Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/08/12

Халуун орны өвчин үүсгэдэг шимэгчдийг ивермектин хэрхэн үхүүлдэг вэ?

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2010 оны 11 дүгээр сарын 23
Хэдэн арван жилийн судалгаа болон барагцаагаар хагас тэрбум хүнд хийсэн эмчилгээний үр дүнд эрдэмтэд голын сохор, заантах өвчнүүдийг үүсгэдэг филяри хорхойг шимэгчийн эсрэг эм хэрхэн үхүүлдэг болохыг тодорхойлж чаджээ. Дэлхийн хэмжээнд 140 орчим сая хүн дээрх шимэгчийн халдвар авсан бөгөөд дийлэнх нь Африкийн экватор орчмын орнуудад бүртгэгддэг байна.
Голын сохор өвчин үүсгэгчийн амьдралын мөчлөг (www.cdc.gov)

"Ивермектин нь мал эмнэлэг, хүн эмнэлэгт хэрэглэдэг шимэгчийн эсрэг хамгийн чухал бодисын нэг. Энэ бэлдмэл биеийн дархлааны тогтолцоотой чухам ямар үйлчлэлд орж, шимэгч хорхойг хэрхэн үхүүлж байгаа нь тодорхой болсон нь эмчилгээний бүхэл бүтэн шинэ боломжийг нээж байна." гэж тус төслийн судлаач, мал эмнэлгийн эмгэг судлалын профессор Чарльз Маккензи мэдэгдсэн байна.
Заантах өвчин (тунгалгийн тогтолцоо филярдах эмгэг) нь шумуулаар дамждаг өчүүхэн хорхойгоор үүсдэг бөгөөд халдвар авсан хүний хөл, гар, их бие ихэд хөөж хавагнадаг аж. 
Заантах өвчний шинж (www.cdc.gov)
Харин хар ялаагаар дамждаг голын сохор өвчин (онхоцеркдэх эмгэг)-ий үед нүдэнд орсон хорхой тэндээ үхсэнээс хүн сохорч, турж эцэн арьс нь эмгэгшдэг байна.
Голын сохор өвчний шинж (web.stanford.edu)
Голын сохор өвчний шинж (www.neglecteddiseases.gov)
Ивермектин нь хүний бие дэх хөгжлийн эхэн шатанд байгаа хорхойг үхүүлэхээс гадна бие гүйцсэн эм хорхойн үржлийн замыг саажуулснаар үржиж олширч чадахгүйд хүргэдэг. Судлаачид ивермектин нь хорхойн биеийн дунд хэсэгт орших нүхэн дэх авууртай холбогдож уг нүхнээс гардаг уургийн ялгаралтыг зогсоодог болохыг тогтоосон байна. Энэ уураг нь хүний биеийн хамгаалах урвалыг саатуулж хорхойг устгах чадамжгүй болгодог тул уургийн ялгаралт зогссоноор дархлааны тогтолцоо шимэгчийг устгах боломжтой болдог байна.
“Шимэгч нь эзэн амьтны дархлааны хариу урвалаас хэрхэн зугатаж байгааг ойлгох нь дархлааны тогтолцоонд асуудлыг ашигтайгаар эргүүлэх, магадгүй вакцин боловсруулах боломж олгоно. Нөгөөтэйгүүр, филярийн халдварын эсрэг тэмцэхэд тулгардаг хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь шимэгч эмэнд тэсвэртэй болсноос эм үйлчлэхгүй болох асуудал байдаг. Бид үйлдлийн механизмын түлхүүрийг атгасан нь үүнээс сэргийлэх арга замыг эрэлхийлэхэд дэм болох магадлалтай юм.” гэж Маккези өгүүлсэн байна.

No comments:

Post a Comment