2008 оны 8 дугаар сарын 18
Засгийн газрын зүгээс аливаа томуугийн
цартахлын эсрэг бэлэн байдлыг хангахдаа антибиотикийн нөөцөнд анхаарал хандуулах нь чухал гэж Мэрилэнд дэх
Зэвсэгт хүчний эрүүл мэндийн тандалтын төвийн анагаах ухааны микробиологич Жон
Брандэйж мэдэгджээ.
Томуугийн дэгдэлтүүд, тэдгээрийн үүсгэгчид (udel.edu) Тайлбар: Томуу үүсгэгч вирүсийг гадаргын хемагглютинин (H/hemagglutinin) болон нейраминидаз (N/neuraminidase) уургаар нь дэд хэвшил болгон ангилдаг. Одоогоор 16 Н, 9 N хувилбар илрүүлээд байна. |
Брандэйжийн багийнхан Испанийн хэмээн нэрлэгдсэн 1918-1919 оны томуугийн цартахлын
үеийн эрүүл мэндийн тайлан, бүртгэл, халдварын зураглалд дүн шинжилгээ хийж, хэдийгээр тухайн цагт томуугийн аюулт вирүс дэлхийд тархаж байсан ч бактерийн хоёрдогч халдварын улмаас үүссэн уушигны
хатгалгаа 20-100 сая хохирогчийн
дийлэнхийг нөгөө ертөнцөд аваачжээ гэж дүгнэсэн байна.
Томуугийн вирүс амьсгалын замын
эсийг үхүүлж бактер үүрлэх орон байр, тэжээлийг бэлддэг бөгөөд энэ үед дархлааны тогтолцоо хэт дарамтанд орсноос бактер ч амархан “хүчээ
авдаг” байна.
Хэдийгээр 1918 оны үй олноор нь хядсан
томуугийн цартахал бактерийн үүргийг эргэж харахад хүргэсэн ч зарим микробиологичид вирүсийг гол гэмтэн хэмээн “чичилсэн” хэвээр байгаа ажээ.
Хүн төрөлхтөний хожуу үеийн түүхэнд хамгийн
их үхэл тарьсан үйл явдал гэж тооцогддог 1918 оны цартахлыг дахин нягтлах
үүднээс Брандэйж хамтран зүтгэгч, Квинслэнд дэх Австралийн Зэвсэгт хүчний
Хумхаа судлалын хүрээлэнгийн Деннис Шанксын хамтаар 1918-1919 оны хэвлэл,
эрүүл мэндийн бүртгэл мэдээг самнаж үзсэн байна. Судлах тусам жинхэнэ
“алуурчин” бактерийн "үнэн төрх" илчлэгдэж байжээ. Жишээ нь, хэрвээ үнэхээр олон хүний аминд
хүрсэн “супер” вирүс байсан бол хүмүүсийн дийлэнх нь богино хугацаанд нас
барах байсан. Тэгвэл Шанкс болон Брандэйжийн судалгаагаар
цөөн хэдэн хүн шинж тэмдэг илэрснээс хойш 3 хоногийн дотор нас барсан байхад
ихэнх хүмүүс нэг долоо хоногоос дээш, бүр зарим нь 2 долоо хоног амьд байсан нь
уушигны хатгалгаа туссаныг илтгэх “таних тэмдэг” болжээ.
Цэргийн хуаран болон далайн зэвсэгт хүчний
эрүүл мэндийн бүртгэл бас нэгэн дүр зураг харуулжээ. Нутгийн бактертай
“танил биш” шинэ цэргүүд олноороо нас барж байсан бол дархлааны тогтолцоо нь ижил
дасал болсон цэргүүд амьд үлдсэн байв.
Иймд томуугийн цартахалтай тэмцэх бэлэн байдлыг хангахад бактерийн эсрэг вакцин, антибиотикийн хангамжинд анхаарал хандуулах шаардлагатай байдаг юм байна.
Энд дарж уншина уу: Хэвлэгдсэн бүтээл
Emerging infectious diseases
Volume 14, Number 8—August 2008
Deaths from Bacterial Pneumonia during 1918–19 Influenza Pandemic
John F. Brundage and G. Dennis Shanks
No comments:
Post a Comment