Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/11/06

Африкийн гахайн мялзан Оросын хойд хэсэгт илрэв

Мэдээний эх сурвалж: www.fao.org
2009 оны 10 дугаар сарын 22
Гахайг үхэлд хүргэдэг Африкийн гахайн мялзан Оросын өмнөд хэсгээс 2,000 км хол “харайж” тус улсын баруун хойд хэсэгт оршдог Санкт-Петербургт “морилжээ”. Хамгийн сүүлийн дэгдэлт 10 дугаар сарын 20-ны өдөр Балтын ойролцоо бүртгэгдсэн байна.
Чих улайх нь 
Африкийн гахайн мялзангийн гол шинж 
(en.wikipedia.org)
Африкийн гахайн мялзан хүнд халддаггүй.
Гэвч Европын Холбоо, Зүүн Европ, Хар тэнгисийн сав газрын орнууд, байдал бүр муугаар эргэвэл Төв Азид, бүр цаашлаад дэлхийд гахайн тоо толгойгоор тэргүүлэгч Хятадад тархвал аюул нүүрлэнэ гэж үзэж байгаа юм байна. 
"Гүрж, Армен, Азербайжан зэрэг Кавказын орнуудад хэдэн жилийн турш эргэлдэж байгаа вирүс эцэстээ Оросын өмнөд хэсэгт тархаж, бүр алс холын Балтын эрэг орчим гэнэт илэрсэн нь сэтгэл түгшээсэн асуудал болоод байна." гэж Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Малын ерөнхий эмч Хуан Луброт мэдэгджээ.
Бөөр орчим хавагнах, булчинд цус харвах нь 
Африкийн гахайн мялзангийн үед нийтлэг тохиолдоно 
(en.wikipedia.org)
Африкийн гахайн мялзангийн вирүс орогномол газраа хүрээгээ улам тэлж байгаагийн зэрэгцээ халдвар тээсэн гахай болон гахайн махан бүтээгдэхүүнээр дамжин уудам нутаг дэвсгэр дамнан тархах боломжтой гэдгээ харууллаа.
“Украйн, Беларус, Молдав, Румын, Болгар болон Балтын бусад орон аюул дор байгаа нь энэ вирүс Европын Холбооны орнуудад халдаж, Оросын нутаг дэвсгэрээр дамжин Сибирьт хүрч эцэстээ Хятадад тархаж болзошгүйг харуулж байна.” гэж Луброт сануулжээ.
Хэдийгээр лалын шашинтай орнууд гахайн мах хэрэглэдэггүй ч Иран, Турк, Төв Азийн зэрлэг гахай уг вирүс тархахад "унааны" үүрэг гүйцэтгэх магадлалтай.
Африкийн гахайн мялзангийн эмнэл зүйн шинж тэмдэг нь гахайн сонгомол мялзангийнхтай тун төстэй тул лабораторийн шинжилгээгээр ялган оношлох шаардлагатай.
Африкийн гахайн мялзангийн вирүсийг Гүржийн Хар далайн Поти боомтоор дамжиж Кавказад орж ирсэн гэж үздэг бөгөөд шалтгааныг нь усан онгоцны хогийг орон нутгийн хогийн цэг дээр хаясныг гахай "зооглосонтой" холбодог аж.
Саб Сахарт энэ вирүс Африкийн болон бусад зэрлэг гахайгаар дамжиж тархдаг бөгөөд мөн нэгэн зүйлийн хачиг ч "үүрэг гүйцэтгэдэг" гэж үздэг байна.
Түүнчлэн шууд хавьтлын замаар халдвар дамжих асуудал улам нэмэгдэх хандлагатай болжээ.
Энэ өвчин Иберийн хойгт хэдэн арван жилийн турш орогносны эцэст 1990-ээд оны сүүлээр устсан. Одоогоор Италийн Сардиниа арал дээр халдварын маш хязгаарлагдмал голомт хадгалагдсаар байна. Африкийн гахайн мялзан 1960-аад оноос 1980-аад оныг дуустал Европ болон Карибын хэд хэдэн орон, мөн Бразилд бүртгэгдэж байжээ.
Одоогоор энэ өвчний эсрэг вакциныг бүтээж амжаагүй байна.
Өвчнийг ихэвчлэн халдварласан амьтныг заазалж, хөдөлгөөнд чанд хяналт тавих замаар устгадаг. Гахайн аж ахуйн үйлдвэрлэлийн болон тэжээх горимын эрүүл ахуйг сайжруулах нь өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

No comments:

Post a Comment