Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/11/05

Өмнөд Африкийн адууны Баруун Нилийн вирүсийн халдвар

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 6 дугаар сарын 15
Ийлдэс судлалын шинжилгээний дүн Өмнөд Африкийн адуунд Баруун Нилийн вирүс (БНВ) өргөн тархсан болохыг харуулжээ. Хэдий тийм ч мэдрэлийн хэв шинжээр өвчилсөн тохиолдол цөөн бүртгэгдсэн тул нутгийн 2 дугаар удмын омог адуунд хоруу чанаргүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн аж. Гэвч саяхан энэ удмын омог хүн болон хулганы мэдрэлд хүчтэй нөлөөлдөг болохыг илрүүлсэн байна.
Баруун Нилийн вирүсийн халдвар тархах мөчлөг (www.sutter-yubamvcd.org)
Өмнөд Африкт мэдрэлийн хэв шинжээр өвчилсөн адууг оношилж чадалгүй орхигдуулаад байгаа юм биш биз гэсэн үүднээс онош нь тогтоогдохгүй халуурч байгаа 48 адуу, мэдрэлийн хэв шинжээр өвчилсөн 32 адуу нийт 80 адууны ийлдэс болон тархины эдийг шинжилж үзжээ. Дээжийг буцаан хувиргах полимеразын гинжин урвал (БХ-ПГУ/RT-PCR) болон иммуноглобулин М (IgМ) илрүүлэх ELISA-гаар шинжлэхэд мэдрэлийн цочмог эмгэгтэй 32 адуунаас долоод нь БНВ-ийн РНХ болон IgM илэрсэн байна. Үүнээс үхсэн буюу зориуд нядалсан 5 адуунд өөр ямар нэгэн эмгэгтөрүүлэгч илрээгүй аж. БХ-ПГУ-аар эерэг гарсан 5 дээжинд агуулагдах вирүсийн ДНХ-ийн дарааллыг тогтооход бүгд 2 дугаар удамд харъяалагдаж байсан нь Өмнөд Африкт энэ удмын вирүс адууг мэдрэлийн хэв шинжээр өвчлүүлдэг байж магад гэсэн таамаглалд хүргээд байгаа юм байна.
Шумуулаар дамждаг flavivirus болох БНВ нь Африк, Ойрх Дорнод, Ази даяар, Европ, Австрали, Хойд, Өмнөд Америк, Карибын тэнгисийн орнуудын зарим нутгаар өргөн тархжээ. БНВ-ийн халдвар тархах мөчлөгт шувууд сээр нуруутан эзэн амьтны, харин шувуунд шимэгчилдэг шумуул дамжуулагчийн үүрэгтэй оролцдог. БНВ-ийн өсгөврүүд генетикийн 2 гол удамд хуваагддаг бөгөөд нэгдүгээр удмын омгууд Хойд Америк, Хойд Африк, Европ, Австралид тохиолддог бол 2 дугаар удмынх Африкийн өмнөд хэсэг болон Мадагаскарт орогномол хэлбэрээр тархсан. Мөн сүүлийн үед Төв болон Зүүн Европт 3, 4 дүгээр удам, Энэтхэгт 5 дугаар удмын вирүс байгаа нь тогтоогджээ.
Хүн болон адуу нь БНВ-ийн тохиолдлын эзэн болдог. Хэдийгээр халдвар авсан хүмүүсийн ихэнх нь хөнгөн хэлбэрээр өвчилдөг ч 20 орчим хувьд нь халуурах, туурах, үе мөч, булчингаар нь өвдөх шинж илэрдэг бөгөөд үүнээс нэг орчим хувь нь хүндэрч менингоэнцефалит (тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвсэл), тархины үрэвсэл, халдварт саа маягийн сул саажилт үүсэж болно. Ховор тохиолдолд элэг, зүрхний булчин, нойр булчирхай үрэвсэж, нас бардаг.
Адуунд тэнцвэр алдах, тамирдах, хэвтэх, булчин татганах шинж илэрнэ. Халдвар авсан адуу эмнэл зүйн шинж барагтай үзүүлдэггүй ч мэдрэлийн хэв шинжээр өвчилсөн тохиолдолд үхэл 30-40 хувьд хүрдэг.
БНВ-ийн халдвараас үүдсэн энцефаломиелит (тархи-нугасны үрэвсэл)-ын хамгийн том дэгдэлт 2002 онд АНУ-д бүртгэгдэж, 40 мужийн 15,257 адуу өвчилсөн бөгөөд үүнтэй залгаад 2003 онд дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт 9,832 хүн энэ вирүсээр халдварласан нь тогтоогдсон байна. Энэ үед адууг идэвхгүйжүүлсэн вакцинаар дархлаажуулж өвчлөлийг ихээхэн бууруулж чаджээ.
1974 онд Өмнөд Африкийн хагас цөлийн бүс болох Каруд хүн төрөлхтөний түүхэн дэх БНВ-ийн халдварын томоохон дэгдэлтүүдийн нэг болж хэдэн арван мянган хүнийг өвчлүүлсэн байна. Энэ үеэр хэдэн мянган хүн орон нутгийнхаа эмнэлэгт хандсан ч мэдрэлийн хэв шинжтэй өвчилсөн тухай нэг ч мэдээлэл бүртгэгдээгүй аж.
1980-аад онд Өмнөд Африкийн Гаутенг мужийн Витватерсрандад хэдэн зуун хүнийг хамарсан БНВ болон Синдбис вирүсийн эпизоот дэгджээ. Түүнээс хойш өвчлөгсдийн цөөн хэсгийг лабораторийн шинжилгээнд хамруулж байгаа хэдий ч жилд ойролцоогоор 5-15 тохиолдол батлагдсаар байна.
Мөн саяхан Төв Европт тархины үрэвсэлтэй шувуунаас БНВ-ийн 2 дугаар удмын омог өсгөвөрлөсөн нь энэ удмын вирүс газар зүйн хил хязгаарыг давж, орогномол бус нутагт ч өвчин үүсгэж болохыг харуулав.
Цэвэр цусны адуунд хийсэн сүүлийн үеийн шинжилгээгээр БНВ Өмнөд Африк даяар тархсан болох нь батлагдсан. Шинжилгээгээр дааганы 11 хувьд нь жил гаран хугацаанд эсрэгбием тодорхойлогдож байсан бөгөөд хээлтэгч малын 75 хувь нь халдварт өртсөн байжээ. Энэхүү судалгаагаар халдвар авсан адууны нэг нь ч эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлээгүй тул БНВ-ийн нутгийн 2 дугаар удмын омог мэдрэлд нөлөөлдөггүй гэсэн дүгнэлт хийжээ. Ийлдэс судлалын шинжилгээгээр сөрөг урвал үзүүлсэн 3 адууг хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүнээс гаргаж авсан БНВ-ийн 2 дугаар удмын омгоор (SPU381/00) тарихад ямар нэгэн шинж үзүүлээгүй байна. Гэвч энэхүү туршилтанд хэрэглэсэн омгийг Өмнөд Африкаас гаргаж авсан бусад омогтой харьцуулахад хулганы мэдрэлд бага зэрэг нөлөөлж байв.
Адууны эмнэл зүйн шинж тэмдэггүй халдвар АНУ-д байнга мэдээлэгддэг. Туршилтын 12 адууг мэдрэлийг хүчтэй гэмтээдэг NY99 омгийн вирүсээр халдаахад зөвхөн нэгнийх нь мэдрэлд нөлөөлсөн бөгөөд бусад адууны ийлдсэнд эсрэгбием тодорхойлогдож байсан ч эмнэл зүйн шинж ажиглагдаагүйгээр үл барам эрхтэнээс нь ч вирүс өсгөвөрлөгдөөгүй аж.
Ийнхүү Өмнөд Африк болон Хойд Америкийн БНВ-ийн омгуудыг харьцуулж үзэхэд мэдрэлд нөлөөлөх эсэх нь удамтай нь биш харин өвөрмөц генотиптэй нь холбоотой байгаа бөгөөд 1, 2 дугаар удамд мэдрэлийг хүчтэй гэмтээдэг омгууд ч багтаж байна.

No comments:

Post a Comment