2009 оны 11 дүгээр сарын 16
Дархлааны тогтолцоо өөрийн биемахбодын
эдийг харийнх хэмээн андуурч түүний эсрэг довтолдог автоиммун өвчний үед үрэвсэл,
эдийн гэмтэл үүсэхэд Th17 (T helper 17) хэмээх
дархлааны эсийг чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Хэдий
тийм ч бактерийн халдвартай тэмцэхэд энэ эсийн дэм бас бий гэнэ.
![]() |
(phoenixrising.me) |
Зарим хүмүүсийн дархлааны тогтолцоо тодорхой
хэдэн төрлийн хорт хавдрын эсрэг тэмцэх төрөлхийн чадвартай байдаг ч үүний
механизм нь тайлагдаагүй байгаа аж.
Техасын Хьюстон дах MД Андерсоны Хорт хавдрын төвийн судлаач
Наталья Мартин-Ороско нөхдийн хамтаар Th17 эс хорт хавдарт нэвчиж байгааг ажиглаж, үрэвсэл нь хорт хавдрын өсөлтийг
дэмждэг тул энэ эсийг хавдар томроход тусалж байна гэж таамаглажээ. Тэгээд цааш
нь гүнзгийрүүлэн судлахын тулд инженерчлэлийн аргаар Th17 эсгүй хулгана “үйлдвэрлэж” уушиг гэмтээдэг меланом (арьсны нэг төрлийн хавдар) үүсгэгч омгоор тарьсан байна. Гэтэл Th17 эсгүй хулгануудын хорт хавдар нь хэвийн хулгануудынхыг бодвол илүү
хурдан томорч 16 хоногийн дотор уушгийг нь юу ч үгүй болгосон нь судлаачдын
бодож байсны эсрэг болж гайхширалыг нь төрүүлжээ.
Удаах туршилтаар Th17 эсийг хавдартай тулгарвал
таньдаг болгох зорилгоор уушигны меланомд өвөрмөц уурагтай орчинд
өсгөвөрлөсний дараа меланомын эстэй хамт хулганад тарьсан
байна. Арван зургаан өдрийн дараа хавдарт өвөрмөц үйлчлэлтэй Th17 эсээр
тариулсан хулганууд хавдрын эсийг дангаар нь тариулсан хулгануудыг бодвол
дөнгөж мэдэгдэх төдий хавдартай байжээ. Түүгээр үл барам нэгэнт хавдартай
болсон хулганад Th17 эс олгоход хавдрын хэмжээг 75 хувиар бууруулж чадсан байна.
No comments:
Post a Comment