2008 оны 11 дүгээр сарын 10
Үхэр, хонь, ямаанд халддаг
вирүсийн гаралтай хэл хөхрөх өвчинтэй тэмцэж байгаа Европын фермерүүд санаа
зовох шинэ зүйлтэй болоод байна. Нидерландад 4 үнээ хэл хөхрөх өвчний Европт өмнө нь огт илэрч байгаагүй омгийн вирүсээр халдварласан нь амьд вакциныг
хууль бусаар хэрэглэснээс үүдсэн байх магадлалтай гэж Нидерландын
Хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдсэн байна.
Хэл хөхрөх өвчний вирүсийн халдвар дамжих боломжит замууд (rstb.royalsocietypublishing.org)
vector bites host - эзэн амьтны цусыг дамжуулагч сорох
intrinsic incubation - халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэл хугацаа
extrinsic incubation - халдвар авснаас хойш үүсгэгчийг дамжуулах чадвартай болох хүртэл хугацаа
survival of adult midges - бие гүйцсэн цус сорогч чийгч ялааны амьдрах хугацаа
oral transmission - амаар халдвар дамжих
persistent infection - вирүс биеэс арилахгүй, тодорхой эсэд хадгалагдсаар байх үзэгдэл (далд, ужиг, удаан халдвар гэсэн зарим талаар давхацсан утга бүхий гурван хэлбэртэй)
recrudescent infection - дахилтат халдвар
transplacental transmission - эхэсээр халдвар дамжих
|
Culicoides
төрлийн цус сорогч өчүүхэн жижиг ялаагаар дамждаг хэл хөхрөх өвчний нийт 24
ийлдсэн хэвшил байдаг бөгөөд тэдний зарим нь Европт нэлээд тархах янзтай
болжээ. BTV1 ийлдсэн хэвшил Францыг хамран хойд зүг рүү эрчимтэй нүүж байгаа
бөгөөд Африкт үүссэн байж болзошгүй BTV8 ийлдсэн хэвшлийн вирүс 2006 онд
Нидерландын фермүүдэд илэрснээс хойш Швед, Испани, Их Британи, Унгар хүрч
амжжээ.
2008 оны 10 дугаар сард Нидерландын Лелистад дахь Вагенингений их сургуулийн Мал эмнэлгийн төв хүрээлэн (МЭТХ) 4 фермийн 4 малд хэл хөхрөх өвчний өөр нэгэн
вирүс халдсан болохыг тогтоосон байна. Их Британий Пирбрайт дах Амьтны
эрүүл мэндийн хүрээлэн (АЭМХ) уг халдварыг BTV6 ийлдсэн хэвшлийн вирүс үүсгэсэн
болохыг генетикийн нарийн шинжилгээгээр тодорхойлж, “буруутан” нь Өмнөд
Африкийн Onderstepoort
Biological Products компанид үйлдвэрлэсэн хэл хөхрөх өвчний амьд
вакцин гэдгийг бараг эргэлзээгүйгээр тогтоожээ. Энэхүү вакциныг зөвхөн Африк
болон Ойрх Дорнодод хэрэглэдэг бөгөөд Европын ихэнх орон хэл хөхрөх өвчний
амьд вакцин хэрэглэхийг таашаахгүй байгаа нь өвчин үүсгэх, мөн вирүс илүү хоруу
чанартай болж хувьсалд орох эрсдэлээс болгоомжилсонтой холбоотой гэнэ.
Нидерландын Хөдөө аж ахуйн
яамнаас дээрх халдварын дэгдэлтийн эх үүсвэрийг судлах үүргийг зохих
байгууллагад өгсөн байна. Эдгээр фермерүүдийн 3 нь үхрээ BTV8 ийлдсэн хэвшлийн
вирүсийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакцинаар тарьсан байж. “Тэд өөрсдөө Onderstepoort-ын вакциныг
хэрэглээгүй байх өндөр магадлалтай байна. Харин энэ бүс нутгийн бусад фермер
хэрэглэснээс тэдний үхэрт халдвар тархсан байж болзошгүй. Гэвч халдвар тархах
өөр зам байхыг үгүйсгэхгүй. Жишээ нь, халдвартай юм уу амьд вакцин тариулсан
мал импортоор орж ирсэн байж болно.” гэж МЭТХ-гийн молекул вирүсологич Пит ван
Рэйн мэдэгдсэн байна.
Onderstepoort-ын
вакцин нь зөвхөн бог малд зориулагдсан бөгөөд 3 удаагийн тарилтаар BTV6-г оролцуулан нийт 15 ийлдсэн хэвшлийн
вирүсийн эсрэг дархлаа тогтоодог ажээ. Гэвч Европт энэ вакцин хэрхэн хөл
тавьсан нь тодорхой бус байна. “Бид хэзээ ч энэ вакциныг Европ руу
экспортлоогүй.” гэж тус компанийн олон улсын худалдааны менежер Якоб Модумо мэдэгджээ.
Цус сорогч чийгч ялааны идэвхтэй улирлын сүүлээр
энэ өвчин орж ирж цөөн малд халдсан тул вирүс өвлийг давахгүй гэдэгт найдвар тавьж
байгаагаа ван Рэйн илэрхийлсэн байна. Хэрэв
вирүс тархаж эхэлбэл Европын фермерүүд малаа BTV6 ийлдсэн хэвшлийн вирүсийн
эсрэг идэвхгүйжүүлсэн вакцинаар тариулах шаардлагатай болж мэдэх юм.
Энэ дуулиантай давхцан Швейцарийн Вирүсологи, дархлаат урьдчилан сэргийлэлтийн хүрээлэнгийн
Мартин Хофман тэргүүтэй судалгааны баг хэл хөхрөх өвчний 25 дахь
шинэ ийлдсэн хэвшлийн вирүсийг нээснээ зарласан байна. Тэд BTV8 вирүсийн
халдварын ердийн шинжилгээний үеэр санамсаргүйгээр шинэ вирүс нээж Toggenburg Orbivirus
хэмээн нэрийдсэн нь хэл хөхрөх өвчний шинэ ийлдсэн хэвшлээр өргөмжлөгдөж байгаа
бололтой. “Үүнийг батлахын тулд энэ вирүсийн эсрэгбиемийг өмнө тодорхойлогдсон
24 ийлдсэн хэвшлийн вирүстэй, мөн 24 ийлдсэн хэвшлийн вирүсийн эсрэгбиемийг
шинэ вирүстэй саармагжуулах урвалаар шинжилж үзэх ёстой. Гэвч энэ вирүс эсийн
өсгөвөрт дасахгүй байгаа болохоор
одоохондоо боломжгүй байна.” гэж Хоффман мэдэгдсэн байна.
“Хэл хөхрөх өвчний шинэ
вирүсийг нээнэ гэдэг нь сонирхол татам ч Төв Европт гэдэг нь хамгийн их
гайхаш төрүүллээ. Энэ шинэ вирүс бусдаасаа тун их ялгаатай учраас хаанаас
морилон ирснийг нь таамаглах ч боломжгүй байна.” гэж АЭМХ-гийн вирүсологич
Петер Мертенс өгүүлжээ.
Сайн мэдээ гэвэл энэхүү
шинэ ийлдсэн хэвшлийн вирүсээр халдварласан хонь, ямаа ямар ч шинж тэмдэг
үзүүлдэггүй байна. Харин үхэрт адил эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
No comments:
Post a Comment