Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/11/10

Үнээний дэлэнгийн үрэвсэл: Вакцин боловсруулж болох уу?

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2008 оны 9 дүгээр сарын 29
Дэлэнгийн үрэвсэл бол фермийн малд тохиолддог хамгийн түгээмэл халдварт өвчин юм. Дэлэн нь үрэвссэн мал хөндүүрлэн зовиурлахаас гадна зарим тохиолдолд амь насанд нь ч аюул учирдаг.
(www.cast-animal-health.com)
Их Британид ийм өвчлөлийн тохиолдол жилд нэг сая орчим бүртгэгдэж, үйлдвэрлэлийн алдагдал, эмчилгээний зардалд 200 сая фунтыг "салхинд хийсгэдэг" байна (жилд 12 сая орчим тун антибиотик).
Ноттингемийн Их сургууль эрдэм шинжилгээний бусад байгууллагуудтай хамтран Их Британид тохиолддог үнээний дэлэнгийн үрэвслийн хамгийн түгээмэл шалтгаан болох Streptococcus uberis (S. uberis) бактерийг 2.2 сая фунтын санхүүжилтээр судалж байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх вакцин боловсруулахад шаардлагатай эсрэгтөрөгчийг тодорхойлж, өвчинтэй тэмцэх ойлголтыг зузаатгана гэж найдаж байгаагаа бактерийг молекулын түвшинд судлаач, профессор Жэймс Лэй мэдэгдсэн байна.
S. uberis нь дэлэнг эмнэл зүйн шинж тэмдэгтэй үрэвсүүлдэг гол бактер бөгөөд дэлхий даяар өргөн тархжээ. Тэрээр хүрээлэн буй орчинд хаа сайгүй байдгаараа энэ өвчнийг үүсгэдэг бусад олон бактераас ялгагддаг байна. S. uberis нь бэлчээр, хэвтэр бууц бүр цаашлаад өвчин үүсгэлгүйгээр үнээний биеийн бусад хэсгээс ч олддог тул маллагаа, саалийн эрүүл ахуйг сайжруулах замаар өвчнөөс сэргийлнэ гэж амлахад хэцүү аж.
“Бид S. uberis бактерийн өвчин үүсгэдэг болон үүсгэдэггүй омгуудын ялгааг тодорхойлохдоо сүүлийн үеийн молекулын түвшний дэвшилтэт технологийг ашиглах болно. Вакцин үйлдвэрлэхэд хамгийн тохиромжтой уургийг сонгохын тулд S. uberis бактерийн зөвхөн өвчин үүсгэдэг омогт байдаг уургуудаас аль нэгийг нь агуулаагүй омгуудыг гаргаж авах бөгөөд тэдэн дотроос өвчин үүсгэх чадвараараа хамгийн дорой омогт байхгүй байгаа уургийг өвчлүүлэх процесст чухал хэмээн үзэж вакцин боловсруулах түүхий эд болгон ашиглана.” гэж профессор Лэй тайлбарласан байна.
Түүнчлэн тус төслөөр саалийн үнээний дархлааны тогтолцоог судалж үрэвсэлд хөтөлдөг химийн урвалуудад саад болох эм боловсруулахад шаардлагатай мэдээлэл олох зорилго тавьжээ.

No comments:

Post a Comment