасан нийлэг биоматериал бүтээж турших талаар мэргэшсэн бол нурууны компьютер загварчлалаар туршлагажсан Лидсийн баг Күинсийн багийн дээрх судалгааг шаардлагатай мэдээлэлээр хангадаг ажээ.
Статистик судалгаанаас үзвэл бутарсан хугарал залуучуудад илүү тохиолддог бөгөөд одоогоор ийм төрлийн гэмтлийг эмчлэхэд эмнэлгийн практикт ашигладаг цемент урт хугацаанд ямар үр дагавартай болох нь бүрэн тодорхойлогдоогүй байна. Гэхдээ ясны сийрэгжилтийн улмаас нөхөн сэргээлт хийлгэсэн зарим өвчтөнүүдийн мэс ажилбарт орсон нугаламтай зэрэгцээ нугаламууд нас тогтоод ирэх үед нь хугардаг нь ажиглагджээ. Үүний учир нь одоо хэрэглэж байгаа цемент нь яснаас хөшүүн тул тэнцвэр алдагдаж зэргэлдээх нугаламуудад хэт ачаалал ирдэгтэй холбоотой аж. Иймд ясны шинж чанарт илүү  дөхүү биоматериал боловсруулах шаардлагатай байгаа юм байна.
Ясны цементийг бутарсан хугарлыг эмчлэхэд хэрэглэдэг болвол  мэс ажилбарыг хялбар, хурдан болгохоос гадна өвчтөнд хүндрэл багатай тул эдгэрэлтийн хугацааг нь богиносгож, эмчилгээний зардлыг багасгах ажээ.

No comments:

Post a Comment